| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0161/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2019-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 198
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Улсын яллагч: С.Болорзул
Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Мад холбогдох эрүүгийн 1914002810214 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баянхонгор аймаг дахь Сумн дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, П.М
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч П.М нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох эхнэр О.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2019 оны 03 сарын 17-ны өдөр ишиг хургаа засчихаад байж байтал эхнэр 1 шил архи авч ирсэн. Тухайн архинаас архи уугаад байж байтал эхнэр минь хогийн шүүрээр гэрийн тулга шүүрдээд байхаар нь яагаад хогийн шүүрээд тулгаа шүүрдээд байгаа гэж хэлснээс болж хэрүүл маргаан үүссэн. Би өөрийн гэртээ гэр бүлийн хүн болох эхнэр О.Нийг зодож эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Одоо эхнэртэйгээ эвлэрсэн сайхан амьдарч байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч П.Мын мөрдөн байцаалтад өгсөн
... Би суусан цагаасаа зодож байгаагүй харин хэрэлдэж маргалдаж байсан зүйл байгаа харин 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зодсон миний буруу ... гэх мэдүүлэг /хх-ийн 33 /,
Хохирогч О.Нийн мөрдөн байцаалтад өгсөн
… Цагаан эрэг гэх газарт хуримаа хийсэн цагаас манай нөхөр архи ууж байгаа, зодохдоо байнга хэл амаар доромжилдог, хамгийн сүүлд нүүр лүү өшиглөсөн, миний хамар хавдсан шүд өвдсөн зовууртай байна ... 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр намайг зуухаа хогийн шүүрээр шүүрдлээ гэж нүүр лүү өшиглөхөд би уурандаа нүүр лүү өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 55 /,
Гэрч Г.Оын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчим над руу залгаад манай нөхөр намайг зодлоо гэж ярьсан, тэрнээс өөр зүйл ярьж байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 58 /,
Гэрч С.Нын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим хургаа тавьж өгөөд байж байхад хүргэн дүү манайд ороод ир орсон баярын юм гээд нэг шил архи задалж өгсөн, би архинаас 2 татсан, П.Мад хоёр хийж өгөөд байж байхад П.М О.Н нар нь хоорондоо зуухаа хогийн шүүрээр шүүрдлээ гээд маргалдаад байсан, О.Нийн нүүр рүү нь өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 64 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаартай
1. О.Нийн биед тархи доргилт, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, 2 нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 13-14 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаартай
1. О.Нийн биед өмнө гаргасан 2019.03.21-ний №216 тоот дүгнэлтэнд тархи доргилт, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, 2 нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдсон ба нэмэлтээр ирүүлсэн гавал, цээжний рентгэн зураг хариунаас харахад гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 72 /, зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 27-28/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 49-53/, шүүгдэгч П.Мын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1-р багийн Засаг даргын 2019.05.10-ны өдрийн 109 дугаартай тодорхойлолт / хх-ийн 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 47/, шүүгдэгч П.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, депозит дансны хуулгууд /хх-ийн 39-44/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 78-79/, шүүгдэгч П.Мын 2016.05.28-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-82/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 83-90, /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч П.М нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох эхнэр О.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч П.Мын ... хэрэлдэж маргалдаж байсан зүйл байгаа, О.Нг зодсон миний буруу ... гэх мэдүүлэг /хх-ийн 33 /,
хохирогч О.Нийн … намайг зуухаа хогийн шүүрээр шүүрдлээ гэж нүүр лүү өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 55 /,
гэрч Г.Оын ... над руу залгаад манай нөхөр намайг зодлоо гэж ярьсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 58 /,
гэрч С.Нын ... П.М О.Н нар нь хоорондоо зуухаа хогийн шүүрээр шүүрдлээ гээд маргалдаад байсан, О.Нийн нүүр рүү нь өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 64 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаартай ... О.Нийн биед тархи доргилт, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, 2 нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... хөнгөн зэрэгт хамаарна ... ... гэх дүгнэлт /хх-ийн 13-14 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаартай ... О.Нийн биед өмнө гаргасан 2019.03.21-ний №216 тоот дүгнэлтэнд тархи доргилт, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, 2 нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдсон ба нэмэлтээр ирүүлсэн гавал, цээжний рентгэн зураг хариунаас харахад гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 72 /, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 83-90/ болон шүүгдэгч П.М нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Хэргийн хохирогч О.Н, шүүгдэгч П.М нар нь гэрлэлтээ албан ёсоор батуулсан, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.
Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч П.М нь эхнэр О.Н нүүр лүү цохих бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч П.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, хор уршиг, учирсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч О.Н нь П.Мын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв
Шүүгдэгч П.М нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч П.М нь хувьд ногдох бод-15, бог-90 толгой малтай, УАЗ-469 машин, мотоцикль, 5 ханатай гэрийн хөрөнгөтэй, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 47-48, 112-113/, өөрийн гэсэн тодорхой орлоготой болон шүүхээс оногдуулах торгохын ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч П.Мын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу П.Мад буцаан олгож , шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Мын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Мыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 600000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Мад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч П.Мын эзэмшлийн “... гар утас...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу П.Мад буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Мад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА