| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07312/и |
| Дугаар | 5503 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 5503
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 87/3 тоотод байрлах, Туртын Эх ХХКомпанийн Шийрэвийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Д.Сугар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Туртын Эх ХХКомпани нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч Д.Сугар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тус компани барилгын материалын худалдаа эрхэлдэг бөгөөд иргэн Шийрэв нь манай компаниас ажил хэргийн хүрээнд тогтсон харилцааны дагуу зарим тохиолдолд бараа материал зээлээр авч тодорхой хугацааны дараа тооцоо хийдэг байсан. Шийрэв нь 2015 оны 12 дугар сарын 24-ний өдөр манай компаниас нэг бүр нь 16 000 төгрөгийн үнэтэй 45 ш хавтан, 10 500 төгрөгийн үнэтэй 20 ширхэг хавтас, нийт 930 000 төгрөгийн үнэ бүхий хавтан авч 4 хоногийн дараа буюу 2015 оны 12 сарын 28-ны өдөр тооцоо хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийлгүй алга болсон.Манай компанийн зүгээс төлбөрийг төлүүлэхээр Шийрэвийн барилга барьж байсан газар болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны байрны хойд талд барьж буй барилгын талбайд очиход уг газраа байхгүй, түүний 95092412, дугаарын утсаар холбогддог байсан боловч утсаа авахаа больсон учраас хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Туртын Эх ХХКомпани нь Шийрэвийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Туртын Эх ХХКомпаниас барилгын материал авсан тухай зарлагын баримтаас харахад Шийрэв нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шийрэв нь оршин суух тодорхой хаяггүй бөгөөд түүний регистрийн дугаар тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Н.Шийрэвийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Шийрэвийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Ням Шийрэвийн /утас 95092412/ талаарх мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Д.Сугарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН