Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01161

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2026/04069 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

9,841,689 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

4,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******той 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "Тээвэрлэлтийн гэрээ" байгуулсан. Гэрээнд зааснаар хариуцагч нь *******" ХХК-ийн тээвэрлэхээр тохиролцсон нүүрсийг тээвэрлэх үүргийг хүлээсэн бөгөөд манай компани авто зам ашигласны төлбөр, шатахууны төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татвар зэргийг төлж байсан.

Гэтэл ******* нь манай компанийн биш бусдын нүүрсийг тээвэрлэж, ийнхүү тээвэрлэхдээ манай компанийн нэр дээр авто замын төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, менежментийн төлбөр үүсгэсэн.

Тодруулбал, *******ын төлбөрт 1,373,436.25 төгрөг, менежментийн суутгалд 3,941,052.50 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 3,377,200 төгрөг, шороон замын хураамж 1,150,000 төгрөгийн өр үүсгэсэн. Үүнийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж, актыг үйлдсэн. Тооцоо нийлж үзэхэд 13,841,689 төгрөгийн төлбөр гарснаас 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх 9,841,689 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд *******оос 9,841,689 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. Хүч хэрэглэж тухайн баримт дээр гарын үсэг зуруулсан гэж байгаа боловч хүч хэрэглэсэн гэдгийг нотолсон баримт байхгүй. ******* нь тооцооны үлдэгдлийн баталгаа дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүргийг зөвшөөрөөд мөнгөн төлбөрийг төлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. "*******" ХХК-ийн нэрийн өмнөөс уртын болон богины тээвэрт 2021 оны 10 дугаар сар хүртэл ажилласан бөгөөд гэрээнд заасан бүх суутгал шимтгэлийг суутгуулаад тээврийн хөлсөө авч байсан. Уурхайгаас дураараа өөр компанийн нэр дээр ачаа ачих боломжгүй бөгөөд зөвхөн *******-ийн ачааг гэрээний дагуу тээвэрлэж байсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. 2021 оны 11 дүгээр сараас өөр ажил хийхээр автомашинаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авах гэсэн боловч "*******" ХХК-ийн захирал н.Энхболд шилжүүлж өгөхгүй, өмнө суутгагдсан мөнгийг дахин төлөхийг шаардаж, Авто тээврийн үндэсний төв рүү автомашин шилжүүлэх бичиг хийж өгөхгүй байсан тул ажил орлогогүй болж, аргагүйн эрхэнд автомашинаа буцаан авахын тулд тооцоо нийлэх акт дээр гарын үсэг зурж, өгөх ёсгүй 4,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн.

Иймд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "*******" ХХК руу үндэслэлгүй шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос 9,841,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, 4,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,418 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 306,109 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч ******* нь "*******" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр гэрээгээр олгогдсон боломж, нөхцөлийг зориулалтын бусаар ашиглаж гуравдагч этгээдэд үйлчилж нийтдээ 23 удаагийн тээвэрлэлт хийж, *******ын төлбөрт 1,373,436.25 төгрөг, менежментийн суутгалд 3,941,052.50 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 3,377,200 төгрөг, шороон замын хураамж 1,150,000 төгрөг, нийт 13,841,689 төгрөгийн өр үүсгэсэн тул 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн байдаг.

Хариуцагч гуравдагч этгээдийн тээврийг хийж, ашиг орлого олж байсан нь түүний дансны хуулгаар нотлогддог.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Автомашин шилжүүлэхэд шаардлагатай бичгийг өгөхгүй байсан тул тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Түүнээс гэрээнд зааснаас өөр ачаа тээвэрлэсэн асуудал гаргаагүй. Гэрээний 2.7-д зааснаар нэхэмжлэгч нь хөлс олгохдоо бүхий л суутгалыг суутгадаг байсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний явцад үүссэн *******ын төлбөр 1,373,436.25 төгрөг, менежментийн суутгал 3,941,052.50 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 3,377,200 төгрөг, шороон замын хураамж 1,150,000 төгрөг, нийт 9,841,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар тооцоо нийлэх актын дагуу шилжүүлсэн 4,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2.1. Хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлдээ заасан боловч энэ нь бие даасан шаардлага биш, харин 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлд хамаарч байна.

Үүнийг анхан шатны шүүх анхааралгүйгээр бие даасан шаардлага гэж үзэн шийдвэрлэснийг залруулж, шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

3. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай чирэгч болон ******* дугаартай чиргүүлийг захиалагчийн нэр дээр бүртгүүлэн, гэрээнд заасан чиглэлд нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэх, нэг удаагийн тээврээр 70 тн нүүрс тээвэрлэх үүрэг хүлээсэн,

харин ******* нь нүүрс тээвэрлэлтийн захиалагчтай харилцах асуудлыг хариуцаж, тээвэрлэлтийн төлбөрийг хүлээн авч, холбогдох түлшний төлбөр, замын хураамж, сэлбэг, нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-10 хувь /хөдөлмөрийн хөлсийг тухайн эзэмшигчтэй тохирно/, хучилтын төлбөр, менежментийн суутгал /5 юань/, GPS-ийн төлбөр /нэг сарын 18,500 төгрөг/, тээврийн хэрэгслийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь зэргийг хассан дүнгээр тээвэрлэгчид ажлын хөлсийг тооцоо нийлсний үндсэн дээр хугацаанд нь шилжүүлэх, гэрээ дуусгавар болсон тохиолдолд тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

3.1. Гэрээний дагуу хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл тээвэрлэлт хийжээ.

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр талууд тооцоо нийлж хариуцагч нь замын мөнгө, нийгмийн даатгалын шимтгэл, менежмент, халдваргүйжүүлэлт, постны хураамж зэргээс үүссэн 13,841,689 төгрөгийн төлбөрөөс 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, 9,841,688 төгрөг төлөх үүрэгтэй болохыг баталгаажуулсан байна.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч гэрээний дагуу хийгдвэл зохих тээвэрлэлтээс илүү буюу 23 удаагийн үйлдлээр өөр хуулийн этгээдийн нүүрсийг тээвэрлэсний улмаас Гашуун сухайт автозамын төлбөрт 1,373,436.25 төгрөг, шороон замын хураамжид 1,150,000 төгрөг төлөх ёсгүй атлаа төлсөн, мөн менежментийн суутгалд 3,941,052.50 төгрөг авах ёстой байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Үүнийг харгалзан анхан шатны шүүх хариуцагч ******* нь хэзээ, хэдэн удаа, ямар хуулийн этгээдийн, ямар ачааг тээвэрлэсэн нь тодорхой бус, ялгаж салган эргэлзээгүй дүгнэх баримтгүй гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт *******ийн менежментийн шимтгэлийн задаргаа, тээврийн тооцоо, *******, ******* ХХК, Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо НҮТББ, Ханбогд хот тохижилт ОНӨААТҮГ зэрэгтэй тооцоо нийлсэн баталгаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, чөлөөлөлт, ногдуулалтын тайлан, авто зам ашиглалтын гэрээг баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтаар хариуцагч өөр хуулийн этгээдийн нүүрсийг тээвэрлэсэн, үүний улмаас нэхэмжлэгч авто замын төлбөр, хураамж төлсөн, менежментийн суутгалаа зохих ёсоор авч чадаагүй гэх нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй тогтоох боломжгүй бөгөөд тухайн тээвэрлэлт нь гэрээний хүрээнд гүйцэтгэсэн эсэх, эсхүл өөр этгээдийн нүүрс тээвэрлэсэнтэй холбоотой эсэхийг эдгээр баримтаар зааглаж ялган дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагчийн банк дахь дансны хуулгад тусгагдсан орлогын гүйлгээг үндэслэн түүнийг *******-тай байгуулсан гэрээний үүргийг зөрчиж, өөр бусад этгээдийн ачааг тээвэрлэсэн гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

4.2. Мөн анхан шатны шүүх гэрээний харилцаа үргэлжилж байх цаг хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийг даатгалын шимтгэлийг төлсөн нь илүү төлөлт гэж нэхэмжлэгч хариуцагчаас шаардаж буй нь үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ.

 

4.3. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр талууд тооцоо нийлж, хариуцагч нь замын мөнгө, нийгмийн даатгалын шимтгэл, менежмент, халдваргүйжүүлэлт, постны хураамж зэргээс үүссэн 13,841,689 төгрөгийн төлбөрөөс 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, 9,841,689 төгрөг төлөхөөр үлдсэн болохыг баталгаажуулсан байна. Энэхүү актад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан тул хууль зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхгүй.

Харин талууд уг актад тусгагдсан төлбөрийн хэмжээ, үндэслэлд маргаж буй тохиолдолд тухайн төлбөр үүссэн шалтгаан, тооцоолол, гүйцэтгэл, суутгал нь санхүүгийн анхан шатны бүртгэл, төлбөрийн баримт болон бусад бичгийн баримтаар тогтоогдсон байх ёстой.

Өөрөөр хэлбэл, зөвхөн актад гарын үсэг зурсан байдал нь төлбөрийн хэмжээг бүхэлд нь үнэн зөв, маргаангүй тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд талуудын маргааны хүрээнд уг төлбөрийн дүн бодитой үүссэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.4. Хэдийгээр тооцоо нийлсэн актад заасан төлбөрийн хэмжээ баримтаар тогтоогдоогүй боловч хариуцагч нь 4,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ шийдэл хэвээр үлдэнэ.

 

4.5. Иймд анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2026/04069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* холбогдох 9,841,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн үндсэн нэхэмжлэлийг,

нэхэмжлэгч *******-д холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Т.БАДРАХ