| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0198/Э |
| Дугаар | 199 |
| Огноо | 2019-07-06 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 199
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: С.Болорзул
Нарийн бичгийн дарга Н.Гантулга
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Ад холбогдох эрүүгийн 1914004040282 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Э.А
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг Есөнбулаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баянмонгол нэртэй кароакены үүдэнд иргэн Д.Дгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Э.Аийн мөрдөн байцаалтад өгсөн
... Х.Ө ахтай Баянмонгол караоке руу цуг явсан Х.Ө ах хүнтэй уулзана гэхээр нь би цуг явж Баянмонгол караоке дээр очих үед уг караоке дотроос 2 согтуу эгч гарч ирсэн бөгөөд нэг нь бүүр тасарсан нилээн согтуу байсан нөгөө эгч гайгүй харагдаж байсан. Х.Ө ах Баянмонгол караоке руу хүнтэй уулзана гээд орсон харин би караокены гадаа тамхи татаад үлдсэн, тэгтэл 2 согтуу эгчийн арай гайгүй согтуу эгч гар утсаар хүнтэй яриад байхаар нь уг утсыг булааж авах санаа гэнэт төрөөд ярьж байсан гар утсыг булааж зугатаасан. Би гэрлүүгээ явж гэртээ очоод унтаад өгсөн. Маргааш нь гэртээ байж байтал Х.Ө ах цагдаа нартай цуг ирээд намайг авч явсан би булаасан утсаа хохирогч эгчид хүлээлгэн өгсөн. Би тухайн үед гар утасгүй байсан учир уг утсыг булааж аваад өөрөө барих санаатай байсан ... /хх-ийн 43-44/
Хохирогч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянмонгол нэртэй караокед найз Ванчигмаагийн хамт орчихоод 23 цагийн үед караокены гадаа гарч ирээд утсаар яриад байж байтал гэнэт нэг залуу миний барьж байсан Самсунг жи-5 маркийн утсыг булаагаад аваад явсан тэгэхээр нь цуг байсан бандийг нь Баянмонгол караоке дотроос барьж цагдаад барьж өгсөн. Маргааш нь цагдаа нар нь миний утсыг булаасан гэх залуугаас авч өгсөн. Би өөрийн алдсан гар утсаа бүрэн бүтэн буцааж авсан надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч Х.Өын мөрдөн байцаалтад өгсөн
... Баянмонгол караоке руу орох гээд явж байтал зөрөөд 2 согтуу эгч гарч байгаа харагдсан. Э.Аптангэрэл Баянмонгол караокены үүдэнд тамхи татах гээд үлдсэн би Баянмонгол караоке руу ороод 5 минут орчим болж байсан чинь 2 танихгүй хүн орж ирээд чамтай явж байсан залуу чинь утас булаагаад зугтчихлаа гээд намайг машинд суулгаад цагдаад бариад өгсөн. Би Цагдаагийн газрын саатуулах байранд хоночихоод маргааш өглөө нь Э.Аийн гэрээс олоод гар утсыг нь олж хохирогч эмэгтэйд өгүүлсэн энэ хэрэгт би ямар ч холбоо байхгүй Э.А намайг Баянмонгол караокены гадаа хүлээж байя гээд үлдсэн чинь тэр 2 согтуу эгчийн нэгний гар утсыг булаасан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/
Энх нахиа ХХК-ны 2019.05.22-ны өдрийн 269 дугаартай “... хулгайд алдсан эд зүйлийг 150,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 21-22 /,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн /, шүүгдэгч Э.Аийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4-р багийн Засаг даргын 2019.06.12-ны өдрийн 99 дугаартай тодорхойлолт /хх-ийн 54/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 57/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52, 58/, депозит дансны хуулгууд /хх-ийн 61-65/, шүүгдэгч Э.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.А нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг Есөнбулаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баянмонгол нэртэй кароакены үүдэнд иргэн Д.Дгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Э.Аийн ... уг караоке дотроос 2 согтуу эгч гарч ирсэн, нэг нь бүүр тасарсан нилээн согтуу нөгөө эгч гайгүй харагдаж байсан,....2 согтуу эгчийн арай гайгүй согтуу эгч гар утсаар хүнтэй яриад байхаар нь уг утсыг булааж зугатаасан... /хх-ийн 43-44/
хохирогч Д.Дгийн ... 23 цагийн үед караокены гадаа гарч ирээд утсаар яриад байж байтал гэнэт нэг залуу миний барьж байсан Самсунг жи-5 маркийн утсыг булаагаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
гэрч Х.Өын ... Э.Аийн гэрээс нь олоод гар утсыг нь олж хохирогч эмэгтэйд өгүүлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/
Энх нахиа ХХК-ны 2019.05.22-ны өдрийн 269 дугаартай “... хулгайд алдсан эд зүйлийг 150,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 21-22 /, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.А нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг Есөнбулаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баянмонгол нэртэй кароакены үүдэнд иргэн Д.Дгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.А нь хохирогч Д.Дд гар утасыг нь биет байдлаар буцаан өгч хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүх шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Аийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Аийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Аийг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Э.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд шүүгдэгч Э.Ад оногдуулсан тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахад хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА