Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 492

 

   Э.Эрдэнэсүрэнд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор С.Уянга,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Уянгын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр, Э.Эрдэнэсүрэнд холбогдох эрүүгийн 201725010335 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Боржигон овогт Эрдэнийн Эрдэнэсүрэн, 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Эсто” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр 11 дүгээр баг, Цагаанчулуутын 12 дугаар гудамж, 8 тоотод оршин суух хаягтай,

2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 9 сар 6 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 161 дүгээр ялыг нийцүүлэн хасах тухай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оногдуулсан 11 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 2 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж 2008 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2009 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД: ФБ82112015/,

Э.Эрдэнэсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 584 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонцэцэгийн монгол гэрийн хаалгыг хөшин хууль бусаар нэвтэрч, “Sky worth” загварын, 42 инчийн зурагт, удирдлага, “G mobile”-ийн гар утас, “Nokia 6300” загварын гар утас, орны бүтээлэг, эрэгтэй хүний түрийвч 2 ширхэг, 12 доллар, 6 юань, 87 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.297.133 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Э.Эрдэнэсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Эрдэнэсүрэн нь тэнсэж, хянан харгалзах хугацаандаа, давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Э.Эрдэнэсүрэнд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх, Э.Эрдэнэсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Эрдэнэсүрэнгийн цагдан хоригдсон нийт 110 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Э.Эрдэнэсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.            

Прокурор С.Уянга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Э.Эрдэнэсүрэн нь 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг дахин үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ялтан нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн нь тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэсэн хуулийн заалтыг баримтлахгүйгээр “эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял” оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.                             

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Эрдэнэсүрэн нь Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлснийг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж тус тус тодорхой заасан.

Гэтэл анхан шатны шүүх Э.Эрдэнэсүрэнг “тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа, давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус  хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгэж” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл Э.Эрдэнэсүрэнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулснаас гадна хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай Эрүүгийн хуулийн заалтыг буруу хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байна.

Энэ талаар бичсэн улсын яллагч С.Уянгын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/32 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Эрдэнэсүрэнд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Э.Эрдэнэсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН