Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/129

 

                                                                Б.Г-д холбогдох

                                                            эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Н.Намжилцогт, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/422 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ДШМ/883 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох 2302000000380 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан гомдлоор 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Г, 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа блокийн үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт **** дүүргийн ****дүгээр хороо, **** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:****/,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 286 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 219 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150,000 төгрөгөөр торгох,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 457 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 03 хоногийн ялаас чөлөөлсөн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 394 дүгээр тогтоолоор дуусгавар болгосон.

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт **** УАК улсын дугаартай “Тоёота приус-41” загварын тээврийн хэрэгсэлд болон өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “****”-ын бодисын агууламжтай “****” гэх нэршилтэй нийт 45,1055 грамм цэвэр жинтэй их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийг “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг **** мэт зүйлийн зиплок ууттай жин 6,6827 грамм, цэвэр жин нь 6,3884 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг **** мэт зүйлийн зиплок ууттай жин 0,6480 грамм, цэвэр жин нь 0,3690 грамм, 3 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг **** мэт зүйлийн зиплок ууттай жин 9,9378 грамм, цэвэржин нь 9,4801 грамм, 4 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг **** мэт зүйлийн зиплок ууттай жин 10,1260 грамм, цэвэр жин нь 9,6569 грамм, 5 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг **** мэт зүйлийн зиплок ууттай жин 10,0867 грамм, цэвэр жин нь 9,6237 грамм, 6 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг **** мэт зүйлийн зиплок ууттай жин 10,0654 грамм, цэвэр жин нь 9,5874 грамм зэрэг сэтгэцэд нөлөөт бодисууд, хуванцар гуурс мэт зүйлтэй шилэн зүйл, бор шаргал өнгийн даавуун уут зэргийг устгахыг, 7 гэж дугаарласан зиплок ууттай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг Монголбанканд шилжүүлэхийг тус тус Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 20,491,500 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...**** гэх мансууруулах бодисыг өөрийн эрүүл мэнддээ хэрэглэх гэж авсан ба би бизнес эрхлэн тодорхой ашиг олдог учраас худалдан борлуулах зорилго байгаагүй гэдгээ илэрхийлж, мансууруулах бодис хэрэглэсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, тогтвортой мэдүүлэг өгч байсан тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж мэтгэлцэж оролцсон. Мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд миний гэм бурууг хэлэлцэх боломжгүй байхад прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн ба нотолбол зохих байдлыг бүрэн нотлолгүйгээр, урьд энэ төрлийн хэрэгт холбогдож байсан хувийн байдалд минь тулгуурлан, хэт нэг талыг баримталж ял оногдуулсан нь шударга ёсны зарчмыг зөрчсөн.

Турк улсад амьдардаг Э-д би мөнгө төлж, өөрөө хэрэглэсэн үед эрүүл мэнд эрс сайжирдаг учир **** худалдан авч тухайн үед нь унаж явж байсан тээврийн хэрэгсэл дотроо өөрөө хэрэглэсэн ба энэ үедээ цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан. Мөн миний унаж явсан автомашиныг ямар үндэслэлээр ахуйн хэрэгцээний бус зөвхөн хар тамхи тээвэрлэх зориулалттай гэж үзэж 20,491,500 төгрөгийг надад ногдох хөрөнгөөс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. **** гэх мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор олж аваагүй, энэ зорилгоор хадгалаагүй, тээвэрлээгүй, илгээсэн, худалдсан зүйл огт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг ****ийг хэн гэх хүн барилга, хашаа хоёрын хооронд тавьсан болохыг олж тогтоогоогүй, Э нь надаас авсан мөнгийг хэнд өгсөн эсэх, жинхэнэ худалдан борлуулагчийг олж тогтоогоогүй. Хэрэгт намайг худалдан борлуулах зорилготой байсан гэх гэрч байдаггүй.

Шүүхийн “дүгнэсэн байнга хэрэглэдэг байсан” гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Хэрэглэх гэдэгт анх удаа хэрэглэх, хэсэг зуур хэрэглэх, байнга хэрэглэх зэрэг нь бүгд хамаарах ба байнга хэрэглэдэггүй байх нь шууд худалдаж борлуулах санаа зорилго агуулаагүй гэж үзэж байна. Блок үйлдвэрлэх, худалдах, худалдаж авах эдийн засгийн зарчмаар газар дээрээс нь худалдаж, худалдан авах ажиллагаа явагддаг ба 10 хувь гэрээгээр худалдаж авах ажиллагаа явагддаг нь нийт иргэдийн хэнэггүй, хайнга хандаж зохих тамга даралгүй орхигдуулдаг алдаа бизнесийн бүхий л салбарт байгааг үгүйсгэхгүй. Гэвч энэ нийтлэг алдаа дутагдал нь тус бизнесийг эрхэлж аж төрдөг болохыг минь үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Мөн шүүх “...**** гэх бодисыг 1 граммыг 3-4 удаа хэрэглэдэг буюу 45,1055 грамм мансууруулах бодис нь 135 удаагийн хэрэглээ. ... Б.Г-д их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис буюу **** байсан нь худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэж үзэхээр байна...” гэжээ.

**** гэх мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэх үндэслэл нь хуульд нийцэхүйц эргэлзээгүй нотлогдохгүй байгаа байдал нь хэргийн үйл баримттай зүйлчлэл тохирохгүй байх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон миний Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалтыг бий болгон эдлүүлж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, дээрх байдлыг анхааран авч үзэж тухайн хэргийн зүйлчлэлийг зөв сонгож эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотлогдвол зохих байдлууд, сэдэл, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг яаж үйлдсэн, нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх нотлогдсон гэж үзэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Г нь худалдаалах зорилготойгоор **** гэх бодисыг олж авсан гэдгийг тогтоогоогүй, нотолж чадаагүй. Улсын яллагч ****ний хэмжээ хэдэн хэсэг болгож жижиглэсэн нь худалдаалах зорилготой байсан гэдгийг нотолж байна гэж дүгнэлт хийснийг шүүх хүлээн авч нотлогдсон гэж үзсэн. Улсын яллагч болон шүүх Б.Г-ийг дээрх байдлаас өөрөөр бусад баримтаар худалдаалах зорилготой авсан, хадгалсан гэдгийг нотлоогүй.

Б.Г өөртөө хэрэглэх зорилгоор бусдад мөнгө өгч **** гэх бодис захисан байдаг. Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хамт эко блок үйлдвэрлэж сард 70-180 сая төгрөгийн орлого олж, санхүүгийн гачигдалгүй амьдардаг. Сэтгэцэд нөлөөлөх бодис зарж ашиг орлого олох шаардлага Б.Г-д байгаагүй. Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг сэтгэцэд нөлөөлөх бодисыг машинд хадгалсан гэм буруутайд тооцоогүй атлаа Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж “****” ББСБ-ын эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 20,491,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэмт буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна ” гэж заасныг буруу хэрэглэсэн. Дээр дурдсан нөхцөлүүдийг харгалзан үзэж хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хүндрүүлж ял шийтгэсэн. Учир нь мөрдөн шалгах ажиллагаагаар “****” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор олж авсан эсэхийг нотолж чадаагүй. Улсын яллагчийн зүгээс “****” гэх бодисын хэмжээ, зургаа хуваасан байдал зэргээр худалдаалах зорилготой байсан гэж ялладаг. Хэрэгт авагдсан гар утсанд, тэмдэглэлд, хэрэгт ач холбогдолтой, яллах баримт байхгүй. Б.Г-ийн хувьд өөрөө хэрэглэх зорилгоор 3,200,000 төгрөгийг ээжийнхээ дансаар шилжүүлсэн. 1 грамм “****” гэх бодисыг 400,000-1,000,000 төгрөгөөр худалдаж авдаг. Хэргийн хувьд цаанаас ирүүлэхдээ их хэмжээгээр ирүүлсэн болохоос Б.Г өөрөө их хэмжээгээр захиагүй болох нь 3,200,000 төгрөг шилжүүлснээр тодорхойлогддог.

Худалдаалах зорилго гэдэг нь худалдаж ашиг олохыг ойлгоно. Б.Г-ийн хувьд гэр бүлийн хамт эко блок үйлдвэрлэж сард 70,000,000-180,000,000 төгрөгийн орлого олдог, боломжийн амьдралтай хүн юм. Тэгэхээр заавал **** зарж ашиг олох шаардлагагүй. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ, фото зураг зэрэг баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн бүрдэл хангагдаагүй тул 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн шүүхээс Б.Г-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг машиндаа хадгалсан гэм буруутайд тооцоогүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасныг зөрчиж, “****” ББСБ-ын эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 20,491,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасныг буруу хэрэглэсэн” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Мөрдөн байцаалтын шатанд Б.Г “****” гэх бодисыг худалдаалах зорилгоор хадгалж байсан эсэхийг эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй. Гагцхүү их хэмжээтэй болохоор худалдаалах зорилготой гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн ба энэ хүрээнээс халихгүй явсаар яллах дүгнэлт үйлдсэн. Харамсалтай нь шүүх нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй ирүүлсэн хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Хамгийн гол нь их хэмжээтэй бол худалдаалах зорилготой, бага хэмжээтэй бол зорилгогүй гэж үзэх үндэслэлгүй. 5 грамм байсан ч худалдаалах зорилгоор, 45,1095 граммыг ч хэрэглэх зорилгоор авсан байж болно. Мөрдөн байцаалтын шатанд “****” гэх бодисыг бусдад худалдахаар захиалга авсан, бусдад төлбөртэй байсан эсэхийг тогтоох боломжтой байсан. Гэтэл гагцхүү цагдаагийн байгууллагын 135 удаа хэрэглэх боломжтой гэх танилцуулгыг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Б.Г мансууруулах бодисыг архаг хэрэглэдэг болох нь баригдахаасаа 2-3 хоногийн өмнө бусад руу бичсэн мессежээр тогтоогддог. Тэгэхээр худалдаалах зорилгыг хөдөлбөргүй тогтоосон баримтгүйгээр гэм буруутайд тооцсон. Харин шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй. Гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэм буруутайд тооцоогүй атлаа түүний унаж явсан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасныг төсөөтэй хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гомдлыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй. Иймд хэргийг бүх талаас нь хянаж, үнэнч шударгаар шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүй дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон мэт, мөн хэрэгт хэд хэдэн шүүгдэгч буруутгагдаж хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан мэтээр өөр хэргийн байж болох дүгнэлт бичигдсэн алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 780 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 3 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, түүнээс 20,491,500 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гомдлуудыг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугласан ба хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Г-ийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

3. Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх, түүнчлэн шүүхийн шийдэлд нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд шүүгдэгчид талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан болно.

4. Хоёр шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар оновчтой хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэжээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шийдвэр бүхэн тэр дундаа шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоож, гаргасан зан үйлд нь эрх зүйн зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр ангилан зүйлчлэхэд хэргийн газрын болон хүний бие, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, түүний хэмжээ, шинжээчийн дүгнэлт чухал юм.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.         

 Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

5. Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нар “...хэргийн үйл баримттай зүйлчлэл тохироогүй, зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан.

Монгол Улсын нэгдэн орсон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 3 дугаар зүйлийн 3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсгүүд болох ухамсар, санаа, зорилгыг хэргийн бодит нөхцөл байдлаас тогтоож болно” гэж заажээ.

Хоёр шатны шүүх Хар тамхитай тэмцэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...нэг граммыг ойролцоогоор 3 удаа хэрэглэн мансуурч байна” гэсэн албан бичиг, гэмт хэрэг илэрсэн цаг хугацаанд “****”-ын бодисын агууламжтай “****” гэх нэршилтэй бодис 45 грамм гаруй буюу 1 хүний дундаж хэрэглээнээс хэт өндөр хэмжээтэй байсан нь 1 удаагийн хэрэглээ биш, олон хүний, олон удаагийн хэрэглээ, түүнчлэн уг бодис 6 хэсэг, зиплок ууттай олдсон үйл баримтад үндэслэж шүүгдэгч Б.Г-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж дүгнэсэн нь дээрх конвенцтой нийцжээ.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчийн өмчлөх эрхийг хязгаарлах, хориглох байдлаар эд хөрөнгийн гарз, хомсдол үүсгэж, таагүй үр дагавар бий болгож буй цээрлэл юм.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь түрээсийн болон бусдын өмчлөл, барьцаанд байгаа эсэхээс үл хамаарч тухайн хөрөнгийг үнэлж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдсэн тохиолдолд уг үнийн дүнгийн хэмжээгээр хураан авч улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 4.а)-д “Тал бүр 1 дэх хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэргийн ноцтой шинж байдлыг харгалзан хорих, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасах, торгох болон хөрөнгө хураах ял ногдуулахаар зааж болно” гэж тус тус заасантай нийцэх учиртай.

Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **** УАК улсын дугаартай “Тоёота приус-41” маркийн автомашинд нэгжлэг хийсэн тэмдэглэлд “...Б.Г уг машины хаалгыг өөрөө онгойлгож, голын хайрцгаас хүрэн бор өнгийн цахилгаантай жижиг сав гаргаж өгөв. Түүнийг задлахад дотроо 4 тусдаа  зиплок  ууттай **** мэт цагаан өнгийн нунтаг зүйл гарч ирэв...” гэж бичигдсэн байна.

Шүүгдэгч Б.Г нь “****”-ын бодисын агууламжтай “****” гэх нэршилтэй бодисын зарим хэсгийг **** УАК улсын дугаартай “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгслийн голын хайрцагт хадгалсан, мөн тэрээр уг бодисыг худалдаалах сэдэл, санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон зөөвөрлөсөн тул гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан **** УАК улсын дугаартай “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгсэл “**** ББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тул үнэлгээгээр тогтоосон зах зээлийн үнэ 20,491,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгтээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, ...шүүгдэгч нар, ...хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан...” гэж буруу бичсэн нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөхүйц алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

8. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/422 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ДШМ/883 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ                                 Б.БАТЦЭРЭН

                            ШҮҮГЧИД                                      М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                    Б.ЦОГТ