Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0394

 

  “Төгс эхлэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн Б., Я.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 271 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч үүссэн нөхцөл байдал өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж, дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэлд дурьдагдсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай” А/540 дугаар захирамжийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь усны онцгой хамгаалалтын бүх болон ундны усны эх үүсвэрийн алинд хамаарч байгааг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Хавтаст хэрэгт авагдсан Геодези зураг зүйн газраас ирүүлсэн нотлох баримтаар тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор баталсан хамгаалалтын бүстэй давхацсан гэдгийг харуулсан зургийг үнэлээгүй.

Геодези зураг зүйн газраас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор баталсан хамгаалалтын аль бүсэд хамаарч байгааг тодорхойлж ирүүлээгүй нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримт цуглуулах үүргээ дутуу хэрэгжүүлсэн бөгөөд ямар бүсэд хамаарч байгааг судлахын тулд шүүх Геодези зураг зүйн газар болон бусад холбогдох байгууллагад хандаж үзлэг хийх боломжтой байсан, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас лавлагаа авах боломжийг хэрэгжүүлээгүй болно.

Түүнчлэн шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор хамгаалалтын бүстэй давхацсан гэх холбогдох зургийг үнэлээгүй атлаа нэхэмжлэгчийн харуулсан бичлэг, ирүүлсэн фото зургийг тухайн газрын байрлалыг бодит байдлаар Туул голын эргийн дагуу энгийн хамгаалалтын бүсийг хязгаарласан далангийн гадна уг талбай байрлаж байгааг харуулсан бичлэг, фото зураг гэж үнэлсэн.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж Усны тухай хуулийн 22.9-д “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудаас харахад усны сан бүхий газрын хамгаалалтын бүх бүсэд ашигт малтмал, хайх ашиглахыг хориглосон байгаа нь тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь онцгой хамгаалалтын бүсэд хамаарсан эсэхээс үл хамаарч үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримт болон хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэлгүйгээр маргаан бүхий актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дүгээр захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, 49.3.3, 49.3.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.6, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэсвгэрт Гишүүний аманд “Т” ХХК-ийн MV-012700 дугаар тусгай зөвшөөрөл бүхий Түгээмэл тархацтай ашигт малтмалын талбай нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон гэж тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгосон байна.

Анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлстийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1063 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гишүүний ам нэртэй газарт 56.56 гектар түгээмэл тархацтай ашигт малтмалын талбайд 12700А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон, улмаар Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар шийдвэрийн дагуу “Төгс эхлэл” ХХК нь 3.40 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа солбицлуудтай 53.16 гектар талбайг MV-012700 дугаар тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэсэн гэж 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-709 дүгээр албан бичгээр Ашигт малтмалын газраас нэхэмжлэгчид мэдэгдэж байжээ.

Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил , аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг баталж, уг тушаалыг үндэслэж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолыг гаргаж, үүгээр Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундрага, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зургуудыг хавсралтуудаар тогтоосон буюу Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоожээ.

Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах” нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрх байх бөгөөд энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаалаар Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэлгэмийг мөрдөхөөр журамласан бөгөөд тус журмын 2 дугаар зүйлд Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс түүнийг дэглэмийг тогтоосон бөгөөд энгийн хамгаалалтын бүс нь онцгой хамгаалалтын бүсээс дотогш байж болохгүй гэж заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшиж буй MV-012700 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрэн бүрдсэн буюу /53.16 га/ талбай нь энгийн хамгаалалттай бүсэд хамаарч байна.

Анхан шатны шүүхээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 21161 тоот албан бичгийн 1 дүгээр хавсралтад заагдсан эх хувь баримт буюу бусад нотлох баримтуудыг үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ.

Учир нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундрага, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг 5 дугаар хавсралтаар, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зургийг 7 дугаар хавсралтаар тус тус тогтоож өгсөн. Ингэснээр уг тогтоолын дагуу энгийн хамгаалалттай бүстэй бүхэлдээ давхацсан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн MV-012700 дугаар тусгай зөвшөөрөл бүхий Түгээмэл тархацтай ашигт малтмалын талбай нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсоноор маргаан бүхий актад заасан үндэслэлүүд нь эрх зүйн ялгаатай үр дагаврыг үүсгээгүй, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-д “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол”, 49.3.5-д “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” гэж заасан нийцжээ.

Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалахыг хориглоно”, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж заасан байх тул усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх зорилгоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй тогтоохгүй байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дүгээр захирамжийг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч үүссэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж, дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэлд дурьдагдсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай А/540 дугаар захирамжийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй...” гэснийг “...Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.4, 22.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, 2 дахь заалтын “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурьдсугай...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдолыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН