Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00082

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01895 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2057 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Д.Д

           Хариуцагч: М.От холбогдох

       Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 20 дугаар байрны 49 тоот, 3 өрөө байрны 34.08 кв.м. талбай бүхий өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгож, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт Д.Дд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах, түрээсийн төлбөрт 19 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагч М.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Х, Б.М, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: С.Мөнхтамга миний эгчийн хүү, бид маш ойр, би төрүүлэхээс бусад эхийн үүргийг гүйцэтгэн өсгөсөн болохоор гал голомтынхоо 4 өрөө орон сууцаа өгсөн гэтэл эд нар үрэгдүүлж намайг гомдоосноос болоод бидний дунд 2014 оны 6 дугаар сараас маргаан гарч одоо энэ маргаан бий болоод байгаа юм. 2001 онд дүү С.Мөнхтамгыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн хойно кафены үйл ажиллагаа явагдаж байгаа 1 давхрын 3 өрөө байрыг авахад нь 35сая төгрөг өгч тусалсан. Худалдаж авсны дараагаар М.О өөрөө кафегаа ажиллуулж байгаад дараа нь түрээсэлсэн. Би 2003 онд С.Мөнхтамгад “танайх байраа гадагшаа өргөтгөөч” гэж хэлэхэд “бидэнд өргөтгөх мөнгө байхгүй учир өргөтгөж чадахгүй” гэхээр нь би “өргөтгөе” гэхэд “тэг” гэсэн. 2003 онд бүх л газрууд кадастрын зураг гэхгүй үйлчилгээний байраа өргөтгөж байсан жишгийн дагуу “Эко констракшин” ХХК-д 15 сая төгрөг өгч бариулсан. 3 өрөө байрны өргөтгөлийг өмчлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр барьснаар, өмнө нь 44 метр квадрат талбайтай байсныг 100 метр квадрат талбайгаар тооцон бусдад түрээслэх болгосон. Түрээсийн орлогыг адил хувааж 50 хувийг 2014 оны 6 дугаар cap хүртэл cap бүр надад өгч ирсэн нь хариуцагч тал өргөтгөлийн өмчлөгч нь Д.Д болохыг хүлээн зөвшөөрч байгааг нотолно. М.О нэг бус удаа зээл авч байраа барьцаалахдаа барилгыг бүхэлд нь барьцаанд тавьж ирсэн, мөн 2014 оны 6 дугаар сараас эхлэн түрээсийн орлогоос ногдох хувийг өгөхөө больсон зэрэг нь тус өргөтгөлийн өмчлөгч болох миний эрхийг зөрчсөн. Улсын бүртгэлээр баталгаажаагүй тул Чингэлтэй 3 гурван өрөө байрны 34,08 метр квадрат ашигтай талбай бүхий өргөтгөл Д.Дгийн өмч болохыг тогтоолгохоор шаардаж байна. Улсын бүртгэлийн газарт өмчлөгч бүртгүүлэхээр хандахад, шүүхээр тогтоолгосны дараа өмчлөгчөөр бүртгэнэ гэсэн хариу өгсөн. Бүртгэх боломжгүй гээгүй. Мөн Улсын Дээд шүүхээр маргаан шийдвэрлэгдсэний дараа Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт хандахад, өргөтгөлийг бүртгэнэ гэсэн хариу өгсөн. Барилгыг анх 2001 онд худалдан авахад л үйлчилгээний зориулалтаар ашигладаг байсан, 2006 оны 8 дугаар сард барьсан өргөтгөлийн хамтаар 100 метр квадрат талбайтай болж энэ талбайгаар тооцон, үргэлжлүүлэн түрээсэлсэн. Гарсан өөрчлөлт бол нэгэнт миний хөрөнгө М.Оийн хөрөнгө дээр нэмэгдсэн учраас түрээсийн орлогыг надад хуваан өгдөг байсан. Бидний хооронд өөр байрны маргаан гарснаас хойш буюу 2014 оны 6 дугаар сараас хойш түрээсийн орлогоос надад ногдох хувийг өгөхөө зогсоосон. Иймд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 49  тоот, 3 өрөө байрны 34,08 метр квадрат ашигтай талбай бүхий өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгож, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт Д.Дд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгаж, түрээсийн төлбөрт 2017 оны 6 дугаар cap хүртэл хугацааны 19 560 000 төгрөг гаргуулж өгнө үү. Эрх зүйн үндэслэл нь: Өргөтгөлийн барилгыг өөрийн хөрөнгөөр босгосон учраас өмчлөх эрхтэй. Хөрөнгөтэй холбоотойгоор өмчлөх эрх үүсдэг. Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлд нийтийн зориулалттай орон сууцыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж болохыг заасан. Гурван өрөө бүхий орон сууцыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа талбайг нэмж өргөтгөлийн барилгыг барьсан үл хөдлөх хөрөнгийн өргөтгөл юм. Тухайн өргөтгөлөөр үйлчлүүлэгч нар үйлчлүүлдэг. Үүнтэй холбоотой газрын асуудал хөндөгддөг. Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлаас газрын акт гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд баригдсан үйлчилгээний зориулалттай өргөтгөл, түүнтэй адилтгах барилга байгууламжийн метр квадратыг харгалзан хураамж авч байгаа юм. Хариуцагч тал үүнийг буруу гэж үзэж байгаа бол тухайн эрх бүхий албан тушаалтнуудад гомдлоо гаргах ёстой. Түүний дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлсөөр ирсэн. Улсын Дээд шүүхийн 2017 оны тогтоолд иргэний эрх зүйн харилцаа гэрээ өмчтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх явцад бүртгэлийн асуудал хөндөгдвөл бүртгэлийг даалгуулж үр дагаврыг нь шийдүүлнэ гэж заасан. Өмчлөлийн асуудлыг шийдсэн үр дагавраа шийдүүлж байгаа тул Улсын бүртгэлд даалгаж өгөөч гэж шаардаж байгаа юм. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж хариуцагч тал мөн тайлбар гаргадаг. Энэ хүмүүсийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй. Хэрвээ хариуцагч талын тайлбараар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн ч хамтран ажиллах гэрээний талууд өөрт ногдох ашгаа хүртэх эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, анх 2001 онд энэ байрыг авахад Д.Д эгч тусалж “Зоос” банкны захиралтай уулзаж нөхөр бид хоёрт 35сая төгрөгийн зээл гарган, худалдан авсан. Бид cap бүр байрны зээлэнд 700 000 төгрөг төлдөг. 2003 онд манай нөхөртэй Д.Д эгч байранд өргөтгөл барьж өгье гэж ярилцсан байсан. Би анх бодохдоо энэ өргөтгөлийг барьж өгч бидэнд тусалж байна л гэж ойлгосон. Өргөтгөлийг “Эко констракшин” ХХК-иар бариулсан гэдэг. Барилгын ажил дуусахад зарим зүйлс нь дутуу байсан. Ийнхүү бид тухайн байрандаа кафе ажиллуулж эхэлсэн. Анх би тогооч зөөгчөө давхар хийдэг байсан. Одоог хүртэл тухайн өргөтгөлийн дээврээс ус гоождог. Жил бүр би өөрийн мөнгөөр засуулдаг. Өргөтгөлийн барилгыг 15сая төгрөгөөр барьсан гэж хэлдэг боловч тийм хэмжээний мөнгө огт ороогүй. Д.Д эгч түрээсийн орлогыг хувааж авах талаар гэрээ хийгээгүй. Хүүхдүүд гадаадад суралцдаг учир мөнгөний хэрэгцээ их байна. Эгчдээ түрээсийн орлогоосоо өгч байгаарай гэж хэлсэн. Тиймээс би түрээсийг орлогоос cap бүр өгдөг байсан. Бидний тооцоогоор бараг 70, 80 сая төгрөг өгчихсөн. Д.Д шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш газрын төлбөрийг төлж эхэлсэн. Энэ өргөтгөлийн барилга нь ямар ч гэрчилгээгүй, кадастрын зураггүй. Гол үйл ажиллагаа нь манай хойд талын хэсэгт явагдаж байгаа. Өргөтгөл бол хүмүүсийн хүлээлгийн хэсэг л болдог. Нийт байрны талбайн 4/1 нь л өргөтгөлийн хэсэг юм. Улсын Дээд шүүхийн 806 тоот тогтоолд зохигчдын хооронд үүссэн харилцааны зүйл болох хөрөнгө бий болсон үндэслэл талуудын тохиролцоо тодорхой бус, нэхэмжлэгч нь гурван өрөө орон сууцанд байсан өргөтгөлийг засан сайжруулахад оруулсан хөрөнгө оруулалтаа хариуцагчаас шаардсан эсхүл тухайн сууцанд хийсэн өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй гэсэн. Яагаад ингэж тайлбарласан гэхээр орон сууц нь өргөтгөлийн хамт дундын өмч мөн үү биш үү эсвэл шинээр бий болгосон өмчлөх эрхийг шаардаж байна уу гэдэгт дүгнэлт хийх боломжгүй байна гэж үзсэн гэж би ойлгож байгаа юм. Яагаад ингэж ойлгож байна вэ гэхээр Иргэний хуулийн 142 дугаар зүйлд нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрхийн талаар хууль тогтоогч зохицуулсан байдаг. Энэ барилга нь өөрөө нийтийн зориулалттай орон сууцны барилга бөгөөд өмчлөгч нь М.О юм. Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсанчлан өргөтгөл нь өөрөө цоо шинэ газар дээр тусдаа бий болсон хөрөнгө биш учраас энэхүү 49 тоот орон сууцанд нэмж сайжруулах маягаар хийсэн. Онцгой байдлын газрын галын байцаагчийн дүгнэлт байгаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийг хангаагүй, ямар нэгэн зөвшөөрөлгүй тусдаа бие даасан бүтэцгүй. Энэ өргөтгөл дээр тусад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргалаа гэхэд нийтийн зориулалттай орон сууцанд залгаад барьсныг нь харвал нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрхийн дагуу өмчлөх эрх үүсэх мэт боловч нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр барьсан учраас би өмчлөх эрхтэй гэдэг боловч энэ нь М.Оийн өмчлөлийн гурван өрөө бүхий орон сууцны өргөтгөл юм. Нэхэмжлэгч нь М.Оээс cap бүр 600 000-700 000 төгрөг авч байсан гэдгээ асуулт хариултын шатанд хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь анх тохиролцохдоо л энэ эд хөрөнгийг хамтран бий болгоод дундаас нь бий болсон ашгийг хуваая л гэсэн хүсэл зоригийг илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.7 дахь заалтыг үндэслэн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Д.Д нь өмчлөгч биш байж өмчлөгчид эрх олгосон хуулийн зохицуулалтыг үндэслэн би үүнийг өмчлөх эрхтэй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхийн 2016-06- 24-ний өдрийн 806 тоот тогтоолд энэ эд хөрөнгө нь тусдаа бие даасан байдлаар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжтой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэсэн. Үүнийг тогтоолгохоор нэхэмжлэгч хариуцагчийн зүгээс хэд хэдэн ажиллагаануудыг хийсэн. Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016-01-30 -ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч миний нэр дээр албан бичиг ирсэн. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжгүй гээд араас нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжтой гэсэн. Холбогдох байгууллагаас ирсэн бүх албан бичгүүдэд хууль зүйн хувьд яг ижилхэн утга агуулсан. Нэхэмжлэгчид улсын бүртгэлийн газраас өмчлөлийн асуудлаа шүүхээр шийдүүл гэсэн хариу өгсөн байдаг. Газрын гэрээ байх ёстой юм уу үгүй юм уу гэдэгт тэр байгууллага хариу өгөх ёстой болохоос Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах үүргийг бидэнд хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Учир нь хуулиараа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг л бид хариуцах ёстой. Мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Д.Дгийн өмчлөх хэсэгт ногдох 2016 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр cap хүртэлх хугацааны түрээсийн орлогын 50 хувь буюу 9сая төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл олсон орлогынхоо 50 хувийг өгөх хэлцэл байхгүй байсан. Хэдий хэмжээний мөнгийг ямар байдлаар өгч байсан талаар нотлох баримт байдаггүй. Түүнчлэн 2015 оны 9 дүгээр сараас эхлэн шинжээчийн дүгнэлтэд заасан талбайн хэмжээнээс хамаараад 50 хувиа 40 хувь болгож бууруулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл ингэж бууруулж байгаа нь ч мөн л үндэслэлгүй. Талбайн хэмжээ нь огт өөрчлөгдөөгүй. Хариуцагч тал Д.Д нь түрээсийн гэрээ байгуулж байгаагүй, түрээсийн орлогыг шууд авч байгаагүй гэдгээ асуулт хариултын шатанд хэлсэн. Ашиглалтын зардал төлж байсан баримт мөн хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагч энэ хүнд түрээслэгчээс төлбөрийг аваад 50 хувийг нь Д.Дд өгөх үүрэг хүлээгээгүй. Энэ талаар ямар ч хэлцэл гэрээ байхгүй. Д.Дгийн нөхцөл байдлаас шалтгаалан өгч байсан тухайгаа хариуцагч асуулт хариултын шатанд тайлбарласан. Өргөтгөл нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглагдаагүй. Тиймээс нэхэмжлэгчээс шаардаж байгаа 19 560 000 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ бол зүгээр өргөтгөл юм. Тусдаа сан техникийн холболт байхгүй тог цахилгаангүй, халаалт дулаан байхгүй, үндсэн 3 ханаар тусгаарлагдаагүй. Бие даасан өмчлөлийн шинж агуулаагүй. Тусад нь өмчлөл гаргах ямар ч боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ бол нэмж барьсан өргөтгөл юм гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01895 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 108 дугаар зүйлийн 108.5., 478 дугаар зүйлийн 478.8, 478.12, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Дг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр xopoo, Бага тойруу 20 дугаар байрны 49 тоотод байрлалтай 34,08 метр квадрат талбай бүхий өргөтгөлийн барилгын өмчлөгчөөр тогтоож, Д.Дгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг зохих журамд заасан шаардлагын дагуу бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны 19 560 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425 130 төгрөгийн 354 930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Долгормаад олгохоор шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 15-ны өдрийн 2057 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 478 дугаар зүйлийн 478.8, 478.12., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. …” гэснийг хасч, “… нэхэмжлэлээс үлдэх 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны 19 560 000 төгрөгийг гаргуулах тухай …” гэснийг “хариуцагч М.Оээс 17 280 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 280 000 төгрөгийн” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 130 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 99 180 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 314 550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун хяналтын гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу, 20-р байрны 49 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч. 2001 онд уг орон сууцыг худалдан авахад орцны хаалганаас тусдаа гадагшаа харсан хаалгатай, хоёр цонхтой, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байсан. 5 жил би хоол хийж, зөөгчөө давхар хийж ажиллаж байрны мөнгөө олсон. Д.Д эгч анх та хоёр мөнгөгүй байна уу эгч нь туслах уу гэхэд баярлаад зөвшөөрч байсан. Эгч дүүсийн хооронд бие биедээ тусалж байсан зүйлс зөндөө бий. Хэрвээ би өргөтгөл бариад өөрөө авъя, хамтарч түрээслээд ашиг авъя гэж анхнаасаа ярилцсан байсан бол өргөтгөл бариулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Өөрийнхөө юм гэж бодож гадна хаалга, цонх, ханаа өргөтгөл барьсны дараа нураалгасан, тог цахилгаан, халаалт, цэвэр усны шугамыг би татуулсан, дээвэр, жил болгоны засварыг би хийлгэдэг байсан. 10 гаруй жил нэг ч удаа би өмчлөгч нь гэж маргаж байгаагүй учраас анхны зардал гаргасан баримтууд нь алга болчихсон, би арван жил хадгалах ёстой гэж мэдээгүй. Эгч минь тусалсан юм гэж чадах ядахаараа мөнгө өгдөг байсан, өгдөггүй үе ч байсан. Надаас түрээсийн мөнгө авах ёстой гэж нэг ч удаа хэрүүл маргаан хийж байгаагүй. Өргөтгөл нь өөр эзэнтэй, гадагшаа гарах хаалгагүй бол хэн ч миний байрыг түрээслэхгүй, үйл ажиллагаа явуулахгүй. Миний нэг насаараа зүтгэсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, байрыг минь үнэлгээг дордуулж, амьдрах орлогогүй болгож байгаад маш их гомдолтой байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 16.3-т заасан  эрхийг баталгаажуулж Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд “хэлцлийн үндсэн дээр”, “нотариатаар гэрчлүүлэх”, “улсын бүртгэлд бүртгүүлэх” урьдчилсан нөхцөлүүдийг хангаж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх тухай зохицуулалтыг хуульчилсан. Хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл. Нэхэмжлэгч өмчлөх эрх олж авах тухай хэлцэл хийсэн бол түүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл 10 жилийн хугацаанд нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй. Миний үйлчлүүлэгч 2001 онд уг орон сууцыг худалдан авахдаа амьдрах зорилгоор бус зөвхөн үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах зорилгоор худалдан авсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг явцууруулан тайлбарлаж Үндсэн хуулиар М.От олгогдсон өмчлөх эрхийг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон өргөтгөлийг орон сууцны өмчлөгчөөс өөр этгээд өмчилбөл М.Оийн анх үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан хүсэл зоригийг хязгаарласан зүйл болно. Учир нь уг өргөтгөл нь тусгаарлагдсан ханагүй, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус зэрэг бие даасан дэд бүтэцгүй. Улсын Дээд шүүхийн 2016 -06-24 -ний өдрийн 00806 дугаар тогтоолоор “өргөтгөлийг 3 өрөө орон сууцнаас тусад нь улсын бүртгэлд бүртгэх боломжтой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017-01-30-ны өдрийн 178 дугаартай албан бичиг болон бусад этгээдээс ирүүлсэн баримтуудад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 17-р зүйлд заасан нотлох баримтыг бүрдүүлэх тухай шаардлага тавьдаг. Шүүх уг баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгохдоо Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 17-р зүйлд заасан шаардлагыг хангаж байна уу гэдгийг харгалзан үзэлгүй “хангасан тохиолдолд бүртгэх боломжтой” гэснийг “бүртгэх ёстой” мэтээр тайлбарласан нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар дүгнэх хуулийн шаардлагыг хангаагүй. Уг хуулийн 13.5.1, 13.5.2, 13.5.3, 13.5.4, 17.1.8-д заасан шаардлага хангагдахгүй байгаа нь Газрын төлбөрийг тодорхойлох акт нь хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрх зүйн баримт бичиг биш, тухай эрх бүхий этгээдээс ирүүлсэн албан бичгээр нотлогддог. Уг газрыг нэхэмжлэгч эзэмшдэггүй, Нийслэлийн хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, барилгын зураг, төсөв хийгдээгүй, галын болон онцгой байдлын дүгнэлт байхгүй. Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт Д.Дд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШТХ-ийн  26.3 -т заасан “жинхэнэ” хариуцагчид холбогдуулан гаргаагүй учраас Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газрын өмнөөс уг шаардлагыг татгалзах, мэтгэлцэх, эвлэрэх эрх иргэн М.От шууд утгаараа “оногдохгүй” юм. Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Өмч, газрын харилцааны хэлтэс, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар зэрэг байгууллагуудаас ирсэн албан бичгээс хэн нь бүртгэх, хэрхэн бүртгэх нь тодорхойгүй “нотлох баримт”-ууд ирсэн. Шүүх нотлох баримт гаргуулах ажиллагаа хийгээгүй байхад зарим байгууллагаас шууд шүүхэд хаяглагдан ирсэн эдгээр албан бичгүүдийг нэхэмжлэгч /урьд нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан/ хэрхэн бүрдүүлсэн нь эргэлзээтэй. Тусгайлсан хуулиар эрх хэмжээ, үйл ажиллагааг нь тогтоосон энэхүү байгууллагын өмнөөс миний үйлчлүүлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцаж, шүүх нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэргийн оролцогч биш этгээдэд хандан “даалгаж” шийдвэрлэж байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм. Хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш учраас “өргөтгөлийг улсын бүртгэлд бүртгэх боломжтой эсэх, улсын бүртгэлийн журам зөрчсөн эсэхийг” тогтоож чадаагүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах 9 үндэслэлийг заасан бөгөөд “шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгох” гэсэн үндэслэл нь мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл биш шүү гэж хууль тогтоогч хуульчилсан. Гэтэл хх 17-р хуудсанд нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай Чингэлтэй дүүргийн газрын албаны 2017-01-04-ний өдрийн 12/06 тоот албан бичиг дүгнэлтийн хуудсанд “шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай” гэж хэн гараар бичсэн нь тодорхойгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015-10-05 –ны өдрийн 31614 дүгээр  захирамжид заасан үндэслэл арилаагүй байхад шүүх  иргэний хэрэг үүсгэсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг  хүчингүй болгож,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

         Д.Д 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.От холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруугийн 20-р байрны 49 тоотын гурван өрөө байрны 34,08 м.кв талбай бүхий өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, Д.Дд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Д.Дгийн өмчлөлийн хэсэгт ногдох 2014 оны 6 сараас 2015 оны 9 сарыг хүртэл 15 сарын хугацааны түрээсийн төлбөрөөс ногдох 50 хувийн орлого нийт 9 сая төгрөг., 2015 оны 09 дүгээр сараас 2017 оны 6-р сарыг дуустал нийт 22 сарын түрээсийн  сарын 1.200.000 төгрөгийн 40%-р тооцож нийт 10.560.000 төгрөг бүгд 19.560.000 төгрөг шаарджээ. Хариуцагч М.О нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. 

         Анхан шатны шүүх Д.Дг 34,08 кв.м өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг холбогдох байгууллагад даалгаж,  нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... 3 өрөө орон сууцны өргөтгөлийн хэсэг болох 34,08 метр квадрат талбай бүхий барилга Д.Дгийн хөрөнгөөр баригдсан нь нотлогдож байна...харин ажлын байр түрээсэлсэн мөнгө нь бүхэлдээ ашиг биш... зардал төлбөрийг тооцоогүй...энэ тухай баримтгүйгээс тооцох боломжгүй...” гэсэн дүгнэлт хийжээ. 

         Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон шаардлагын заримыг нь хангаж, хариуцагчаас 17.280.000 төгрөг гаргуулахдаа “... нэхэмжлэгч өөрт ногдох буюу бусдад өмчлөлийн зүйлээ  ашиглуулснаас олсон үр шимийн 40 хувийг шаардсан бөгөөд хариуцагч үгүйсгэсэн тайлбараа баримтаар няцааж чадаагүй...” гэсэн  дүгнэлт хийсэн байна. 

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Д.Д нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20 дугаар байрны 1 давхарт, 49 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч М.Отэй харилцан тохиролцон 34,08 кв.м талбай бүхий өргөтгөл барилгыг нэмж барьж, бий болгосон нь хэрэгт буй баримтаар тогтоогджээ. Иймд шүүх нэхэмжлэгчийг 34,08 кв.м талбай бүхий өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-г зөрчөөгүй гэж үзлээ. 

        Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20 дугаар байрны 1 давхарт, 49 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч нь М.О байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. Өргөтгөлийн барилгыг Д.Д өмчлөх эрхтэй гэж шүүх үзсэн, үүнийг буруутгах үндэслэлгүй байна. 

       Харин, шүүх өргөтгөлийн өмчлөгч нь Д.Д гэж дүгнэж, уг эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон атлаа  дундын өмчийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 108 дугаар зүйлийг баримталсан нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

       2. Шүүх  “...өргөтгөл барилгын өмчлөгчөөр бүртгэхийг эрх бүхий байгууллагад даалгах ...” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ. 

       Маргааны зүйл болсон “...34,08 кв.м талбай бүхий өргөтгөл барилга...” нь улсын бүртгэлд бүртгэлгүй хөрөнгө байх бөгөөд өмчлөх эрхийг холбогдох байгууллагад бүртгүүлэх ажиллагаа нь хариуцагчийн бус, харин бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай болох нь хэрэгт буй баримтаар тогтоогджээ. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно.

       Д.Д нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг зохих байгууллагад бүртгүүлэхэд энэ тогтоол саад болохгүй.

       3. Д.Д шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 6 сараас 2015 оны 9 сарыг хүртэл 15 сарын хугацааны түрээсийн төлбөрийн 50 хувийн орлого нийт 9 сая төгрөг., 2015 оны 09 дүгээр сараас 2017 оны 6-р сарыг дуустал нийт 22 сарын түрээсийн  сарын 1.200.000 төгрөгийн 40%-р тооцож нийт 10.560.000 төгрөг бүгд 19.560.000 төгрөг шаарджээ. 

      Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл талууд цайны газар ажиллуулах, эд хөрөнгийг бусдад түрээслүүлэхэд хамтран ажиллаж байсан, уг үйл ажиллагааны улмаас бий болсон мөнгөн хөрөнгө нь зохигчдын дундаа өмчлөх хөрөнгө байна.

      Талууд дээр дурдсан хэлбэрээр хамтран ажиллахдаа тус бүрийнхээ өмчлөлийн хөрөнгөнд ногдох хувийг тодорхойлсон үйл баримт нотлогдоогүй тул талууд хамтран ажиллах гэрээний хураамжийг тэнцүү хэмжээгээр хариуцсан гэж үзнэ. Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон ашиг болон алдагдлын тооцоо хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12., 479 дүгээр зүйлийн 479.1, 479.6 дахь хэсэгт нийцэхгүй. Ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаас гадна алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна.

       Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар  Д.Дг Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 20-р байр, 49 тоотод байрлалтай 34,08 кв.м талбай бүхий өргөтгөлийн барилгын өмчлөгчөөр тогтооно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлд заасныг баримтлан “...өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах...” тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Оээс нийт 19.560.000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.12-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангав. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2057 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.12-т заасныг баримтлан Д.Дг Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 20-р байр, 49 тоотод байрлалтай 34,08 кв.м талбай бүхий өргөтгөлийн барилын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс М.Оээс 19.560.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлд заасныг баримтлан өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 314.550 төгрөгийг М.От захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ