Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01164

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/02747 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* болон ********ад тус тус холбогдох,

497,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, хариуцагч ********ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* тоот хаягт байрлалтай, ******** тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн 652.76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг ********аас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, барилгын үнэд 5,000,000,000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлсөн. Дээрх дутуу баригдсан барилга манай компанид шилжин ирэхээс өмнө эхлээд *******-ийн, дараа нь ********ын өмчлөлд тус тус байсан

********тай байгуулсан бэлэглэлийн гэрээний 2 дахь заалтад уг үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй гэж заасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01346 дугаартай шийдвэрээр манай барилгын 30 тоот хаягт байршилтай, 47.95 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, ******* тоот хаягт байршилтай, 47.95 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн ******* шилжүүлэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн.

******* захиалсан гэх 47.95 м.кв талбайтай 1 өрөө орон сууц манай барилгад байхгүй шүүхийн шийдвэрт заасан 30, ******* тоотын талбайн хэмжээ 55.66 м.кв талбайтай 3 өрөө орон сууцууд бөгөөд нэр бүхий 2 иргэнтэй гэрээ байгуулж худалдсан.

Шүүхийн шийдвэр гарснаар манай компанид 497,500,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагч нараас 497,500,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ******* татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани нь Өргөө хотхон-ы барилгуудыг барьж гүйцэтгэж байгаад иргэн ********тай гэрээ байгуулан, захиалагч нарын хамт шилжүүлэн өгсөн. Харин *******-тай эдгээр байртай холбоотой аливаа асуудлаар эрх зүйн харилцаанд орж, эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй.

Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч ********ын татгалзал, тайлбарын агуулга:

******* нь орон сууц захиалгын гэрээгээр 80.37 м.кв, 79.38 м.кв, 79.38 м.кв, 80.37 м.кв, 79.38 м.кв, 57.4 м.кв, 54.13 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 7 иргэн буюу захиалагчтай байгуулсан байсныг нэхэмжлэгч *******-ийн захирал ******* мэдэж байсан ба захиалагч нартай байгуулсан гэрээг хүлээн авсан.

******* болон ******* нарын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******** нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 497,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,645,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. ********тай байгуулсан гэрээний 2-д "үл хөдлөх эд хөрөнгө нь "худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслээгүй болно" буюу доголдолгүй хөрөнгө гэж тодорхойлсон боловч, худалдан авсан 652.76 м.кв талбайн 95.9 м.кв талбайг *******од худалдсан байсан болохыг 2022 онд шүүхэд хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох үед мэдсэн.

Мөн ********, "*******" ХК нараас 652.76 м.кв талбайн зарим хэсгийг бусдад худалдсан талаар "*******" ХХК-д мэдэгдээгүй, түүнчлэн захиалагч нартай байгуулсан аливаа гэрээ хэлцлийг шилжүүлж өгөөгүй. Энэ талаарх тайлбараа хариуцагч нар нотлоогүй.

Хариуцагч нар нэхэмжлэгчид 95.9 м.кв талбайг дутуу буюу доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, "*******" ХК болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдсан, орон сууцны үнэд төлсөн 119,847 ам долларыг "*******" ХК захиран зарцуулсан, "*******" ХХК нь ******* болон "*******" ХК-тай аливаа гэрээ байгуулаагүй, *******оос төлбөр аваагүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй үйл баримтууд тогтоогдсон.

"*******" ХХК нь хариуцагч нарын өмнөөс хариуцлага хүлээж өөрийн эд хөрөнгөө 497,500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар уг хэмжээгээр үүргээс чөлөөлөгдөж зардлаа хэмнэсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдож тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

5.2. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу *******од 2 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, үнийг төлөөгүй байгаа, 30, ******* тоот орон сууцыг захиалсан ********, ******* нарт орон сууцны үнийг буцаан төлөөгүй гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01346 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хийгдэж байгаа, "*******" ХХК нь барилгыг барьж дуусган өмчлөгчийн хувьд 30 тоотыг ********, ******* тоотыг *******т худалдсан, эдгээр хүмүүсээс худалдан авсан орон сууцны үнийг буцаан төлүүлэх шаардлагагүй буюу маргаж байгаа асуудлаас тусдаа.

Нэхэмжлэгчийн зүгээс ********ын 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг, хариуцагч "*******" ХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ТУЗ-ийн тогтоол, хурлын тэмдэглэл зэргийг шүүхийн архиваас хуулбарлан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар өгөхөд, хуулийн шаардлага хангаагүй баримт гээд үнэлээгүй нь нэхэмжлэгчид хохиролтой байдлыг бий болгосон.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

*******-ийн хувьд нэхэмжлэгч *******-тай эрх зүйн харилцаанд оролцоогүй. Манай компанийг хамтран хариуцагчаар татаж байгаа үндэслэл нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талын зүгээс ******* гэх хүнтэй байгуулсан гэрээний талаар ярьдаг бөгөөд тухайн хүн маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх *******ын гэрээний эрх, үүрэг ******** руу, дараа нь ********аас ******* руу шилжсэн гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, бэлэглэлийн гэрээгээр үүрэг шилжсэн байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад *******той байгуулсан гэрээний эрх, үүргийг хүлээж аваагүй, үндэслэлгүй мөнгө төлж байна гэж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд нийцэхгүй.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн *******-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ********ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс 2015 онд *******-ийн захирал н.Алтанхуяг гэх хүнд *******-иас хүлээн авсан 7 орон сууцны захиалгын гэрээг хүлээлгэж өгсөн. Гэтэл тухайн компани манайх хүлээж аваагүй, танайх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон ********ад холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 497,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй аливаа асуудлаар эрх зүйн харилцаанд орж байгаагүй гэж, ******** нь захиалагч нартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан болохыг нэхэмжлэгч тал мэдэж байсан, түүнчлэн тухайн маргаан шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргаанд хамаарах үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. ******* нь Баянзүрх дүүргийн , 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байсан Өргөө хотхоны С блок буюу ******* дугаар байрыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ********ад, ******** нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *******-д тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.

Үүнээс өмнө буюу ******* нь *******той 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, дээрх барилгын 30 болон ******* тоот орон сууцыг тус бүр 59,937 ам.доллароор барьж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. Мөн уг орон сууцуудтай холбоотой ажил гүйцэтгэх гэрээг ******* нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *******тэй, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ********тай тус тус байгуулжээ.

Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01346 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01191 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны С блок байрны 30 тоот хаягт байршилтай 47,95 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, ******* тоот хаягт байршилтай 47,95 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******од шилжүүлэн өгөхийг *******-д даалгаж шийдвэрлэсэн.

 

3.2. Дээрх үйл баримт болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь төлбөрийг нь хүлээн аваагүй атлаа өөрийн өмчлөлийн орон сууцны барилгаас *******од шилжүүлэн өгөх нөхцөл байдал үүссэн бөгөөд үүний улмаас хариуцагч нар энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 497,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Гэвч хэрэгт *******-иас ********ад, улмаар ********аас *******-д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэх бэлэглэлийн гэрээний эх хувь, эсхүл баталгаажсан хуулбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчийн лавлагаа, түүнчлэн уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа ямар шатандаа явагдаж байгаа талаарх баримтууд авагдаагүй.

Эдгээр баримт хэрэгт авагдаагүйн улмаас хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх, мөн үүний улмаас нэхэмжлэгчийн хөрөнгө бодитоор буурсан эсэхэд хамаарах үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу бүрэн тогтоож чадаагүй байна.

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь *******од орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч дээр дурдсан баримтууд хэрэгт авагдаагүй нөхцөлд хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 

3.3. Хэдийгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01346 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01191 дугаар магадлалаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг *******од шилжүүлэн өгөхийг *******-д даалгаж шийдвэрлэсэн байгаа боловч уг шийдвэрээр хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг тогтоогоогүй.

 

3.4. Хэрэгт 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******** болон *******-ийн хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ авагдсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байгааг дурдвал зохино.

 

4. Анхан шатны шүүх маргаанд ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.

Иймд дээрх зөрчил, алдааг давж заалдах шатны шүүхээс одоо залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/02747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,645,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Т.БАДРАХ