Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01172

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/023******* дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******, ******, *******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,

шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй,

гуравдагч этгээд нарын Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 139 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03431 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШЗ2025/19550 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 139 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг бусдад 205,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

1.2. Нэхэмжлэгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг бүрэн төлсөн ба төлбөр авагч ******** нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Зг/110 дугаар албан бичгээр төлбөр төлөгдсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг *******т хүргүүлсэн. Үүнээс 5 хоногийн дараа буюу 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* нь орон сууцны үнэ 185,375,000 төгрөгийг хариуцагчийн төлбөрийн дансанд байршуулсан.

1.3. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж өгнө үү.

 

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын тайлбар, бие даасан шаардлагын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03431 дугаар шийдвэрийг төлбөр төлөгч нь бүрэн биелүүлж 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 105,074,899 төгрөгийг бүрэн төлсөн. Улмаар барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хөрөнгийн эрхийг сэргээж, барьцаанаас чөлөөлөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж байгаа нь хууль зөрчиж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээр дурдсан орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 139 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлаж, тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн.

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулж төлбөрийг төлөөгүй тул 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 205,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч нь төлбөрийг төлөөгүй учир өмчлөх эрх дуусгавар болж дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүссэн. Мөн Иргэний хуульд зааснаар хариуцагч нь барьцааг чөлөөлөх боломжгүй, харин барьцаалагч ******** нь барьцаанаас чөлөөлөх зөвшөөрлийг олгох зохицуулалттай.

Иймд нэхэмжлэл болон бие шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Банкны төлбөр барагдуулах газрын зарласан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дуудлага худалдаанд оролцож, маргааны зүйл болж буй 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.7 дахь хэсэгт заасны дагуу 205,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

Нэхэмжлэгч нь дээрх дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс дуудлага худалдаа нь хуульд нийцсэн гэж үзсэн тул нэхэмжлэл болон гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох Банкны төлбөр барагдуулах газрын 243*******944 дугаар хувийн хэрэгт гүйцэтгэгдэж буй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2023/03431 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох Баянгол дүүрэг, 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 139 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******, ******* нарын бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* урьдчилан төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Дуудлага худалдааны ялагч тодруулсан, өмчлөл шилжүүлэх шийдвэр гаргасан гэх үйл баримтаар өмчлөх эрх үүссэн гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.16, Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт заасан заалтууд бүрэн хангагдсан нөхцөлд өмчлөх эрх үүсэх, өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх үүсэхээр хуульд заасан. Анхан шатны шүүх энэ ялгаатай зохицуулалтыг анхаараагүй.

Өмчлөх эрх бүрэн шилжих ажиллагаа дуусаагүй байхад төлбөрөө төлсөн боловч шүүх уг нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй, төлбөр төлөлтийн бодит үр дагаврыг үнэлээгүй. Дуудлага худалдааны ялагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт заасан нөхцөлийг бүрэн хангах ёстой. Шүүх энэ талаар бодитой дүгнэлт хийгээгүй.

6.2. Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11, 71.18 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй байхад анхан шатны шүүх 71.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр өмчлөх эрхтэй гэж үзэж, төлбөр төлөх хугацаа нь энэ эрх үүсэхээс өмнө байсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж албажиж гарсан өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзсэнд тооцож, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс түдгэлзүүлэх, сэргээх тухай тогтоол гаргах ёстой байсан. Мөн төлбөр төлөгчтэй холбоотой дуудлага худалдааны маргааныг шүүх хэрэгсэхгүй болгосон хэдий ч магадлал хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж, төлбөрийг бүрэн төлсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн.

Үүнтэй холбоотойгоор төлбөр авагч ******** нь төлбөр бүрэн төлөгдсөн болохыг баталгаажуулж, ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гэвч анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг дүгнээгүй, нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тайлбарлаж, маргааны зүйлийг бодитой тогтоолгүй шийдвэрлэсэн.

7.2. Түүнчлэн төлбөр төлөгч 104,644,915 төгрөгийг бүрэн төлсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх ёстой байсан боловч ******* ажиллагааг дуусгавар болголгүйгээр хөрөнгийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх, байр чөлөөлүүлэх тухай мэдэгдэл гаргасан нь төлбөр төлөгч болон гэр бүлийн өмчлөх эрхэд халдсан.

Мөн гуравдагч этгээд нарын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өмчлөх эрхээ хамгаалуулах эрх зөрчигдсөн байхад энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Түүнчлэн гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхийн оронд харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

Иймд шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул өмчлөх эрх дуусгавар болж, дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

******* нь анх удаа дуудлага худалдаанд оролцсон ба 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дэнчингээ байршуулж, 04 дүгээр сарын 11-ний өдөр дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн тогтоолоор дуудлага худалдааны ялагч болсныг албажуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.13 дахь хэсэгт заасны дагуу 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 185,375,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсан. Нэхэмжлэгч ******* энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй.

******* нь тухайн хөрөнгөтэй холбоотой иргэний хэрэг хэд хэдэн удаа үүсэж, хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй нөхцөл байдалд орсны улмаас 2 удаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргаж, дэнчингээ үлдээгээд төлбөрөө буцааж аваад буцаагаад байршуулах асуудал үүссэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03431 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******, ******* нар Баянгол дүүрэг, 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 139 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг даалгах тухай шаардлага гаргасан.

Хариуцагч нь төлбөр төлөгч нь хуульд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцсон.

 

2.1. Анхан шатны шүүх албадан дуудлага худалдааны ялагчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөхдөө хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

Мөн гуравдагч этгээд нарын гаргасан бие даасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийн харьяалалд хамаарахгүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон алдааг зөвтгөнө.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03431 дугаар захирамжаар нэхэмжлэгч ********-ийн гаргасан 104,644,915 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ******* 6 сарын хугацаанд төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар Баянгол дүүрэг, 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 139 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 205,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг төлөхийг төлбөр авагчид мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч *******д шилжүүлсэн.

 

3.1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШЗ2025/19550 дугаар захирамжаар дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/06628 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/01194 дүгээр магадлалаар ******* гаргасан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа болон түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

3.2. Дуудлага худалдааны ялагч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр худалдаж авсан эд хөрөнгийн үнэ 185,375,000 төгрөгийг дэнчин дээр нэмж төлсөн боловч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр буцаан авах хүсэлт гаргаж буцааж авсан. Мөн дахин 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 185,375,000 төгрөгийг төлсөн.

 

3.3. Төлбөр төлөгч нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөр 105,074,900 төгрөгийг төлж барагдуулсан.

 

3.4. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдов.

 

4. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хуульд нийцсэн болон төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад бие даан худалдах эрхээ хэрэгжүүлээгүй талаар дүгнэсэн тул энэ талаар дахин эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

4.1. Хоёр дахь албадан дуудлага худалдааны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.13 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг төлөхийг төлбөр авагчид мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй.

Энэ нөхцөл байдал, дуудлага худалдааны ялагч дэнчин дээр нэмж, үлдэх төлбөрийг бүрэн төлсөн зэргийг харгалзан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор Баянгол дүүрэг, 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 139 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч *******д шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11, Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4.2. Гэвч дуудлага худалдааны ялагч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр худалдаж авсан эд хөрөнгийн үнэ болох 185,375,000 төгрөгийг дэнчин дээр нэмж бүрэн төлсөн боловч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр уг төлбөрийг буцаан авах хүсэлт гаргаж, улмаар төлсөн мөнгийг буцаан авсан.

Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болохоор зохицуулсан.

Хэдийгээр дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн боловч, дуудлага худалдааны ялагч төлсөн төлбөрөө буцаан авснаар уг тогтоол гаргах үндэслэл болсон төлбөр бүрэн төлөгдсөн гэх нөхцөл бодитоор хадгалагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, төлбөрийг буцаан авсан үйлдэл нь дуудлага худалдааны үр дүнд бий болсон өмчлөх эрхийг хүлээн авах хүсэл зориг болон түүний эрх зүйн үр дагаврыг үгүйсгэсэн гэж үзэхээр байна. Иймд дуудлага худалдааны ялагчид тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт зааснаар бодитоор үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Түүнчлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхийн маргаан үүссэн нь дуудлага худалдааны ялагч төлсөн төлбөрөө буцаан авч буйг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

4.3. Албадан дуудлага худалдааны зорилго нь төлбөр авагчийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлэхэд чиглэдэг. Дуудлага худалдааны ялагч төлсөн мөнгөө буцаан авснаар төлбөр авагчийн шаардлага бодитоор хангагдаагүй.

Харин төлбөр төлөгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөр болох 105,074,900 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь төлбөр авагчийн шаардлага хангагдаж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зорилго бодитоор биелсэн гэж дүгнэх нөхцөл байдал үүсжээ.

Хэдийгээр төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.13 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй боловч, дуудлага худалдааны ялагч эд хөрөнгийн үнэд төлсөн мөнгөө буцаан авснаар дуудлага худалдааны үр дүнд төлбөр авагчийн шаардлага бодитоор хангагдаагүй.

Энэхүү дуудлага худалдааны үр дагавар бодитоор хэрэгжээгүй нөхцөлд төлбөр төлөгч нь дуудлага худалдааны ялагчийг дахин төлбөр төлөхөөс өмнө шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулснаар төлбөр авагчийн шаардлага хангагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зорилго биелсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.13 дахь хэсгийн зохицуулалтын агуулгад нийцүүлэн төлбөрөө төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гэж заасан.

Иймд гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлбөр төлөгч төлсөн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03431 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагч *******т даалгаж шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэлийг хангаж буй тул тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

5. Гуравдагч этгээд нар өмчийн эрх зүйн хүрээнд Баянгол дүүрэг, 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 139 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар дээрх шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, албадан дуудлага худалдаагаар борлуулсан ажиллагаанд холбогдуулж гаргасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй, үүнд холбогдуулан бие даасан шаардлагаа гуравдагч этгээд нар тодруулаагүй байна.

 

5.1. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болж буй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагаас уг хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхийг хууль бусаар зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/023******* дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03431 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагч *******т даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдох Баянгол дүүрэг, 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 139 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг даалгах тухай гуравдагч этгээд *******, ******, ******* нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Т.БАДРАХ