Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 201

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Улсын яллагч: С.Болорзул

Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Чод холбогдох эрүүгийн 1914002200204 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Баянхонгор аймагт дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.Ч,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр Б.Лын алдсан Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг Бөөрөг гэх газарт бэлчээрлэж байсан олон тооны буюу 13 тооны азаргатай алдуул мал буюу адууг бусдын өмчлөл, эзэмшлийнхийг мэдсээр завшиж иргэний хариуцагч Ч.Хд 2 тооны адууг өгч, бусдад 6 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Чын мөрдөн байцаалтад өгсөн

... Ч.Х миний найз байгаа юм. 2018 оны 01 дүгээр сард Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг болох “Ёлын гол” гэх газарт байхад нь түүнээс хээр зүсмийн /гүү/, /хээр зүсмийн/ унагатай гүүг аваад оронд нь морь өгөхөөр болж байсан юм ... Ч.Хд морь өгөхөөр тохирсон боловч тэр сүүлд нь надаас морь аваагүй харин оронд 500.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сард авсан ... Би Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Гурван сарамны нуруу” гэх газарт отроор явж байсан юм. Ч.Х болохоор “Ус тээх” гэх газарт байсан. Энэ хоёр газар нь хоорондоо 10 орчим киллометрийн зайтай байдаг ... гэх мэдүүлэг /хх-ийн 167-168/

Хохирогч Б.Лын мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2018 оны 11 дүгээр сарын сүллээр 13 тооны адуугаа Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг Нам толгой бэл гэх газраас бэлчээрээс нь алдсан. Би адуугаа хайгаад олохгүй байж байгаад Цагдаагийн байгууллагад хандсан ... Галуут сумын 5 дугаар багт оршин суух Ч.Х гэх айлын ойролцоо байна гэсэн сураг сонсоод очоод үзтэл миний алдсан 13 тооны адууны 12 нь зүс им тамгаараа байж байсан. Би Ч.Хэс 1 адуу нь байхгүй байна хаагуур байгаа юм бол гэж асуутал 1 даагыг чоно идчихсэн гэж хэлсэн. Тэгээд би Ч.Хийд байсан 12 тооны адуугаа туугаад гэр лүү явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 /,

Гэрч Ч.Хийн мөрдөн байцаалтад өгсөн

.... Намайг тэр адуунуудыг харж байхад манай сумын Ж.О наана чинь Ховон Б.Чын адуу байгаа юм уу гэж асуухаар нь би байгаа гэж хэлсэн. Би энэ адууг Б.Чын адуу биш юм байна гэж мэдчихээд Ж.Отэй садан төрлийн болохоор битгий ав гэж хэлээд авахуулаагүй юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 11, 74-75 /,

Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2018 оны 12 дугаар сард Б.Ч манай гэрт ирэхээр нь би Б.Чоос даага зарах уу гэж асуусан чинь зарна гэсэн тэгээд би хэдээр зарах юм гэхэд нэг даагыг 200000 төгрөгөөр зарна гэхээр нь би хоёр даага худалдаж авъя гээд 400000 төгрөгийг бэлнээр нь түүнд өгсөн юм. Түүнээс хойш байж байгаад яг өдрийг нь санахгүй байна Б.Ч над руу утсаар яриад нөгөө даага Ч.Хаш- Эрдэнээс очоод аваадхаарай гэхээр нь би за гэсэн, тэгээд би Ч.Х рүү утсаар яриад Б.Ч чи 2 адуу өгөх юм уу чамаас очоод 2 адуу аваадхаарай гэж байна гэж хэлсэн чинь Ч.Х дэмий гэхээр нь би очиж 2 адууг нь аваагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 /,

“Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019.02.25-ны өдрийн 99 дугаартай ... хохирогч Б.Лын хулгайд алдсан гэх адууны зах зээлийн үнэ ханш нь 6 300 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 113-114 /,

Жи-Мобайл ХХК-ны өмчлөлийн яллагдагч Б.Чын эзэмшлийн 98188820 дугаарын орсон, гарсан ярианы лавлагаа /хх-ийн 31-67 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 123-124 /, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-29/, хохирогч Б.Лын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай тодорхойлолт /хх-ийн 23/, шүүгдэгч Б.Чын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р багийн Засаг даргын 2019.03.13-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт /хх-ийн 133/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 145/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 144/, шүүгдэгч Б.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 /, шүүгдэгч Б.Чын 2017.07.06-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 136-141/, депозит дансны хуулгууд /хх-ийн 148-152/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр Б.Лын алдсан Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг Бөөрөг гэх газарт бэлчээрлэж байсан олон тооны буюу 13 тооны азаргатай алдуул мал буюу адууг бусдын өмчлөл, эзэмшлийнхийг мэдсээр завшиж иргэний хариуцагч Ч.Хд 2 тооны адууг өгч, бусдад 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Б.Чын ... Ч.Хд морь өгөхөөр тохирсон боловч тэр сүүлд нь надаас морь аваагүй харин оронд 500.000 төгрөгийг... гэх мэдүүлэг /хх-ийн 167-168/

хохирогч Б.Лын ... Галуут сумын 5 дугаар багт оршин суух Ч.Х гэх айлын ойролцоо байна гэсэн сураг сонсоод очоод үзтэл миний алдсан 13 тооны адууны 12 нь зүс им тамгаараа байж байсан,...1 адуу нь байхгүй,1 даагыг чоно идчихсэн гэж хэлсэн,... тэгээд 12 тооны адуугаа туугаад гэр лүү явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 /,

гэрч Ч.Хийн ... би гэртээ байж байтал Ховон манай утас руу залгаад та Бөөрөг гэх газраас ирээд унагатай гүүгээ аваарай тэр газар нийт 13 тооны адуу байгаа гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 11, 74-75 /,

“Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019.02.25-ны өдрийн 99 дугаартай ... хохирогч Б.Лын хулгайд алдсан гэх адууны зах зээлийн үнэ ханш нь 6 300 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 113-114 /,

Жи-Мобайл ХХК-ны өмчлөлийн шүүгдэгч Б.Чын эзэмшлийн 98188820 дугаарын орсон, гарсан ярианы лавлагаа /хх-ийн 31-67 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Чод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Чыг алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Чын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Ч нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Л гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад малыг эрж, хайсны зардалд 414,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах зүйтэй байна

Шүүгдэгч Б.Ч нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох шийтгэгдэж бөгөөд шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдлэж дууссан байна.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Ч нь хувьд ноогдох бод-50, бог-100 толгой малын хөрөнгөтэй буюу өөрийн гэсэн тодорхой орлоготой болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ

Харин хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Чын эзэмшлийн ... 1 тооны адуу ...-г эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Чод буцаан олгож, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Чыг алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Чыг таван зуун тавин тэнцэх хэмжээний буюу / 550000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ч нь таван зуун тавин / 550 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 550000 / төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 184000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Лын нэхэмжилсэн 414000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийнг 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Чын эзэмшлийн ... 1 тооны адуу ...-г битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Чод буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Чод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА