| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 317/2025/01368/и |
| Дугаар | 223/МА2025/00011 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 223/МА2025/00011
2026 04 02 223/МА2026/00011
О.Цын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2026/00114 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ оршин суух, О.Цийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг................ оршин суух Д.Б холбогдох,
47,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Бн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бгаас 47,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодорхойлохдоо:
Бид 2024 оны 7 дугаар сард танилцсан. Гэхдээ нэг гэрт орж, хамтран амьдарсан зүйл байхгүй. Хариуцагч Д.Б надаас мөнгө зээлэхдээ би хүдэр агнадаг, заарыг нь БНХАУ руу гаргаж зардаг, сардаа 10,000,000-20,000,000 төгрөг олдог. Хөдөө явахад том машин хэрэгтэй болоод байгаа тул машин авах мөнгө зээлээч гэсэн.
Би буцаан төлөх нөхцөлтэйгөөр Д.Бн Хаан банкны ............ тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,900,000 төгрөг, 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Д.Б 39,900,000 төгрөгөөр Ланд 80 маркийн автомашин авсан гэж хэлсэн.
Мөн бусдаас зээлсэн 8,000,000 төгрөгийг надаас авсан. Би Д.Бн Хаан банкан дахь ............ тоот дансанд дараах мөнгөнүүдийг шилжүүлсэн.
2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 170,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, нийт 51,120,000 төгрөг болсон. Үүнээс Д.Б 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 700,000 төгрөг, машинаа зараад 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн энэ өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000, төгрөгийг буцааж өгснийг хасаад, үлдэх 43,470,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган шаардаж байна...” гэжээ.
2.Хариуцагч Д.Б хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Ц бид хоёр 2024 оны 7 дугаар сард танилцаад, 2024 оны 8 дугаар сарын дундуур нэг гэрт орж хамтын амьдралтай болсон. Хамтын амьдралын хэрэгцээнд авто машин хэрэгтэй болж хөдөө явахад туулах чадвартай машин авъя гэж ярилцаж тохиролцоод 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...... улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр авсан. Харин би түүнээс машин авах зорилгоор мөнгө зээлж авсан асуудал байхгүй. Хамтын амьдралын хэрэгцээнд авсан ...... улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн эд анги нь муудаж мотор халж байсан тул О.Ц бид хоёр ярилцаж байгаад зарахаар болсон. Ингээд 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хамт явж 10,000,000 төгрөгөөр зарсан. Үүнээс О.Ц өөрийн дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлж авсан.
Мөн түүнээс шилжүүлсэн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 170,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 150,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, нийт 11,220,000 төгрөгийг бид хамтын амьдралдаа зарцуулсан. Энэ нь зээл биш юм. Иймд О.Цын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Бгаас 43,470,000 /дөчин гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Цт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 375,300 /гурван зуун далан таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Цт олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Д.Бн гаргасан давж заалдах гомдлын агуулга “...Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 47,120,000 төгрөгийг надад зээлсэн. Уг мөнгийг буцааж өгөхгүй байна гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан байсан. Би нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй, бид 10 сарын хугацаанд хамтын амьдралтай байсан, хамтын амьдралын хэрэгцээнд зарцуулагдсан мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
4.1.Анхан шатны шүүх зээлийн гэрээ үүсээгүй байна гэж миний тайлбарыг нотолж дэмжсэн атлаа бидний маргаагүй асуудлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэлт өгч байгаад гомдолтой байна. Хэрэв намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан бол би холбогдох тайлбар нотлох баримт гаргаж өгөх байсан. Өөрөөр хэлбэл маргаагүй асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт хийж миний тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан гэж үзэж байна.
4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 11-д “Хариуцагч нь нэхэмжлэгч О.Цтой гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байхдаа уг мөнгийг хамтдаа, гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримтаас үзэхэд нэг дор их хэмжээний мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэж дүгнэх бодит байдалд нийцэхгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь бөөн дүнгээр 3 удаа О.Ц над руу 39,900,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 33,000,000 төгрөгөөр авто машин авсан. Үлдсэн 6,900,000 төгрөгөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байрны лизинг төлнө гэж О.Ц 2,500,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Үлдсэн 4,400,000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан.
4.3.Машин авсан тухайд: 33,000,000 төгрөгөөр машин авах талаар бид харилцан тохиролцож Land 80 маркийн ..... улсын дугаартай авто машиныг миний нэр дээр авсан. Хамтдаа унаж хэрэглэж байсан. Хуучин машин байсан учраас буцаагаад зарахад 10,000,000 төгрөг болсон. Бид хоёр ярьж байгаад зарсан. О.Ц машин авсан, хамт явж зарсан талаар шүүх хуралд хүлээн зөвшөөрсөн.
4.4.Мөн машин зарсан 10,000,000 төгрөгөөс О.Ц 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг шилжүүлж авсан. Машины мөнгөнөөс үлдсэн 6,000,000 төгрөгийг бид хамтын амьдралын хэрэгцээнд зарцуулсан байхад анхан шатны шүүх гүйлгээний баримтаас үзэхэд нэг дор их хэмжээний мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэж дүгнэх бодит байдалд нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, хамтран амьдарсан 10 сарын хугацаанд хэрэгцээ шаардлагын үүднээс хамтарч авто машин авсан, машинаа үнэ бууруулж зарсан. Машин зарсан мөнгийг О.Ц өөрийнхөө дансаар авсан баримт нь дансны хуулгаар нотлогдсон. Мөн үлдэгдэл мөнгийг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зарцуулсан болох нь мөн нотлогдож байхад машиныг үнийг бүхэлд нь надаас гаргуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
4.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 6-д "хариуцагч уг мөнгө шилжин орсон эсэх болон мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй" гэх дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие О.Цын хэлснээр шилжин орж ирсэн мөнгийг түүний хэлсний дагуу зарцуулж байхад намайг мөнгийг хүлээж авсан мэтээр дүгнэж байгаад гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 14-т “...нэхэмжлэгчээс гарсан зардлын хэмжээгээр хариуцагчийн хөрөнгө өссөн...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. О.Ц бид хоёр хамтын амьдралтай байсан хугацаа 10 сар байсан нь дансны хуулгаар “хайр” гэж бичсэн гүйлгээний утгаар нотлогдоно. Гэтэл хамтын амьдралын хэрэгцээнд зарцуулсан мөнгийг намайг түүний зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байгаад гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч О.Ц түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гарсан тайлбарын агуулга “...Хариуцагч зээлсэн мөнгөө хамтран зарцуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Гэрч Г.Д “...Д.Б автомашин худалдан авах үедээ машиныхаа хучлагыг надаар оёулсан, мөн тухайн үед О.Цоос авсан мөнгөөрөө уг автомашиныг авсан...” гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн Д.Б нь өөрөө О.Цоос авсан мөнгөөрөө автомашин худалдан авсан талаар тайлбар өгсөн. Д.Бн автомашин худалдан авах асуудалд О.Ц ямар ч хамааралгүй. О.Ц тухайн үед 199,104,900 төгрөгөөр автомашин худалдан авсан тул дахин автомашин авах шаардлага байгаагүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Мөн хавтаст хэргийн 80-86 дугаар талд авагдсан баримтад ...... улсын дугаартай автомашиныг Д.Б нь Б Мс худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Уг гэрээг Д.Б өөрөө байгуулсан бөгөөд гэрээнд өөрийн эхнэр Сн Хн утасны дугаарыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч О.Цтой хамтын амьдралтай байсан гэх тайлбарыг үгүйсгэж байгаа. Түүнчлэн хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан баримтад Д.Б нь өөрийн утаснаас мессеж бичихдээ “...би муу машинаа өгчхөөд чиний өрийг дарна, авсан нь үнэн, өгөх нь үнэн...” гэсэн байгаа. Энэ нь тэдний хооронд зээлийн харилцаа байсан болохыг нотолж байна. Д.Б, О.Ц нар эр, эмийн харьцаатай байсан нь үнэн гэхдээ хамтын амьдралтай байгаагүй тул хамтын хэрэгцээнд түүний зээлсэн мөнгийг зарцуулсан зүйл байхгүй. Мөн өнөө үед банкны картаар гүйлгээ хийхээс илүүтэй утсаараа тооцоо хийх болсон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч Д.Бн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийг мэтгэлцэх эрхээр хангасан байх ч хэргийн үйл баримт, маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоож, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах замаар шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжтой гэж үзэн дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгч О.Ц нь 47,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ багасгаж 43,470,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлохдоо “...Хариуцагч Д.Бтай 2024 оны 7 дугаар сард танилцсан. Гэхдээ нэг гэрт орж, хамтран амьдарсан зүйл байхгүй. Хариуцагч Д.Б нь надаас мөнгө зээлэхдээ хүдэр агнадаг, заарыг нь БНХАУ руу гаргаж зардаг, сардаа 10,000,000-20,000,000 төгрөг олдог, одоо хөдөө явахад том машин хэрэгтэй болоод байгаа тул мөнгө зээлээч гэсэн. Би хэлсэн үгэнд нь итгээд түүний Хаан банкан дахь ............ тоот данс руу 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн.
Мөн Хаан банкан дахь ............ тоот данс руу 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 4,900,000 төгрөг, 15,000,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 170,000 төгрөг, 200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг шилжүүлсэн. Түүнчлэн хүнээс зээлсэн 8,000,000 төгрөгөө төлүүлсэн. Би Д.Бд нийт 51,120,000 төгрөг зээлдүүлсэн. Д.Б 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн нэр дээр ...... улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг 39,900,000 төгрөгөөр худалдан авсан гэж байсан. Мөн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хамт явж байх үед машинаа 10,000,000 төгрөгөөр зарлаа гэж хэлж байсан болохоос хамт явж зараад мөнгийг нь хэрэглэсэн зүйл байхгүй. Иймд Д.Бн буцаан төлсөн мөнгийг хасаад үлдэх 43,470,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх үндэслэлээр дэмжин тайлбарласан.
Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ “...О.Ц бид хоёр 2024 оны 7 дугаар сард танилцаад, 8 дугаар сарын дундуур нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Бидний хэрэгцээнд туулах чадвартай авто машин хэрэгтэй болсон тул ярилцаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...... улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр авсан. Харин би түүнээс машин авах зорилгоор мөнгө зээлсэн зүйл байхгүй. Уг машиныг хамтын хэрэгцээнд ашиглаж байх хугацаанд эд анги нь муудаж мотор нь халж байсан учир О.Цтой ярилцаж байгаад зарахаар болсон. Ингээд 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хамт явж 10,000,000 төгрөгөөр зарсан. О.Ц 4,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан. Мөн О.Ц хамтын амьдралтай байх хугацаанд банкны картаа гээсэн гэж хэлээд миний данс руу нийт 11,220,000 төгрөг шилжүүлсэн. Бид энэ мөнгийг хоол хүнсний зүйлд зарцуулсан. Би түүнээс ямар ч мөнгө зээлж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн үндэслэлээр няцааж мэтгэлцсэн байна.
Харин зохигч 2024 оны 7 дугаар сард танилцсан, хариуцагч Д.Бн эзэмшдэг Хаан банкны данс руу нэхэмжлэгч О.Цын шилжүүлсэн мөнгөнөөс 6,918,000 төгрөгийг буцааж төлсөн гэх үйл баримтын талаар маргаагүй.
3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч О.Ц хариуцагч Д.Б нар 2024 оны 7 дугаар сард танилцсан.
Хариуцагч Д.Бн Хаан банкан дахь ............ тоот данс руу 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, мөн Хаан банкан дахь ............ тоот данс руу 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 26-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 30-ны өдөр 4,900,000 төгрөг, 15,000,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 24-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 10-ны өдөр 170,000 төгрөг, 200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, нийт 49,770,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Цоос шилжүүлсэн.
Хариуцагч Д.Б 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...... улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор 20,000,000 төгрөг, 11,500,000 төгрөгийг “Машины мөнгө” гэсэн утгаар ............ тоот данс руу шилжүүлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч болсон, мөн машиныг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зараад 10,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан.
Түүнчлэн хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч О.Цын шилжүүлсэн мөнгөнөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 149,000 төгрөг, 20-ны өдөр 150,000 төгрөг, 21-ний өдөр 119,000 төгрөг, нийт 6,918,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байхаас гадна Баянбуурал амралтын газрын нэр дээрх Хаан банкны ............ тоот дансанд 968,500 төгрөг, үс засуулахад 130,000 төгрөг, зохигч нараас гэсэн утгаар 200,000 төгрөгийн зарлагаас бусад мөнгийг “машины сэлбэг, хоолны газар, хүнс, дэлгүүр, хоолны газар, бензин, 1” гэсэн утгаар бусдад мөнгө шилжүүлэх зэрэгт зарцуулсан үйл баримт хавтаст хэргийн 49-59, 82 дугаар хуудсанд авагдсан Д.Бн Хаан банкны дансны хуулга, авто машины гэрчилгээний лавлагаа зэрэг хуулийн шаардлага хангасан баримтуудаар тогтоогдсон байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч О.Ц буцаан төлөх нөхцөлтэйгөөр мөнгө зээлдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Б түүний шилжүүлсэн мөнгийг О.Цтой амьдрах хугацаанд хамтын хэрэгцээнд зарцуулсан гэх татгалзлаа баримтаар нотолж, няцаан үгүйсгэх үүрэгтэйгээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх юм.
Мөн зохигч энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан үндэслэлээр нотлох баримтыг цуглуулах боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар бүрдүүлүүлэх эрхтэй.
5.Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч О.Цтой 2024 оны 8 дугаар сарын дунд үеэс эхлэн нэг гэрт хамтран амьдрах болсон, шилжүүлсэн мөнгийг зээлж аваагүй, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зарцуулсан гэж маргаж байгаа ч баримтаар нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Б буцаан төлсөн мөнгөний утга дээр “...hairt mini...” гэж бичсэн нь нэхэмжлэгч О.Цтой хамтын амьдралтай байсан, нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг хамтын хэрэгцээнд зарцуулсан болохыг нотлох шууд баримт гэж үнэлэх боломжгүй байхаас гадна бусад баримтаар нотлогдоогүй байна.
Харин гэрч Г.Дд хууль сануулж авсан “...Д.Б 2024 оны 11 дүгээр сарын эхээр Цс мөнгө зээлж, хөдөө гадаа явахад тулгатай Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэл авсан юм. Та машины хучлага оёод өгөөч гэсэн...” гэх мэдүүлэг, маргаагүй баримт болох нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцсан захидалд “...Би очоод муу ямбий машинаа өгчихнө авсан нь үнэн өгсөн нь үнэн өөр яах юм...” гэж тусгагдсан байх ба хариуцагч Д.Б нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд буюу 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан ...... улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болсон, мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн, машины бензин, хоолны газар, хүнс, 1 гэсэн утгаар бусдад мөнгө шилжүүлж зарцуулсан үйл баримтаар нэхэмжлэгч О.Ц ашиг олох зорилгогүй, буцаан төлөх нөхцөлтэйгөөр хариуцагч Д.Бд нийт 49,770,000 төгрөг зээлдүүлсэн нь тогтоогдож байна. /хх-130/
6.Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан харилцан үүрэг хүлээсэн хоёр талт зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
7.Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын талаар "...Хариуцагч нь нэхэмжлэгч О.Цтой гэр бүлийн харилцаатай, хамтын амьдралтай байхдаа уг мөнгийг хамтдаа, гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримтаас үзэхэд нэг дор их хэмжээний мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг зөвхөн гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан гэж дүгнэх нь бодит байдалтай нийцэхгүй байна..." гэсэн хэт хийсвэр дүгнэлт хийсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байхаас гадна зохигчийн хооронд үүссэн харилцааг тогтоохдоо "...хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжин орсон мөнгийг хамтдаа зарцуулсан гэх нөхцөл байдлыг баримтаар нотлохгүй байх тул талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байна. Энэ хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгчээс гаргасан зардлын хэмжээгээр хариуцагчийн хөрөнгө өссөн байх буюу ийнхүү өссөн нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байх тохиолдолд нэхэмжлэгчид энэ хуульд зааснаар шаардах эрх үүсэх бөгөөд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна..." гэж үзсэн нь хууль зүйн бодит байдлыг буруу тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл, бусдын хөрөнгийн зарим хэсэг өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээдийн хөрөнгө бусдын хөрөнгөөр баяжсан гэх ойлголтыг бий болгодог. Ийнхүү хөрөнгө баяжих нь хууль зүйн үндэслэлээс үүсэлтэй байдаг /жишээлбэл, өөр этгээдээс зээлийн гэрээний дагуу мөнгө авах/. Харин ийм үндэслэл байхгүй, эсхүл уг үндэслэл дуусгавар болсон бол үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн ойлголт бий болно. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд гурван нөхцөл бүрдсэн байх шаарддаг.
Харин зохигчдын хооронд иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, 492.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай” гэж заасан үйл баримт тогтоогдоогүй болно.
8.Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Бн гаргасан давж заалдах гомдлоос "...эрх зүйн маргааны төрлийг зөв тогтоогоогүй, нотлох баримтын талаар хийсэн дүгнэлт нь хуульд нийцээгүй ..." гэх агуулга бүхий хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
9.Нэхэмжлэгч О.Ц зээлийн гэрээний үүргийг шаардсанаас хойш Д.Б нэг сарын дотор биелүүлэх үүрэг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасны дагуу үүсэж байна.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч О.Цоос зээлсэн нийт 49,770,000 төгрөгөөс 6,918,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх хэсгийг шаардсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгчийн хэрэгцээнд зарцуулсан буюу хариуцагчийн данснаас гарсан зарлага болох Баянбуурал амралтын газрын Хаан банкан дахь ............ тоот дансанд 968,500 төгрөг, үс засуулахад 130,000 төгрөг, зохигч нарын нэрээр гарсан 200,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасаж тооцох нь зүйтэй. /хх-50, 52/
10.Тиймээс давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Бгаас 41,493,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,626,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 365,416.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
11.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос эрх зүйн маргааны төрлийг эс зөвшөөрсөн хэсгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул хариуцагч Д.Бн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос гаргуулж буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2026/00114 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Бгаас 43,470,000 /дөчин гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Цт олгосугай...” гэснийг,
“...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Бгаас 41,493,300 /дөчин нэгэн сая дөрвөн зуун ерэн гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,626,700 /таван сая зургаан зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 375,300 /гурван зуун далан таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Цт олгосугай...” гэснийг,
“...хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 365,416.50 /гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Цт олгосугай...” гэж өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Бн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,300 /гурван зуун далан таван мянга гурван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС