| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0205/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 206
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж Улсын яллагч: Э.Гантулга
Насанд хүрээгүй хохирогч. Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Бямбадорж
Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Цд холбогдох эрүүгийн 1914003660271 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, Чингэлтэй дүүргийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар өөрчилсөн, С.Ц
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Ц нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах зааланд 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр насанд хүрээгүй Б.Мг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Цын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 дугаар багийн заалнаас гарч машин дотор сууж байхад манай найз охины дүү гарч ирээд Номио эгчийг нэг залуу хэл амаар доромжлоод байна гэхээр нь би зааланд орж нөгөө бандийг заалгуулж тэр залуу дээр очиж чи эмэгтэй хүүхдийг янз бүрээр хэлэхээ болиоч гэж хэлээд цээж хэсэгт нь түлхсэн. Тэгээд заалны талбайгаас гарч сандал руу явсан тэр үед нөгөө залуу манай найз охинтой хэрүүл хийгээд байхаар нь би очоод болиоч гэж хэлэхэд нөгөө залуу миний хувцасны ханцуй дээрээс барьж авчихаад тавихгүй ахыгаа дуудна, чи намайг цохисон гэхэд нь би цааш түлхсэн чинь гар мултарч нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон, хамраас нь цус гарч доош тонгойход өшиглөсөн. Тэгээд хамрын цус гараад байхаар нь ус нойтон сельфетик авчирч цус тогтоосон. Би нүүрэнд нэг удаа цохиж доош тонгойх үед нь нэг удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /
Насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах зааланд тоглож байгаад хамт тоглож байсан ахыг цагаа сунгах уу хамт тоглох уу гэж асуухад цуг тоглож байсан эгчээс асуухад тэр эгч нь хачин юмнуудтай тоглож яадаг юм гэж хэлээд дургүйлхсэн. Тэр үед би тэр эмэгтэйд хандаж ялгаагүй адилхан юм байж гэж хэлэх үед гаднаас тэр эмэгтэйн найзууд нь орж ирсэн. Намхан нуруутай шар царайтай залуу намайг миний хамар руу гараараа цохиж хамраас цус гарч тонгойход нүүрэнд нэг өшиглөсөн. Тэр ах найз охиноо өмөөрч намайг зодсон, өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй. Тэр залуу эрүүл байсан намайг зодсоны дараа тэр залуу зугтааж араас нь цагдаа нар явж барьж ирсэн. Би гомдолтой байна. Одоо эмчилгээний төлбөр мөнгө нэхэмжилмээр байна баримт бүрдүүлж өгнө ... гэх мэдүүлэг / хх-ийн 5-6, 36-37 /
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн
... гэртээ байхад 17 цагийн үед манай дүү Б.Мөнх- Амгалан утсаар яриад цагдаа дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход хамар нь хавдчихсан амны хаалт хийсэн байсан ... гэх мэдүүлэг/ хх-ийн 8-9 /
Насанд хүрээгүй гэрч У.Нийн мөрдөн байцаалтад өгсөн
... би зааланд тоглож байгаад нэг залуу намайг хэл амаар доромжлоод байхад манай найз С.Ц намайг өмөөрч тэр залууг нүүрэнд нь нэг удаа цохиж, нэг удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /
Насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
... Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах зааланд тоглож байгаад заалны цаг дуусаж хамт тоглож байсан ахыг цагаа сунгуулчих цуг тоглох уу гэж хэлтэл хамт байсан нэг эгчийг тоглох уу гэж асуутал тэр эгч ийм хачин юмнуудтай хамт тоглож яадаг юм гэж хэлсэн. Тэр үед нь манай найз Б.М тэр эмэгтэйд хандаж нүүрээрээ хэд хэдэн удаа уначихсан царайтай юм чинь гэж хэлэхэд эмэгтэйн найз банди шууд хүрч ирээд Б.Мг нүүрэнд нь цохисон хамрнаас нь цус гаргасан тонгойж байхад нь нүүрэнд нь өшиглөсөн тэгээд цагдаа дуудсан чинь тэр залуу гарч яваад зугтаасан байсан
... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаартай
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 28-29/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн /, шүүгдэгч С.Цын хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2019.06.19-ний өдрийн 2/3297 тоот тодорхойлолт / хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн /, шүүгдэгч С.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44/, депозит дасны хуулгууд /хх-ийн 55- 58/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч С.Ц нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах зааланд 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр насанд хүрээгүй Б.Мг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч С.Цын ... би тэр залуугийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон, хамраас нь цус гарч доош тонгойход нэг өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх- ийн 32-33 /
насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн … намхан нуруутай шар царайтай залуу намайг миний хамар руу гараараа цохиж хамраас цус гарч тонгойход нүүрэнд нэг өшиглөсөн .... гэх мэдүүлэг / хх-ийн 5-6, 36-37 /
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бямбадоржийн ...гэртээ байхад 17 цагийн үед манай дүү Б.Мөнх- Амгалан утсаар яриад цагдаа дээр очиход хамар нь хавдчихсан амны хаалт хийсэн байсан ... гэх мэдүүлэг/ хх-ийн 8-9 /
насанд хүрээгүй гэрч У.Нийн ... зааланд тоглож байгаад нэг залуу намайг хэл амаар доромжлоод байхад манай найз С.Ц намайг өмөөрч тэр залууг нүүрэнд нь нэг удаа цохиж, нэг удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /
насанд хүрээгүй гэрч Б.Бийн ... манай найз Б.Мг нүүрэнд нь цохисон хамраас нь цус гаргасан тонгойж байхад нь нүүрэнд нь өшиглөсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаартай ... Б.Мгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн дээд 1-р шүд, зүүн доод 1-р шүдний цөгцний эмтрэл, сулрал, зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 20- 21/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Ц нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч С.Цын орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ц нь Чингэлтэй дүүргийн 2018 оны 04 дүгээр сарын 09-
ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар өөрчилсөн шийдвэрлэж байсан уг торгох ялыг эдлэж дууссан байна.
Шүүгдэгч С.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд насанд хүрээгүй хохирогч Б.Мд 159600 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Бямбадорж нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, харин цаашид эмчилгээ хийлгэсан талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2, 34.4 дүгээр зүйлийн 5,
36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Цыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 700,000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Цыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 700,000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Бямбадорж нарын нэхэмжилсэн 2000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА