| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 317/2025/01150/и |
| Дугаар | 223/МА2025/00012 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 223/МА2025/00012
2026 04 02 223/МА2026/00012
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 317/ШШ2026/00124 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............ байрлах “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, ......... байрлах, “С” ХХК”-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 237,133,562.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч “С” ХХК нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц /цахимаар/
Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Жамц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цын гаргасан тайлбарын агуулга: “...“Э” ХХК нь “С” ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн L-2023/02 тоот "Лизингээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн L-2023/02 тоот гэрээгээр New Holland T1404B техник 1 ширхгийг худалдсан. Талуудын хооронд байгуулсан L-2023/02 тоот гэрээний 5.1-д "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралт 2-т заасан нөхцөл, хуваарийн дагуу төлж барагдуулна.
Хавсралт 2-т New Holland T1404B техник 73,400 ам.доллар гэж заасан бөгөөд 73,400 ам.доллар төлөхөөс “С” ХХК нь худалдан авсан New Holland T1404B техникийн урьдчилгаа төлбөрт 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,764.29 ам.доллар төлсөн.
Мөн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3,151.43 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5,923.42 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам.доллар буюу нийт 26,526.29 ам.доллар төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 46,873.71 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Тус гэрээний 5.4-т "Түрээслэгч уг гэрээний хавсралт 2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож түрээслүүлэгчид төлнө" гэж заасныг зөрчиж түрээслэгч тал үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөхгүй байх тул L-2023/02 тоот гэрээний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 сарын 30-нд төлөх ёстой байсан 27,299.71 ам.долларын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн 583 хоногийн алданги 10,492.11 ам.доллар, L-2023/02 тоот гэрээний хавсралт 2-т заасан түрээсийн төлбөрийн үнэ төлөх хуваарьт зааснаар "түрээсийн хүү ам.доллароор 8 хувь, төгрөгөөр 16 хувийг тухай бүр тооцоолж төлнө" гэж заасны дагуу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх үлдэгдэл төлбөр болох 46,873.71 ам.долларын хүү 4,407.41 ам.доллар болон үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд “С” ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн L-2023/02 тоот "Лизингээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 46,873.71 ам.доллар, алданги 10,492.11 ам.доллар, хүү 8,869.46 ам.долларын хамт нийт 66,235.28 ам.долларыг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан валютын хаалтын ханш болох 3,580.17 ам.доллароор тооцож 237,133,558.39 төгрөгийг гаргуулаар шаардахдаа 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 40,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй байна. Иймд 196,896,064 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
2.Хариуцагч “С” ХХК-ийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Э.Жамцын тайлбарын агуулга“...2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр L-2023/02 тоот “Лизингээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж манай компани New Holland T1404В маркийн техник буюу тракторыг худалдан авахаар тохирсон. Анх тохиролцохдоо урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд буюу 3 намар ургацаа хураан авч худалдан борлуулсны дараа нь төлж байхаар тохиролцсон.
Гэрээ байгуулагдах үед бид хөдөө тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байсан ба 2-3 хуудас гэрээн дээр гарын үсэг зурж, тамга дараад, бидэнтэй гэрээ байгуулсан ажилтан нь гүйцэтгэх захирал Улаанбаатар хотод байдаг тул гэрээгээ хот руу явуулж, гарын үсэг зуруулаад тамга дараад 1 хувийг өгнө гэж байсан боловч нэг хувийг буцааж өгөөгүй.
Тухайн үед 2-3 хуудас гэрээ трактор худалдан авч байгаа, төлбөр төлөх хугацааг заасан гэрээ байсан. Ямар нэгэн байдлаар алданги, хүүгийн талаар огт дурдаагүй байсан. Гэтэл одоо манай компанийн гарын үсэг зурж, тамгалсан арын хуудасны урд талд алданги, хүү төлөх заалтыг нэмж бичин, биднээс үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна.
Энэ нь гэрээний 2.5-д “Тал тус бүр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэлдүүлсэн буюу гэрээний 12.1.1-д заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон бол түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж дурдсан боловч гэрээний 12.1.1 гэх заалт байхгүй байгаагаас бидэнд мэдэгдэлгүй гэрээний заалтыг нэмсэн гэдэг нь харагдаж байна.
Манай компани гэрээний дагуу 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сүүлийн төлөлтөө төлөх ёстой байсан. Гэрээний хугацаа болоод төлөлт хийх хугацаа ч дуусгавар болоогүй байгаа. Төлөлтийн хуваарь бага зэрэг 2, 3 хоногийн хугацаанд хоцорсон хэдий ч бид 2024 оны хуваарьт төлөлтөө гүйцэтгэсэн. 2, 3 хоногийн хугацаанд төлөлтөө хоцроосон нь өнгөрсөн 2024 онд нийт газар тариалангийн үйл ажиллагаа цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдаж, маш их хэмжээний хохирол амссан юм. Энэ талаар сум, багийн засаг даргын тодорхойлолт байгаа. Мөн бид цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан ургац авч чадалгүй хохирол амссан талаараа “Э” ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан. Бид анхнаасаа тухайн гэрээн дээр хүү, алданги нэмж төлөх талаар тохиролцоогүй, энэ талаар гэрээндээ, гэрээний гол нөхцөлд ч зааж тусгаж харилцан тохиролцоогүй байгаа. Хэрвээ анхнаасаа хүү болон алдангийн хэмжээг тохирсон тохиолдолд гэрээний гол нөхцөлдөө тусгаж худалдан авагч болох манай компани уншиж танилцан, зөвшөөрсөн тохиолдолд гарын үсгээ зурах ёстой байсан. Гэрээний Хавсралт 1 гэх утгатай хавсралтад дурдсанаар төлбөр төлөх хуваарь, үндсэн төлбөр, хүүгийн хэмжээ зэргийг тооцоолон гаргажээ. Ингэхдээ ам доллароор 8 хувь, төгрөгөөр 16 хувийн хүү, мөн алданги нэмж төлөх ёстой байдлаар тооцон ахлах нягтлан бодогч Б.Л гэгч нь гарын үсэг зурсан байна. Бид хэрвээ хүү, алданги нэмж төлөхөөр тохиролцсон бол гэрээний гол нөхцөл хийгээд энэхүү хавсралтад заасан хүү, алданги төлөх хуваарьт гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч компани нь гэрээнд тусгаагүй, харилцан тохиролцоогүй зүйлийн дагуу хүү, алдангийг өөрсдийн дураар, хууль бусаар нэмж манай компаниас үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа буюу бидний хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, хавсралтад заасан үндэслэлээр хүү нэмж нэхэмжлэх, мөн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм. Иймээс бид “Э” ХХК-ийн зүгээс үндэслэлгүйгээр нэхэмжилж буй хүү, алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн манай компани нэхэмжлэлд дурдсан 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5764,29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5764,29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3151.43 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5923,42 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5922,87 ам.долларыг төлснөөс гадна 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөгийг “S hhk” гэсэн утгатайгаар “Э” ХХК-ийн данс руу шилжүүлсэн.
Гэрээний дагуу тракторын үлдэгдэл төлбөр 46.873,11 ам.доллароос 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг хасаж тооцох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 120,907,136 төгрөгийг төлнө. Харин хүү, алданги төлөхгүй...” гэжээ.
3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар хариуцагч “С” ХХК-аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 146,625,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,270,728 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,345,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 891,077 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч “Э” ХХК давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цын гаргасан тайлбарын агуулга “...шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 24-т “Хугацаа хэтрүүлсэн хоногийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 213 хоногийг хэтрүүлсэнд тооцож, гэрээний үлдэгдэл 35,221.34 ам.доллароор тооцож 7,502 ам.долларын алдангийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох гэж шүүх дүгнэхдээ алданги тооцох хугацааг ямар үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж тооцсон нь ойлгомжгүй байна. Мөн гэрээний үлдэгдлийг 35,221.34 ам.доллар гэж дүгнэн үүнээс алданги тооцсонд гомдолтой байна.
Хугацаа хэтрүүлсэн алдангийн хоногийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тооцсон тухайд:
"С" ХХК нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 14,680 ам долларыг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлөх байсныг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,764.29 ам доллар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар 11-ний өдөр 3,151.43 ам.долларыг төлсөн.
Гэрээний хавсралтаар батлагдсан төлбөр төлөх хуваарьт заасан хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх 15,000 ам.доллар, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх 2,500 ам доллар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөх 2,073 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх 15,000 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх 2,500 ам доллар, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөх төлөх 2,073 ам.доллар, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15,000 ам.доллар, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх 2,500 ам доллар, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөх 2,074 ам долларыг тус тус хугацаандаа төлөөгүй байхад шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш алданги тооцсонд гомдолтой байна. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй нь манай компаниас гаргаж өгсөн санхүүгийн баримтаас харагдана.
2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 25-д "... талууд хүүг 8 хувь ам.доллар, 16 хувь төгрөг хүүг тухай бүр тооцоолж төлнө гэх байдлаар хүснэгтэд бичиж гэрээг бичгээр байгуулсан байх хэдий ч хугацааг тодорхойлоогүй тохиролцсоныг хүү төлөх үндэслэлгүй гэж үзсэн болно" гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хүү шаардах үндэслэлгүй гэж дүгнэсэн тухайд:
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 25.1-д "Гэрээнд заавал тусгагдах нөхцөлийн хүү авах хугацааг гэрээнд тусгаагүйг хүү шаардах эрхгүй гэж гэрээнд тохиолдсон эд хөрөнгийн үнэ болон эд хөрөнгийн үнийг төлөх хугацаа хэтрүүлсний төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл: Хугацаа хоног, сар, жил тодорхойгүйг хүү тооцох үндэслэлгүй гэж үзсэн болно" гэж Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заалтыг үндэслэн шийдвэрлэжээ.
Гэвч гэрээг талуудын жинхэнэ хүсэл зоригт нийцүүлэн тайлбарлана. Хэрэв нөхцөл буюу хугацаа тодорхой бус бол гэрээний зорилго, шинж чанараар тайлбарлах ёстой Лизингээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинж нь хугацаатай төлбөр, зээлийн шинжтэй. Иймд хүү тооцох нь уг гэрээний салшгүй хэсэг гэж үзэх ёстой. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан "төлбөл зохих хүүгийн хэмжээ"-г тодорхой гэрээндээ тусгаагүй гэж шүүх үзэж хүү авах эрхээ алдсан гэж дүгнэжээ. Гэтэл тухайн “Лизингээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.3-т заасан хавсралт 2 буюу "түрээсийн төлбөрийн үнэ, төлөх хуваарь"-т төлбөл зохих хүүгийн хугацаа хэмжээг тодорхой зааж өгчээ. Иймд анхан шатны шүүхийн "Гэрээнд заавал тусгагдах нөхцөлийн хүү авах хугацааг гэрээнд тусгаагүй" гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т "төлбөл зохих хүүгийн хэмжээ"-г гэрээнд заавал тусгахаар хуульчилсан бөгөөд бид гэрээнд хүү тооцож, ам долларын жилийн хүүг 8 хувиар тооцож, тухайн төлбөр төлөх өдөр хэд хоногийн хүү бодохыг гэрээний хавсралтаар баталсан "Түрээсийн төлбөрийн үнэ, төлөх хуваарь"-т тусган талууд гарын үсэг зурсан.
Төлбөрийн графикт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрөө төлөөгүй бол хүү бодох хугацаа 196 хоног гэж заасан бөгөөд энэ нь талууд хоорондоо техник хүлээлцсэн өдөр болох 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 196 хоног,
2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлбөрөө төлөөгүй бол хүү бодох хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 5 хоног,
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрөө төлөөгүй бол хүү бодох хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 5 хоног,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрөө төлөөгүй бол хүү бодох хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 355 хоног... гэх мэтчилэн хүү бодох хугацааг талууд тодорхой тохиролцсон болно. Гэрээний үлдэгдэл төлбөрийг 35,221.34 ам.доллар гэж дүгнэн, үүнээс алданги 7,502 ам.доллар тооцсон тухайд:
Уг төлбөрийн графикт "Түрээсийн хүүг тухай бүр тооцоолж толно", "Түрээсийн хүү 8 хувь ам.доллар" байна гэж тус тус харилцан тохиролцсоны дагуу хариуцагч талын төлсөн төлбөрөөс түрээсийн хүүг эхэлж суутган, үлдэх төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцсон.
Ийнхүү 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул техник хүлээлцсэн өдөр болох 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 196 хоногийн хүүг үндсэн төлбөрийн үлдэгдэл 58,720 ам доллароос тооцож 2,483.94 ам доллар,
2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 5 хоногийн хүүг үндсэн төлбөрийн үлдэгдэл 58,720 ам.доллароос тооцож 64.35 ам.доллар,
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 хоногийн хүүг үндсэн төлбөрийн үлдэгдэл 58,720 ам.доллароос тооцож 64.35 ам доллар,
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй тул 141 хоногийн хүүг үндсэн төлбөрийн үлдэгдэл 58,720 ам.доллароос тооцож 1,814 69 ам. долларын хүүг тус тус төлөөгүй байна
Хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5,923.42 ам доллар төлсөн бөгөөд уг төлбөрөөс дээрх 2,483.94 ам.доллар, 64.35 ам доллар, 64.35 ам.доллар, 1,814.69 ам долларын хүүг тус тус суутгаж, үлдэх 1,496.09 ам долларыг үндсэн төлбөрийн үлдэгдэл 58,720 ам доллароос хасаж тооцон, үндсэн төлбөр 57,223.91 ам.доллар үлдсэн болно.
Мөн хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам.доллар төлсөн бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх үндсэн төлбөрийн үлдэгдэл 57,223.91 ам долларын 3 хоногийн хүү 37.63 ам долларыг суутгаж, үлдэх 5,885.24 ам долларыг 57,223.91 ам.доллароос хасаж тооцон үндсэн төлбөр 51,338.67 ам.доллар үлдсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 40,000,000 сая төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг төлбөрийг тухайн өдрийн Монгол банкнаас зарласан валютын хаалтын ханш болох 3,556.43 төгрөгөөр тооцон 11,247.21 ам доллар төлснөөр хүлээн авч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 11,247.21 ам.доллароос 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх үндсэн төлбөрийн үлдэгдэл 51,338.67 ам.долларын 208 хоногийн хүү 2,374.24 ам.долларыг суутгаж үлдэх 8,872.97 ам.долларыг 51,338.67 ам.доллароос хасаж тооцон үндсэн төлбөр 11,465.69 ам долларыг нэхэмжилсэн.
Хариуцагч талын төлсөн төлбөрөөс хүүг эхэлж суутган, үлдэх төлбөрийг үндсэн төлбөрийн үлдэгдлээс хасаж тооцохоор талууд тохиролцсон байтал шүүхээс үүнийг үнэлээгүй, хариуцагчийн төлсөн төлбөрийг 38,178.66 ам. доллар гэж дүгнэн, үндсэн төлбөр 73,400 ам. доллароос хасаж тооцон үлдэгдэл 35,221.34 ам долларыг үндсэн төлбөрт тооцож манай компанид олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “С ХХК”-аас үндсэн төлбөрт 42,465.69 ам доллар, алданги 10,501.55 ам доллар, хүү 2,029.05 ам долларын хамт нийт 54,996.29 ам.долларыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан валютын хаалтын ханш болох 3,580.17 төгрөгөөр тооцон 196,896,064 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
5.Хариуцагч “С” ХХК давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Э.Жамцын гаргасан тайлбарын агуулга “...2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр "Э" ХХК болон "С" ХХК-ийн хооронд "Лизингээр худалдах-худалдан авах гэрээ" 1-2023/02 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.1 "Энэхүү гэрээний зорилго нь түрээслүүлэгч нь түрээслэгчид энэ гэрээний хавсралт 1-д заасан техник тоног төхөөрөмж, сэлбэг/-ийг тус хавсралтад тусгасан зориулалтаар ашигласан хугацаагаар түрээслүүлэгчид түрээсийн төлбөр төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж, талуудын хооронд үүсэн эрх, үүрэг, төлбөр тооцоо хариуцлага болон бусад нөхцөлийг тодорхойлоход оршино", 1.2.1 "Түрээсийн зүйл" гэдэгт гэрээний хавсралт 1-д заасан “Түрээслэгчийн сонгосон эрхийн болон биет байдлын зөрчилгүй хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, сэлбэг”-ийг, 1.2.2 "Зориулалт" гэдэгт гэрээний хавсралт 1-д заасан “түрээсийн зүйлийн техникийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн арга... түрээсийн зүйлийг зүй зохистой, үр бүтээлтэй ашиглахад чиглэсэн үйлдвэрлэгчээс гаргаж буй заавал дагаж мөрдөх түрээсийн зүйлийг ашиглах арга хэлбэр, нөхцөлийг”, 1.3.1 "Хавсралт 1: Түрээсийн зүйлийн нэр төрөл, техникийн тодорхойлолт, тоо ширхэг, тэдгээрийн зориулалт", 1.3.2 "Хавсралт 2: Түрээсийн төлбөр төлөх хуваарь", 1.3.3. "Хавсралт 3: Түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн акт" гэжээ. Үүнээс харахад талуудын хооронд байгуулсан гэрээний нэршлийг "Лизингээр худалдах-худалдан авах гэрээ" гэсэн боловч гэрээний зохицуулах зүйл, үйл ажиллагаа зэрэг нь өөр гэрээний агуулга харагдаж байна.
Тийм байхад анхан шатны шүүх шууд талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугааp зүйлд зааснаар “Зээлээр худалдах-худалдан авах” гэрээний зохицуулалтаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хоёр. Ирээдүйд гэрээний үүрэг зөрчинө хэмээн үзэж, алдангийг тооцсон нь үндэслэлгүй.
Мөн хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 213 хоногийг хэтрүүлсэнд тооцож, гэрээний үлдэгдэл 35,221.34 ам.доллароор тооцож 7,502 ам долларын алдангийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Гэтэл уг хэргийг шийдвэрлэсэн нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг байхад яаж ирээдүй цаг болох 2026 оны 7 сар хүртэл төлж чадахгүй, гэрээний үүргээ зөрчинө хэмээн алдангийг тооцсон нь ойлгомжгүй, үндэслэлгүй.
Манай компани нь нэхэмжлэгчид 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,764,29 ам.доллар, 2023 оны 5 дугаар асрын 11-ний өдөр 3,151.43 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5,923.42 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөгийг тус тус төлсөн. /Ам.доллароор төлсөн төлбөрийг хэдэн төгрөгөөр тооцсоныг ойлгосонгүй, авсан төлбөрөө төгрөгөөр илэрхийлэх болохоор хямд ханш тавиад шүүх нэхэмжлэлийг хангахдаа өндөр ханшийг баримталсан/
Үүнээс харахад манай компани гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй, огт төлөлт хийгээгүй биш, мөн нэхэмжлэгч байгуулсан гэрээний дагуу татгалзаж байгаа, эсхүл цуцалж байгаа аль нөхцөлөөр шаардаж байгаа нь ойлгомжгүй. Энэ талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй. Учир нь гэрээний үүрэг зөрчсөн талаар нэхэмжлэгч талаас нэг ч удаа мэдэгдэл өгөөгүй байж шууд шүүхэд хандсанд ихээхэн гайхаж байна.
Мөн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн "Лизингээр худалдах-худалдан авах гэрээ" 1-2023/02 дугаартай гэрээг байгуулахдаа манай компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан байдаг. Энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Энэ нь магадгүй гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү....” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч "Э" ХХК хариуцагч "С" ХХК-ийн тус тус гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байх ч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байгаа тул давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч “Э” ХХК зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг болон гэрээгээр тохирсон нэмэлт гэрээний үүргийн биелэлтэд нийт 237,133,562.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ 196,896,064 төгрөг болгон багасгаж тодорхойлохдоо “...хариуцагч “С” ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр L-2023/02 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, New Holland T1404B маркийн, HRN26070EMPH04139 дугаартай тракторын үнийг 73,400 ам.доллароор тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийн талаар гэрээний 5.1-д "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралт 2-т заасан нөхцөл, хуваарийн дагуу төлж барагдуулна...” гэж заасны дагуу хариуцагч “С” ХХК нь урьдчилгаа төлбөрийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3,151.43 ам.доллар төлсөн. Харин үлдэх төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байж байгаад 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5,923.42 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам.доллар, нийт 26,526.29 ам.доллар төлсөн. Одоо үндсэн төлбөрөөс 46,873.71 ам.долларыг төлөөгүй байгаа тул гэрээний 5.4-т "Түрээслэгч уг гэрээний хавсралт 2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож түрээслүүлэгчид төлнө" гэж зааснаар алданги тооцоход /2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөх ёстой байсан 27,299.71 ам.доллароос 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл/ нийт 583 хоногийн 10,492.11 ам.доллар болсон. Мөн гэрээний 2 дугаар хавсралтад хүүгийн талаар "түрээсийн хүү ам.доллароор 8 хувь, төгрөгөөр 16 хувийг тухай бүр тооцоолж төлнө" гэж заасан тул 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны хүү 8,869.46 ам.доллар болж байгаа. Иймд Монгол банкны ханшийг гэрээнд заасан үеийн ханш 3,580.17 төгрөгөөр тооцож нийт 237,133,562.39 төгрөг гаргуулахаар шаардсан. Харин хариуцагч “С” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөг төлсөн байгаа тул нэхэмжлэлээ 196,896,064 төгрөг болгон шаардаж байна...” гэж тайлбарласан.
Хариуцагч “С” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу 120,907,136 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсэг болох алданги, хүүг төлөхгүй гэж маргасан үндэслэлээ “...Манай компани нэхэмжлэгч “Э” ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр L-2023/02 дугаартай лизингээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, New Holland T1404B маркийн тракторын үнийг 73,400 ам.доллараар тохирсон. Төлбөрийг урьдчилгаа төлбөрөөс бусад төлбөрийг гурван жилийн хугацаанд намар төлөхөөр болсон. Ингээд 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,764,29 ам.доллар, 2023 оны 5 дугаар асрын 11-ний өдөр 3,151.43 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5,923.42 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч “Э” ХХК төлсөн төлбөрөөс гэрээнд заагаагүй хүү, алданги суутгаж авна гэж байгааг зөвшөөрөх боломжгүй. Мөн гэрээнд түрээслэгч, түрээслүүлэгч тал гэсэн нь ойлгомжгүй, талуудын хүсэл зоригт нийцээгүй заалтуудыг заасан байхаас гадна манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан. Энэ нь хуульд заасан гэрээний шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн компани 40,000,000 төгрөг төлсөн байхад нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй байсан. Ер нь энэ гэрээг байгуулахад хавсралт гэсэн зүйл байгаагүй, хүүг ямар хугацаагаар тооцож байгаа нь тодорхойгүй, гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад алданги тооцсон нь хуульд нийцэхгүй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.
Харин зохигчид 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр L-2023/02 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, New Holland T1404B маркийн HRN26070EMPH04139 дугаартай, тракторын үнийг 73,400 ам.доллар гэж тохиролцсон, хариуцагч тал гэрээний үүргээс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3,151.43 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5,923.42 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч тал уг техникийг дагалдах бичиг баримтын хамт хариуцагчид шилжүүлэн өгсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй байна.
3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “С” ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр L-2023/02 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа New Holland T1404B маркийн, HRN26070EMPH04139 дугаартай тракторын үнийг 73,400 ам.доллароор тохирч, төлбөрийн нөхцөлийг хавсралт 2-т заасан хэмжээ, хугацаанд төлөх талаар гэрээний 2.2, 3.3.1, 5.1-д заасан.
Мөн талууд төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаанд төлбөл зохих хүүгийн талаар тохиролцохдоо гэрээний 2 дугаар хавсралтад “...жилийн хүүг ам.доллароор бол 8 хувь, төгрөгөөр бол 16 хувь...” гэж заасан.
Түүнчлэн гэрээний 3.2.7, 5.4, 5.2 дахь хэсэгт хариуцагч “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр заасан байх ба төлбөрийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд төлсөн төлбөрөөс алданги, хүү, үндсэн төлбөр гэж суутган авахаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон байна. /хх-12-20/
Мөн нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж New Holland T1404B маркийн, HRN26070EMPH04139 дугаартай тракторын үнийг бүрэн төлөхөөс өмнө хариуцагчийн эзэмшилд дагалдах бичиг баримтын хамт шилжүүлэн өгсөн.
Хариуцагч “С” ХХК нь гэрээнд заасан хугацаанд 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3,151.43 ам.доллар, хугацаа хэтрүүлж 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5,923.42 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөг төлсөн нь маргаагүй үйл баримтаар нотлогдсон. /хх-49-50, 53/
4.Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан харилцан үүрэг хүлээсэн, хоёр талт зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Тодруулбал, зохигч 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээг лизингээр худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн, талуудыг түрээслэгч, түрээслүүлэгч хэмээн томьёолсон байх ч сайн дурын үндсэн дээр бичгийн гэрээ байгуулахдаа New Holland T1404B маркийн, HRN26070EMPH04139 дугаартай тракторыг худалдах худалдан авах санаа зорилго илэрхийлэгдсэн, зээлээр худалдах худалдан авах гэрээний гол хүчин зүйл буюу худалдах үнэ, урьдчилсан болон хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн талаар тохиролцсон байх ба төлбөрийн үүрэг дуусгавар болохоос өмнө эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр заажээ.
Энэ нь талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ бус хуульд заасан журмыг хангасан, хүү шаардах эрхээ алдаагүй, зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болов.
5.Хариуцагч “С” ХХК нь гэрээг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн, гэрээний хавсралт 2-т заасан нөхцөлөөр гэрээний төлбөрийг төлөхөөр тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар няцаан үгүйсгээгүй байна.
Хариуцагч “С” ХХК гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, гэрээний 2 дугаар хавсралтад заасан үнийн дүн болох 73,400 ам.доллароос урьдчилгаа төлбөрт нийт 14,680 ам.доллар төлсөн байгаа тул энэхүү гэрээний 2 дугаар хавсралтад заасан төлбөрийн нөхцөл, хүү, алдангийн талаар мэдээгүй гэх боломжгүй бөгөөд зөвшөөрсөн үйлдэл хийсэн байна.
6.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээгээр тохирсон хүүг хэрэгсэхгүй болгож, нэмэлт үүрэгт хамаарах алданги болон төлөөгүй үлдсэн үндсэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ зохигчдын байгуулсан гэрээний талаар “...Харин талууд хүүг 8 хувь ам доллар, 16 хувь төгрөг /хүүг тухай бүр тооцоолж төлнө/ гэх байдлаар хүснэгтэд бичиж гэрээг бичгээр байгуулсан байх хэдий ч хугацааг тодорхойлоогүй тохиролцсоныг хүү төлөх үндэслэлгүй гэж үзсэн болно. Гэрээнд заавал тусгагдах нөхцөлийн хүү авах хугацааг гэрээнд тусгаагүйг хүү шаардах эрхгүй гэж гагцхүү гэрээнд тохиолцсон эд хөрөнгийн үнэ болон эд хөрөнгийн үнийг төлөх хугацаа хэтрүүлсний төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл: Хугацаа /хоног, сар, жил/ тодорхойгүйг хүү тооцох үндэслэлгүй гэж үзсэн болно...
…Талуудын мөн гэрээний 4.1, 4.2-т гэрээн хугацааг тохиролцсон байх ба гэрээний 5.3-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гэж тохиролцсон байх тул төлбөрийн үлдэгдэл 35221.34 долларын алданги 0.1 хувиар тооцож хариуцагчаар гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасанд нийсэн гэж үзэж алданги тооцож гаргуулах нь зүйтэй байна…” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7.Давж заалдах шатны шүүх хариуцагч “С” ХХК-аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй буюу үндсэн төлбөр 122,559,417.20 төгрөг, хүү 28,989,991.04 төгрөг, нийт 151,549,408.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 85,584,154.15 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлт хийж тоон тооцооллыг гаргав.
8.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т “төлбөл зохих хүүгийн хэмжээ” гэж тус тус заасан болно.
9.Хариуцагч “С” ХХК нь гэрээнд заасан төлбөр 73,400 ам.доллароос урьдчилгаанд 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3,151.43 ам.доллар төлсөн.
Харин үлдэх 58,720 ам.долларыг гэрээний хавсралтад заасан хугацаанд хэсэгчлэн төлөхдөө хуваарьт “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15,000 ам.доллар, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,500 ам.доллар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,073 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15,000 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,500 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,073 ам.доллар, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15,000 ам.доллар, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,500 ам.доллар, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,074 ам.доллар...” гэж заасны дагуу төлж дуусгавар болгохоор байхад 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5,923.42 ам.доллар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам.доллар, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөг төлж гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байна.
10.Нэхэмжлэгч “Э” ХХК нь үүрэг гүйцэтгэх дарааллыг алданги, хүү, үндсэн төлбөр гэж гэрээгээр тогтоосон байгаа ч дээрх төлбөрийг үндсэн үүрэгт төлсөн гэх хариуцагч “С” ХХК-ийн тайлбарыг нэхэмжлэгч “Э” ХХК нь няцааж маргаагүй.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ”, 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан.
Иймд давж заалдах шатны шүүх үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүүг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар тооцоход хариуцагч “С” ХХК нь 58,720 ам.долларт хүү / 8 хувь : 365 хоног хугацаа хэтэрсэн 347 хоног/=4,465.89 ам.доллар,
2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 5,923.42 ам.долларыг 58,720 ам.доллароос хасаж, 3 хоногийн хүү 34,74 ам.доллар,
2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 5,922.87 ам.долларыг 52,796 ам.доллароос хасаж, 211 хоногийн хүү 2,169.08 ам.доллар,
2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 40,000,000 төгрөгийг үүрэг үүсэх үеийн Монгол банкнаас зарласан валютын ханш 3,468.03 төгрөгөөр тооцож, 11,533.93 ам.долларыг 46,873.71 ам.доллароос хасаж, 218 хоногийн хүү 1,689.50 ам.долларыг төлөхөөр байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар үндсэн төлбөр 35,339.78 ам.доллар, хүү 8,359.21 ам.долларыг үүрэг үүсэх үеийн буюу 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан валютын ханш 3,468.03 төгрөгөөр тооцож, хариуцагч “С” ХХК-аас нийт 151,549,408.24 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
11.Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.
Зохигчдын байгуулсан гэрээний хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болохоос өмнө нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээг цуцалж, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “С” ХХК үндсэн төлбөр болон хүү төлөх гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад алданги төлөх нэмэлт үүрэг хуульд зааснаар үүсэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс алдангитай холбоотой шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс хийсэн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийг зөвтгөн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
12.Шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан “...гэрээнд заасан хүүг гаргуулах, гэрээнд заасан үүргийн дарааллын дагуу алдангийг тооцох ёстой байсан ” гэх, хариуцагч талын гаргасан “...хуульд заасан журмыг зөрчиж хийсэн гэрээг үндэслэн хүү тооцсон...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч шийдвэрлэв.
13.Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 1,142,431 төгрөг, хариуцагч “Саян түрүү” ХХК-ийн 891,077 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 317/ШШ2026/00124 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар хариуцагч “С” ХХК-аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 146,625,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,270,728 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг,
“...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар хариуцагч “С” ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд нийт 151,549,408.24 /нэг зуун тавин нэгэн сая таван зуун дөчин есөн мянга дөрвөн зуун найман төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 85,584,154.15 /наян таван сая таван зуун наян дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
2 дахь заалтад “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,345,018 /нэг сая гурван зуун дөчин таван мянга арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 891,077 /найман зуун ерэн нэгэн мянга далан долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож...” гэснийг,
“...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,345,018 /нэг сая гурван зуун дөчин таван мянга арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 915,697.04 /есөн зуун арван таван мянга зургаан зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 1,142,431 /нэг сая нэг зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөг, хариуцагч “Саян түрүү” ХХК-ийн 891,077 /найман зуун ерэн нэгэн мянга далан долоо/ төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС