Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар  223/МА2026/00018

 

 

  

 

        2026           04            30                                                         223/МА2026/00018

 

                          “З ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

         Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 317/ШШ2026/00558 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төв аймаг........ байрлах "З ББСБ" ХХК,

Хариуцагч: Төв аймаг, .............. оршин суух Т.Б,

Хариуцагч: Төв аймаг, .......... оршин суух Ц.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 65,372,109 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.И

Хариуцагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Базардорж,            

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1.Нэхэмжлэгч “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бийн гаргасан тайлбарын агуулга: Зээлийн гэрээний үүрэгт 65,372,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: “...“З ББСБ” ХХК нь Т.Б, Ц.Б нартай 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/2207/06 дугаар зээлийн гэрээг байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон.

Гэрээний хугацааг зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч нар 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөгийг төлсөн.

Зээлийн гэрээний 2.2.5-д “Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасаж, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ” гэж заасны дагуу зээлдэгчийн төлсөн 31,000,000 төгрөг хүүд тооцогдохоор байсан.

Гэхдээ компанийн зүгээс Т.Бийн ар гэрийн шалтаг, шалтгааныг харгалзан үзэж түүний төлсөн төлбөрөөс зээл болон хүүнээс тэнцүү хасаж, хөнгөлөлт үзүүлсээр ирсэн.

Өөрөөр хэлбэл, Т.Б, Ц.Б нарын 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөгөөс, 2,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийг үндсэн зээлээс нь хасаж, үлдсэн 18,500,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон. 

Хэрэв гэрээнд заасны дагуу хүүг бүрэн төлсний дараа үндсэн зээлээс хасаж ирсэн бол Т.Б, Ц.Б нарын төлбөр 8,000,000-9,000,000 төгрөгөөр нэмэгдэх байсан.

Иймд зээлдэгч Т.Б, Ц.Б нараас үндсэн зээл 22,500,000 төгрөг, зээлийн хүү 40,215,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,656,356 төгрөг, нийт 65,372,109 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Харин зээлийн гэрээнд Ц.Б гарын үсэг зураагүй тул түүнд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ.

2.Хариуцагч Т.Бийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тодорхойлохдоо: “...“З ББСБ” ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/2207/06 дугаар зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК нь 35,000,000 төгрөгөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийг  2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Т.Б нь зээлийн гэрээнд заасан үндсэн төлбөр, зээлийн хүүд нийт 31,000,000 төгрөг төлсөн. Гэтэл төлсөн төлбөрөөс 12,500,000 төгрөгийг зөвхөн үндсэн зээлээс хасаж, үлдэх 18,500,000 төгрөгийг зээлийн хүүд тооцсон нь үндэслэлгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зээлийн гэрээний нөхцөл шаардлагыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 20.2.6-д зээлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөлийг заана гэж хуульчилсан.

Гэтэл “З ББСБ” ХХК болон Т.Б нарын хооронд зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэсэгт зээлийг хэзээ хэрхэн, ямар хуваариар төлөх талаар тусгаагүй тул хуульд заасан шаардлагыг хангаагүй гэрээ гэж үзэж байна.

Мөн “З ББСБ” ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ гэх гэрээг тулгаж, байгуулсан бөгөөд тус зээлийн гэрээгээр Т.Бийг зээлийн гэрээний хугацааг сунгаж байгаа талаар тайлбарласан боловч өмнөх зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүүг хамтад нь нийлүүлж үндсэн зээл гэж тооцсон бөгөөд үүнээс дахин зээлийн хүү тооцсон нь иргэний хууль, болон бусад хуулийг ноцтой зөрчиж байна.

Мөн дээрх зээлийн гэрээнд хуульд заасан зээлийн эргэн төлөлтийн талаар дурдаж заагаагүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд “З ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

3.Хариуцагч Ц.Бн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тодорхойлохдоо: "...Нэхэмжлэгч "З ББСБ" ХХК нь нийт 65,372,109 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Уг нэхэмжлэлд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/2207/06 дугаар зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн гэжээ. Гэтэл Ц.Б нь тухайн зээлийн гэрээнд үүрэг хүлээж оролцоогүй, гарын үсэг зураагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй..." гэжээ.

4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Т.Бээс 58,270,904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "З ББСБ" ХХК-д олгож, үлдэх 7,101,205 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь хариуцагч Ц.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч "З ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бээс 449,305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "З ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга “...шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1.Хариуцагчийн зүгээс “З ББСБ ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4,5 хувь, жилийн 54 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар гэрээ байгуулсан. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрт 31,000,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй. Харин талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй учир зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн маргасан.

Тодруулбал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зээлийн гэрээний нөхцөл шаардлагыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 20.2.6-д “Зээлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөлийг заана” гэж хуульчлан заасан.

Гэтэл “З ББСБ” ХХК болон Т.Б нарын хооронд зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэсэгт зээлийг хэзээ хэрхэн, ямар хуваариар төлөх талаар тусгаагүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэрээ гэж үзэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч хэзээ зээлийн гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн хугацааг хэзээ тогтоосон нь ойлгомжгүй нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулж хуульд заасан хэлбэрийг хангаагүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан. Гэтэл дээрх зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг, үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар тусгаагүй нь хууль зөрчсөн хэлцэл болж байна.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 58,270,904 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн тооцоо гэх баримтыг дүгнэж зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Харин хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй.

Тодруулбал, анхан шатны шүүхийн үнэлж дүгнэсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн тооцоо гэх баримт /хх-43/ авагдсан байх ба тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримтыг үнэлж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх зээлийн гэрээнээс дүгнэвэл үндсэн зээл 35,000,000 төгрөг, нэг сарын хүү 1,575,000 төгрөг ба 12 сарын хугацааны хүү 18,900,000 төгрөг, мөн гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй гэж зааснаар нэмэгдүүлсэн 3,780,000 төгрөг, нийт 57,680,000 төгрөгийн үүрэг үүснэ.

Үүнээс Т.Бийн төлсөн 31,000,000 төгрөгийг хасаж тооцвол хариуцагч нь “З ББСБ” ХХК-д 26,680,000 төгрөгийг төлөх үүрэг үүсэх боломжтой гэж үзэж байна.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж маргасан. Маргасан үйл баримтын хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “З ББСБ ХХК болон Т.Б нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх хуралдаан 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад зарлагдсан бөгөөд хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөх гэсэн боловч шүүхийн киоск машин ажиллахгүй байсан учраас улсын тэмдэгтийн хураамжийг төлж чадаагүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн зүйлийн 65.1.11-д нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх хоёр үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Гэвч шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.11-д заасан үндэслэлийг зааж гомдол гаргах эрхгүй гэж дүгнэсэн бөгөөд холбогдох зүйл заалтыг хэрэглэхгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

6.Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.И нарын гаргасан тайлбарын агуулга: “…нэхэмжлэгч тал хууль мэдэхгүй байдлаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг эх хувиар бус хуулбарлан өгсөн байна. Харин шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэх талаар ажиллагаа хийлгүй, уг байдлыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд давж заалдах гомдлын зарим хэсгийг дэмжиж байна. Харин хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй. Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ ханган сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно…” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийв.

2.Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 65,372,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ “...Т.Б нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 35,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, жилийн хугацаатай зээлэхдээ барьцаанд өөрийн болон Ц.Бийн үл хөдлөх хөрөнгийг тавьсан. Т.Б гэрээнд заасан хуваарийг зөрчих болсон. Иймд гэрээнд заасны дагуу түүний төлсөн нийт 31,000,000 төгрөгөөс эхний ээлжинд хүүг тооцон суутгасан. Сүүлд төлсөн мөнгөн дүнгээс үндсэн зээл, хүүг хасаж тооцоход 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 22,500,000 төгрөг, хүү 37,785,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,656,356 төгрөг, нийт 65,372,109 төгрөг болсон тул гаргуулж өгнө үү.

Харин зээлийн гэрээг Ц.Бтэй байгуулаагүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна..." гэж тайлбарласан.

3.Хариуцагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “..."З ББСБ" ХХК-аас 35,000,000 төгрөг зээлсэн. Үүнээс хүүнээс хүү тооцож үндсэн зээлийг тогтоосон. Зээлийн гэрээнд буцаан төлөх хуваарь гаргаагүй, хэзээ хэрхэн төлөх нь тодорхойгүй. Энэ гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй…” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Хариуцагч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “…Ц.Б нь тухайн зээлийн гэрээнд үүрэг хүлээж оролцоогүй, гарын үсэг зураагүй байдаг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан татгалзсан байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

4.1.Шүүгчийн хийх ажиллагааны талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх” гэж, 67.1.4-т “эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах” гэж хуульчлан заасан.

Анхан шатны шүүх уг иргэний хэргийг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааныг зохигчийн хүсэлтээр хойшлуулахад хэргийн талууд маргаанаа эвлэрэн шийдвэрлэх боломжтой талаар тайлбар гаргаж байсан нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Харин анхан шатны шүүх 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө болон шүүх хуралдааны аль ч шатанд хуралдаан даргалагч талуудаас маргаанаа эвлэрэн шийдвэрлэх санал байгаа талаар асууж, эвлэрэх боломжоор хангасан эсэх нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаа тул хуралдааныг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудыг маргаанаа эвлэрэн шийдвэрлэх эрхээр хангасан гэж үзэх боломжгүй байна.

4.2.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба судалж болно” гэж, мөн энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

Гэтэл шүүх нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-ийн цуглуулж өгсөн эх хувь бус, нотариатчаар гэрчлүүлээгүй 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/2207/06-2 дугаар “Зээлийн нэмэлт гэрээ”, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн "Зээлийн тооцоо" нийлсэн акт зэрэг баримтыг үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон байхаас гадна нэхэмжлэгч үндсэн зээлд 22,500,000 төгрөг шаардсан байхад 35,000,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн нь үйл баримтыг зөв тогтоогоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

4.3.Харин шүүх уг иргэний хэргийг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан шийдвэрлэх талаар зохигчдод мэдэгдсэн баримт хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан байх ба хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгаа тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэлээр түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

4.4.Түүнчлэн хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж гомдол гаргах эрхэд энэ хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар хязгаарлалт тогтоож шийдвэрлэснийг зөрчсөн гэж үзэхгүй.  

5.Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг дээрх үндэслэлээр хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

6.Хариуцагч Т.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,305 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 317/ШШ2026/00558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Т.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  449,305 /дөрвөн зуун дөчин есөн мянга гурван зуун тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.МӨНХБҮРЭН

                                      ШҮҮГЧИД                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                 З.ТҮВШИНТӨГС