| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0243/Э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 245
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга ,
Шүүгдэгч Ц.О, Н.С нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Ц.О, Н.С нарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004050339 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, Ц.О
2. Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Н.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Бийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.С нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Эийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мана найз хөдөөнөөс 1 шил архитай ирээд түүнийгээ хувааж ууж дуусгаад эхнэр бид хоёр дэлгүүр ороход дүүг зодож, архиар шахсан нөхөртэй таараад чи одоо яахаараа насанд хүрээгүй хүүхэд архиар шахдаг юм гэж хацар луу нь алагдсан юм. Тэгтэл удалгүй нэг эмэгтэй дөрвөн эрэгтэй ирж дайрч давшлаад машины толь хагалаад дайрч байсан. Эхнэр дэлгүүрийн Өөдөс эгч хоёр салгаад хоёр тийшээ болцгоосон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180 /
Шүүгдэгч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 20-ны орой ажлаа тараад байрандаа байхад манай дүү Би халуун усанд орно гэж яваад уйлаад хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн. Ямар хүнд зодуулсан юм гэхэд дэлгүүрийн үүдэнд нэг ах эгч хоёр хаанахынх юм гээд асуухаар нь барилгынх гэтэл чиний барилгынх чинь хамаагүй би Жинстийн бөх залуу байна гээд алгадсан гэж хэлсэн. Байрнаасаа гараад Ба, Б, бид 3 дэлгүүрийн урд явж очоод яагаад хүүхэд зодсон гэж хэлэхэд Ц.О Ба хоёр барилцаж авсан Б ах тэр хоёрыг салгах гэж оролдсон тэгтэл Э, Б ахыг өшиглөөд алагдсан юм. Би эмэгтэй хүн байж болиоч гэхэд чи хаанаас гараад ирсэн алмас гэж хэлээд хэрэлдэж байгаад бие биенээ үсэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 172-173/
Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Баянхонгор аймгийн Жинстсумд шинээр баригдаж байгаа дотуур байранд туслагч болон өрлөг хийдэг. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр орой 20 цагийн үед ажлаасаа буугаад халуун усанд ороод явж байхад дэлгүүрийн урд талд үл таних нэг согтуу хүн намайг дуудахад очиход намайг чи хаана ажилладаг гэж асуухаар нь барилга дээр ажилладаг гэж хэлсэн. Тэр хүн намайг чи хаана ажилладаг чинь хамаагүй гэж хэлээд миний толгойн тус газар гараараа хоёр удаа цохиж авсан. Миний толгой иргээд бие сонин болоод байхаар нь байрлаж байсан байр руу очоод эгч Н.Сд болсон зүйлийн талаар хэлэхэд гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 /,
Хохирогч Э.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн орой 21 цагийн үед манай найз Энхтуяа гэрт ирээд нөхөр Ц.О чинь архи уучихсан байна очиж аваарай гэж хэлсэн. Би гэрээсээ гараад нөхөр Ц.Оыг байгаа газраас нь аваад явахад замаараа дэлгүүр орох гэж буухад нөхөр Ц.О надаас түрүүлээд дэлгүүрт ороод гараад ирсэн тухайн үед барилга дээр ажилладаг гэх танихгүй залууд нөхөр Ц.О түүнд хандаж та нар яагаад насанд хүрээгүй хүүхдийг архиар шахаж зодож дарамталсан, өнчин өрөөсөн болохоор нь харж хандах хүнгүй гэж бодоо юу гээд нэг удаа хацар руу нь алагдсан нөгөө хүн уйлаад гүйгээд явсан. Ц.О дэлгүүрт орсон хойгуур нь барилга дээр ажилладаг хүмүүс гартаа чулуу барьчихсан 4 залуу нэг эмэгтэй миний унаж явсан машины зүүн талын хажуугийн цонхыг, толины хүрээг цохиж хагалсан. Манай дүүг зодсон хүн хаана байна гараад ир гэж надруу дайраад эд хөрөнгөд халдаж болохгүй гэж хэлсэн. Ц.О дэлгүүрээс гарч ирэхэд нөгөө залуус бүгдээрээ манай нөхөр рүү дайраад үсдэж, боож түлхэж газар унагааж газраас чулуу аваад цохих гээд байхаар нь би очиж салгасан. Тэр үед хамт явсан эмэгтэй нь намайг түлхэж чи болиоч гээд намайг түлхэхэд би түүнийг тоогоогүй. Ц.Оын дээр нь гартаа чулуу барьсан залуугийн гараас чулууг нь булааж авахад нөгөө эмэгтэй над руу дахиад дайраад байсан. Тэгээд нөхрөө салгах гээд зууралдаж байх үед миний биед болон хүзүү, нуруу цээжнээс доод хэсэгт хөхөрсөн шалбарсан мөн нуруунд хөхөрч улайрсан байсан. Нөгөө эмэгтэй дахиад машин руу чулуу шидэх гэж оролдоход нь чи эмэгтэй хүн байж болиоч наад чулуугаа хаяач гэхэд чулуу бариад дайрах үед түүнтэй хамт байсан залуу түүний гараас чулууг нь булаан авсан, дахин над руу чулуутай шороо аваад гараараа цацахаар нь би түүнийг хөлөөр нэг удаа өшиглөхөд тэр миний эмзэг газар руу хөөлөөрэй дахиад өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хр-ийн 58-59 /,
Гэрч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
… Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны орой Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн нутаг шинээр баригдаж байгаа сургуулийн барилга дээр ажиллаж байсан. Ажил тараад байрандаа ирэхэд манай дүү Н.Би халуун усанд орно гээд явсан удалгүй хүнд зодуулчихлаа гээд уйлаад дэлгүүрийн үүдэнд танихгүй нэг ах зодсон гэж хэлсэн. Манай дүү Н.Ба түрүүлээд гараад явсан, араас нь Н.Бат-Эрдэнэ бид 2 очиход Ц.Отай, Н.Ба барилцаад авсан байсан. Би очоод битгий зодоон хий боль гэж салгах гээд Ц.Оыг тэврээд автал дийлдэхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 /,
Гэрч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн нутаг шинээр баригдаж байгаа сургуулийн барилга дээр ажиллаж байсан. Ажил тараад байрандаа ирэхэд манай дүү Н.Би халуун усанд орно гээд явсан. Удалгүй хүнд зодуулчихлаа гэж уйлаад ороод ирэхэд юу болсон талаар асуухад мэдэхгүй Баянбогд гэх дэлгүүрийн үүдэнд танихгүй нэг ах зодсон гэж хэлсэн. Ах Н.Бын хамт дэлгүүрийн гадаа яваад очиход нэг эгч машины хажууд зогсож байсан. Манай дүүг хэн зодсон гэж асуухад манай нөхөр зодсон би зод гэж хэлсэн юм гэж хэлээд намайг шууд алгадаад дэлгүүрт байгаа ороод уулз гэж хэлсэн. Дэлгүүр рүү орох гэхэд урдаас гараад ирсэн. Та яагаад жоохон хүүхэд зодсон юм гэхэд би хэнийг зодсон юм гэж орилоод байхаар нь би заамдаад байж байтал эхнэр нь ирээд үснээс зулгаахад манай Н.Б эхнэрийг нь салгаад авч явахад үл таних залуу нүүр рүү нь цохиод авсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №324 дугаар шинжээчийн
1.Н.Бийн биед тархи доргилт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /1 хх-ийн 18-19 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №330 дугаар шинжээчийн
1.Э.Эийн биед умдаг, гуя, шилбэ, нуруу, шуу, сарвуунд цус хуралт, чих, эрүү, нуруу, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /1 хх-ийн 43-44 /
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №929 дугаар шинжээчийн
1. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны Шинжээч эмч Б.Баяртогтохын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 330 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Э.Эийн биед умдаг, гуя, шилбэ, нуруу, шуу, сарвуунд цус хуралт, чих, эрүү, нуруу, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /1 хх-ийн 137-139/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн № 975 дугаар шинжээчийн
1. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №324 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Н.Бийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ.
3. Дээрх гэмтэл нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эмчийн тодорхойлолт, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Өгөөмөр” мэдрэлийн эмнэлгийн тархины цахилгаан бичлэгээр тогтоогдож байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /1 хх-ийн 144-146/
“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 459 дугаар ... автомашины эвдэрсэн эд ангийн гэмтлийн зах зээлийн ханшийг 100,000 төгрөгөөр тогтоосон ... дүгнэлт /1 хх-ийн 204/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1 хх-ийн 88-91, 163-166, 167-168/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 03/, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол /1 хх-ийн 184, 188/, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 183, 185-186, 187, 189-190/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 224, 227/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 225, 228/, шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-ийн 230-231/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 232-233/, шийтгэлийн хуудас /1 хх-ийн 234-235/, эвлэрлийн гэрээ /1 хх-ийн 238/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Бийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.С нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Эийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.О, Н.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.О, Н.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.О, Н.С нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ц.О, Н.С нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Б.Би, Э.Э нар нь Ц.О, Н.С нарын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.О, Н.С нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.О, Н.С нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын олон нийтийн болон бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч нар нь хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Би, Э.Э нар нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /1 хх-ийн 238/, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.О, Н.С нарыг торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Оын эзэмшлийн “...нокиа маркийн гар утас...”-ыг, шүүгдэгч Н.Сгийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас ...”-ыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Ц.О, Н.С нарт буцаан олгож, шүүгдэгч Ц.О, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ц.О, Н.С нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.О, Н.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.О, Н.С нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.О, Н.С нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.О, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Ц.Оын эзэмшлийн “...нокиа маркийн гар утас...”-ыг, шүүгдэгч Н.Сгийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас ...”-ыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ц.О, Н.С нарт буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.О, Н.С нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА