| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07031/и |
| Дугаар | 5438 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 5438
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 5 дугаар орцны 00 тоотод байрлах, Найдвар 29, 30 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 72 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ГЭ 74092719, Бадамсэдийн Ариунгэрэлд холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 743 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Батбаатар, хариуацгч Б.Ариунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Найдвар 29, 30 Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Найдвар 29, 30 СӨХ-д төлөх ёстой засвар үйлчилгээ,
цэвэрлэгээ, жижүүрийн хөлсийг 2009 оноос одоог хүртэл төлөөгүй, 2011 онд шүүхэд 169 510 төгрөгний нэхэмжлэлийг Б. Ариунгэрэлд гаргасан.Б.Ариунгэрэл тохиролцооны гэрээ хийе гэж хүсэлт тавьсан.Тохиролцооны гэрээнд Б.Ариунгэрэлийн байрны агааржуулалт нь ажиллахгүй, ванны өрөө, харанхуй өрөө цантаж мөөгөнцөртсөн учир би өөрөө засна гэсэн хүсэлтийг харгалзан үзэж бүгд 169 510 төгрөгөөс 79 800 төгрөгийг хасаж 89 710 төгрөгийг төлөхөөр тохирч Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны 947 тоот захирамжаар батлагдсан юм.Гэтэл Ариунгэрэл тохиролцооны гэрээ болон хуулийн байгууллагын шийдвэрийг үл тоон одоо болтол СӨХ-ны мөнгөө төлөхгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бусад оршин суугчдын хуримтлалын
мөнгөөр дээврийн, цанталтын, гэрэлтүүлэг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ
жмжүүр үйлчлэгчийн цалин, подвол сантехникийн засвар бусад урсгал засварын төлбөрөө төлүүлж байгаа учир шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Нэхэмжлэлд;2011 онд үлдэгдэл 17820 төгрөг, 2012 оны 1-12 сарын 106 950 төгрөг, 2013 оны
оны 1-12 сарын 183 720 төгрөг, 2014 оны 1-12 сарын 119 320 төгрөг, 2015 оны 1-12 сарын 195 720 төгрөг, 2016 оны 1-3 сарын 47 830 төгрөг нийт 743 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 72 тоотод оршин суугч Б.Ариунгэрэл он удаан жил СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй, 2011 онд СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргаж талууд эвлэрлийн гэрээ байгуулсан юм билээ.Тэр захирамжаар Б.Ариунгэрэл өөрөө агааржуулагчаа засварлана, хэдэн төгрөг хасаж өгөөч гэж эвлэрсэн боловч өөрөө засаагүй, мөнгөө ч өгөөгүй байдаг.Би Б.Ариунгэрэлийг төлбөрөө төлөхийг шаардахад эхлээд төлнө гэж байснаа төлөхгүй байгаа тул түүнээс 743 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ариунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:Би Найдвар Сууц Өмчлөгчдийн Холбоонд 743 250 төгрөгийг төлөх үндэсгүй гэж үзэж байна.Энэхүү 29 дүгээр байрны 72 тоотод оршин суух миний бие сүүлийн 4-5 жилд дулаалга алдаж, хөгцөрч мөөгөнцөрдсөн.Дулаалгын ажлыг хувийн компаниар 380 000 төгрөгөөр хийлгэсэн.Агааржуулалтын хоолой ажиллахгүй хүн амьдрах боломжгүй тул байрыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзлах тул нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэл байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Ариунгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх 9 давхар барилгын 9 давхарт байдаг, манай агааржуулагч ажилладаггүй, таазнаас ус гоождог, хөгц мөөгөнцөр байна.Ханын дулаалагыг би өөрөө янзалсан, энэ тухайгаа СӨХ-д байнга хэлдэг боловч арга хэмжээ авдаггүй.Би байрандаа урсгал засвар 2 удаа хийсэн, одоо их засвар хийх гэж байгаа, нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй.СӨХ нэг сарын өмнө дээврийг янзалж өгсөн, агааржуулалт байхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Найдвар 29, 30 Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Б.Ариунгэрэлд холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 743 250 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Ариунгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, агааржуулагч ажилладаггүй гэж маргаж байна.
Хариуцагч Б.Ариунгэрэл Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 72 тоот орон сууцны өмчлөгч байх бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2011 оны 11 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөр 671 360 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар болон Төрийн банкны баримтаар нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.
Мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байх тул Б.Ариунгэрэл нь 671 360 төгрөгийг төлөх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлд бичигдсэн жагсаалтын төлбөрийн дүн 671 360 төгрөг нь Төрийн банкнаас гаргасан төлбөрийн үлдэгдэлтэй дүнтэй тохирч байх тул нэхэмжлэгч байгууллага нь 71 890 төгрөгийг илүү нэхэмжилсэн байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны төлбөрийг хариуцагчаас өмнө нь шаардаж байсан ба хариуцагч ч төлөхгүй гэдэг байсан талууд зохигчид тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан байх тул нэхэмжлэгч байгууллагын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 947 дугаар шүүгчийн захирамжид-Найдвар 29, 30 Сууц Өмчлөгчдийн Холбоо Б.Ариунгэрэлээс 2009 оны 6 дугаар сараас 2011 оны 2 дугаар сарыг дуусталх хугацааны зардлын 161 600 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч Сууц Өмчлөгчдийн Холбоо 79 800 төгрөгийг шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Ариунгэрэл 81 800 төгрөгийг төлөх, улмаар 2011 оны 3 дугаар сараас эхлэн Сууц Өмчлөгчдийн Холбоонд жижүүр, лифт, цэвэрлэгээ, дундын гэрэл, баримтын мөнгийг сар бүр тушааж байх, мөн Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 29 дугээр байрны 72 тоот орон сууцны агааржуулалт ажиллахгүйгээс мөөгөнцөр үүсдэг байдлыг харгалзан зохигчид харилцан тохирч дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд сар бүр төлдөг 3800 төгрөгийг нэхэмжлэгч авахгүйгээр зогсоож 72 тоотын угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, харанхуй өрөөнүүд агааржуулалтын хоолойд хийгдэх засварын ажлыг хариуцагч Б.Ариунгэрэл өөрөө хариуцан хийхээр харилцан тохиролцсон болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Үүнээс үзэхэд хариуцагч Б.Ариунгэрэл гэрийнхээ агааржуулалтын хоолойд хийгдэх засварын ажлыг өөрөө хариуцан хийхээр харилцан тохиролцсон атлаа одоо мөн л агааржуулалт ажиллахгүй байгаа учраас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б.Ариунгэрэлээс орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын 671 360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 71 890 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Бадамсэдийн Ариунгэрэлээс 671 360 /зургаан зуун далан нэгэн мянга гурван зуун жаран/ төгрөгийг гаргуулан Найдвар 29, 30 Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 71 890 /далан нэгэн мянга найман зуун ерэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 388 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунгэрэлээс 20 662 /хорин мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Найдвар 29, 30 Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН