| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00847/И |
| Дугаар | 212/МА2026/00028 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 212/МА2026/00028
“М***** даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 302/ШШ2025/01097 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М***** даатгал” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух хаягтай Х****** овогт Б******** Н********* холбогдох,
“Ачаа тээврийн даатгалын гэрээний улмаас учирсан хохиролд 35,000,000.00 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, түүний өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Нэхэмжлэгч “М***** даатгал” ХХК нь хариуцагч Б.Н ачаа тээврийн даатгалын гэрээний хохиролд 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1.2. Хариуцагч Б.Н нь 2024.10.01-ний өдөр ОХУ-ын нутаг дэвсгэрт **** ВӨА улсын дугаартай Volvo fh440 маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасны улмаас тээвэрлэж явсан ачааг гэмтээсэн. Иргэний хуулийн 499.1, 510.1-д зааснаар тээврийн хэрэгсэл эзэмшигч, гэм хор учруулсан этгээд нь ачаа барааг бүрэн бүтэн тээвэрлэх, хүлээлгэн өгөх, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
1.3. “М***** даатгал” ХХК нь даатгуулагчид 35,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул Иргэний хуулийн 443.7, Д******** тухай хуулийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх (шаардах) эрхийг шилжүүлэн авсан.
1.4. Иймд Иргэний хуулийн 497.1, 499.1, 510.1-д заасныг үндэслэн ачаа тээврийн даатгалын хохирол болох 35,000,000 төгрөгийг Б.Н гаргуулж, “М***** даатгал” ХХК-д олгохыг хүссэн.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.
2.2. О***** үүдсэн торгуулийн тухайд: 2024.10.01-ний өдөр ОХУ-ын А**** улсын нутаг дэвсгэрт "М***********" ХХК-ийн ачааг Volvo tf440 маркийн машинаар тээвэрлэж явахдаа урсгал сөрсөн тээврийн хэрэгслээс зайлсхийж, гулгаатай замын улмаас шарван хажуу тийш унасан. ОХУ-ын холбогдох албанаас замын хашлага төмөр гэмтээж, хөдөлгөөнд саад учруулсан тул З********* зөрчлийн тухай хуулийн 12.33-т зааснаар 5,000 рублиэр торгосон. Энэ нь замын хөдөлгөөний дүрэм, хурд зөрчсөнийг тогтоосон хэрэг биш, гэнэтийн нөхцөл байдлаас үүдсэн осол байсан. Мөн хашлага засварын зардлыг өөрөө төлсөн.
2.3. А*** хүлээлгэн өгсөн тухайд: О****** холбоотой шалгалтыг дуусгаад 2024.10.10-нд М****** орж ирж, 10.22-ны өдөр [ХОТ] хотод барааг хүлээлгэж өгсөн. Х******** өгөх үед тээвэрлүүлэгч компанийн зүгээс ачаа гэмтсэн, чанар алдагдсан талаар гомдол, шаардлага огт гаргаагүй.
2.4. Д******** нөхөн төлбөрийн тухайд: ***** ** ************* компани даатгалаас хохирлоо авна гээд материал нэхсэний дагуу холбогдох баримтыг өгсөн. Энэхүү осол нь гэнэтийн зүйл байсан тул даатгалын тохиолдолд хамаарна. Иргэний хуулийн 431.1-д зааснаар даатгагч нь гэрээний дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй тул “М***** даатгал” ХХК нь хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу олгосон төлбөрөө надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт миний буруутай үйл ажиллагаанаас болж ачаанд хохирол учирсныг тогтоосон нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.03-ны өдрийн 302/ШШ2025/01097 дугаар шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан Б******** Н********** ачаа тээврийн даатгалын гэрээний улмаас учирсан хохирол 31,500,000 /гучин нэгэн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан “М***** даатгал” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М***** даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н 315,450 /гурван зуун арван таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М***** даатгал” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Х*********** давж заалдах гомдлын агуулга:
4.4. ОХУ-ын захиргааны шийтгэл оногдуулсан тогтоолын агуулгын тухайд: Т******* ОХУ-ын З********* зөрчлийн тухай хуулийн 12.33-аар 5,000 рублийн торгууль ногдуулсан нь замын халтиргаанаас унахдаа замын хашлага гэмтээж, хөдөлгөөнд саад учруулсанд авсан арга хэмжээ юм. Энэ нь намайг замын хөдөлгөөний дүрэм, хурд зөрчсөнийг тогтоосон хэрэг биш. Тухайн үед шалгалтаар согтууруулах ундаа хэрэглээгүй, эрхийн үнэмлэхтэй, машин бүрэн бүтэн байсан бөгөөд осол гэнэтийн нөхцөл байдлаас болсон.
4.5. Д******** тохиолдлын шинж чанар: Уг осол нь жолоочийн шууд буруугаас болоогүй, гэнэтийн зүйлийн улмаас болсон тул даатгалын тохиолдолд хамаарна. Иргэний хуулийн 431.1-д зааснаар “М***** даатгал” ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд даатгуулагчийн хохирлыг төлөх үүрэгтэй тул үүнийгээ надаас нэхэмжлэх үндэслэлгүй.
4.6. Н***** баримтын шаардлага хангаагүй тухай: Шүүхийн үндэслэл болгосон ОХУ-ын захиргааны шийтгэл оногдуулсан тогтоолын хуулбарт нотариатч тамга дарсан ч баталгааны тэмдэг дараагүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан "Н********* үйлдэл хийх заавар"-ын 2.7-г зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.5-д зааснаар хууль зөрчиж цуглуулсан баримт нотлох чадвараа алдах тул үүнийг үнэлэх боломжгүй. Мөн уг баримтын эх хувь байхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар осол ОХУ-д болсон тул нэхэмжлэгч хилийн чанадаас нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаж болох байсан ч энэ ажиллагааг хийлгээгүй.
4.9. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчдийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд энэ тайлбарыг хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд манайх даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний зүйл хүнсний бүтээгдэхүүн байсан учраас хөндлөнгийн байгууллага буюу Х*******, хөрөнгийн байгууллага буюу Х******* аж үйлдвэрийн тэнхимийн экспризин дүгнэлтээр хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг тогтоож өгсөн. Дээрх баримтын хүрээнд нийт хохирол нь 37,298,000 төгрөгөөр тодорхойлсон бөгөөд манайх гэрээний хамгаалалтын дагуу нөхөн төлбөрийг олгосон.
5.2. О****** нөхөн төлбөрөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10 хувийг хасаж тооцож нөхөн төлбөрөө шилжүүлсэн учраас аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10 хувийг нэмэгдүүлсэн дүнгээр шүүхэд бас нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10% хувийг суутгасан дүнгээр буюу Д******** тухай хуулийн 8.7 дугаар зүйлд заасан тухайн даатгуулагчид хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгосон, тэр дүнгээр шаардах эрхтэй гэдэг үндэслэлээр тодорхой хувийг анхан шатны шүүхээс хассан. Иймд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан.
5.3. Хариуцагч талын өмгөөлөгчийн ярьсанчлан “М**” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргах эрх зүйн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтын шаардлагыг хангуулан хавсаргасан байгаа. М**** гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б***** овогтой Э******** 2024 оны оны 5 дугаар сарын 03-ны өдөр томилогдож, улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тухайн гүйцэтгэх удирдлагаар гүйцэтгүүлээд, өнөөдөр хүртэл манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, мөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлж ажиллаж байгаа. Ийм учраас нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй этгээд маань хуульд заасан дагуу мөн. Улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байгаа.
5.4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 302/ШШ2025/01097 дугаар шийдвэрийн аль хэсгийг үндэслэлгүй гэж үзээд, гомдоод байгаа тухай огт дурдсангүй. Анхан шатны шүүх хуралдаанд ярьж байгаа бүх үйл баримтыг ярьж байгаа. Өмгөөлөгч С.Н нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай сайн танилцаж амжаагүй гэж байгаа атлаа хавтаст хэрэгт авагдсан байгаа баримтуудыг сайн ярьж байна. Мөн өмгөөлөгч С.Н хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй учраас тухайн анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нарын гаргасан тайлбар ямар байгааг сайн мэдэхгүй байгаа юм болов уу гэж би ойлголоо. Н**** төлбөр шилжүүлсэн баримтын хувьд “М**” хувьцаат компаниас өмнө нь ...тоот данс руу нөхөн төлбөрийг шилжүүлж өгөөч гэж албан бичгээр хүсэлт гаргасан учраас тус данс руу нь нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэсэн. Т******* хооронд байгуулагдсан гэрээний 5.1.3 дугаар зүйлд заасны дагуу хохирол учирсан тохиолдолд хөндлөнгийн буюу Монгол Улсын хэмжээнд ганцхан үнэлгээ гаргадаг Монголын худалдаа аж үйлдвэр тэнхим байдаг. Уг тэнхимээс тухайн хохирлыг үнэлж, тухайн тээвэрлэж ачсан хөрөнгө нь хүнсний бүтээгдэхүүнүүд байсан учраас хохирлын хэмжээг тогтоогоод, дахин ашиглах боломжгүй болсон байна гэдгийг тогтоосон байдаг.
5.5. Хариуцагч тал хохирлыг учруулсан гэдэг нөхцөл байдал дээр маргахгүй байгаа. Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлд заасны дагуу тухайн даатгуулагчийн хөрөнгийг тээвэрлэж явахдаа хохирол учруулсан гэдэгт маргадаггүй атлаа давж заалдах шатны шүүх дээр маргаад байгаа ч юм шиг тайлбар хэлж байна. Гэтэл бусдын эд хөрөнгөд санаатайгаар эсхүл болгоомжгүй аль нэг үйлдлээр хохирол учруулсан бол тухайн хохирлыг Иргэний хуульд зааснаар хариуцаж арилгах үүрэг нь байдаг. Уг хуулийн үндэслэлийн дагуу буюу шаардах эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс бүх нотлох баримтуудыг маш сайн үнэлж, дүгнэж үзээд, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
7. Нэхэмжлэгч “М***** даатгал” ХХК нь хариуцагч Б.Н холбогдуулан 35,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “хариуцагчийн буруутай үйлдлээс болоод ачаанд хохирол учирсан тул тэрээр гэм хорыг арилгах үүрэгтэй. Д******** компани уг хохирлыг урьдчилж төлсөн учраас хуулийн дагуу шаардах эрхийг шилжүүлэн авч, Б.Н 35,000,000.00 төгрөгийг буцаан нэхэмжилж байна” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Н***** замын дүрэм зөрчиж ачааг гэмтээсэн гэх бурууг тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй. Б***** хүлээлгэж өгөхөд ямар нэгэн гомдол гараагүй. О*** ** ***** ********** ****** ******** ********* *** ********* компани гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу даатгуулагчид төлбөр олгосон нь надаас буцааж мөнгө нэхэх үндэслэл болохгүй” гэж тайлбарлажээ.
8. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, “М***** даатгал” ХХК болон “М** ложистикс тракинг” ХХК-ийн хооронд 2024.04.19-ний өдөр 1 жилийн хугацаатай ачаа тээврийн даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээний тусгай нөхцөлийн 1.1.3, 1.1.6-д зааснаар “ачаа, барааг ажлын талбай болон заагдсан талбай хүртэл тээвэрлэх үед даатгуулагч ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэл гэмтээх эрсдэл болон тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, галт тэрэг замаасаа гарч онхолдох, мөргөлдөх” зэргийг гадаад ачаа тээврийн даатгалын эрсдэлд тооцож, гэрээний үндсэн нөхцөлийн 5.1.3-т “даатгалын тохиолдол бий болсны улмаас учирсан хохирлын шалтгаан, нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд харилцан тохиролцож Монголын Ү******* Х******* Аж Ү********* Т***** (МҮХАҮТ)-ын шинжээчээр акт тогтоолгон дүгнэлт гаргуулж болох ба эсвэл даатгагчийн шаардлагаар хууль хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн холбогдох байгууллагын хүмүүс оролцсон комиссоор дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд даатгалын хохирол үнэлэгчээр хохирлын үнэлгээ хийлгүүлэх, үүнтэй холбоотой зардлыг даатгагч хариуцна” гэж тус тус харилцан тохиролцжээ.
Түүнчлэн даатгалын гэрээний 5.1.7-д олон улсын тээвэрлэлтэд тээвэрлэгдсэн ачаа, бараа гэмтэж хохиролд өртсөн нөхцөлд даатгалын тохиолдол хаана, хэний буруугаас үүссэнийг үл харгалзан энэхүү заалт нь Иргэний хуулийн 439.2-т заасан даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээлэл авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийг төлөх бөгөөд үүнтэй холбоотойгоор хохирлыг буцаан нэхэмжлэх, буруутай этгээдийг олж тогтооход даатгуулагч өөрийн зүгээс бололцоот арга хэмжээг авч, даатгагчтай хамтран ажиллана гэжээ.
9. “М**” ХХК-аас 2024.11.18-ны өдөр “М***** даатгал” ХХК-д хандсан 420 дугаартай албан бичигт тус компанийн тээвэрлэлтийг гүйцэтгэсэн **** БӨА улсын дугаартай ачааны машин БНКиргизстан Улсын Т***** хотоос илгээгч компанийн бараа, бүтээгдэхүүнийг ачиж тээвэрлэн 2024.10.22-ны өдөр хүлээн авагч “Ө** И*****” ХХК-ийн талбайд буулгасан ба уг тээвэрлэлтийн явцад тухайн тээврийн хэрэгсэл замдаа осолдсоны улмаас тээвэрлэж явсан ачаанаас “Ж**** А***” 300гр-ын савлагаатай бараа 10 хайрцаг буюу 240 ширхэг, “К***** А***” 1 кг-ын савлагаатай бараа 912 хайрцаг буюу 9120 ширхэг бараа тус тус үүрч бутарч, задарч сав баглааны гэмтэл, чанарын шаардлага хангахгүй, зарагдах боломжгүй болсон буюу захиалагч хуулийн этгээдэд 11,007.00 ам.долларын хохирол учирсан, үүнийг даатгалын гэрээний дагуу шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
10. МҮХАҮТ-ийн шинжээчийн 2024.10.30-ны өдрийн [*******] дугаартай тээвэрлэсэн барааны хяналт, шалгалтын актаар хүнсний бүтээгдэхүүн (гоймон) тээвэрлэлтийн явцад зам тээврийн осолд орж, ноцтой гэмтсэн барааг худалдаанд гаргах боломжгүй, устгах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тус шалгалтыг гэмтсэн ачааны тоо хэмжээ, гэмтлийг тодорхойлох зорилгоор БНКиргизстан У***** нийлүүлэгдсэн хүнсний барааг хүлээн авагч компанийн агуулахад хийсэн бөгөөд **** БӨА ****БӨН улсын дугаартай ачааны автомашинаар тээвэрлэн хүргэгдэх үед ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэгч автомашин зам тээврийн осолд орж, хажуу тал руу унасны улмаас хүчтэй доргилт, цохилтоос үүдэн гоймонгийн хайрцгууд их хэмжээгээр бяцарч гэмтсэн, битүүмжлэл алдагдаж, гоймон асгарч гоожсон, ариутгал алдагдаж бохирдсон, хугарч үйрмэг болсон, гаднах хайрцаг сав нь урагдаж сүйдсэнийг эрх бүхий төлөөлөгчийг байлцуулан шалгахад, “Ж**** А***” (1/300г х 24 ширхэг) 10 хайрцаг буюу 240 ширхэг, “К***** А***” (1/1кг) 912 хайрцаг буюу 9120 ширхэг, 9360 ширхэг бараа гэмтсэн ба хохирлын нийт дүн 11,007.17 ам.доллар гэжээ.
11. Хэрэгт тухайн хүнсний барааг тээвэрлэгч автомашины жолооч, хариуцагч Б.Н нь БНКиргизстан Улсын Т***** хотоод Монгол Улсын [ХОТ] хот руу ачаа тээвэрлэх явцад ОХУ-ын А**** Улсын нутаг, О****** мужын О****** дүүргийн нутаг дэвсгэрт захиргааны зөрчил гаргасан тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол авагдсан бөгөөд түүнийг ОХУ-ын З********* зөрчлийн тухай хуулийн 12.33-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдалд заналхийлэхүйц авто зам, төмөр замын гарц, замын бусад байгууламжид гэмтэл учруулах, түүнчлэн замын хөдөлгөөнд зориудаар саад учруулах, түүний дотор замын гадаргууг гэмтээж бохирдуулах” гэж заасан зөрчил үйлдсэн гэж үзэж, 2024.10.02-ны өдөр 5000 рубльтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан, тухайн осол болсон газар болон захиалагчийн талбайд буулгах үеийн нөхцөл байдлыг харуулсан зарим гэрэл зургуудыг хэрэгт талуудаас гаргаж өгсөн байна.
12. “М**” ХХК-аас 2024.12.09-ний өдөр “М***** даатгал” ХХК-ийн Н**** төлбөрийн газарт хүргүүлсэн 519 дугаартай албан бичигт захиалагч буюу хүлээн авагч “Ө** И*****” ХХК-ийн агуулахад 2024.10.22-ны өдөр буусан ачаа бараанаас гарсан эвдрэл гэмтэл бүхий даатгалын тохиолдолд 35,000,000.00 төгрөгийн хохирол тогтоогдсон ба тус хохирлын мөнгийг “М********** В********” ХХК-ийн дансанд, татварын суутгалыг ачааг хүлээн авагч “Ө** И*****” ХХК-ийн нэр дээр илгээхийг хүссэний дагуу “М***** даатгал” ХХК-аас 2024.12.17-ны өдөр “М********** В********” ХХК-ийн дансанд 31,500,000.00 төгрөгийг даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт тооцож шилжүүлсэн, уг хохирлын мөнгийг нэхэмжлэгчээс даатгалын гэрээний үндсэн нөхцөлийн 6.9, 6.10 дахь хэсэгт “даатгалын зүйлд гуравдагч этгээдийн буруугаас хохирол учирсан тохиолдолд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх автоматаар даатгагчид шилжинэ” гэж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Д********** учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж, Д******** тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж зааснаар тээвэрлэлтийг гүйцэтгэсэн хариуцагч Б.Н холбогдуулан түүнийг “даатгалын хохиролд буруутай” гэж үзэж нэхэмжилсэн байна.
13. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч буюу тээвэрлэгч Б.Н нь “Ө** И*****” ХХК-ийн захиалгаар даатгуулагч буюу тээвэрлүүлэгч “М**” ХХК-д баталгаажсан тээвэрлэлтийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу БНКиргизстан Улсын Т***** хотоос Монгол Улсын [ХОТ] хот, захиалагчийн талбай хүртэл ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх явцад зам тээврийн осол гаргаж, тээвэрлэгч буюу хариуцагч Б.Н Volvo.FH440 загварын [****][***] улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам дагуу хажуудан унаж, үүний улмаас тээвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүн гэмтсэн, өөрөөр хэлбэл “М***** даатгал” ХХК болон “М**” ХХК-ийн хооронд 2024.04.19-ний өдөр байгуулагдсан ачаа тээврийн даатгалын гэрээний даатгалын тохиолдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон байна.
Энэ талаар хариуцагчаас түүний шууд буруутай үйлдэл буюу гэм буруугаас болж уг хохирол учраагүй, тээврийн хэрэгсэл замын гулгаа, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл, шалтгаанаар хажуудан унасан ба үүнд жолооч гэм буруугүй, харин жолоочийг ОХУ-ын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэх агуулгаар бус, замын хөдөлгөөний аюулгүй байдалд заналхийлэхүйц авто замын байгууламжид гэмтэл учруулсан, замын хөдөлгөөнд саад учруулж, замын гадаргууг гэмтээж бохирдуулсан гэж шийтгэл оногдуулсан гэж маргасан байна.
14. Хариуцагчийн уг хариу тайлбар хууль зүйн үндэслэлгүй. З******** тайлбар, хэрэгт авагдсан ОХУ-ын А**** Улсын О****** мужын нутаг дэвсгэрт болсон авто ослын талаарх гэрэл зургийн үзүүлэлт, тус улсын эрх бүхий албан тушаалтны хариуцагч Б.Н 2024.10.01-ний өдрийн 11:45 цагийн үед, Volvo.FH440 загварын [****][***] улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа ОХУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасныг зөрчсөн тул түүнд торгох шийтгэл оногдуулсан шийдвэр зэргээс дүгнэвэл, хариуцагч буюу тээвэрлэгчийн болгоомжгүй буруутай үйл ажиллагааны улмаас түүний өмчлөлийн Volvo.FH440 загварын [****][***] улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орж, уг ослын улмаас тээвэрлэж явсан хүнсний бүтээгдэхүүнд гэмтэл учирсан буюу даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 1.1.3, 1.1.6-д заасан “... ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэл гэмтээх эрсдэл болон тээврийн хэрэгсэл онхолдох, ... гадаад ачаа тээврийн даатгалын эрсдэлд тооцно” гэх даатгалын тохиолдол бий болсон нь тогтоогдсон.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4 дэх хэсэг, 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад ачаа тээвэрлүүлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан, гэмтсэн бол тээвэрлэгч буюу хариуцагч Б.Н хуульд заасан хариуцлага хүлээнэ. Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
15. Нөгөө талаар Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь тээвэрлэж буй ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх үүргээ биелүүлэхдээ тухайн ачаа барааг бүрэн бүтэн хүргэж өгөх нь гэрээний үүрэг заавал биелэгдэх шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд хуулийн 384 дүгээр зүйлийн 384.2 дахь хэсэгт заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас тээвэрлэж буй ачаа, бараанд гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Б.Н ОХУ-ын А**** Улсын О****** мужын нутаг дэвсгэрт, 2024.10.01-ний өдрийн 11:45 цагт, Volvo.FH440 загварын [****][***] улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үед болсон зам тээврийн осол нь байгалийн давагдашгүй хүчин зүйл, эсхүл гэнэтийн нөхцөл байдлаас болсон, эсхүл бусад этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд, бодит хамааралтай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзнэ.
16. “М***** даатгал” ХХК болон “М**” ХХК-ийн хооронд 2024.04.19-ний өдөр байгуулагдсан ачаа тээврийн даатгалын гэрээ болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, тэдгээр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол буюу даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд үүнд хариуцагч Б.Н буруутай нь баримтаар нотлогдсон. Энэ тохиолдолд даатгалын гэрээний үндсэн нөхцөлийн 6.9, 6.10 дахь хэсэгт зааснаар даатгалын зүйлд гуравдагч этгээдийн буюу хариуцагч Б.Н буруугаас хохирол учирсан тул буруутай этгээдээс хохирлыг шаардах тухай даатгуулагчийн эрх нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу даатгагчид шилжсэн бөгөөд тэрээр даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчийн заасан хуулийн этгээдийн дансанд төлсөн учраас энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн бүрэн боломжтой.
17. Х******** ********** ********* компани нь даатгалын тохиолдол бүрдсэн тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид төлөх үүргээ биелүүлсэн, үүнтэй холбогдуулан даатгалын тохиолдол бүрдсэн нөхцөл байдалд буруутай этгээдээс даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрийн хэмжээгээр тодорхойлогдох хохирлыг шаардах эрхийг өөртөө шилжүүлж авсан, энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэдий ч даатгалын гэрээний үндсэн нөхцөлийн 5.1.3-т зааснаар даатгалын тохиолдол бий болсны улмаас учирсан хохирлын шалтгаан, нөхцөл, хэмжээг үнэн зөв, бодитойгоор тогтоох шаардлагатай. И******** түүний шаардах эрхийг хангах үндэслэл бүрдэх юм. Тухайн тохиолдолд, даатгалын гэрээнд зааснаар даатгалын тохиолдол бүхий даатгуулагчид учирсан хохирлын хэмжээг тогтоох талаар талууд харилцан тохиролцож Монголын Ү******* Х******* Аж Ү********* Т***** (МҮХАҮТ)-ын шинжээчээр акт тогтоолгон дүгнэлт гаргуулах, эсвэл даатгагчийн шаардлагаар хууль хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн холбогдох байгууллагын хүмүүс оролцсон комиссоор дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд даатгалын хохирол үнэлэгчээр хохирлын үнэлгээ хийлгүүлэх зэргээр тээвэрлэсэн бараанд учирсан хохирлын хэмжээг гэрээнд заасан арга, хэлбэрээр бодитой, үнэн зөв тогтоох учиртай.
Энэ талаарх талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний үндсэн нөхцөлийн 5.1.3 дахь заалт нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3, 8.4.4 дэх заалтад “даатгалын нөхөн төлбөрийг учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан дүгнэлт, акт материал, шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт зэргийг үндэслэж олгоно” гэж заасантай нийцсэн байна.
18. Гэтэл хэрэгт авагдсан буюу нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон МҮХАҮТ-ийн шинжээчийн 2024.10.30-ны өдрийн [*******] дугаартай дүгнэлтэд хариуцагчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл зам дагуу унаж, осолдсоны улмаас түүний тээвэрлэж явсан хүнсний бүтээгдэхүүнд учирсан хохирлын төрөл, хэмжээг “...“Ж**** А***” (1/300г х 24 ширхэг) 10 хайрцаг буюу 240 ширхэг, “К***** А***” (1/1кг) 912 хайрцаг буюу 9120 ширхэг, 9360 ширхэг бараа гэмтсэн ба хохирлын нийт дүн 11,007.17 ам.доллар” гэж тогтоосон нь бодит үндэслэлтэй эсэх нь нотолгоогүй, эх сурвалжгүй, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь, шинжээчийн уг дүгнэлтэд тухайн гэмтсэн хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь устгах шаардлагатай гэсний дараа холбогдох, зураг бичиг баримтыг хавсаргасан талаар тэмдэглэсэн боловч тухайн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх хуульд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй байна.
19. Түүнчлэн, МҮХАҮТ-ийн шинжээчийн 2024.10.30-ны өдрийн [*******] дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч нь Даатгалын тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 8.4.3 дахь заалт, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.4 дэх заалтад хамаарах “даатгалын мэргэжлийн оролцогч” мөн эсэх, даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөлтэй эсэх, тухайн шинжээч нь хариуцагч Б.Н буруутай үйл ажиллагааны улмаас 2024.10.01-ний өдрийн 11:45 цагийн үед түүний жолоодож явсан Volvo.FH440 загварын [****][***] улсын дугаартай тээврийн хэрэгсэл ОХУ-ын А**** Улсын О****** мужын нутаг дэвсгэрт зам дагуу хажуудан унаж, осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан хүнсний бүтээгдэхүүнд учирсан хохирлын хэмжээ, төрлийг ямар баримт материал, тайлан, эсхүл гэрэл зураг, дуу, дүрс бичлэгийг үндэслэж хохирлын төрлийг “гоймонгийн хайрцгууд их хэмжээгээр бяцарч гэмтсэн, битүүмжлэл алдагдаж, гоймон асгарч гоожсон, ариутгал алдагдаж бохирдсон, хугарч үйрмэг болсон, гаднах хайрцаг сав нь урагдаж сүйдсэн” гэж, хохирлын хэмжээг “... “Ж**** А***” (1/300г х 24 ширхэг) 10 хайрцаг буюу 240 ширхэг, “К***** А***” (1/1кг) 912 хайрцаг буюу 9120 ширхэг, 9360 ширхэг бараа гэмтсэн ба хохирлын нийт дүн 11,007.17 ам.доллар” гэж тогтоосон нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байна.
Шинжээчийн дүгнэлтэд “эрх бүхий төлөөллийг байлцуулан үзлэг, шалгалт хийсэн” талаар дурдсан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй буюу холбогдох зураг, бичиг баримтыг тухайн хохирлын хэмжээг тогтоосон актад хавсаргаж шүүхэд гаргаж өгөөгүй байна.
20. Н************ даатгалын тохиолдлын улмаас даатгуулагчид учирсан хохирлын төрөл, хэмжээг бодитой үнэлж, тогтоосон талаарх нотлох баримтыг МҮХАҮТ-ийн шинжээчийн 2024.10.30-ны өдрийн [*******] дугаартай дүгнэлтэд хавсаргаж шүүхэд ирүүлээгүй учраас анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...түүний /хариуцагчийн/ тээвэрлэж явсан бараа материал нь тухайн үед гэмтсэн, чанар алдсан зүйлгүй, тухайн үед бараа материалыг /захиалагч/ бүрэн хүлээж авсан тул жолоочийг буруутгах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт үндэстэй бөгөөд түүний уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэн болно.
21. Иймд даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон бөгөөд үүнд хариуцагч буруутай нь тогтоогдсон, ********** ********* компани нь даатгуулагчид учирсан хохирлын хэмжээгээр нөхөн төлбөрт 35,000,000.00 төгрөг төлөх замаар түүний буруутай этгээдээс хохирол шаардах эрхийг хууль болон гэрээнд зааснаар өөртөө шилжүүлж авсан, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын тохиолдолд буруутай этгээд буюу хариуцагчаас хохирлыг шаардах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой боловч, даатгалын тохиолдлын улмаас даатгуулагчид учирсан хохирлын хэмжээг даатгагч нь даатгалын гэрээ болон Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу үнэн зөв, бодитой, үндэслэлтэй тогтоогоогүй, хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн МҮХАҮТ-ийн шинжээчийн 2024.10.30-ны өдрийн [*******] дугаартай дүгнэлтийн бодит үндэслэл нотлогдоогүй, ослын улмаас “Ж**** А***” (1/300г х 24 ширхэг) 10 хайрцаг буюу 240 ширхэг, “К***** А***” (1/1кг) 912 хайрцаг буюу 9120 ширхэг, нийт 9360 ширхэг бараа гэмтсэн эсэх, түүнчлэн гэмтсэн барааны үнэ 11,007.17 ам.доллар буюу 35,000,000.00 төгрөг мөн болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
22. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрөл, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл, агуулга, даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол хийгээд уг тохиолдлын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг шаардах эрх даатгагчид шилжсэн талаарх үйл баримт, хууль зүйн үндэслэл, хариуцагчийн гэм буруугийн талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт болох МҮХАҮТ-ийн шинжээчийн 2024.10.30-ны өдрийн [*******] дугаартай дүгнэлтийн бодит үндэслэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар “тухайн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх” үүргээ биелүүлээгүйгээс материаллаг хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлоос “үнэлгээ тодорхой бус, үндэслэлгүй хийсэн” гэсэн хэсгийг хүлээж авах нь хууль ёсны болон мэтгэлцэх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
23. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд үлдээх, буцаан олгох асуудлыг хуульд заасан журмаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 302/ШШ2025/01097 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М***** даатгал” ХХК-ийн хариуцагч Б.Н холбогдуулан гаргасан “Ачаа тээврийн даатгалын гэрээний улмаас учирсан хохиролд 35,000,000.00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,450.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч Б.Н буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК