Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2026/00029

 

М.Н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 302/ШШ2026/00050 дугаартай шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух И**** овогт  М******* Н********* нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэг /эрхлэгч Х.Ж /-т холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.06.09-ний өдрийн Б\36 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026.02.26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч Е.М, хариуцагч А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны  нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Нэхэмжлэгч М.Н нь Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгт холбогдуулан, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.06.09-ний өдрийн Б/36 дугаартай “А***** чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

1.2. Т***** биеийн тамирын багш мэргэжилтэй бөгөөд ХХҮГ-аас зарласан сул орон тооны дагуу 2025.03.28-ны өдөр шалгалт өгч тэнцсэн. У***** хууль журмын дагуу 2025.04.01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгт биеийн тамирын багшаар томилогдон ажилласан.

1.3. Уг орон тоонд өмнө нь ажиллаж байсан мэргэжлийн бус иргэн А.Ж Б********** газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ажлаас чөлөөлсөн байсан. Гэвч А.Ж нь анхан шатны шүүхэд гомдол гаргах явцад цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж түүнтэй хууль бусаар эвлэрсэн байна. Энэхүү ажиллагаанд М.Н гуравдагч этгээдээр оролцуулаагүй бөгөөд ажил олгогч түүний эрх ашгийг хөндөн, аргадан хуурч байгаад ажлаас чөлөөлөх тушаал гардуулсан.

1.4. Ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргахад тус хорооноос уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. А.Ж нь мэргэжлийн шаардлага хангахгүй гэсэн улсын байцаагчийн шаардлагаар ажлаас чөлөөлөгдсөн тул түүний орон тоонд М.Н түр томилон ажиллуулсан. Гэвч А.Ж шүүхэд маргаан үүсгэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т зааснаар мэргэжил боловсролын хувьд тэнцэхгүй ажилтанд суралцаж, мэргэших тодорхой хугацаа олгох ёстой байтал шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Т***** тухайн үед багшийн мэргэжлээр суралцаж төгсөх гэж байсан тул ажил олгогч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч шүүхэд эвлэрсэн. У*** нь ажиллаж байсан ажилтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон тул М.Н хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн.

2.2. Шүүхээс А.Ж нэхэмжлэлийг хангах магадлалтай гэсэн өмгөөлөгчийн зөвлөгөөг М.Н хэлэхэд тэрээр “маргаарай, өмгөөлөгчийн хөлсийг би төлье” гэж өөрөө сайн дураараа төлсөн бөгөөд дараа нь байгууллагаас түүнд хөлсийг нь буцаан шилжүүлж өгсөн.

2.3. А.Ж нь олон жил ажилласан, өөрийгөө хөгжүүлж бакалаврын дипломтой болсон хүн тул түүний эрхийг зөрчихгүйн тулд эвлэрсэн бөгөөд үүнийг шүүх баталгаажуулсан. М.Н өмнө ажиллаж байсан хүний хөдөлмөрлөх эрхийг хангасан тул М.Н эрх ашиг зөрчигдөөгүй, тэрээр 2 сар ажиллаж цалингаа бүрэн авсан. Мөн ажлаас чөлөөлөхөөс сарын өмнө түүнд шүүхийн шийдвэр болон маргааны талаар бичгээр урьдчилан мэдэгдэж эрхийг нь хангасан.

2.4. Иймд М.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.13-ны өдрийн 302/ШШ2026/00050 дугаар шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.06.09-ний өдрийн Б\36 дугаартай “А***** чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгт урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч И**** нота овогт М******* Н********* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн 2026.01.13-ны өдрийн 302/ШШ2026/00050 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүйгээс гадна нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан журмыг зөрчсөн.

4.3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.5-ыг баримтлан, “2025 оны 302/ШШ2025/00443 дугаартай шүүгчийн захирамжаар урьд нь ажиллаж байсан А.Ж эгүүлэн авсан тул түр ажилтан М.Н хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон” гэж дүгнэсэн нь буруу юм.

4.4. Ажил олгогч нь М.Н анх Б********** газрын улсын байцаагчийн албан шаардлагын дагуу чөлөөлөхөөр мэдэгдэж байсан. Шүүх хариуцагч байгууллагын бүтэц, орон тооны баримтыг тодруулалгүйгээр зөвхөн ганц орон тоо байсан мэтээр шийдвэр гаргасан нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. М.Н нь анхнаасаа зарлагдсан сул орон тоонд сонгон шалгаруулалтаар томилогдсон тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх учиртай.

4.5. Ажил олгогч анх “биеийн тамирын заал байхгүй” гэх шалтгаанаар мэдэгдэх хуудас өгчхөөд, дараа нь “шүүхийн шийдвэрээр чөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. А.Ж нь төгсөх ангийн оюутан байхдаа хуулийн дагуу дагалдан багшаар ажиллаж байсан ч мэргэжлийн бус гэх шалгалтаар ажлаас чөлөөлөгдсөн. Т***** оронд М.Н томилогдсон үед А.Ж шүүхэд гомдол гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2-т зааснаар мэргэжил дээшлүүлэх боломжит хугацаа олгоогүй гэж маргасан.

5.2. Ажил олгогч нь хуульд заасан боломжит хугацааг олгоогүй нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч шүүхэд эвлэрсэн тул шүүгчийн захирамж гарсан. Хүчин төгөлдөр шүүхийн захирамжийг биелүүлэх үүднээс А.Ж ажилд нь эгүүлэн томилж, түүний оронд ажиллаж байсан М.Н чөлөөлсөн. М.Н уг эвлэрлийн захирамжид гаргасан гомдлыг шүүх хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээсэн байдаг.

5.3. М.Н нь тухайн үед “миний эрх ашиг зөрчигдөж байна” хэмээн гуравдагч этгээдийн хувиар гомдол гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, захирамжийг хэвээр үлдээсэн тул уг шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа.

5.4. Шүүхийн шийдвэрээр А.Ж авч ажиллуулах үүрэг үүссэн тул М.Н ажлаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Түүнчлэн М.Н нь маргаан таслах комиссын шийдвэрийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хангах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар М.Н нэхэмжлэлтэй, А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгт холбогдох “Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай хэргийг давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Шийдвэр хууль ёсны байна гэдэг нь шүүх хэргийн үйл баримтад материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг агуулга, зорилгод нь нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэхийг ойлгоно.

 

8. Баян-Өлгий аймгийн А**** сумын  Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.06.09-ний өдрийн Б/36 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дэх заалт, 61.3 дахь хэсэг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.05.19-ний өдрийн 302/ШШ2025/00443 дугаар захирамжийг тус тус үндэслэн А.Ж биеийн тамирын багшийн ажилд 2025.06.09-ний өдрөөс эхлэн томилж, түүний оронд ажиллаж байсан М.Н хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

9. Тус хөдөлмөрийн эрхийн маргааны зүйл болох ажил олгогчийн дээрх шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг, тухайлбал Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.05.19-ний өдрийн 302/ШШ2025/00443 дугаартай “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг анхан шатны шүүх үнэлж, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичгийн нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан байхад маргааны агуулгыг тодорхойлоход чухал ач холбогдолтой баримт болох Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.05.19-ний өдрийн 302/ШШ2025/00443 дугаартай “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар хувь хэрэгт авагдсан, шүүх жинхэнэ эхийг нь шаардаж авах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тухайн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар” хуульчилсан журам зөрчигдсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Учир нь, зохигч бичмэл нотлох баримтыг эхээр нь, эсвэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгөөгүй бол шүүх нотлох баримтын талаар хуульд заасан шаардлагыг сануулах, баримтыг хуульд нийцүүлэхийг шаардах үүрэгтэй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг хүлээж авах үүрэгтэй боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй бол энэ талаар сануулах, тухайн баримтыг хуульд заасан шаардлагыг хангуулан хүлээж авах замаар зохигчид үр дүнтэй мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангуулах үүднээс уг ажиллагааг шүүх процессын журмын дагуу хэрэгжүүлэх нь мэтгэлцэх зарчмын агуулгад харшлахгүй юм.

 

12. Хэдийгээр уг хоёр хөдөлмөрийн эрхийн маргааныг нэг шүүгч хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогч нар тухайн нотлох баримтын талаар болон түүний хэлбэрийн шаардлагын талаар маргаж мэтгэлцээгүй ч нотлох баримтыг гаргах, цуглуулах, үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн буюу хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд харш юм.

 

13. Зохигчдоос гаргаж буй нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангасан байхыг хэргийн оролцогчдод шүүгч тайлбарлан сануулж, зохигч ямар бичмэл нотлох баримт гаргаж байгаа, тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэлбэрээр бэхжигдсэн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмын үүднээс хянах үүрэгтэй. Харин хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэх боломжгүй, жишээ нь өөрт нь хуулбар хувь байв ч эх хувийг бусад этгээдээс, эсхүл төрийн байгууллагаас  гаргуулах болон тухайн баримтад тусгагдсан үйл баримт, мэдээллийн талаар лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлэх шаардлагатай бол хүсэлтийг өөрт байгаа тухайн баримтын хувийн хамт шүүхэд гаргаж болно.

 

14. Нотлох баримтын хэлбэрийн талаар мэтгэлцээгүй, эсхүл энэ талаар шүүх, шүүгчид илэрхий нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр нотлох баримтын хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийг шүүх хэрэгсээхгүй байх эрхгүй бөгөөд энэ нь хууль дээдлэх зарчим алдагдах сөрөг үр дагавартайг тэмдэглэх нь зүйтэй.

 

15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтаар бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилж дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэж байна.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 302/ШШ2026/00050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ш.БАТТОГТОХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК