| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07062/и |
| Дугаар | 5429 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 5429
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтай хотхон гудамж 16 дугаар байрны 16 тоотод оршин суух, Ж.Буяннэмэхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Л.Догсом, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Догсом шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ж.Буяннэмэхэд 1 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг зээлдүүлсэн.Зээлдэгч нь зээлдүүлсэн мөнгийг хугацаандаа өгөхгүй байсан учир шүүхэд хариуцагчийн хаягаар нэхэмжлэл гаргаж өгөхөд хариуцагч нь тус хаягтаа амьдардаггүй болох нь тухайн хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Буянэмэхийг эрэн сурвалжилж олж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Л.Догсом нь Ж.Буяннэмэхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлт болон түүний тайлбар, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Буяннэмэх Л.Догсом нарын хооронд хийгдсэн харилцан тохиролцох хамтын гэрээнээс харахад Ж.Буяннэмэх хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Буяннэмэх нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны 46 тоотод оршин суух бүртгэлгүй болох нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ж.Буяннэмэхийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.Буяннэмэхийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Боржигон овогт Жадамбыг Буяннэмэх /ФА 71061201/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч Л.Догсомд даалгасугай.
4. Ж.Буяннэмэх Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 байрны 46 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН