| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/11137/И |
| Дугаар | 210/МА2026/01076 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01076
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,915,586 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрсдийн дэд бүтцэд тулгуурлан ******* /******* Coin/-ийг trade.mn биржээр дамжуулан Монголын зах зээлд 90 тэрбум ширхэг ******* токеныг олон нийтэд гаргасан. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн өөрийнхөн хэтэвчинд 9,036,778 ширхэг ******* токен байснаас 100,000,000 ширхэг ******* токены гүйлгээ гаргах оролдлого хийсэн байдаг. Гэтэл тухайн гүйлгээний оролдлого нь Storepау аппликейшний хөгжүүлэгч компани болох ******* ХК-ийн системийн алдаанаас үүдэлтэй амжилттай шилжүүлэгдэж *******ын ******* токены хэтэвчинд 90,963,222 ширхэг ******* токен шилжиж орсон. Тус өдрийн ханш 0.12 төгрөг байсан учир нийт 10,915,586 төгрөгтэй тэнцэх хэмжээний токены алдаатай гүйлгээ хийгдсэн. Хариуцагч тал уг алдаатай токеныг хэтэвчиндээ орж ирснийг мэдсэн даруй өөрийн ******* токены хэтэвчнээс зарлага гаргаж арилжааны банкны дансандаа төгрөг болгон хөрвүүлж, татан авч зарцуулсан байсан.
Дээрх алдаатай гүйлгээний талаарх мэдээллийг компанийн дотоод хяналт шалгалтын явцад 2025 оны 04 дүгээр сард олж илрүүлж, 2025 оны 06 дугаар сард хариуцагчтай уулзалт зохион байгуулахад ... миний бие авсан ******* токеноо төлнө, гэхдээ тухайн үеийн ханшаар төлье... гэж тохиролцоод уулзалт дууссан. Гэвч хариуцагч тал буцаан төлөөгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 90,963,222 ширхэг ******* токеныг тухайн үеийн ханш болох 0.12 төгрөгөөр тооцож нийт 10,915,586 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний хувьд ******* токеныг хамгийн ихдээ 1.8 төгрөг, хамгийн багадаа 0.22 төгрөг гэх мэтчилэн бага багаар цуглуулсаар нийт 9,000,0000 ширхэг токеныг 6,000,000 гаруй төгрөгөөр цуглуулж хадгалж байсан. Гэвч 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр миний хэтэвчинд 100,000,000 ширхэг токен орж ирсэн ба тус токеныг ямар нэгэн санаатайгаар аваагүй. Тухайн үед Storepay аппликейшн дотор Staking нэртэй токеноо 3, 6, 12 сараар хадгалаад банкны хүү шиг өгөөж авах байсан санагдаж байна. Тус өгөөж алдаатай орж ирсэн байх магадлалтай. Мөн энэ хугацаанд миний хувийн хэтэвчинд алдаатайгаар токен шилжүүлсэн, алдаатайгаар шилжүүлсэн токеноо хэтэвчнээс зөвшөөрөлгүй буцаан авсан (одоо хасах дүнтэй байгаа) талаар ямар нэгэн мэдэгдэл, гомдол ирээгүй тул биржээр дамжуулан арилжиж *******, ******* зэрэг токеноор сольсон бөгөөд эдгээр токенууд үнэ цэнгүй болж 2021, 2022 онуудад тус алдаатай орж ирсэн ******* токен болон мөн өөрийн бусад эх үүсвэрээс их хэмжээний хохирол амссан.
Нэхэмжлэлд ... Storepay аппликейшны хөгжүүлэгч компани болох ******* ХК-ийн системийн алдаанаас *******ын хэтэвчинд 90,963,222 ширхэг ******* токен илүү шилжин орсон... гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй, илт худал гүтгэлгийн шинжтэй. Миний хэтэвчинд 100,000,000 ширхэг койн эхэлж орж ирсэн байсан. Би, надаас нэхэмжилж буй 90,963,222 ширхэг токеноос болж тус компанид 10,915,586 төгрөгийн бодит хохирол үүссэн гэж, мөн тус токеноос болж миний хувьд хөрөнгөжсөн, баяжсан гэж үзэхгүй байна. Хэрэв бодит хохирол учирсан бол алдаа гаргасан аппликейшн хөгжүүлэгч байгууллага, эсхүл алдаатай шилжүүлэг хийсэн ажилтанд хариуцлага тооцож, хохирлыг нэхэмжлэх нь зөв байх.Тиймээс дээрх нөхцөл байдлыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 10,915,586.00 төгрөгийг гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 189,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 189,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Storepay аппликейшны хөгжүүлэгч компани болох ******* ХК-ийн системийн алдаанаас үүдэж, миний ******* хэтэвчид алдаатай шилжүүлсэн токенуудын тоо хэмжээг хууль ёсны үндэслэлтэйгээр, нотлох баримтад тулгуурлан бодит хохирлын дүнг тооцон шийдвэрлэх, баримтаар нотлогдож буй миний эзэмшлийн 10,037,777.77 ширхэг ******* токеныг ******* хэтэвчинд үлдээх, захиран зарцуулах эрхийг сэргээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...хариуцагч хэтэвчийнх нь үлдэгдэл хүрэлцэхгүй байхад 100,000,000 ширхэг ******* токеныг зарлагадсан нь харагддаг бөгөөд тус гүйлгээ нь системийн алдааны улмаас биелэгдсэн. Уг 100,000,000 ширхэг ******* токены зарлага гарсан учир хариуцагчийн хэтэвчинд байсан 9,000,000 ширхэг ******* токен мөн адил гарсан бөгөөд хариуцагчийн хэтэвч -90,000,000 ширхэг ******* үлдэгдэлтэй болсон. Түүнээс манай байгууллагаас 90,000,000 ширхэг ******* шилжүүлсэн гэх агуулгаар нэхэмжлэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хэтэвчинд байсан үлдэгдлээс давсан дүнгээр зарлага гарсан буюу алдаатай гүйлгээ хийгдсэн. Хариуцагчийн хэтэвч -90,963,222 ширхэг ******* койны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг тухайн үеийн ханш 0.12 төгрөгөөр тооцож, 10,915,586 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 10,915,586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******ын ******* ББСБ ХХК-ийн ******* аппликейшн дахь ******* хэтэвчинд 10,0377,778 ширхэг токены үлдэгдэлтэй байхад 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1,000 ширхэг токены зарлага гарч 9,036,778 ширхэг токены үлдэгдэлтэй болсны дараа мөн өдөр 100,000,000 ширхэг токены зарлага гарч -90,963,222 ширхэг токены үлдэгдэлтэй болжээ. /х.х-ийн 8/
Зохигч системийн алдааны улмаас 90,963,222 ширхэг токены гүйлгээ хийгдсэн үйл баримтаар талаар маргаагүй, харин нэхэмжлэгчид энэ хэмжээний хохирол учирч, хариуцагч тал дээрх хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс авах ёсгүй токеныг авсан, үүнийг хариуцагчид үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй, мөн анхны байдлаар буцаан өгөх боломжгүй тохиолдолд нэхэмжлэгчид үнийг нь төлөх үүрэг үүснэ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн ******* хэтэвчний үлдэгдэл 9,036,778 ширхэг токен байхад 100,000,000 ширхэг токены зарлага хийснээр системийн алдаатай гүйлгээний улмаас 90,963,222 ширхэг токенын гүйлгээ андуурагдаж /илүү/ хийгдсэн байна.
Хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ...миний дансанд нэмэх дүнтэй 100,000,000 ширхэг токен орж ирсэн, үүнийг Coinhub бирж рүү татан авч тухайн үед биржээр зарагдаж байсан ХХК-ийн гаргасан койн болон ХХК, ХХК-ийн гаргасан койныг тус тус худалдаж авсан... гэх тайлбар гаргаснаас үзвэл тэрээр андуурагдаж хийгдсэн эдгээр токеныг өөртөө зориулж дүйцэх өөр койноор арилжих байдлаар захиран зарцуулжээ.
Иймд, нэхэмжлэгч нь алдаатай гүйлгээний улмаас шилжсэн 100,000,000 ширхэг токеноос хариуцагчийн хэтэвчинд байсан 9,036,777 ширхэг токеныг хасаад үлдэх 90,963,222 ширхэг токеныг тухайн үеийн зах зээлийн ханш болох 0.12 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг буруутгахгүй ба хариуцагчийг 10,915,586 төгрөг /90,962,222 х 0.12/-ийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
5. Хэдийгээр хариуцагч нь ...9,036,778 ширхэг токеныг өөрийн мөнгөөр авсан, харин 100,000,000 ширхэг токенд ногдох 12,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч нь миний дансанд байсан 9,036,778 ширхэг токеныг үндэслэлгүй татаж авсан учир буцаан сэргээлгэх хүсэлтэй байна... гэх тайлбар гаргасан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, түүнчлэн мэтгэлцэх зарчим бүх шатанд хэрэгжих тул шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
Хариуцагч нь өөрийн дансанд байсан 9,036,778 ширхэг токеныг буцаан сэргээлгэх талаар нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй болохыг үүгээр дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР