Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01077

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/05406 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******арт холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******арт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний тайлан нь бодит байдалд нийцээгүй, төв зам дагуу байрлалтай, бие даасан үйлчилгээний зориулалттай барилгыг орон сууцны үнэд ч хүрэхгүй үнээр м.кв тутмыг тооцон 8,140.7 м.кв талбайтай барилгыг 34,106,515,839 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна, тухайн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 4.1.5-д заасан зарчимтай нийцэхгүй байх тул үнэлгээ болон уг үнэлгээг үндэслэн явуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэсэн бол,

 

2.2. Хариуцагч нь ...төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, мөн оны 07 дугаар сарын 04-ний өдөр хураасан, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй учир шинжээч томилоход тус үл хөдлөх хөрөнгийг 34,106,515,839 төгрөгөөр үнэлсэн бөгөөд бид энэ талаар талуудад мэдэгдсэн, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.

 

2.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02912 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2024/01773 дугаар магадлалаар ******* ХХК, ******* нараас 17,350,954,227 төгрөг гаргуулж ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, /1.х.х-ийн 47-80/

 

3.2. *******ар нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2025/00214 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ГХ2025/00068 тоот гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, /1.х.х-ийн 46, 83-85, 92/

 

3.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг,*******дугаар хороо,дугаар хороолол,тоот хаягт байрлах 8,140.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25360206/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 25360206/02 дугаартай тогтоолоор хураан авч, /1.х.х-ийн 240-241, 245-246/

 

3.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч тал төлбөр төлөгч болон төлбөр авагчид дуудлага худалдааны үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн байна. /1.х.х-ийн 250, 2.х.х-ийн 1-2/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 106,000,000,000 төгрөгөөр үнэлсэн бол, төлбөр авагч ХК-аас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хариуцагч *******рын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7/44 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус нийцсэн, /2.х.х-ийн 4-3, 9/

 

3.4. Шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийг 34,106,515,839 төгрөгөөр үнэлжээ. /2.х.х-ийн 15-43/

 

3.5. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайлангийн хуулбарыг төлбөр төлөгч ******* ХХК, ******* нарт 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гардуулж, /2.х.х-ийн 45-46/

 

3.6. Үүний дараа 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 8-1/13 дугаартай тогтоолоор барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар болж, энэ талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2025 оны 08 дугаар сарын 11-ний гардуулсан бөгөөд дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах санал гараагүй байна. /2.х.х-ийн 49-52/

 

4. Шүүх гагцхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /үнэлгээ хийх ажиллагаа/ хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэх асуудлыг хянан шийдвэрлэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж, 41.3-т Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 25360206/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр , нарыг оролцуулж, тэдгээрт эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж гарын үсэг зуруулсан байх тул эд хөрөнгө хураах ажиллагаа нь хуулийн дээрх зохицуулалт нийцсэн байна. /1.х.х-ийн 247-249/

 

4.2. Мөн энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж, 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж заасан.

 

Үүнээс үзвэл хөрөнгийг битүүмжлэх, хураах нь өмчлөгчийн эрхийг хязгаарлах, албадан захиран зарцуулах шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа бөгөөд төлбөр төлөгчийн эд хөрөнгө нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа тохиолдолд заавал төлбөр төлөгчийг байлцуулах шаардлагагүй.

 

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж заажээ.

 

2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд харуул оролцсон, тэрээр гарын үсэг зурахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагааны талаар гомдол гаргаагүй. /1.х.х-ийн 164-165/

 

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч ******* ХХК болон ******* нарт гардуулж, улмаар нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. /2.х.х-ийн 45-46/

 

4.4. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана гэж заасан.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээчин нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлагын аргаар 28,322,833,940 төгрөгөөр, зэх зээлийн хандлагын аргаар 42,437,910,991 төгрөгөөр, орлогын хандлагын аргаар 32,592,333,371 төгрөгөөр тус тус үнэлж, ач холбогдлын хувийн жинг 0.33 хувиар тооцож, тухайн 3 аргаар үнэлсэн үнэлгээг дундажлаж хөрөнгийн үнийг 34,106,515,839 төгрөг гэж тогтоосон боловч хэрхэн, юунд үндэслэн ач холбогдлын хувийн жинг 0.33 хувиар тооцсон талаарх математик үндэслэлээ хөрөнгийн үнэлгээнд тодорхой тусгаагүй байгаа нь дээрх хуульд нийцээгүй. /2.х.х-ийн 15-43/

 

Энэ талаар Үнэлгээний олон улсын стандарт 105-ын 10 дугаар зүйлийн 10.4-т ...нэгээс олон хандлага ба аргыг эсвэл нэг хандлагын хүрээн дэх олон аргуудыг ашигласан тохиолдолд тэдгээр олон хандлагууд ба/буюу аргуудад үндэслэсэн үнэ цэнийн дүгнэлт нь ул үндэслэлтэй байвал зохистой бөгөөд үнэлгээчин нь тэдгээр өөр өөр үнэ цэнүүдийг дундажлахгүйгээр, харин шинжилж, тохируулах замаар нэг дүгнэлтэд хүргэсэн үйл явцаа үнэлгээний тайланд тусган илэрхийлвэл зохино... гэж заасан.

 

Тодруулбал, нэг аргын дотор олон харьцуулах объект байвал, мөн олон хэлцлийн үнэ байвал, мөн хэд хэдэн коэффициент байвал харьцуулж болох ба харин өөр өөр онцлог, арга зүйтэй 3 аргаар үнэлсэн хөрөнгийн үнийн дүнг дунджлах байдлаар механик аргаар хөрөнгийг үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ бодитой байх зарчимд нийцэхгүй байна.

 

Орлогын хандлагын арга нь ирээдүйн ул суурьтай таамаглалд, зэх зээлийн хандлагын арга нь бодит хэлцэлд, харин өртгийн хандлагын арга нь физик сэргээн босголт дээр суурилдаг өөр логик, өөр мэдээлэл, өөр зорилготой эдгээр аргуудын арифметик дунджаар хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь үндэслэлгүй.

 

4.5. Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 8,140.7 м.кв талбайтай байхад орлогын хандлагын аргаар үнэлэхдээ үүнээс 4,428.65 м.кв талбайг түрээслэх боломж /ашигтай талбай/-той гэж гэж тооцсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална гээд 4.1.4-т бодитой байх гэсэн зарчимд нийцэхгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан ...шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй... гэх гомдол үндэслэлтэй байх тул 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох нь зүйтэй.

 

4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан.

 

Барьцаа хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээнд үндэслэн дуудлага худалдаа явагдах бөгөөд энэхүү магадлалын 4.3, 4.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон тул уг хөрөнгийн үнэлгээнд үндэслэн явагдсан 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг мөн адил хүчингүй болгох нь зүйтэй.

 

5. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан бусад үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн*******дугаар зүйлийн 5.2-т Нийтийн эрх ашгийг хөндсөн дараах хөрөнгийн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ гээд, 5.2.2-т төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд ашиглах, өр төлбөрт тооцоход гэж заасан.

 

Гэвч нэхэмжлэгч нь тухайн газрыг өөрийн компанийн үйл ажиллагаанд зориулж ашиглаж, эзэмшиж үр ашгийг өөрөө хүртэж байгаагаас үзвэл нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй тул ...үнэлгээг хуулийн этгээд гүйцэтгэх ёстой байхад үнэлгээчнийг шинжээчээр томилсон нь шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй этгээд дүгнэлт гаргасан гэж үзнэ... гэх гомдол үндэслэлгүй.

 

5.2. Хэрэгт авагдсан баримтаар төлбөр авагч ХК-аас хөрөнгийн үнэлгээний төлбөрт 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгт төлсөн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн*******дугаар зүйлийн 5.1.3-т тус тус заасан хараат бус байх зарчим алдагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/05406 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг,*******дугаар хороо,дугаар хороолол,тоот хаягт байрлах 8,140.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ, түүнийг үндэслэн явуулсан 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Б.МАНДАЛБАЯР