Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 248

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Б.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн 1914002410186 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, биечлэн эдлэх ялыг 4 жил 10 хоногийн хорих ялаар тогтоож байсан, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар 1 сарын баривчлах ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 3 сарын баривчлах ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Д.М,

2. Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б.Б,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б, Д.М нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 02-ноос 2019 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 3-15 тоотод байх Б.Аын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 495 000 төгрөгийн,

Мөн хашаан дотор байсан 77-89 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотроос Б.Аын жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг зориуд хулгайлж бусдад 35 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би бичиг баримт, таслагч гэсэн эд зүйлүүдийг аваагүй. Гагнуурын аппаратыг Д.М ороод аваад ирсэн. Би тэрийг нь дамжлаад хамт авч явсан нь үнэн, би Б гэдэг хүнд тэрийг нь 30 000 төгрөгөөр зарсан гэв.

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2019 оны 03 дугаар сард өдрийг нь одоо санахгүй байна. Баянхонгор аймгийн дунд зах дээр Д.Мтэй таараад надад 0.75 литрийн хэмжээтэй Нутаг нэртэй 1 шил архи байсан бөгөөд түүнийг бид хоёр хувааж уусан бөгөөд архи ууж байхад Баацагаан сумынх гэсэн байх нэг танихгүй согтуу залуу ирээд бас нэг шил архи авч өгч бид нар хувааж уусан. Архи уугаад дуусахад орой харанхуй болчихсон багцаагаар 20 цаг өнгөрч байсан байх. Тэгтэл Д.М надад хоёулаа хойшоо өгсөөдөхье гэж хэлэхээр нь би нилээн согтсон байна гэрлүүгээ явлаа гэхэд тэрээр хамт явъя гээд гуйгаад байхаар нь явсан. Бид хоёр амьчуулаад өгсөж явж байтал Д.М нэг гудамж руу ороод явж байгаад айлын хашаа руу орсон. Би хашааны гадаа үлдсэн бөгөөд удаагүй Д.М намайг дуудахаар нь хашаа руу орсон чинь тэрээр шар өнгөтэй дөрвөлжин зүйл барьчихсан байсан бөгөөд үүнийг өргөлцөөдөх гэж хэлэхээр нь би хажуугаас нь дамжлаад хашаанаас нь гарсан чинь Д.М чи үүнийг зарчих архи ууя гэхээр нь Б гэх айлд аваачиж 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи аваад надад 10.000 төгрөг өгсөн. Бид хоёр төв рүү орж нэг орон сууцны орцонд орж нөгөө архи хувааж уугаад би согтсон байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 /

Шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2019 оны 03 дугаар сард 16 цагийн үед Б.Б бид хоёр Баянхонгор аймгийн Дунд зах дээр тааралдаад тэндээ нилээн олон хүнтэй 2-3 шил архи хувааж уусан. Тэгээд Б.Б бид хоёр одоо ганц шил архи олж уучихаад харьж амаръя гээд Баянхонгор аймгийн Баянхонгор сум 5 дугаар баг Амьчуулд байдаг Эрдэнэмөнх гэх айлд очих гээд явж байтал Б.Б нэг айлаар ороодохъё гээд Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар баг Амьчуулын тойргийн харалдаа нэг гудамж руу ороод явж байгаад нэг хашаа руу ороод нээх удаагүй Мөнхөө нааш ир үүнээс өргөлцөөдөх, гялс аваадах гэж дуудсан. Тэгтэл Б.Б хашааны үүдэн дээр дөрвөлжин зүйл барьчихсан байхаар нь би түүнээс наадах чинь юу юм гэхэд Аппарат гэл үү, мотор гэж байлуу хариу хэлсэн. Тэгээд бид хоёр тэр зүйлийг дамжлаад тухайн гудамжаар ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу гол тал руугаа уруудаж яваад Б.Бын таньдаг гэх нэг айлд 30.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд бид хоёр мөнгөөрөө 0.75 литрийн хэмжээтэй Эзэн Чингис нэртэй 1 шил архи, нэг хайрцаг тамхи авсан. Надад 5000 төгрөг өгсөн. Тэгээд архиа уух гэж байснаа архиа аваад Б надаас зугтаачихаар нь би гэртээ харьж амарсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан. Хэдэн тоот хашааг нь би мэдээгүй. Хашаа руу Б.Б ганцаараа ороод гарч ирсэн. Би тэр гагнуурын аппаратыг яг хаанаас нь авсныг нь мэдээгүй. Б.Б түүнээс өөр зүйл аваагүй. Надад юм мэдэгдээгүй. Би түүнийг анхандаа уг эд зүйлийг хулгайлж байгааг мэдээгүй тэрээр гялс аваад явъя, чимээгүй бай гэхээр нь хулгайлсан болохыг нь мэдсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 /,

Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн

... Манайх байшингийнхаа ард талд модон амбаартай бөгөөд уг амбаар дотор Гагнуурын аппарат, түүний хажууд төмөр тастагч байсан. Харин бичиг баримт байшингийн урд талд байрлуулсан байсан 77-89 БНХ улсын дугаартай Ниссан Вингрөүд маркийн авто машины салоны урд талд байдаг дээшээ сөхөгддөг саванд байсан. Гагнуурын аппарат, төмөр тастагчийг 2019 оны 03 дугаар сарын 02-ны өглөө манай нөхөр гагнуур хийж байгаад оруулж тавьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 03 дугаар сарын 03-ны өглөө алга болсон байсан. Тухайн хугацаанд манай модон амбаар төмөр цоожтой байсан бөгөөд цоожийг нь мулталсан байсан. Харин бичиг баримт нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр авто машиныг байшингийн урд талд тавихад байсан. Учир нь би тухайн үед иргэнийхээ үнэмлэхийг ашиглаж банкнаас мөнгө авч байсан.Иргэний цахим үнэмлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэрэг алдагдсан. Уг бичиг баримтууд миний бичиг баримт байсан. Би 2002 онд В ангиллаар жолооны курс төгсөж байсан. Тэгээд өнгөрдөг жил жолооны үнэмлэхээ шинээр солиулсан байсан. Бичиг баримт алдагдах үед машины хаалга цоожгүй байсан. Учир нь өнгөрдөг өвөл буюу 2019 оны 01 дүгээр сарын үед машиныхаа түлхүүрийг дотор нь хугалчихсан юм. Тэгээд түүнээс хойш цоожлогдох боломжгүй болсон...Надаас мэдүүлэг авсан алба хаагч андуурч бичсэн байх. Манай 77-89 БНХ улсын дугаартай авто машины гэрчилгээ алдагдаагүй. Учир нь алдагдсан жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээс өөр газарт байсан юм. Одоо надад байгаа...Би алдагдсан гагнуурынхаа аппаратыг буцааж хүлээн авсан. Харин төмөр тастагч, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэхийнхээ болон үнэлгээ хийлгэхэд төлсөн 30.000 төгрөг гээд нийт 160.000 төгрөгийг нэхэмжлэх болно ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 /,

Иргэний нэхэмжлэгч Ч.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 03 дугаар сарын 02-ноос 2019 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал шөнийн 00 цагийн үед байх хашааны хаалга нүдээд байхаар нь гарч онгойлгосон чинь Б.Б, нэг танихгүй өндөр залуугийн хамт явж байсан бөгөөд тэрээр шар өнгийн гагнуурын аппарат барьчихсан энийг аваадах гэхээр нь би түүнд авахгүй гэхэд манай найз асуудалд орчихсон гэхээр нь би түүнд 30.000 төгрөг өгөөд авсан. Надаас мөнгөө аваад гараад явсан. Тэгээд дараа нь Цагдаагийн газраас намайг дуудаж уг эд зүйлийг хулгайн эд зүйл байсныг мэдээд хүлээлгэж өгсөн.Шар өнгөтэй гагнуурын аппарат байсан, 30.000 төгрөгөө авах хүсэлтэй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 33 /,

Гэрч Д.Аын мөрдөн байцаалтад өгсөн

... Би Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг. 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө ээлжтэй ажил дэрээ хоносон Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирсэн чинь байшингийн хойно байсан амбаараас гагнуурын аппарат, төмөр тастагч, машин дотроос эхнэр Б.Аын иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх нь алдагдсан гээд манай эхнэр Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байж байсан. Тухайн үед машинд миний ч гэсэн жолооны үнэмлэх байсан. Гэхдээ алдагдаагүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 37 /,

Энх нахиа ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай “... хулгайд алдагдсан гэх 552 000 төгрөг болохыг тогтоосон ...” дүгнэлт /хх-ийн 54-55 /,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-2, 3-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 12-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /18-19/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй лавлагаа /хх-ийн 80, 84/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81, 85/, депозит дансны хуулгууд /хх-ийн 90-95/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96, 97-98/, шүүгдэгч Д.Мийн 2008.03.20-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-103 /, 2013.09.18-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтолын хуулбар /хх-ийн 104-105/, 2014.09.10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-112/, 2017.08.10-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-119/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд

Шүүгдэгч Б.Б, Д.М нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Б, Д.М нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 02-ноос 2019 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 3-15 тоотод байх Б.Аын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 495 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Бын ... Д.М намайг дуудахаар нь хашаа руу орсон чинь тэрээр шар өнгөтэй дөрвөлжин зүйл барьчихсан байсан,... би хажуугаас нь дамжлаад хашаанаас нь гарсан ,... Д.М Б гэх айлд аваачиж 30.000 төгрөгөөр зарсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 /

Шүүгдэгч Б.Мийн ... Б.Б хашааны үүдэн дээр дөрвөлжин зүйл барьчихсан байхаар нь би түүнээс дамжлаад Б.Бын таньдаг гэх айлд 30.000 төгрөгөөр өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 /,

Хохирогч Б.Аын ...амбаар дотор Гагнуурын аппарат, түүний хажууд төмөр тастагч байсан,.... 2019 оны 03 дугаар сарын 02-ны өглөө манай нөхөр гагнуур хийж байгаад оруулж тавьсан,...өглөө алга болсон байсан. Тухайн хугацаанд манай модон амбаар төмөр цоожтой байсан бөгөөд цоожийг нь мулталсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 /,

Иргэний нэхэмжлэгч Ч.Бийн ... Б.Б, нэг танихгүй өндөр залуугийн хамт шар өнгийн гагнуурын аппарат барьчихсан манай найз асуудалд орчихсон гэхээр нь би түүнд 30.000 төгрөг өгөөд авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33 /,

Гэрч Д.Аын ... Би ажлаасаа буугаад гэртээ ирсэн чинь байшингийн хойно байсан амбаараас гагнуурын аппарат, төмөр тастагч, машин дотроос алдагдсан гээд манай эхнэр Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /  

Энх нахиа ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай “... хулгайд алдагдсан гэх 495000 төгрөг болохыг тогтоосон ...” дүгнэлт /хх-ийн 54-55 /,хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Д.М нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Б, Д.М нарыг бусдын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Харин Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Д.М нарыг бусдын бичиг баримт хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь хохирогч Б.Аын... бичиг баримт нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр авто машиныг урд талд тавихад байсан,...би тухайн үед иргэнийхээ үнэмлэхийг ашиглаж банкнаас мөнгө авч байсан.Иргэний цахим үнэмлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэрэг алдагдсан. Уг бичиг баримтууд миний бичиг баримт байсан,....Манай 77-89 БНХ улсын дугаартай авто машины гэрчилгээ алдагдаагүй, алдагдсан жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээс өөр газарт байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 /,

гэрч Д.Аын...машин дотроос эхнэр Б.Аын иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх нь алдагдсан, машинд миний ч гэсэн жолооны үнэмлэх байсан гэхдээ алдагдаагүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 37 /,

шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ... би бичиг баримт, таслагч гэсэн эд зүйлүүдийг аваагүй гагнуурын аппаратыг Д.М ороод аваад ирсэн... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн ... хашаа руу Б.Б ганцаараа ороод гарч ирсэн. Би тэр гагнуурын аппаратыг яг хаанаас нь авсныг нь мэдээгүй. Б.Б түүнээс өөр зүйл аваагүй. Надад юм мэдэгдээгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 / зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б, Д.М нар нь хашаан дотор байсан 77-89 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Б.Аын жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг зориуд хулгайлсан гэх үйлдэл нь хууль бусаар нууцаар авч ашиглах боломжийг бүрдүүлэх идэвхтэй, шууд санаатай үйлдэл байх бөгөөд гэмт хэрэг гэж үзэхэд гэм буруугийн санаа, үйлдлийн нөхцлийн хувьд эргэлзээтэй үндэслэл, нотолгоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнийн шинжийг агуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох ямарч ажиллагааг хийгээгүй, нөгөө талаар хохирогч мэдүүлгийнхээ эх суралжийг зааж чадаагүй, бичиг баримтаар хулгайд алдсан талаар хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй ба шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б, Д.М нарыг бусдын бичиг баримт хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-т заасан хэргийг гэмт хэрэгт тооцохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч Б.Б, Д.М нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б, Д.М нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээр нэгдэж хулгайн гэмт хэрэгт оролцсон, мөн амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор дээрх хулгайн гэмт хэрэгт оролцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.М, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал/ шүүгдэгч Д.М нь хулгайн гэмт хэрэгт 4 удаа ял шийтгүүлж байсан / гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б, Д.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б, Д.М нарыг бусдын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Быг 2 / хоёр / жил 2 /хоёр / сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Мийг 2 / хоёр / жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 2 / хоёр / жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2 / хоёр / жил 2 / хоёр / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.М, Б.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тус тус тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М, Б.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА