| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 193/2026/00057/И |
| Дугаар | 210/МА2026/01078 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01078
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* ТБАГУТҮГ, ******* ТБАГ нарт холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, төрөхийн өмнөх жирэмсний тэтгэмж 6,403,423 төгрөг болон амаржсаны тэтгэмж 6,403,423 төгрөг, нийт 12,806,846 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ТБАГУТҮГ-ын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТБАГУТҮГ, ******* ТБАГ нарт холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, төрөхийн өмнөх жирэмсний тэтгэмж 6,403,423 төгрөг болон амаржсаны тэтгэмж 6,403,423 төгрөг, нийт 12,806,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
тодруулбал,
нэхэмжлэгч нь ...2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс жирэмсний амралтаа авч, тухайн үедээ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан. Би, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд дахин бие давхар болж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрөөд тэтгэмжээ авах гэхэд Нийгмийн даатгалын газраас танд тэтгэмж авах эрх үүсээгүй байгаа тул олгохгүй гэсэн. Үүний шалтгааныг тодруулахад ажил олгогч байгууллагаас миний нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 10 дугаар сараас хойш огт төлөөгүй байсан. Иймээс төрөхийн өмнөх жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 12,806,846 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 145,540 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх хэсгээс татгалзаж байна... гэсэн бол
хариуцагч ******* ТБАГУТҮГ нь ...нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сард төрсөн бөгөөд хүүхэд асрах амралтын хугацаанд дахин жирэмсэлж амралт авсан. Тэрээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй бөгөөд тэтгэмжээ авч чадахгүй байгаа нь ажил олгогч манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бус, харин ******* ТБАГ-ын эс үйлдэхүй, буруу тайлбартай холбоотой. Нийгмийн даатгалын шимтгэл тухайн үед төлөгдөөгүй байсан ч тэтгэвэр, тэтгэмжийг эхлээд олгоод дараа нь шимтгэлийг нөхөн төлүүлэх боломж бий..., гэж,
хариуцагч ******* ТБАГ нь ...******* ТБАГУТҮГ-ын хувьд 2022 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэж эхэлсэн. 2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар тус эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй. Бид тухайн байгууллагаас төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд 2,700,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд нэхэмжлэгч *******гийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн өр багтсан. Нэхэмжлэгчийн тэтгэмжийг олгох үүрэг нь ажил олгогчид хамаарна... гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хүсэлтээр хамтран хариуцагч оролцуулсан болон хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь буруу болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна
3. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр хариуцагч ******* ТБАГУТҮГ-т эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсний дараах хүүхэд асрах чөлөөний амралтаа авч, улмаар 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр жирэмсний амралтаа авч дахин амаржсан байна. /х.х-ийн 11-16/
Зохигч нэхэмжлэгч *******г хариуцагч ******* ТБАГУТҮГ-т эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөтэй байхдаа дахин амаржсан болон тэтгэмжийн үнийн дүн 12,661,314 төгрөгийн талаар маргаагүй, харин түүний тэтгэмжийг чухам аль байгууллага олгох үүрэгтэй болох нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гээд 751.1.4-д бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах гэж заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгайлсан журмаар иргэний хэрэг үүсгэсэн боловч хожим дээр дурдсан хуулийн 757 дугаар зүйлийн 757.1.1-д нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. /х.х-ийн 58-59/
5. Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа:
ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ажиллагааг ажил олгогч энэ Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх хугацаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчиж явуулсныг хэлнэ гэж,
даатгуулагчид учирсан хохирол гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болох, эсхүл хугацаа нь хойшлогдох, тогтоогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно гэж,
ажил олгогч бүрэн хариуцна гэж ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан.
Тодруулбал, хариуцагч ******* ТБАГУТҮГ нь нэхэмжлэгч *******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас тэрээр төрөхийн өмнөх жирэмсний болон амаржсаны тэтгэмжид нийт 12,661,314 төгрөгийг авч чадаагүй гэх үндэслэлээр хохирол шаардаж байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх ёстой байжээ.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хариуцагч ******* ТБАГУТҮГ-т эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 11 дүгээр сараас хойш төлөөгүйгээс нэхэмжлэгч /даатгуулагч/-ийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс хохирол учирсан байх тул шүүгч хэргийг дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ. /х.х-ийн 8-10/
6. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар хариуцагч ******* ТБАГУТҮГ нь 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 1,261,800,022.41 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын байдлаар тухайн өр төлбөр 2,448,214,7406.16 төгрөг болсон байна. /х.х-ийн 72-80/
Хариуцагч ******* ТБАГ-ын ...хариуцагч ******* ТБАГУТҮГ нь 2022 оноос эхлэн нийгмийн даатгалын өр үүсгэж, улмаар түүнд холбогдуулан нийгмийн даатгалын санд төлөх ёстой 2,700,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үүнд нэхэмжлэгч *******гийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл багтсан байгаа... гэх тайлбарыг хариуцагч ******* ТБАГУТҮГын зүгээс үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн.
Мөн хариуцагч тус байгууллага нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй тул хариуцагч ******* ТБАГУТҮГ-ын ...тэтгэмж авах эрх үүсээгүй байхад хохирол гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн... гэх гомдлыг хүлээн авахгүй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ТБАГУТҮГ нь нэхэмжлэгч *******гийн тэтгэмж авах эрхэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан тохиолдолд тус байгууллага хариуцлага хүлээнэ.
Хэдийгээр хариуцагч ******* ТБАГУТҮГ нь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо, төсвийн хязгаарлалт, төрийн санхүүжилтийн саатал, Засгийн газрын шийдвэрүүд зэрэг ажил олгогчийн хяналтаас гадуур нөхцөлөөс шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь ажилтан буюу нэхэмжлэгч *******гийн нийгмийн даатгалын сангаас авах жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Даатгуулагч дараах эрх эдэлнэ гээд 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх гэж заасан.
Иймд, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь төрөхийн өмнөх жирэмсний болон амаржсаны тэтгэмж нэхэмжлэх эрхтэй тул анхан шатны шүүх хариуцагч ******* ТБАГУТҮГ-аас 12,661,314 төгрөгийн хохирлыг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэх бөгөөд хариуцагчаар ямар этгээдийг тодорхойлох нь гагцхүү нэхэмжлэгчийн эрх байтал анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ТБАГУТҮГ-ын гаргасан ******* ТБАГ-ыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. /х.х-ийн 55-57/
Гэвч нь дээрх зөрчлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д Энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэж зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчил гэж үзэхгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх ******* ТБАГ-аас мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаанаас эрх зүйн үр дагавар үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Энэхүү магадлалаар *******гийн гаргасан төрөхийн өмнөх жирэмсний тэтгэмж, амаржсаны тэтгэмж 12,661,314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн тул ******* ТБАГУТҮГ болон ******* ТБАГ нарын хоорондох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой асуудлаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* ТБАГУТҮГ-ын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 193/ШШ2026/00439 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ТБАГУТҮГ-аас 12,661,314 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч ******* ТБАГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ТБАГУТҮГ-ын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.МАНДАЛБАЯР