Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ХШТ/132

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, хохирогч Ж.Д, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 2436000000097 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2023 оны 10 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Х овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг “...хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-аас 32,000,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Д-т олгуулах, хохирогч Ж.Д нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар ... аймгийн ... сумын ... багийн ... гудамжны ... дүгээр байрны ... давхрын ... тоот ... дугаартай, 180 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг хувааж 54 м2 болгосон ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан хаалгатай, одоо ... нэртэй түргэн хоолны газар ажиллаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Ж.Д-т олгосугай” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар хамтран гаргасан гомдолдоо “...Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/65 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ... аймгийн ... сумын ... багийн ... гудамжны ... дүгээр байрны ... давхрын ... тоот ... дугаартай 180 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг хувааж 54 м2 болгосон ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан хаалгатай, одоо ... нэртэй түргэн хоолны газар ажиллаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Ж.Д-т олгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Гэтэл Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 32,000,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Д-т олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хурлын дараа шүүгдэгч Б.Б 32,000,000 төгрөгийг Ж.Д-т төлж барагдуулсан. Маргалдаж буй 54 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа П.Г-т шилжүүлж өгсөн байдаг. Одоо өмчлөгч нь П.Г.

Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд Ж.Д-ийн хохирогчоор өгсөн: “...54 м2 талбайтай болгосон подволын хэсгийг Б.Б гэх хүнээс 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод ... би тухайн подволыг Б-аас худалдаж авахаар тохиролцох үедээ ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй. Б-д өгсөн 32,000,000 төгрөгнөөс 13,000,000 төгрөгийг би өгсөн. Үлдсэнийг нь миний хүү Л өгсөн. ... үлдэгдэл 3,000,000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцсон ...” гэх мэдүүлэг,

хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд гэрч П.Г-ийн өгсөн: “54 м2 талбайтай болгосон подволыг Б гэх хүнээс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 32,000,000 төгрөгөөр худалдаж авсан ...” гэх мэдүүлэг,

хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд гэрч О.Н-ын өгсөн: “... миний нөхөр Б.Л-ын хаан банкны ... данснаас ... шилжүүлж өгсөн. Мөн миний ... данснаас шилжүүлж өгсөн ... би тухайн подволыг Б.Б-аас худалдаж авахаар тохиролцох үедээ ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй ...” гэх мэдүүлэг тус тус авагджээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь Б.Л байхаар байна. Гэтэл хавтаст хэрэгт Б.Л-ыг хохирогчоор тогтоогоогүй, Б.Л-оос хэн нэгэнд итгэмжлэл олгосон зүйл байхгүй.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ. 42.10-д Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө. 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааж өгчээ. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр Б.Б-тай хохирогч Ж.Д, Б.Л, О.Н нар ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй байна. Дурдсан Иргэний хуулийг харвал шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Д-т 54 м2 байрыг шилжүүлэн өгөх үндэслэлгүй байна.

Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/65 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Ж.Д гаргасан тайлбартаа “Би тухайн мөнгийг банкны зээл, цалингийн зээл, тэтгэврийн зээл авч бүрдүүлж өгсөн. Миний хүү хаалга үүдийг нь сольж үйл ажиллагаа явуулахад бэлэн болгоод, Солонгос руу явсан хойгуур Б.Б бусдад худалдсан байсан. Миний бие үйл ажиллагаа явуулах гэж буй талаар удаа дараагийн шаардлага тавьсан. Би байраа авах байр суурьтай байна” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б-ын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргадаггүй. Харин Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалаар 54 м2 талбайтай байрыг Ж.Д-т олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Анх Ж.Д-ийн хүү Б.Л Б.Б-тай тохиролцож, төлбөр мөнгийг өгсөн байдаг. Харин Б.Л Солонгост амьдарч байсан учир Ж.Д-ийг хохирогчоор тогтоосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ”, 42.10 дахь хэсэгт “энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө” гэж заасан бөгөөд 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Түүнчлэн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана”, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Тус шүүх хуралдаанд прокурор Г.Эрдэнэ хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Хэрэгт нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тодруулсан байна. Шүүгдэгч нь өөрийн өмчлөлийн 180 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 54 м2 буюу хуваасан тодорхой хэсгийг 35,000,000 төгрөгөөр хохирогч Ж.Д-т худалдахаар хэлэлцэн тохиролцож, 31,200,000 төгрөгийг төлбөрт авсан боловч итгэлийг нь эвдэж, бусдад 32,000,000 төгрөгөөр худалдаж, хохирогч Ж.Д нь 32,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн хохирол хүлээсэн хэргийн үйл баримт нотлогдсон.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг бичихдээ “11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэж буруу бичсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хохирогч Ж.Д-ийн гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхдээ энэхүү алдааг илрүүлж, зөвтгөөгүй бөгөөд хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээгээгүй, хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, гэрчээр мэдүүлэг өгч оролцсон буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа иргэн П.Г-ийг залилах гэмт хэргийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон тухай хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж, иргэний журмаар шүүгдэгчээс хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдан, 54 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Ж.Д-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэж хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Б үл хөдлөх хөрөнгөө иргэн П.Г-т шилжүүлэн өгөхөөр 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн ба энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангасан.

Давж заалдах шатны шүүх иргэн П.Г-ийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ авсан, ашиглаж байгаа нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хохирогч Ж.Д-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг шүүх бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.

 

Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах, гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

 

2.Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 03 дугаар сард ... аймгийн ... сумын ... багийн ... гудамжны ... дүгээр байрны ... давхрын ... тоот 180 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 3 хувааж, 54 м2 талбайтай хэсгийг төрсөн дүүгийн найз Б.Л-т 35,000,000 төгрөгөөр худалдах, ингэхдээ 32,000,000 төгрөгийг урьдчилан авч, үлдэх 3,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сард өмчлөх эрхээ шилжүүлсний дараа авахаар харилцан тохиролцож, амаар хэлцэл хийсний дагуу Б.Л нь Б.Б-д 31,200,000 төгрөгийг шилжүүлэн өгснөөс гадна уг байранд 800,000 төгрөгөөр хаалга хийлгэжээ. Харин Б.Б уг байранд сантехникийн холболт хийх шалтгаанаар хаалганы түлхүүрийг авснаас хойш элдэв шалтаг тоочиж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй явсаар 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уг байрыг өөр этгээд буюу иргэн П.Г-т худалдахаар тохирч, түүнээс 32,000,000 төгрөг авсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ хэмээн заасан бөгөөд шүүгдэгч Б.Б, хохирогч Ж.Д-ийн хүү Б.Л нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах талаар амаар хэлэлцэж, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсоны дагуу Б.Л-ын зүгээс зохих төлбөрийг шилжүүлж хэлцлээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх тул тэдний хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох үндэслэлтэй юм.

 

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар) тогтоолын 7 дахь хэсэгт “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан нь шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний ойлголт болно.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээний нэг тал хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээнээс татгалзаж болох ч шүүгдэгч Б.Б-ын хувьд банкны зээл нэхэгдсэн гэх нөхцөл байдлыг ашиглаж урьд нь Б.Л-т худалдсан байраа иргэн П.Г-т давхар худалдахаар тохирч, түүнээс 32,000,000 төгрөгийг авахдаа энэ талаар хохирогч Ж.Д, түүний хүү Б.Л нарт урьдчилан мэдэгдээгүй, төлбөрт авсан мөнгийг Б.Л-т буцааж өгөөгүй нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Б.Б-аас 32,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Д-т олгуулах, харин давж заалдах шатны шүүх маргаан бүхий байрыг Ж.Д-т олгуулахаар харилцан зөрүүтэй шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед хохирогч Ж.Д, гэрч П.Г нар нь уг байрны өмчлөх эрхийн талаар харилцан маргаж, хэн аль нь уг байрыг өмчлөлдөө шилжүүлэн авах хүсэл зоригоо илэрхийлсэн байхад тухайн үл хөдлөх эд хөрөнгө хэний өмчлөлд байгааг эрх бүхий байгууллагаас тодруулах, битүүмжлэх, иргэн П.Г-ийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоож оролцуулах арга хэмжээ аваагүй нь гэм хорын хохирлыг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн байна.

 

Давж заалдах шатны шүүхээс гэрч П.Г-ийн зөрчигдөж болзошгүй эрх ашгийг хамгаалах, иргэний нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, иргэний нэхэмжлэлээ эрүүгийн хэрэгтэй хамтруулан шийдвэрлэх хууль зүйн боломжийг нь хязгаарлаж, маргаан бүхий байрны өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүйгээр “...” нэртэй түргэн хоолны газар ажиллаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Ж.Дт олгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна. Дээр дурдсан 54 м2 үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэн нэгний нэр дээр гараагүй байгаа, эсхүл Б.Б болон иргэн П.Г нарын аль нэгийн нэр дээр гарсан эсэх нь энэхүү шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

 

Ийнхүү давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий байрны өмчлөх эрхтэй холбоотой асуудалд дүгнэлт хийхгүйгээр П.Г-ийн эзэмшилд байсан байрыг хохирогч Ж.Д-т олгуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл;”-ийг бичих, ийнхүү хууль зүйн дүгнэлт хийхдээ мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

 

Шүүх иргэн П.Г-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах арга хэмжээ авахгүйгээр түүний хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн П.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн тухайн байрны өмчлөх эрх маргаантай гэдгийг мэдэж байснаас гадна хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед орон сууцны өмчлөх эрх Б.Б-ын нэр дээр хэвээр байсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үедээ анхаарч үзээгүй нь буруу болжээ.

 

Түүнээс гадна шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо хавсаргаж ирүүлсэн гэрээний хуулбар нь (анхан шатны шүүх хуралдааны дараа иргэн П.Г-тэй байгуулсан үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдах авах тухай гэрээ) нотлох баримтын шаардлага хангахгүй, анхан болон давж заалдах шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх үед шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримт байх тул уг гэрээний хуулбар нь дангаараа маргаан бүхий байрны өмчлөх эрх П.Г-т албан ёсоор шилжсэнийг нотолсон баримт гэж дүгнэх үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Иймд “хохирогч Ж.Д, Б.Л, О.Н нартай бичгээр гэрээ байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй тул хохирогч Ж.Д-т 54 м2 байрыг шилжүүлэн өгөх үндэслэлгүй” талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг одоогийн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

 

4.Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан мөрдөн шалгах дутуу ажиллагааг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу прокуророор нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                         ШҮҮГЧИД                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Ч.ХОСБАЯР