Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 112/2020/0005/З |
Дугаар | 221/МА2020/0406 |
Огноо | 2020-06-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0406
Т.Ганчулуугийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаамуна, нэхэмжлэгч Т.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Г-ны нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Г-ны нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, Цагдаагийн дэд ахлагч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын цагдаагийн дэд ахлагч Т.Г-г 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “жижүүрийн томилгоотой үедээ Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах “Дуганханд” зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, цагдаагийн дэслэгч Б.М-тай хэрүүл маргаан үүсгэсэн, эрх чөлөөнд халдсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” зөрчлийг гаргасан гэж цагдаагийн албан хаагчийн сахилгын ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үндэслэлээр түүнийг дээрх зөрчлийг гаргасан болох нь эцсийн байдлаар шүүх хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдохгүй байхад үндэслэлгүйгээр чөлөөлсөн.
Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд ноцтой зөрчил гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, Цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийг хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчил үйлдэл, эс үйлдэхүй байхаар тодорхойлон заасан бөгөөд анхан шатны шүүх нь Т.Г-г халах үндэслэлд заагдаагүй өөр үндэслэлийг иш татан хэрэглэж түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэж байна. Эрүүл мэнд спортын сайд, хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журмын 1.6 дугаар зүйлд гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гаргасан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтоохоор, мөн журмын 2.5 дугаар зүйлд шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртын агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртын агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэхээр журамласан байхад анхан шатны шүүх “Согтуурлын зэрэг тогтоогоогүй нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж хийсвэр байдлаар дүгнэж, камерын бичлэгт гуйвж, дайвсан байдалтай байгаа нь архи уусан гэж үзэх үндэслэлтэй гэж хийсвэр дүгнэлт хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ноцтой зөрчсөн байна.
Хэрэгт авагдсан СД бичлэгийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй, хууль зөрчиж, цуглуулсан үндэслэлээр үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хуульд заасан журмыг зөрчиж, албан тушаалын байдлаа ашиглан олж авсан нотлох баримтыг үнэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тус бичлэгт архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь харагдахгүй, үзэгдэхгүй, бичлэг нь тодорхой бус байхад ёс зүйгүй үйлдэл гаргаж, хийсвэр дүгнэлт хийсэн байна.
Мөн Т.Г нь 02:00 цагт ажлаас буусан байх бөгөөд Дуганханд зочид буудлын камерын бичлэгт болж буй үйлдэлүүд нь 02:00 цагаас хойш 03:43 цагт буюу ажлын бус цагаар болсон зүйл юм.
Тухайн үед Т.Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх тогтоох хуульд заасан ажиллагаа огт хийгдээгүй, албаны шалгалтыг хуулийн дагуу хийгээгүй, Т.Г нь албаны хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь нотлогдохгүй байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай захирамжаар Т.Ганчулууг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад анхан шатны шүүх согтуурлын зэрэг тогтоогдоогүй нь хамаарахгүй гэж адил шатны шүүхийн дүгнэлт хийсэн хэргийг дахин өөрөөр тайлбарлаж хийсвэр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоох хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж бидний гомдол гаргах эрхийг тус маргаантай холбогдолгүй асуудлаар хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Г нь “Цагдаагийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн дэд ахлагч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “Архи уусан эсэх нь тогтоогдоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарлаж маргаж байна.
Маргаан бүхий Б/104 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Г-г “2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр жижүүрийн томилгоотой үедээ Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах Дуганхад зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, цагдаагийн дэслэгч Б.М-тай хэрүүл маргаан үүсгэн, эрх чөлөөнд нь халдсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 60-87 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.10, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.2, 2.3 дахь хэсгийн 2.3.1, 2.3.2, 2.4 дэх хэсгийн 2.4.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон тул мөн дүрмийн 3.4 дүгээр зүйлийг баримтлан, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн 82.1.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон, цагдаагийн албанаас халж, цагдаагийн дэд ахлагч цол”-ыг хураажээ.
Цагдаагийн албан тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж тангарагийг зааж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” бол цагдаагийн албанаас халахаар хуульчилсан байна.
Нэхэмжлэгчээс цагдаагийн дэслэгч Б.М-тай хэрүүл маргаан үүсгэн, эрх чөлөөнд нь халдсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, 60-87 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” зөрчил гаргаснаа үгүйсгээгүй ба “архи уусан эсэх нь тогтоогдоогүй, зөрчил гаргах үедээ ажлын бус цагаар, албан үүргээ гүйцэтгээгүй явж байсан” гэх гомдол үндэслэлгүй байна.
Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлд Цагдаагийн албан хаагчийн хориглох зүйлийг тодорхойлж, 69.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх” хориглохоор зохицуулж, 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан тохиолдолд цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас халах зохицуулалт нь албан хаагч сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан “цагдаагийн албанаас халах” зохицуулалтыг сонгон хэрэглэх боломжтой, энэ тохиолдолд, хариуцагч маргаан бүхий тушаалаар “цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг зөрчсөн” Т.Г-г “цагдаагийн албанаас халах”-аар шийдвэрлэсэн нь эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “сонгох боломж”-оо хэрэгжүүлсэн, хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэхээр байна.
Цагдаагийн албан хаагчийн нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд “албан үүргээ гүйцэтгээгүй байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, бусадтай зохисгүй харьцсан байдал нь цагдаагийн албан хаагчийн нэр хүндэд харшлах үйлдэл юм.
Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Т.Г албан үүргээ гүйцэтгэж байхдаа “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн” нь тогтоогдсон. Мөн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-ийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдэж, улмаар уг сонсох ажиллагаатай танилцаж нэхэмжлэгч гарын үсгээ зурсан байх тул “маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, сонсох ажиллагааг явуулсан талаарх баримт бичиг байхгүй” гэх гомдлыг хангах боломжгүй, нэхэмжлэгч нь тус ажиллагааны явцад тайлбар хэлэх, үг хэлэх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.
Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “...нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоох хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй...” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж заасан хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэрийн “Тогтоох хэсэг”-т хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн ямар эрх, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх, арга журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам хугацааг заах учиртай тул дээрх шийдвэрийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоох хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй...” гэснийг “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туахй хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН