Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1142

 

 

 

 

 

 

 

Ж.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03456 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: Ж.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Халдварт өвчин судлалын үндэсний төвд холбогдох

 

Нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 3 000 000 төгрөг гаргуулах тухай  маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Золзаяа,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Мөнхжаргал нь 1984 оноос 2014 он хүртэл эрүүл мэндийн байгууллагад 30 жил тасралтгүй ажиллаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30.2-д тус тус зааснаар төрийн албан хаагчийн тэтгэмж авах эрх нь нээгдсэн. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргын 216 дугаар тушаалаар чөлөөлж 2013 оны цалингаар буюу 587 500 төгрөгөөр цалин тогтоож өгсөн байсан. 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 710 881 төгрөгөөр тооцох ёстой. Төрийн албан хаагчид тэтгэмж олгох тухай 164 дүгээр тогтоолын дагуу 2014 онд олгож байсан цалингийн дагуу тэтгэмж олгох ёстой байтал 2013 онд Ж.Мөнхжаргалд олгож байсан цалингийн дундажаар тэтгэмж олгосон байна. 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын тогтоолын дагуу цалинг шинэчлэн тогтоосонтой холбоотой  Ж.Мөнхжаргал нь  8 сарын шинэчилсэн цалин авч байсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Төрийн албаны  тухай хуулийн 30.2, Засгийн газрын 164 дүгээр тогтоолд нарийн тодорхой зааж өгсөн ба Ж.Мөнхжаргалын сарын үндсэн цалин 710 881 төгрөгөөр тооцох байсныг “Халдварт өвчин судлалын үндэсний төв” буруу тооцож гаргасан. Ж.Мөнхжаргал тэтгэвэрт гарахад бүрдүүлсэн материалтай танилцаж гарын үсэг зурсан баримт нь 2013 онд тэтгэвэрт гарах бол ийм хэмжээний тэтгэмж авах ёстой гэж үзэн гарын үсэг зурснаас биш 2014 онд ийм хэмжээний тэтгэмж авна гэж гарын үсэг зураагүй. Иймд 2014 оны сарын цалин 710 881 төгрөгөөр тооцож гаргасан дүн 17 061 144 төгрөгөөс 2013 оны үндсэн цалингийн 14 100 000 төгрөгийг хасаад 3 000 000 төгрөгийн зөрүү гарч байгаа учраас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

     Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв нь төсвөөс санхүүжиж, үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус байгууллага юм. Төсвийн тухай хуулийн 4.1.34-д төсвийн захирагчийн талаар тодорхой зааж өгсөн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал нь төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн ерөнхий захирагчаас хуваариласан төсвийг төлөвлөх, хууль, тогтоомжийн дагуу тайлагнах эрх бүхий  этгээд юм. Төсвийн тухай хуулийн 8.4.1-д төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслийг жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх гэж заасан нь Халдварт өвчин судлалын үндэсний төв нь жил бүр төсвийн тайланг төсвийн ерөнхийлөн зархирагчид тайлагнадаг. 2014 онд тэтгэвэрт гарах ажилчдын тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхдээ 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө ирэх жилийн төсвөө тухайн харьяалсан яам руугаа өргөн барих ёстой. 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Ж.Мөнхжаргал нь тэтгэвэрт гарах ажилчдын нэр бүхий жагсаалтад орсон, хүн бүрт танилцуулж гарын үсэг зуруулсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-д тэтгэмж олгох ёстой боловч мөн хуулийн 29.3-д энэ хуулийн 29.2-т заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллагын төсөвт тусгаж байна гэж заасан. Өөрөөр хэлбэл ажилчинд олгох нэг удаагийн тэтгэмжийг төсөвт суулгаж өгөхийг заасан. Хэрэгт авагдсан баримтын 47 дугаар талд Ж.Мөнхжаргал сувилагч ажилтай, сарын үндсэн цалин 587 505 төгрөг, улсад ажилласан 29 жил ажилласаны тэтгэмж олгох талаар танилцуулж гарын үсэг зуруулсан баримт байна. Ж.Мөнхжаргал өөрөө хүлээн зөвшөөрч 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна гэж гарын үсэг зурсан ба үүнийг үндэслэн Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 2014 онд улсын төсвөөс санхүүжилт орж ирсний дагуу тэтгэмжийн мөнгийг Ж.Мөнхжаргалд олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                            

   Шүүх: Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар Халдварт өвчин судлал үндэсний төвд холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай Ж.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэргийн нөхцөл байдал болон тэтгэвэрт гарах үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд асуудалд хандаагүй байна. Нэхэмжлэгч Ж.Мөнхжаргал нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/179 тоот тушаалаар мөнгөн тусламжийг бодуулан олгох тухай ерөнхий захирлын тушаал гарсанаар тухайн байгууллагаас тэтгэмж тооцуулан авах эрх үүссэн. Нэхэмжлэгч Ж.Мөнхжаргал нь эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан, 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгох үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэвэрт гаргасан. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар 2013, 2014 оны 4 сард 646 256 төгрөг, 2014 оны 9 сард 710 801 төгрөг болж өөрчлөгдсөн нь 2014 оны цалингийн карт болон төлбөрийн хүсэлтийн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалыг тэтгэвэрт гарах үед буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түүний үндсэн цалин 710 801 төгрөг болох нь дээр дурдсан цалингийн карт болон төлбөрийн хүсэлтийн баримтаар тогтоогдох бөгөөд уг дүнгээс нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг байгууллагын ерөнхий захирлын 2014 оны 10 сарын 24-ний өдрийн Б/179 тоот тушаалыг үндэслэн тооцвол 17 059 224 төгрөг болох байсан. Гэтэл ХӨСҮТ нь нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалд 14 100 120 төгрөг олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд уг мөнгөн дүнгийн зөрүү нь 2 959 104 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалд 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар хариуцагч ХӨСҮТ-ээс нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 2 959 104 төгрөг шаардах эрх үүссэн.  Нэг удаагийн мөнгөн тэтгэмж цалингын дундаж тооцох шалгуур нөхцлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмаар тогтооно” гэсэн өөрчлөлт орсон байх бөгөөд нэхэмжлэл rapгах үед хуулийн уг өөрчлөлт үйлчилж байгаа хэдий ч тухайн маргаантай харилцаа нь уг өөрчлөлтөөс өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр үүссэн байх тул тухайн үед үйлчилж байсан хуулийн зохицуулалт хамаарна. Иймээс хариуцагч ХӨСҮТ нь нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалд нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг буруу тооцон дутуу олгосон нь тогтоогдож байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.                

             

                                                              ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Мөнхжаргал нь хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвд холбогдуулан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Мөнхжаргал нь эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллаж тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ба Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/179 тоот тушаалаар тэтгэвэр тогтоолгож, 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж,  ажилласан хугацаанд ногдох 33 хоногийн амралтын олговрыг олгохоор шийдвэрлэсний дагуу 14 100 120 төгрөгийн тэтгэмжийг нэхэмжлэгчид олгосон үйл баримтад талууд маргаагүй байна. /хх-ийн 6, 32 дугаар тал/

 

             Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ  “… 2014 онд тэтгэвэрт гарч мөнгөн тэтгэмж авах ажилчдын судалгааг 2013 оны 7 дугаар сард Эрүүл мэндийн газарт хүргүүлж, 2014 оны төсөвт суулгасан ба уг судалгааг хүргүүлэх үед нэхэмжлэгч 587 505 төгрөгийн үндсэн цалинтай байсан тул дээрх дүнгээр 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тусламж олгосон” гэж тайлбарласныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

            Хариуцагч байгууллагаас  өндөр насны тэтгэвэрт 2014 онд гарах ажилчдын мөнгөн тэтгэмжийн судалгааг явуулж байсан 2013 оны 7 дугаар сарын байдлаар Ж.Мөнхжаргалын үндсэн цалин 587 500 төгрөг байсан ба 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн цалинд өөрчлөлт орж 710 881 төгрөг болсон байна.

 

            Учир нь нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалд мөнгөн тусламж олгох тухай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гарах үед 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль үйлчилж байсан байх ба тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, … үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй” гэж заажээ.

 

            Иймд Ж.Мөнхжаргал нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тэтгэвэр тогтоолгосон тул түүнд мөн өдөр хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх нээгдсэн, тэтгэмжийн энэ үед авч байсан үндсэн цалин буюу  710 881 төгрөгөөс тооцвол 17 061 144 төгрөгийг хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгох байжээ. Тэтгэвэрт гарах ажилтаны авах тэтгэмжийн судалгааг хийх үед ажилтны авч байсан  цалингаас тооцож төсөвт тусгасан байдал нь хуулийн дагуу тэтгэмж авах ажилтны эрхийг дордуулах үндэслэл болохгүй юм.

 

            Анхан шатны шүүх Төсвийн тухай хуулийг үндэслэн хариуцагч байгууллагыг үйлдлийг зөвтгөн дүгнэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх бөгөөд уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалд олгох байсан 17 061 144 төгрөгөөс олгогдсон 14 100 120 төгрөгийг хасч тооцвол 2 961 024 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.  

 

            Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэтгэмжийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчээс төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөв.

           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

          1 дэх заалтын “… Халдварт өвчин судлалын үндэсний төвд холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай Ж.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

          “Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2 961 024 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38 976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

           2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2…” гэснийг “41 дүгээр зүйлийн 41.1.1” гэж,  “…нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг,

          “Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг төсвөөс /Улаанбаатар хотын банкны 2609006167 тоот данс/ гаргуулж нэхэмжлэгч Ж.Мөнхжаргалд буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62 326 төгрөг гаргуулж төсөвт /Улаанбаатар хотын банкны 2609006167 тоот данс/ оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА          

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                          

                                                                                                  Г.ДАВААДОРЖ