| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 307/2025/03553/И |
| Дугаар | 210/МА2026/01079 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01079
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Гэрээнд заагдсан эзэмшлийн газарт амины орон сууц, дулаан гараашийг барьж дуусган газрыг эзэмшилд, амины орон сууц, дулаан гараашийг өмчлөлд шилжүүлэхийг даалгах, орон сууц хөлслөн суусны хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, хариуцагч компанитай 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэгж талбарын дугаар бүхий ******* аймаг, ******* сумын 1 дүгээр баг,*******ын нутаг дэвсгэрт байрлах 400 м.кв талбайтай, 6 тоот хаягт байрлах газарт 56,83 м.кв талбайтай амины орон сууцны зориулалт бүхий барилга болон 21 м.кв талбайн автозогсоолын зориулалттай дулаан гараашны хамт бариулахаар захиалга өгч, гэрээний үнэд 115,745,000 төгрөгийг төлсөн. Гэтэл тус компани гэрээнд заасан хугацаанд амины орон сууц, гараашийг барьж гүйцэтгэж өгөөгүй. Тухайн амины орон сууцыг захиалах болсон шалтгаан маань зээ охин минь агаарт байх зайлшгүй шаардлагатай улмаас уг хотхоныг сонгож захиалсан. Гэрээний төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд хөнгөлөлттэй байсан тул гэрээ байгуулсан өдөр төлбөрийг 100 хувь төлсөн.
Үүнээс гадна хариуцагч компани гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс миний бие ******* аймагт бусдын өмчлөлийн орон сууцыг хөлслөн сууж зардал гаргасан.
Иймд, хариуцагч компанид гэрээнд заасан эзэмшлийн газарт амины орон сууц, дулаан гараашийг барьж дуусган газрыг эзэмшилд, амины орон сууц, дулаан гараашийг өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, орон сууц хөлсөлсний төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Гэрээнд ажлын хугацааг 1-4 сар гэж тохирсон байсан, байр түрээсэлсэн гээд байгаа нь 7 сар байсан, нэхэмжлэгч нь энэ байранд захиалга өгөхдөө тохижуулж байгаад зарна, өөрөө эко тауны байранд амьдардаг гэж хэлсэн.
Би, анх удаа бие даан барилга барихаар компанийн эзэмшлийн газар дээр амины орон сууц барихаар захиалга авсан Ингэхдээ барилга барьж босгох үеийн үнийг буруу тооцоолсон байсан. Мөн захиалгын гэрээ хийхэд борлуулалтын компанийн ажилтан үнэ буруулах санал гаргаад үнэ тохирсноос зөрүү гарсан. Энэ хүнтэй захиалга өгсөн орон сууцны хундам цутгагдсан үеэс эхлэн шаардлага тавьж, ярилцах бүрдээ дандаа муудалцдаг байсан. Тэгээд цаашид уг ажлыг хийх боломжгүй юм байна гээд мөнгийг нь буцааж өгөхөөр дагуулаад явж байтал гэнэт л нэмж 30,000,000 төгрөг авна гээд бид дахин муудалцаад, би мөнгийг нь өгөөгүй. Биднийг зуучилсан борлуулалтын компанийн ажилтан н.******* гэдэг хүнээр дамжуулж бид хоёр харилцдаг болсон.
Гэрээний дагуу 115,000,000 төгрөгийг дансаараа шилжүүлж авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие энэ төслийг хэрэгжүүлэхэд үнийн тооцоог сайтар гаргаагүй, мөн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахад өөрөө үнэ тогтоогоогүй, харин зуучлалын компани тогтоосноор гэрээ байгуулсан. Тухайн үед барилгын материалын үнэ өссөн, нэхэмжлэгч ******* нь манай ажилчидтай ирж хэрүүл маргаан үүсгээд байсан тул ажлыг үргэлжлүүлэх боломжгүй талаар мэдэгдэл өгч барилгын ажлыг нь бүрэн зогсоосон. Тэрээр барилгын талбай дээр ирэх бүрдээ хэл ам хийж байсан тул ажилчид ч ажил хийх боломжгүйгээс манай компани гэрээнээс татгалзах мэдэгдэл өгсөн, барилгын ажил зогссон тухайн барилгыг түгжиж битүүмжилсэн.
Нэхэмжлэгч нь манай компанийн нэр хүндэд халдаж фейсбүүк цахим орчинд элдэв зүйл бичиж ажлын нэр хүндэд халдсан. Компанийн зүгээс дансаар шилжүүлэн авсан 115,000,000 төгрөгийг нь өгнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээнд заагдсан эзэмшлийн газарт, нэгж талбарын дугаар бүхий, ******* аймаг, ******* сумын 1 дүгээр баг,*******ын нутаг дэвсгэрт байрлах, 400 м.кв талбайтай, №6 газар дээр 56,83 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалт бүхий барилга болон 21 м.кв талбайн автозогсоолын зориулалттай дулаан гараашийг барьж дуусган газрыг эзэмшилд, амины орон сууц, дулаан гараашийг өмчлөлд шилжүүлэхийг даалгах, хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 454,325 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
2. Үндэслэх хэсгийн 13-д ...гэрээнд дурдсан 56.83 м.кв талбайтай амины орон сууц нь баригдаагүй байх бөгөөд тухайн амины орон сууц баригдах газар нь өөр гуравдагч этгээдийн эзэмшилд байдаг болохыг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж, нэхэмжлэгч тал мөн маргаагүй, гэрээний 1 Л-д газар эзэмшигчийн талаар тохиолцсон байна. гэж дүгнэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь өөрийн нэр дээрх тус газраа нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө бусдад газраа барьцаалж, 115.000.000 төгрөгийн зээл авч, 100.000.000 төгрөгийг нь төлсөн, 15.000.000 төгрөг дутуу байгаа, удахгүй дутуу мөнгөө төлөөл газраа шилжүүлж аваад, амины орон сууцаа барьж дуусгаад. газартаа нь хамт шилжүүлж егнө гэх тайлбар, үйл баримтад нэхэмжлэгч нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлаас өөрөөр дүгнэсэн байна.
3. Үндэслэх хэсгийн 17-д ...хариуцагч нь үүргийн хэлцлээс татгалзсанаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ-нд дурдсан амины орон сууц болон дулаан гарааш бүхий өмчлөлд шилүүлэх зүйл бий болоогүй өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл бүрдээгүй үйл баримт тогтоогдож байна." гэж дүгнэсэн. Хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нэхэмжлэгчтэй хоорондын харилцаанаас үүдэн гэрээг цуцалж байгааг дурдсан бөгөөд хариуцагчийн энэхүү татгалзал нь үндэслэлгүй байхад шүүхээс үндэслэлтэй мэтээр дүгнэсэн байна.
4. Үндэслэх хэсгийн 18-д ... талуудын хэн алиных нь тайлбар болох харилцан яриагаар талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үнийн хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэл зориг илэрхийлэгдэж байгаа боловч талууд харилцан тохиролцоогүй болно. гэж дүгнэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэг дээр хариуцагч нь дээрх үнийн хэмжээний өөрчлөлт оруулах тухай анх удаа нэхэмжлэгчид ярьж гэрээнээс татгалзаж байгаагаа дурдсан, Тэрнээс өмнө нэхэмжлэгчид энэ талаар дурдаж байгаагүй бөгөөд энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
5. Хохирол 12,000,000 төгрөгийн тухайд зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 13 дүгээр зүйлийн 13.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирол шаардах эрхээ тодорхойлсон байхад шүүхээс гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэдэг дүгнэлт хийж, улмаар хохирол нэхэмжлэх шаардлагын талаар буруу дүгнэлтэд хүрсэн. Тус амины орон сууц нь 4 улирлын зориулалттай бөгөөд нэхэмжлэгч нь амьдрах зориулалтаар Улаанбаатар хотоос нүүж ирсэн тухайгаа тодорхойлж, орон сууц хөлслөх гэрээ. багийн Засаг даргын тодорхойлолт, төлбөр төлсөн баримтууд, тооцоо нийлсэн актууд нэхэмжлэлд тусгуулсан байхад тэдгээрийг зохих ёсоор нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйд гомдолтой байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
******* нь барилгын талбай дээр байнга ирж, бүдүүлэг загнаж, би болон манай ажилчид руу дайрч, мод чулуугаар цохиж байсан.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо гэрээ цуцлахтай холбоотой мэдэгдэл хүргүүлээгүй гэж дурдсан. Миний бие н.Шүрэнчимэг гэх өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулж гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээнд заасан эзэмшлийн газарт амины орон сууц, дулаан гараашийг барьж дуусган газрыг эзэмшилд, амины орон сууц, дулаан гараашийг өмчлөлд шилжүүлэхийг даалгах, орон сууц хөлслөн суусны хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* ХХК нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий ******* аймаг, ******* сумын 1 дүгээр баг,*******, 6 тоот хаягт байрлах 400 м.кв талбайтай газар дээр 56.83 м.кв талбайтай амины орон сууцыг 21 м.кв талбайтай гараашны хамт барьж гүйцэтгэн нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь амины орон сууцны төлбөрт 85,245,000 төгрөг, гараашны төлбөрт 31,500,000 төгрөг, нийт 116,745,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /х.х-ийн 5-11/
Анхан шатны шүүхийн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.
Хэргийн баримтаар хариуцагч нь амины орон сууц болон гараашийг нийт 116,745,000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн ...гэрээ байгуулсан өдөр төлбөрт 115,745,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг амины орон сууц, гараашийг хүлээлгэж өгөх үед төлөхөөр тохиролцсон... гэх тайлбарыг хариуцагч ******* ХХК-ийн зүгээс татгалзаж үгүйсгээгүй, мөн баримтаар няцаагаагүйгээс гадна гэрээний төлбөрт 115,745,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж тус тус заажээ.
Зохигчийн тайлбараар хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн, хувийн сууц болон гараашийг барьж дуусгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд тухайн тохиолдолд энэхүү үндэслэлээр гэрээг цуцлах эрхийг гагцхүү захиалагч буюу нэхэмжлэгч ******* хэрэгжүүлнэ.
Гэвч нэхэмжлэгч гэрээг цуцлах бус, харин гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж, улмаар хувийн сууц болон гараашийг барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаснаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй.
6. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.3-т Доголдлыг арилгахад харьцангуй их зардал шаардагдахаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол энэ хуулийн 352.2.2-т заасан захиалагчийн эрх дуусгавар болно гэж заажээ.
Зарчмын хувьд үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлэх нь үүргийн зөрчилд тооцогдох бөгөөд гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүн бүрэн бий болоогүй бол дутуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн гэх утгаар үүнийг доголдолтой гэж үзнэ.
Хариуцагч ******* ХХК-ийн гэрээний зүйлийг үргэлжлүүлэн барьж гүйцэтгэхэд нэхэмжлэгч *******тэй анх тохиролцсон 116,745,000 төгрөгөөс илүү хэмжээний зардал /төсөв/ гарна гэх тайлбар нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Нөгөө талаар хариуцагч компани барилгын ажил гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллага болохын хувьд барилгын ажлын төсвийг анхнаасаа тооцоо судалгаатай зөв гаргах нь түүний үүрэг бөгөөд хожим алдаатай байсан гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзах нь гэрээнд үнэнч байх, гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх зарчимтай нийцэхгүй.
Энэ талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тодорхой заажээ.
7. Мөн дээр дурдсан хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж,
талуудын байгуулсан гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д Талууд дараах тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй байна гээд 12.1.2-т Эдийн засгийн нөхцөл байдал болон байгалийн давагдашгүй хүчин зүйл гэнэтийн аюулаас болж гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол гүйцэтгэгч гэрээнээс татгалзах эрхтэй... гэж тус тус заасан.
Нөхцөл байдал өөрчлөгдөх гэдэг нь гэрээ байгуулсны дараа тухайн нөхцөл байдал үүссэн, эсхүл зохигч энэ талаар хожим мэдсэн, мөн гэрээний талууд урьдчилан таамаглах боломжгүй байсан, уг нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжгүй тийм хүнд хэцүү байдлыг ойлгоно.
Хэргийн баримтаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх төсөв нэмэгдэж үнийн өөрчлөлт орсноор тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймээс хариуцагчийн ...төслийг хэрэгжүүлэхэд үнийн тооцоог сайтар гаргаагүй байсан, барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан гэрээг цуцалсан... гэсэн татгалзал үндэслэлгүй.
8. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий 56.83 м.кв талбайтай амины орон сууцыг барих 400 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг бусдаас шилжүүлэн авах зорилгоор тус амины орон сууцыг бусдад худалдсан гэсэн тайлбар, мөн нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ХХК-ийн ажилтнуудыг элдэв хараалын үгээр доромжилж, нэр төрд халдах, бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах үйлдэл удаа дараа гаргасан үйлдэл нь тус тус талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж энэ талаарх давж заалдах гомдлыг хангана.
9. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууц болон гараашийг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ******* нь *******тай 2025 оныдугаар сарын 31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* аймаг, Дархан сум,дугаар баг,дүгээр дын өргөн чөлөө-5 гудамж, дугаар байр,тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хөлслөхөөр тохиролцож, улмаар тухайн орон сууцандаа амьдарч байгаа болох нь ******* аймгийн Дархан сумындугаар багийн засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 241 тоот, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 256 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. /х.х-ийн 18-19, 81, 83/
Талууд барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр барилга барих ерөнхий хугацаа 1-4 сар гэж тохирсон байх тул нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хувийн сууц болон гараашийг хүлээлгэн өгөх эцсийн хугацаа болох 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойших хугацаанд орон сууц хөлсөлсөн төлбөрийг шаардах эрхтэй.
Гэвч хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээний дагуу тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын төлбөрт 12,000,000 төгрөг төлсөн гэх боловч тэрээр өөрийн Хаан банк ХК дахь тоот данснаас хөлслүүлэгч *******гийн тоот данс руу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг шилжүүлжээ. /х.х-ийн 21-22, 80/
Иймд, гэрээнээс учирсан хохирол буюу орон сууц хөлсөлсөн төлбөрт хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/03763 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д ******* аймаг, ******* сумын 1 дүгээр баг,*******, 6 тоот хаягт байрлах 400 м.кв талбайтай, нэгж талбарын дугаар бүхий газар дээр 56.83 м.кв талбайтай амины орон сууцыг 21 м.кв талбайтай гараашны хамт барьж дуусган нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгч, газрыг эзэмшилд, амины орон сууц болон гараашийг өмчлөлд шилжүүлж, уг хувийн сууц болон гараашийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж,
хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...56.1 гэснийг 56.2 гэж, ...оруулсугай гэснийг оруулж, хариуцагчаас 761,675 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 801,675 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР