| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2016/00185/И |
| Дугаар | 00226 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 00226
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00б байр, 00тоотод оршин суух Сэрсэнжав овогт ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 17 дугаар байрны 52 тоотод оршин суух *******,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр баг, 7 дугаар байрны 47 тоотод оршин суух ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 06 дугаар сарын 10-нд иргэн *******д иргэн *******ийн зуучилснаар Хөтөл тооцооны төв 134 Хас банкны салбараас хадгаламжаа барьцаалж Байгальмаагийн 5048066539 тоот дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн болно. Үүний дараа ******* 10-аад хоногийн дараа мөн *******д 10 сая төгрөг зээлдүүллээ гэж байсан. Ингээд нийт 15 сая төгрөг 10%-ийн хүүтэй зээлж *******тай хугацааг тохирч гэрээг бичгээр хийсэн болно. Үүнээс хойш 2015 оны 02 сар хүртэл иргэн *******гаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд 2015 оны 07 сард *******, иргэн ******* болон түүний нөхөр Н.Тэрбиш нартай 15 сая төгрөгний хүү болон хугацааг хэлэлцэн тохирч 35 сая төгрөгөөр тохирч үүнийхээ 27 саяд 1 өрөө байр авахаар тохирч үлдсэн 8 сая төгрөгийг мөн оныхоо 10.01-ний дотор өгөхөөр гэрээ хийгдсэн байдаг. Одоо ******* бидний дунд өгсөн 1 өрөө байранд амьдарч байгаа болно. Миний хувьд одоог хүртэл нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй тул өгсөн мөнгө болон хүүг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнхцэцэг Байгалмаа бид 3 цуг ажилладаг байсан. Би Мөнхцэцэгт найдвартай мөнгө зээлэх хүн байвал хэлээрэй гэсэн чинь 2016 оны 06-р сарын 10-нд орж ирээд Байгалмаа 5.000.000 төгрөг зээлээч гэж байна гээд орж ирсэн. Надад мөнгө алга дансанд байгаа гэсэн чинь болно би чамд дансыг нь аваад өгье гэсэн. Тэгээд би Хас банк дээр ирээд хадгаламжаа барьцаалаад 5.000.000 төгрөг авсан. Би Мөнхцэцэгт хэлэхдээ би Байгалмааг сайн танихгүй учраас чи гэрээ юмаа хийгээд явчих гэсэн чинь за гээд тохирсон. Тэгээд мөнгийг нь шилжүүлсэн шүү гэсэн чинь Мөнхцэцэг Байгалмаатай яриад авсан баярлалаа гэж хэлээрэй гэсэн байсан. Тэрнээс хойш арваад хоногийн дараа Мөнхцэцэг надад би Байгалмаад бас 10.000.000 төгрөг зээлсэн гэсэн. Би өө тийм үү гээд гэрээ хийгээд гарын үсэг зуралцсан юм уу? гэсэн чинь зуралцсан гээд явж байсан. Тэгээд бүтэн 2 жил болсон. Тэр хооронд бид хоёр хоёулаа хоорондоо яриад шаналаад явж байсан. Би 2016 оны 06-р сарын 09-нд ажил өөрчлөгдөөд явсан. Би ингээд явахаар боллоо гээд тэрнээс хойш бид хоёр дандаа утсаар ярьдаг байсан. Юу болж байна гэхээр ерөөсөө утсаа авахгүй юм байна гээд яваад байсан. Тэгээд бүтэн 2 жил болоод 2015 оны 02-р сард хоёулаа одоо яах вэ? цаад Байгалмаа чинь зөндөө хүмүүст мөнгөний өглөгтэй юм байна тэр хүмүүс нь цагдаад өгсөн байна гэхээр нь за тэгвэл тэр шугамаар нь явъя гээд бид хоёр утсаар яриад цагдаад өгсөн байгаа. Мөнхцэцэг Тэрбиш эд нар нэг дор цугларсан байсан. Тэрбиш тухайн үед чи юу ч олж долоохгүй чи надаас хүү авна гэсэн тийм зүйл байхгүй гэсэн гээд надад ярисан. Тэгээд тэр хооронд Мөнхцэцэг над руу яриад Байгалмаа харваад бие нь муу байгаа гэнээ гэхээр нь чи надад Тэрбишийн утасыг олоод өгчих гээд би Тэрбиштэй ярьсан. Тэрний дараа энэ хоёр хоорондоо яриад хүүгээ тооцоод Мөнхцэцэг над руу яриад бид нарт мөнгө байхгүй байр өгье гээд байна яах вэ? гэхээр нь би өө за за тэгье наад байрыг чинь аваад банкинд тавиад чи надад 8.000.000 төгрөг л өгчих гэсэн чинь тэгье гэсэн. Тэгээд энэ хоёрын дунд тооцоо хийгдээд 27.000.000 төгрөгийн байр аваад үлдсэн 8.000.000 төгрөгийг тухайн оныхоо 10-р сард өгөхөөр тохироод акт хийгдсэн байдаг. Тэгээд одоо тэрнээс хойш бүтэн жил болж байхад би нэг ч төгрөг аваагүй. Хамгийн сүүлд Мөнхцэцэг тэгж яриад дахиж над руу нэг ч удаа яриагүй. Би зөндөө залгаж байхад хүний урманд нэг ч удаа над руу яриагүй. Би тухайн үед Тэрбиштэй уулзаад янз бүрийн зан ааш гаргаагүй. Бүтэн хоёр жил сэтгэл санаагаар хэцүү явсан. Тэрбиш надад би Мөнхцэцэгт нэг өрөө байр өгсөн байгаа Мөнхцэцэгийн нэр дээр шилжүүлээгүй байгаа яагаад гэхээр би 5.000.000 төгрөг өгөх ёстой юмаа тэрийгээ өгч байгаад шилжүүлнэ гээд тохироцсон байгаа чи харин мөнгөө хурдан авахын тулд ингэж болно гээд Мөнхцэцэгтэй яриад наад байраа банкинд тавиулаад чи мөнгөө авчих тэгнэ гэх юм бол би Мөнхцэцэгийн нэр дээр байраа шилжүүлээд өгье Мөнхцэцэг бид хоёр ойрхон байгаа юм чинь учраа олчихно. Энэ хооронд Мөнхцэцэг надаас 2.000.000 төгрөг бие муу байна гээд авсан дараа нь би байрны засварт сая гаран төгрөг өгсөн. Үндсэндээ 3 сая гаран төгрөг болсон чи энийг Мөнхцэцэгт битгий яриараа гэсэн. Би Мөнхцэцэгт юу ч яриагүй ингээд бүтэн нэг жил болж байгаа.
Хариуцагч ******* шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь иргэн *******д 5.000.000 төгрөг нэхэмжлэгч *******оос авахад жуулчилж өгсөн нь үнэн, гэвч бидний хувьд 10%-ийн хүү тооцож өгөхөөр гэрээ хийхэд иргэн ******* миний нэрийг битгий хэлээ чи өөр дээрээ гэрээ хий гэсний улмаас гэрээг би өөрийн нэрээр хийсэн. Ингээд хүү тооцож явсаар 2 жил гаруй болж шүүх, цагдаагаар удаа дараа явсны дараа нийт 35 сая төгрөг тооцож төлбөр барагдуулахаар болсон. Ингээд иргэн Байгальмаа Тэрбиш нар 1 өрөө байр, эсвэл шим худалдааны төвд лангуу авахыг санал болгосон Энхболдод энэ тухай ярихад 1 өрөө авсан нь дээр зараад мөнгө болгосон дээр гэсний улмаас ингэж тохиролцсон би бол бэлэн мөнгө авна гэсэн 7 сая төгрөг гараад өгчихвөл болно гэсэн. Ингээд би ор хоосон үлдэхээр байраа хэлсэн үнээр нь авахаар ярьж тохиролцсон. Мөн үлдсэн 8 сая төгрөгийг 10 сарын 01-нд бэлэнээр өгөхөөр акт үйлдэн ярьж тохиролцоод гарын үсэг зуран баталгаажуулсан. Одоо авах 8 сая төгрөг бол Энхболдод очих мөнгө. Одоо би 8.000.000 төгрөгийг Д.Байгалмаагаас нэхэмжилж байна. Тэр мөнгө бол Энхболдын мөнгө байгаа. Гэрээ бол миний нэр дээр байгаа яагаад миний нэр дээр байгаа вэ? гэхээр Энхболд анхнаасаа би Байгалмааг сайн танихгүй юм чинь чи өөрийнхөө нэр дээр гэрээгээ байгуулаад явчих гэсэн. Энхболдын нэхэмжилж байгаа 8.000.000 төгрөгийг Тэрбишээс аваад Энхбодод өгөөд тооцоо дуусна. Тийм учраас энэ хэргийг нөхцөл байдалд нь тулгуурлаад шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: ...Нэхэмжлэгчийн шаардаад байгаа 8.000.000 төгрөгийг би ойлгосонгүй. Ямар учраас 8.000.000 төгрөг нэхээд байгаа, хаанаас яах гээд гаргуулах гээд байгаа юм? Би ерөөсөө ойлгохгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад зээлийн гэрээ гаргуулсан. Нэхэмжлэгч өөрөө он сар өдрөө тодорхой хэлж байна. Би 2013 оны 06-р сарын 10-ны өдөр Байгалмаагийн дансанд Мөнхцэцэгийн хэлснээр 5.000.000 төгрөг хийсэн гэж байна. Тэгээд арваад хоногийн дараа Мөнхцэцэг байгалмаатай гэрээ байгуулсан. Гэтэл энэ зээлийн гэрээ 2013 оны 06-р сарын 05-ны өдөр хийгдсэн гэрээ байна. Энэ Энхболдын яриад байгаагаас таван хоногийн өмнө хийсэн гэрээ байна. Энэ яагаад зээлдэгдээгүй мөнгөний төлөө зээлийн гэрээ хийгээд Байгалмаа Мөнхцэцэг хоёр яваад байгаа юм. Энэ талаар шүүх бас харгалзаж үзэх хэрэгтэй. Энэ гэрээ үнэхээр хүчин төгөлдөр мөн үү? гэдэг дээр анхаарч үзэх хэрэгтэй байх. Бас нэг зүйл яригдаад байна. 10.000.000 төгрөг зээлээд хүү нь яваад 35.000.000 төгрөг болсон гээд, тэгэхээр энэ хуулийнхаа дагуу явах ёстой бол иргэний хуульд заасан байгаа хүү алданги нь 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гээд заасан байгаа. Би Байгалмаагийн өмнөөс гарын үсэг зурж байгаад Мөнхцэцэгт байр өгсөн үү? өгсөн. 2.300.000 төгрөг бэлнээр өгсөн. Байрны засварт сая ч арай бишээ 600 гаран мянган төгрөг болсон. Ингээд бодохоор энд бол ерөөсөө нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энд Байгалмаа гэдэг хүн ямар ч хамааралгүй учраас, Мөнхцэцэг хэлэхдээ би Тэрбишээс 8.000.000 төгрөгийг нэхэмжлээд аваад өгнө гэж байна. Тэр бол тусдаа хэрэг нэхэмжлэлийн шаардлагаа гаргах эрх нь хэвээрээ байгаа. Өнөөдөр бол шүүх дээр нэхэмжилж байна гэдэг үгээр нэхэмжлэх ямар ч боломж байхгүй. Учир нь юу вэ? гэхээр 8.000.000 төгрөг төлөгдсөн байна уу? үгүй юу? гэдэг асуудал яригдана. Тийм учраас энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж үзээд нотлох баримтаас хасуулах саналтай байна. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа 5.000.000 төгрөг гэснээ 8.000.000 төгрөг болгосон, яагаад 8.000.000 төгрөг болгосон, 5.000.000 төгрөгийг Мөнхцэцэгээс нэхэмжлээд байгаа юм уу? Байгалмаагаас нэхэмжлээд байгаа юм уу? тэр талаараа тодорхой ярьсангүй. Нэхэмжлэлийн шаардлагаа ямар үндэслэлээр нэмэгдүүлээд яваад байгаа нь сонирхолтой байна. Тийм учраас зээлийн гэрээ хүчин төгөлдөр бишээ. Энийг би юугаар няцаагаад байна вэ? гэхээр нэхэмжлэгч Энхболдын хэлсэнээр 06-р сарын 10-ны өдөр мөнгө шилжүүлсэн гээд байгаа боловч энэ дээр 06-р сарын 05-ны өдөр байна шүү дээ. Яагаад таван хоногийн өмнө зээлийн гэрээ байгуулчихаад 5.000.000 төгрөг зээлсэн юм? Би энийг сайн ойлгохгүй байна. Зээлдүүлэхээс өмнө гэрээ хийсэн байсан юм уу? Мөнхцэцэгийн гарын үсэг нэг ч алга, Байгалмаагийн гарын үсэг байгаад байгаа. Тийм учраас нотлох баримтаас хасуулах саналтай байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 8.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөчээ гэсэн саналтай байна...гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэг 8.000.000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Д.Байгалмаа нь Иргэний хуулийн 62 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож байгаа ба 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Н.Тэрбишд өгсөн итгэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэл байна гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нэхэмжлэгч хариуцагч нараас гаргасан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч ******* нь 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Мөнхцэцэгийн зуучилснаар 5.000.000 төгрөгийг Байгальмаагийн 5048066539 тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш 2 жил гаруйн хугацаанд нэг ч төгрөг аваагүй тул үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүүнд 3.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч ******* нь ...Энхболдын яриад байгаа бүхэн үнэн. Н.Тэрбиш бид хоёрын гарын үсэг зурсан тооцоо нийлсэн актаар 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 8.000.000 төгрөгийг надад өгөөд би тэр мөнгийг Энхболдод өгөөд тооцоо дуусах ёстой байсан юм. Одоо авах 8 сая төгрөг бол Энхболдод очих мөнгө юм. Би Байгальмаад Энхболдоос мөнгө зээлж өгч байгаа гэдгийг Байгальмаа мэдэж байсан. Тийм учраас энэ хэргийг нөхцөл байдалд нь тулгуурлаад шийдвэрлэж өгөхийг хүсч байна... гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаад 8.000.000 төгрөгийг ямар учраас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлээд байгаа 8.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Байгальмаад мөнгө шилжүүлсэн гэсэн мөртлөө 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Мөнхцэцэг Байгальмаа нарын хооронд гэрээ байгуулаад байгаа нь энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна. Иймд нотлох баримтаас хасуулна... гэж маргаж байна.
Нэхэмжлэгч ******* нь *******ээр дамжуулан өөрийн 5.000.000 төгрөгийг *******д зээлүүлсэн байна.
******* ******* нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь ******* ******* нарын хооронд байгуулагдаагүй тул 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаар үнэлж дүгнэх боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч ******* нь Хөтөлийн Хас банкны салбараас хадгаламжаа барьцаалан 5.000.000 төгрөгийн зээл авч *******гийн 5048066539 тоот Хаан банкны дансруу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хасбанкны Баянзүрх 105 дугаар салбараас авсан *******ын дансны хуулга, Хаан банкны 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 01/130 тоот Хөтөл бизнес зээлийн төвийн: ...5048066539 тоот данс нь харилцагч *******гийн данс мөн болохыг тодорхойлов... гэсэн албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно... гэсэн заалтын дагуу ******* ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэгч нь ******* болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүүнд 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар ...”хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч хариуцагч нар нь дээрх хуулийн заалтыг хангаагүй тул нэхэмжлэгч нь хүү нэхэмжлэх эрхгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нь *******оос *******гийн дансруу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан эсэх тал дээр маргаагүй бөгөөд ямар нэгэн тайлбар гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ийг хариуцагчаар оролцуулахаар дурдаж ирүүлсэн боловч энэ хэргийн хариуцагч нь ******* биш болох нь ******* ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, *******ын *******гийн Хаан банкны дансруу мөнгө шилжүүлсэн тухай Хасбанкны хуулга, Хөтөл бизнес зээлийн төвийн ...5048066539 тоот данс нь харилцагч *******гийн данс мөн болохыг тодорхойлов... гэсэн албан бичиг зэргээр тогтоогдож байх тул *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүх хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэг 5.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******олд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* нарын хооронд байгуулсан гэрээг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан бөгөөд *******, ******* нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн Н.Тэрбиш, ******* нарын тооцоо нийлсэн акт зэрэг нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт гэж үзэж шүүх үнэлж дүгнээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдаж буй үний дүнгийн хэмжээгээр буюу 94.950 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч *******од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН