Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2026/00011

 

                                                                                      Г.М-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                                                                    хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй,   

Завхан аймгийн .... сум дахь сум дундын шүүхийн .... оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ......... дугаар шийдвэртэй,

Г.М-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ...... сумын ........ холбогдох тус .....-ийн .... оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ....... ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгч Г.М, түүний өмгөөлөгч С.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.У /цахимаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Г.М нь Завхан аймгийн .... сумын ....... холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Завхан аймгийн ...... сумын ...-аар ажиллаж байсан. Гэтэл тус .....-ийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь намайг ямар ч үндэслэлгүйгээр ..... оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халсан. Ажлаас халсан тушаалаа 2 янзаар гаргасан. Өөрөөр хэлбэл тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 гэсэн заалтыг тус тус бичиж 2 өөр тушаал гаргасан. Тухайн үед би шүүхэд хандана гэхэд намайг ажилд чинь эргүүлж авна гэж итгэл төрүүлсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл сая 9 дүгээр сард миний оронд өөр ...... ажилд авсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ... ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн талаар дээд шатны байгууллагаас ямар нэг дүгнэлт гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ... заасан сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй болно. Иймд Завхан аймгийн ....... сумын .........-ийн .....-ийн ......... оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........ дугаартай тушаал үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ....-ийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү..." гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга: ...Багш ...... овогтой М нь ..... оны 02 дугаар сарын 28-ны өдөр ..........-ийн үүрэгт ажлаасаа халагдсан. Халагдах болсон шалтгаан нь ... олон дахин ёс зүйн алдаа дутагдал гаргаж байсан. Өмнө нь удаа дараа хамт олны өмнө биечлэн сануулга авч байсан. /Удаа дараа ажлын хариуцлага алдаж гаргасан зөрчлийг хамт олон мэднэ/.

Г.М-д хоёр тушаал гаргаж өгөөгүй. Тушаалаа төлөвлөчхөөд Хууль эрх зүйн ........ дугаар руу холбогдож тушаалын төслөө танилцуулж болсон үйл явдлыг тайлбарлаж зөвлөгөө авахад тушаалын төсөлд авсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 заалтыг тохиромжгүй байна наад зөрчлүүд чинь ноцтой зөрчлүүд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дүгээр заалтыг тусгах нь зөв гэж хариу өгсөн. Ингээд би энэ заалтыг тусгаж тушаалаа гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтыг тусгасан тушаалын төслийг Г.М яаж авсныг би үнэхээр мэдэхгүй байна. /Энэ тушаалын төслийн эхийг хармаар байна/. Тушаалыг ........ С.Х, М.Д нар биечлэн хүлээлгэн өгсөн гэж надад мэдэгдсэн... Би хэзээ ч ажилд  авна гэж хэлж байгаагүй. Үүнийг манай хамт олон мэднэ. Г.М нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн гэрээний 3.1.6-гийн 1,2,4,7,11 дэх заалтуудыг тус тус зөрчиж сахилгын болон ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул ажлаас халсан. Мөн шүүхэд хандах хугацаа нь дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т, 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар Г.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Завхан аймгийн ... сумын ....... холбогдох "Завхан аймгийн ........ сумын ..-ийн ...-ийн ....... оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ...... дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан .....-ийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Г-ын М би .......... тоот дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Тушаалын үндэслэл нь буруу 2 өөр тушаалыг нэг дугаар, нэг огноогоор гаргасан. Үндэслэлийг авахдаа санаан зоргоороо, нотлох баримтгүй, зүйл заалтад таарахгүй шалтгааныг бий болгосон. Тушаалыг сольж, хоёр дахин гаргасан хоёр тушаал хоёулаа хүчинтэй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 нь миний ажлын гүйцэтгэл, үнэлгээ, мэргэжлийн талаар дээд шатны байгууллагаас дүгнэлт ирээгүй, надад энэ талаар огт танилцуулаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 нь зөрчил гаргасан талаар удирдлагаас анхааруулан сануулж тэмдэглэл хөтлөн гарын үсгээр баталгаажуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй. Дээрхийн аль нь ч үндэслэл болохгүй ба ийм зөрчил үйлдээгүй.

2. Сахилгын шийтгэлийг шат дараалан хэрэглээгүй, энэ талаар байгууллагын дотоод журамд тодотгон заагаагүй.

3. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр /заалтаар/ эрх зүйн акт үйлдсэн нь /түр орлон, үүрэг гүйцэтгэгч/ эрхлэгчийн эрх үүргийг бүрэн хэрэглэх эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзэж байна.

4. Ажил олгогч ажилтныг ажлаас халах мэдэгдэл, мэдээлэл өгнө гэснийг хэрэгжүүлээгүй, ажлаас гэнэт халсан.

5. Тушаалд үндэслэсэн төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахгүй, төрийн захиргааны албан хаагчийн заалтыг хэрэглэсэн.

6. 16.1.4 нь мөн л төрийн албаны төрийн захиргааны албан хаагчийн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн заалт хэрэглэх байсан. Бие муутай миний өвчний хүнд үеийн зургийг дур мэдэн авч, мэдээлэлд ашигласан, архи уусан мэтээр хамт олны дунд дэлгэж нэр хүндэд халдсан. Архи ууж ёс зүйн хэм хэмжээ алдсаныг цагдаагийн байгууллага тогтоогоогүй, үүнд согтуурлын зэрэг тогтоох багаж хэрэгсэл ашиглаагүй, албан ёсоор баталгаажаагүй нь нотлох баримтгүй байгаа болно.

7. 2025-2026 оны ........-ийн эхэнд ажлын байр зарлахдаа намайг ажилд авна гэж хаврын болон зуны турш хуурч мэхлэн хөөн хэлэлцэх хугацааг албаар дуусгавар болгосон. Энэ нь хүний эрхийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Намайг ажилд эргүүлэн авна гэсээр байгаад хуурч мэхлэн мэргэжлийн бус хүн авч ажиллуулсан.

Эдгээр зөрчилтэй асуудлууд байсаар байтал хэргийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд ...... оны 03 сарын 02-ны өдрийн .......... тоот дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... анхан шатны шүүхийн ..... оны 3 дугаар сарын 2-ний өдрийн ............ дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Учир нь, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: 5.3. ажлаас халах тухай тушаалыг ...... оны 3 дугаар сарын 06-ний өдөр гардан авснаас хойш ......... оны 9 дүгээр сарын 05-ний өдөр эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анх хүлээн авмагц Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" гэснийг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гарган шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүх мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 65.1-д заасан буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсний үр дагавар нь зохигч талуудад хэргийг тал бүрээс нь хянан шийдвэрлэх, мэтгэлцэх, шударга шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх итгэл үнэмшил төрүүлсэн байна.

Иймд Завхан аймгийн ......... сум дахь сум дундын шүүхийн ........ оны 3 дугаар сарын 2-ний өдрийн ...... дугаартай шийдвэрийг хянан хэлэлцэж хүчингүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Г.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг надад анх өгсөн. Би .......... өрөөнд зургийг нь дарж авчихаад явчихсан. Гэтэл дараа нь тухайн тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болгож өөрчилсөн байсан. Тэгээд ажлаас халсан тушаалаа надад 30 хоногийн дотор танилцуулаагүй, мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг надад өгсөн талаар манай хамт олон бүгд мэдэж байгаа. Мэдэж байгаа боловч хэрэгт мэдүүлэг өгсөн хүмүүс бүгд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа тул гэрчийн мэдүүлгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад сахилгын шийтгэл нэг ч удаа авч байгаагүй. Нэг тушаалыг хоёр өөр огноогоор, хоёр өөр үндэслэлээр гаргасан. Хуулийн үндэслэлээ нотлох баримтгүйгээр өөрийнхөө бодлоор гаргасан. Сахилгын зөрчлийг шат дараалалтай хэрэглээгүй. Энэ талаар байгууллагын дотоод журамд заагаагүй.  Түр орлон гүйцэтгэгч нь эрхлэгчийн эрх үүргийг бүрэн эдлэх эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзэж байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах мэдэгдэл, тэмдэглэл хүргүүлнэ гэснийг хэрэгжүүлэхгүйгээр ажлаас гэнэт халсан. Тушаалын үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй, төрийн захиргааны албан хаагчид хамаарах заалтыг хэрэглэсэн. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д төрийн захиргааны албан хаагчид холбогдох заалтууд болон Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг хэрэглээгүй. Мөн архи ууж ёс зүйн хэм хэмжээ алдсан гэж цагдаагийн байгууллага тогтоогоогүй, согтуурлын зэрэг тогтоох багаж хэрэгсэл ашиглаагүй, албан ёсоор баталгаажуулаагүй байгаа юм гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохоо хариуцагч өөрөө нотолдог. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авсан болохоо илэрхийлдэг. Хариуцагч тайлбартаа тушаалаа өөрчилсөн талаар хууль зүйн зөвлөгөө өгдөг ........ дугаарт залгаж зөвлөгөө авсан талаараа хэлдэг.  Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр тэмдэглэл хөтөлсөн байдаг. Ёс зүйн дэд хорооны ...... оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлд ёс зүйн хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй гарын үсэгтэй тэмдэглэл байдаг. Үүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Ажилтан сахилгын зөрчил гаргасан бол ажил олгогч тушаалаар арга хэмжээ авах ёстой. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй байна гэж үзэж байгаа. Учир нь, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажлаас халсан тушаалыг ....... оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардан авснаас хойш ...... оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ёстой байтал, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг анх хүлээн авмагц Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргах ёстой байсан. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна гэж иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн байна. Анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсний дараа зохигчдод  мэтгэлцэх, шударга шүүхээр  шүүлгэх итгэл үнэмшил төрсөн. Нэгэнт нэхэмжлэлийг хүлээн авсан юм бол хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Завхан аймгийн ......... сум дахь сум дундын шүүхийн ... оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ...... дугаартай шийдвэрийг хянан хэлэлцэж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

8. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлт хийсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тусгайлсан хугацаа заасан байдаг. Ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол сарын дотор гомдол гаргахаар заасан байдаг. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан ч гэсэн хугацаа хэтэрсэн асуудал дээр дүгнэлт хийх ёстой.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

9. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.М-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн  тушаалыг өгсөн. Би Улаанбаатар хотод сургалтад явах болсон учир өөрийгөө орлох хүнд тушаалыг нь өгсөн. Тухайн хүн Г.М-д тушаалыг өгсөн. ... Хоёр тушаал гаргаагүй. ...Г.М-д сахилгын арга хэмжээг удаа, дараа аваагүй гэж байна. Миний өмнөх даргын үед ч архи уудаг байсан. Г.М-ийн талаар эцэг эхээс гомдол гаргаж байсан. Тухайн үед ажлын цаг дууссан байсан учир маргааш нь ажлын бус цагаар ....-тай нь уулзъя гэж хэлж байсан. Тэгээд маргааш өглөө нь ажил дээр ирэхэд гомдол гаргасан .... эцэг эхтэй хэрэлдсэн зогсож байсан. Тэгээд би өрөөндөө авч орж, уулзуулж эвлэрүүлж байсан. Дараа нь ажил дээрээ согтуу ирсэн. Тэгээд хүүхэдтэй харьцах боломжгүй байгаа учраас гэртээ харьж амраад ир гээд чөлөө өгч явуулж байсан... гэв. 

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Завхан аймгийн ...... сумын ...... холбогдуулан “Завхан аймгийн ..... сумын .......-ийн ....... оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ....... дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ......-н ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, “…Завхан аймгийн ........ сумын ......-ийн үүргийг түр хавсран гүйцэтгэгч Б.У нь намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2 янзаар гаргасан. Эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар тушаал гаргасныг засаж өөрчлөөд ажлаас халах тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталж гаргасан. Тухайн үед би шүүхэд хандана гэхэд намайг ажилд чинь эргүүлж авна гэж итгэл төрүүлсээр өнөөдрийг хүргэсэн. Гэтэл сая 9 дүгээр сард миний оронд өөр багш ажилд авсан байна…“…Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.1.4-т заасан сахилгын зөрчлийг гаргаагүй болно… гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч Завхан аймгийн ....... сумын ..-ийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: …Г.М нь ... А-ын жирэмсний амаржсаны оронд түр томилогдсон учраас хөдөлмөрийн гэрээгээ эхний ээлжинд 1 жилээр хийсэн…Г.М-ийн халагдах болсон шалтгаан нь… .... оны 02 дугаар сарын 24-ний өдөр ..... О.С-н ээжтэй маргаж, хэл амаар доромжилсон мэдээлэл ирсэн. .... С.Х бид хоёр өмнөөс нь уучлалт гуйгаад, ойлгуулаад гаргасан. Энэ мэтчилэн олон дахин ёс зүйн зөрчил алдаа дутагдал гаргаж байсан. Өмнө нь удаа, дараа хамт олны өмнө биечлэн сануулга авч байсан. Удаа дараа ажлын хариуцлага алдаж байсныг хамт олон мэднэ…Би эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар тушаалыг төсөл хэлбэрээр гаргасны дараа, 70 дугаартай утас руу залгаж, хууль зүйн туслалцаа аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталж тушаалыг гаргасан. Миний төслөөр гаргаж байсан тушаалын хуулбар Г.М-д яаж очсон болохыг мэдэхгүй байна… гэжээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.М нь Завхан аймгийн .... сумын ..-ийн .... оны 02 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай тушаалыг эс зөвшөөрч .... оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

6. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай гэж,      76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно гэж, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж тус, тус заасан.  

Харин хөдөлмөрийн эрхийн харилцаанд оролцож байгаа этгээдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар шүүхэд мэдүүлэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 154.2.2-д “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор”, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ” гээд, 158.1.1-д “энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол” гэж тус тус заажээ.

8.  Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Г.М нь Завхан аймгийн .... сумын ....... 2013 оноос 2025 он хүртэл ...-аар ажиллаж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг ........ оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ийнхүү тушаалыг гардаж авснаас хойш хуульд заасан хугацааг хэтрүүлэн ... оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ “...ажил олгогч ажилд авна гэж байсан учраас нэхэмжлэлээ хугацаандаа гаргаагүй...” гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч нь түүнийг ажилд эгүүлэн авахыг хойшлуулж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

9. Түүнчлэн нэхэмжлэгч ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол эрхтэй боловч, энэ эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлэх ёстойг шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ тус, тус шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Г.М нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэдгээ баримтаар нотлоогүй байна.

11. Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор эрхээ хэрэгжүүлээгүйгээс гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “хөөн хэлэлцэх хугацааны талаар” гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн ......... сум дахь сум дундын шүүхийн ....... оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ...... дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.М, түүний өмгөөлөгч С.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ хэргийн нэхэмжлэл нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”,  “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАМХАЙДОРЖ

                                                                   ШҮҮГЧИД                                                   З.НАНДИНЦЭЦЭГ

                                                                                                                                       Б.АРИУНБАЯР