Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 361

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч Ө.Ам,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Ц.А, Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Ц.А, Б овогт Г.Х нарт холбогдох эрүүгийн 1918004600322 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Х овогт Ц.А /РД: /, Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

2. Монгол улсын иргэн, Б овогт Г.Х /РД: /, Архангай аймгийн Булган суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн Нарантолгой гэх газраас иргэн Ө.Амий эзэмшлийн 223 толгой буюу олон тооны бог малыг хулгайлж 31.640.000 төгрөгийн хохирол, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Бага сэртэн гэх газраас иргэн Б.Пийн эзэмшлийн 1 толгой адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

яллагдагч Г.Х нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн задгайд өөрийн гэртээ гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж Ц.Агийн хулгайлсан 223 толгой хониноос 1 толгой хонийг авч ашигласан, хохирогч Ө.Амд “мал туусан хүн 96 явна гээд локатар чиглээд хойшоо яваад өгсөн” хэмээн Ц.Агийн хулгайлсан 223 толгой хонийг нуун далдалсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Агийн өгсөн: Мал хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Би бэлчиж байсан хониноос тасалж аваад туух гэж үзээд тасрахгүй болохоор нь тэр чигт нь туугаад явсан. Ө.Амд эхлээд 6.500.000 төгрөг, шүүхийн шатанд 600.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Б.Пийн морийг Төмөрлөгийн үйлдвэрээс уурхай явах замд мал тууж явахдаа унаад явсан. Тэгээд Эрдэнэтийн гүүрний цаана морийг нь тавьсан. Би хохирогч Б.Птэй уулзаагүй, морийг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Хын өгсөн: ...Би Ц.Агаас “юун хонь вэ, хулгай хийгээгүй биз дээ?” гэхэд Ц.А “би хүнээс авах ёстой байсан хонио авсан” гэж хэлээд, “танай хонинд хэдэн хонь тавиад дараа нь авъя” гэхэд нь би дургүйцсэн. Харин Ц.А “нэг хоног танай хонинд байлгаад, маргааш ирж авна” гэхээр нь би өөрийнхөө хонинд тавиулсан. Удалгүй хонины эзэн нь ирж надаас хонь асуухад би “мэдэхгүй локаторын зүг хонь туусан хүн явсан” гэж худал хэлсэн. Хонины эзэн ирэхэд нь Ц.Агийн манайд тавиулсан хонийг хулгайн мал гэдгийг нь мэдсэн. А надад нэг хонь өгье гэхээр нь би нэг хонийг нь идсэн гэх мэдүүлэг,

Хохирогч Ө.Амий өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би Улаанбаатар хотод ажилтай байсан. Миний хувьд хувийн аж ахуйдаа 800 гаруй толгой малтай бөгөөд н.Бөөр малаа маллуулдаг. Тус өдөр н.Б над руу залгаж 200 гаруй толгой хонь дутаад байна гэж хэлсэн. Би 2019 оны 6 дугаар сарын 23-ны орой Улаанбаатар хотоос ирээд, хонио хурга, ишгээр нь ялгаж тоолоход 223 тооны мал дутуу байсан. Би малаа хайгаад Баруун хараа, Зулзага, Зүүн бүрэн, Хушаат, Шарын гол руу явсан. Хушаат руу явж байхдаа, замын хүмүүсээс зайдан морьтой хүн хонь туугаад явж байна гэсэн мэдээлэл авсан. Хөтөл хороололд байдаг н.М гэдэг хүнтэй уулзаж хүрэн зайдан морьтой хүн мал туугаад явсан уу гэж асуухад явж байсан, гэхдээ би уулзаагүй, хонь ямаа туусан хурга ишиг цуварсан явж харагдсан. Харин Г.Хтай тэр мал туусан хүн уулзсан гээд, Г.Хын гэрийг нь надад зааж өгсөн. Би Г.Хын гэрт нь очиж тусгайлан уулзаж “малаа хайгаад олдоггүй ээ, та мал туусан хүнтэй уулзсан гэсэн хаашаа явсан бэ?” гэж асуухад Г.Х нь “өндөр бор залуу байна лээ би уулзаагүй, малыг нь хараагүй, тэр хүн Локатор чиглээд, 96 орно” гээд явж байсан гэж хэлсэн. Бүрэн толгой, 96, Хушаат, Зүүнбүрэн, гол дагуу бүх айлаар орж асуухад тийм хүн яваагүй гэж хэлсэн. Би эргэж ирээд Г.Хтай уулзах гэсэн боловч Г.Х байгаагүй, харин хонийг нь 17-18 насны залуу маллаж байхтай тааралдаж “ах нь малаа хайж байгаа юм аа танай хониноос үзье” гэж хэлээд шүүгээд үзэхэд манай 3-4 хонь Г.Хын малд нь явж байсан. Удалгүй Г.Х эхнэртэйгээ цуг гүйж ирээд, “хонио олов уу” гэж асуухад нь би “оллоо, оллоо танай хонинд байна” гэхэд Г.Х “нийлсэн юм байхдаа” гэж хэлж байсан. Малчин хүн малаа хайж байгаа хүнд ийм зан гаргасанд гомдолтой байгаа. Тэгээд би цагдаагийн газарт энэ талаар мэдэгдэж, Г.Хын малд үзэхэд манай 12 тооны хонь ямаа байсан ба гэрийнх нь гадна  байх ноосонд нь цэнхэр будагтай 32-33 тооны хонины ноос гарсныг цагдаа нар бүртгэж авсан байх. Би Ц.Агаас 7.100.000 төгрөг бэлнээр авсан, Г.Х 225.000 төгрөгийг Ц.Ад өгсөн байлгүй дээ. Одоогоор нэхэмжлэх зүйл гээд байх юм байхгүй. 200.000 орчим төгрөг төлөгдөөгүй дутуу үлдсэн байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Пийн өгсөн: ...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрийн гадаа аргамжаатай байсан миний зээрд морийг чөдөр болон аргамжааг нь тайлаад аваад явсан байсан. Хүрэн зээрд зүсмийн зөв гуяндаа 3 давхар тамгатай, буруу талдаа нэг нуман тамгатай, хамар дээрээ цагаан толботой морь байсан. Би морио буцааж авсан боловч морио хайж зөндөө зардал чирэгдэл болж мөнгө төгрөг орсон, миний морь нуруугаа авсан, хөл нь доголсон байх учир гомдолтой байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196/,

Гэрч Г.Бийн өгсөн: Манай хонь, ямаа 2019 оны 6 дугаар сарын 22-ны үүрээр 04 цагийн үед бэлчээрт гарсан. Хонь, ямаа уулын цаагуур ороод алга болчхоор нь манай хадам ах араас нь орсон. Би 15:00 цагийн үед хадам ах дээр очиход хадам ах “Бөө хонь их цөөхөн харагдаж байна. Чи хар даа” гэхээр нь харахад манай хонь ямааны хэсэг нь байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь гэрийн гадаа тууж авчраад тоолж үзэхэд 220 гаруй хонь, ямаа дутсан байсан. Тэгээд хонь, ямаагаа хайхад Сонинхангай гэх газрын уулын энгэрт 3 хургатай хонь 6 толгой мал байж байсан. Тэгэхээр нь уулын цаад, наад талаар хайж үзэхэд үлдсэн мал нь хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй байхаар нь хулгайд алдсан гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Би Ө.Амгээс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 654 толгой хонь, ямаа хүлээж авсан. Ө.Ам бид 2-ын мал нийлээд 860 гаруй толгой хонь, ямаа байсан байхаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35/,

Гэрч С.Шийн өгсөн: ...10 цаг өнгөрөөгөөд бэлчээрт гарсан хонь, ямааныхаа араас очиход хонь, ямаа маань овоотой толгойн баруун талаар бэлчээд поль руу орсон байсан. Би хажуу талын толгой дээрээс барааг нь хараад сууж байхад полиос мотоциклтой хүн хөөгөөд байхаар нь доошоо буугаад поль руу ороход тортой байхаар нь баруун талаас нь амлаж очоод хонь, ямаагаа тууж гэр лүүгээ явсан. Тэгэхэд хонь, ямаа маань нэг л цөөхөн юм шиг харагдаад байхаар нь тоолж үзэхэд 200 гаруй толгой хонь, ямаа дутуу байсан. Алдсан хонь, ямааны нэг хэсэг нь зөв чих дээрээ он имтэй, баруун чих нь урдаасаа догол имтэй, нөгөөдөх хэсэг нь ганзага имтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Гэрч Б.Сийн өгсөн: ...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр А хулгай хийж ирсэн хонь, ямаагаа манай нөхөр Хт өгч, манай хоньтой нийлүүлсэн байсан. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр А манай гэрт ирээд манай хонинд нийлүүлсэн 152 тооны хонь, ямааг аваад явсан ба би тэр малыг нь тоолж өгсөн. Гэхдээ хурга, ишгийг нь тоолоогүй ба 50-60 тооны хурга, ишиг байсан. Нийт 200 гаруй тооны мал хүрсэн байх. Тэгээд А нь “хонь, ямааг гол гаргаад өгөөч” гэхээр нь Х бид 2 гол гаргаж өгсөн. Харанхуй болоод шүүж чадалгүй 30 орчим хонь ямаа үлдсэн байсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 27-ны орой хүмүүс ирээд манай хонь байна гэж хэлсэн. А нь бид хоёрт шөлний ганц хонь өгсөн. Тэр хонь нь хар толгойтой, хязаалан хонь байсан. А нь хүмүүс авчирч хонины нэхий огтолсон. Тэр үед сайн тоолоогүй 20-30 тооны хонь байсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 39-43/,

Гэрч Б.Аийн өгсөн: ...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манай урдуур 500 орчим метрийн зайд нэг морьтой хүн 100 гаруй хонь, ямаа тууж явсан. Эхнэрийн хамт доош уруудаад явж байтал Х хонио туучихсан явж байсан. Хынх 5 сард гол руу нүүснээсээ хойш хонио огт гаргаж ирдэггүй байсан. Тэр өдөр л хонио гаргаад ирсэн байсан. Х нь нөгөө хонь тууж явсан хүний өмнөөс морьтойгоо явж байгаа харагдсан. Сүүлд хонь нь гол руу явж байгаа харагдсан. Түүнээс хэд хоногийн дараа машинтай 2 хүн ирээд “хонио алдчихлаа. Энэ орчмоор хонь туусан хүн явсан уу?” гэхээр нь би “2-3 хоногийн өмнө хонь тууж яваа хүн харагдсан. Тэр хүнтэй Х уулзсан байх ёстой. Х тэр хүнийг хаашаа явсныг мэдэж байгаа” гээд Хын гэрийг зааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,

Шүүгдэгч Ц.Агийн гэрч болон яллагдагчаар өгсөн: ...хоёр хамар даваад явж байтал хонь, ямаа нийлсэн 200 орчим бог байхаар нь 20 орчмыг нь таслаад авах гэтэл тасрахгүй болохоор нь бүгдийг нь туугаад явсан. Тэгээд Төмөрлөгийн үйлдвэрийн сайжруулсан шороон замын эргэдэг дээр аргамжаатай зээрд морь байхаар нь авч унаад хонио тууж явсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хтай таараад хонио тэдний хоньтой нийлүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Х “хүмүүс ирээд мал асуугаад байна. Хулгайн мал байна. Чи энэ малаа авч янзлахгүй бол бөөн юм болоод байна” гэж утсаар ярихаар нь Хынд очоод хонио ялгаж аваад туугаад явсан. Тэгээд тууж явсан хонь, ямаагаа модтой жалганд үлдээсэн. Хулгайлсан морио Дархан-Эрдэнэтийн засмал зам дээр ирээд сул тавьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49, 87-90/,

Шүүгдэгч Г.Хын гэрч болон яллагдагчаар өгсөн: ...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ц.А нь хүнээс авсан юм гээд тууж ирсэн хонио манай хоньтой нийлүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа нэг хүн ирээд хонь сураглахаар нь “96 чиглээд явсан” гээд худлаа хэлчихсэн. Тэгээд Ц.Атай утсаар яриад “хулгайн хонь юм биш биз дээ? Хүмүүс сураглаж ирсэн” гэж хэлэхэд Ц.А нь хонио авъя гээд орой нь ирсэн. Тэгээд Ц.А нь ирээд хонио ялгаад явахдаа надад 1 хар толгойтой хонь өгсөн. Маргааш нь хонь хайж явсан хүмүүс ирээд манай хонийг шүүж үзээд 10 орчим хонь ямаа нь манай хонинд үлдсэн байсныг мэдсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47, 96-97/,

...малын хашаанд урд хэсэгт хонины ноос овоолсон, түүний ар хэсэгт тусад нь хонины хэсэг ноос ялгасан байгааг Ө.Ам, Г.Б нар “манай хонины ноос байна. Бид нар ноосны өнгө, зүс болон сүүл хэсэгт цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн байгаа цэнхэр өнгийг таньж байна” гэв... гэх мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-12/,

Хохирогч Ө.Ам,  Б.П, иргэн Г.Б нарын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын материал /1-р хх-ийн 13-14, 192/,

Шүүгдэгч Ц.Агийн 99000000 дугаарын утасны ярианы жагсаалт /1-р хх-ийн 17-24/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 26-нэы өдрийн “иргэн Ө.Амий эзэмшлийн 124 толгой хонь, 49 толгой ямаа, 14 толгой ишиг, 36 толгой хурга нь 31.640.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-60/, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “1 толгой эр хонины зах зээлийн үнэ 225.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 66-67/, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “иргэн Б.Пийн эзэмшлийн 1 толгой морины зах зээлийн үнэ 1.000.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 200-201/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Агийн 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн Нарантолгой гэх газраас иргэн Ө.Амий эзэмшлийн 223 толгой буюу олон тооны бог малыг хулгайлж 31.640.000 төгрөгийн хохирол, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Бага сэртэн гэх газраас иргэн Б.Пийн эзэмшлийн 1 толгой адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь бусдын олон тооны мал хулгайлсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг, шүүгдэгч Г.Хын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн задгайд өөрийн гэртээ гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж Ц.Агийн хулгайлсан 223 толгой хониноос 1 толгой хонийг авч ашигласан, хохирогч Ө.Амд “мал туусан хүн 96 явна гээд локатар чиглээд хойшоо яваад өгсөн” хэмээн Ц.Агийн хулгайлсан 223 толгой хонийг нуун далдалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул Ц.А, Г.Х нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч Ц.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Амд  223 толгой хонь, ямааны 31.640.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Пт 1 толгой морины 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас хохирогч Ө.Ам нь 185 толгой хонь, ямааг буцаан авсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Ө.Амий “...Г.Хынхаас 11 толгой хонь, ямаа, цагдаагийн хамтаар хээрээс 174 толгой хонь, ямаа хүлээн авсан. Одоо 38 толгой хонь, ямааны зардал болох 6.560.000 төгрөг, мал хайсан шатахуун, тосны зардал 670.500 төгрөг, нийт 7.230.500 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч Ө.Ам нь шүүгдэгч нараас нийт 7.230.500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.А нь 7.100.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Ө.Ам нь шүүх хуралдаанд үлдэгдэл 130.500 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Б.П нь алдсан морио буцаан авсан боловч тухайн үед морины нуруу, хөл нь гэмтсэний улмаас морио унах боломжгүй болсон, алга болсон морио хайхад гарсан зардлыг шүүгдэгч Ц.Агаас нэхэмжилжээ.

Гэвч хохирогч Б.П нь дээрх зардалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул хохирогч нь холбогдох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.А, Г.Х нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.А, Г.Х нар нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тус тус нотлогдох бөгөөд шүүгдэгч Ц.Агийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ад 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Хт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.Агийн хувьд хохирол төлбөр төлсөн ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж тус зүйл ангийн доод хэмжээнээс бага ял оногдуулж болох хуулийн боломжийг хэрэглэж өгөөч. Шүүгдэгч Г.Хын хувьд одоо 55 нас хүрч байгаа, эхнэртэйгээ хамт амьдардаг, Ц.Агийн хулгайлсан зүйлийг нуун дарагдуулснаас болж гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг заасныг журамлан тус зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ц.А нь бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Г.Х нь Ц.А олон тооны хонь ямаа тууж ирэн түүний хонинд нийлүүлсний дараа хохирогч алдсан хонь ямаагаа сураглаж ирэхэд худал хэлж нуун далдалсан үйлдлийн улмаас хохирогчид учирсан шууд бус хохирол нэмэгдсэн зэрэг тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Агийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овогт Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А, Г.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Агийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Ам нь 130.500 /нэг зуун гучин мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Пийн гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Г.Х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А, Г.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР