Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01162

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02936 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах, 36 секундийн бичлэгийг устгахыг даалгах, хохиролд 14,930,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг устгуулах, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие бизнесээ олонд таниулж, бараа бүтээгдэхүүн сурталчлах болон бусад байгууллагуудыг олонд таниулах ажлаа явуулахын тулд 494,000 дагагч бүхий фейсбүүкийн пэйж хуудас, 293,000 гишүүнтэй фейсбүүкийн групп, 140,000 дагагчтай фейсбүүк пэйж хуудсыг олон нийтийн сүлжээнд ажиллуулдаг.

Гэтэл ******* гэдэг хүн На гэдэг овог Монгол улсад байхгүй, багш магш гэж хуцаад байх юм, Солонгос улсад виз гаргана гэж мөнгө төгрөг авсан байна лээ, чамд бол алмазаас баяжсан мэт амархан санагдаж байгаа байхгүй юу гэх агуулгатай бичлэгүүдийг олон нийтэд цацаж миний ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, гүтгэж доромжилсон.

******* хууль бус бичлэгүүдээс шалтгаалан түлхүүрэн зүүлтийн борлуулалт 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэлх хугацаанд сайн байсан боловч захиалга огцом багасаж, нийт 8,150,000 төгрөг олох ёстой байсан орлогоо алдсан.

Хууль зүйн туслалцаа авах гэрээгээр 3 өмгөөлөгч авч, өмгөөллийн төлбөрт 3,300,000 төгрөг төлсөн, эдгээр бичлэгүүдээс болж сэтгэл санааны дарамт, хямралд орсон, стрессээс үүдэлтэй зүрхний хэм алдах эмгэгтэй болсноос сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх зардалд 3,480,000 төгрөг төлсөн.

Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, 36 секундийн бичлэгийг устгахыг даалгаж, хохиролд 14,930,000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. Хариуцагч ******* нь өөрөө фейсбүүк хаягтаа машин болон байрныхаа зургийг оруулсан байсан. Үүнийг нь үзлэг хийсэн баримтаас харахад 600,000 гаруй хүн надаас түрүүлж үзсэн байсан. Машинтай зураг нь 2025 оны 02 дугаар сард, цагаан сарын үеэр оруулсан зураг байсан. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийнхөө орон сууцанд байгаа зургаа тавьсан, 687,000 хүн үзсэн зургууд байсан, би үзсэнийхээ дараа пост оруулсан нь хариуцагчийн нэр төрд халдаж, доромжилсон зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Хариуцагчийн оруулсан бичлэгүүд нь нэхэмжлэгчид хандсан гэх ойлголт төрүүлэхгүй. Нэхэмжлэгчид хандаж хийгээгүй бичлэгийг нэхэмжлэгч өөртөө тусгаж хүлээж авсан байна. Өөрийн цахим орчинд бичлэг хийж оруулахдаа хэн нэгний нэрийг онцолж дурдаагүй, хариуцагчийн нийтэлсэн бичлэгт зориулж сэтгэгдэл үлдээхийг хүмүүст уриалаагүй, зарж байгаа зүүлтэд хохирол учруулаагүй. Тэдгээр зүйлс нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүрэн тоогоороо хадгалагдаж байгаа.

Өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгч авч үйлчлүүлж байгаад нь хариуцлага хүлээх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь сэтгэл зүйн хямралд орж, сэтгэл зүйчээс үйлчилгээ, зөвлөгөө авсан асуудал нь хариуцагчаас болсон гэх баримтгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

2.2. ******* нь миний огт хэлээгүй, хийгээгүй үг үйлдлийг хийсэн, ярьсан мэтээр гүтгэж бичвэр болон бичлэг хийж цахим орчинд нийтлэхдээ миний овог нэр, зураг болон өмчийн талаарх мэдээллийг бусдад дэлгэсэн үйлдэл нь миний нэр хүндийг гутааж, цаашлан ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж эрхэлдэг цахим худалдаанд сөргөөр нөлөөлж байна.

2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* нь миний тухай мэдээллийг нийтлэн бусдад тараахдаа цахим хаяг болох ******* гэж бичээд машин болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн хамт миний зургийг хавсаргаад ...бусдыг ална, зодно гэж заналхийлдэг..., хятад гэж гүтгэсэн... гэх мэтээр сэтгэгдлээ бичвэр болгон оруулсан, тухайн өдрийн дүрс бичлэгийг нийтлэхдээ ...гэрээс чинь чирч гаргаж ирээд алгадна гэж заналхийлж байна...шөнө оройн цагаар чатаар дайрч давшилж байна... гэж миний огт хэлээгүй, хийгээгүй үйлдлийг хийсэн болгож ярьсан.

Иймд миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг устгуулах, тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг *******д даалгаж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3., 511 дүгээр зүйлийн 511.2.-т заасныг баримтлан хариуцагч ******* цахим орчин дахь ******* гэх нэртэй нүүр номын хуудсанд нийтлэгдсэн 2025.03.18-ны өдрийн На гэдэг овог Монгол улсад байхгүй шүү гэх кирилл галиг бичвэртэй 49 секундын дуу, дүрс бүхий бичлэг, 2025.03.21-ний өдрийн Meta temdeg buten ovog nereere awdag shu sorry гэх латин галиг бичвэртэй 1 минут 03 секундын дуу, дүрс бүхий бичлэгүүд, 2026.01.12-ны өдрийн 36 секундын дуу, дүрс бүхий бичлэг зэргээр нэхэмжлэгч ******* нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг, 2026.01.12-ны өдрийн 36 секундын бичлэгийг устгахыг тус тус хариуцагч ******* даалгаж,

нэхэмжлэлээс хохиролд 14,930,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг болон хариуцагч ******* өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг устгуулах, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэгч *******д холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,200 төгрөгийг, хариуцагч *******гаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* нь миний тухай мэдээллийг өөрийн цахим хаягаас нийтлэн бусдад тараахдаа цахим хаяг болох Delgermee renten ochir гэж бичээд ямар машин болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн хамт миний зургийг хавсаргаад "... бусдыг ална зодно гэж заналхийлдэг..., хятад гэж гүтгэсэн..." гэх мэтээр сэтгэлдлээ бичвэр болгон оруулсан, тухайн өдрийн дүрс бичлэгийг нийтлэхдээ ".. гэрээс чинь чирч гаргаж ирээд алгадан гэж заналхийлж байна.. "шөнө орой цагаар чатаар дайрч давшилж байна.." гэж миний огт хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, ******* миний нэр төр, алдар хүндийг гутаасан. Шүүхээс үүнийг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн бусдын нэр төр гутаасныг зөвтгөж, хэргийн үйл баримтад алдаатай хууль зүйн дүгнэлт хийж, үйл баримтыг гуйвуулж, нотлох баримт буруу тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн нэр төр, алдар хүндэд холбогдох хэсгийг нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 36 секундийн бичлэгийг устгахыг даалгах, олох ёстой байсан орлого 8,150,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 3,300,000 төгрөг, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэхэд гаргасан зардал 3,480,000 төгрөг, нийт 14,930,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг устгуулах, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хариуцагч ******* нь өөрийн ******* нэртэй фейсбүүк хуудаст дараах 3 удаагийн дуу, дүрсний бичлэг нийтэлсэн:

- 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн На гэдэг овог Монгол улсад байхгүй шүү гэх дуу, дүрсний бичлэгт ... Сургалт гэж ямар юм, сургалтын төв гэж ямар юм, багш гэж хэнийг хэлдэг юм. Ямар зөвшөөрлөөр өөрийгөө багш гэж цоллоод байгаа юм. Хүний гар дээр юм тавиагүй байж хүний тархийг эргүүлж 10 сая, 100 сая, тэрбум төгрөг ол гэж ингэж явж байгаа таны зөв юм уу ... гэх,

- 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Meta temdeg buten ovog nereeree awdag shu sorry /Мета тэмдэг бүтэн овог нэрээрээ авдаг шүү, сорри/ гэх дуу, дүрсний бичлэгт ...Чамд бол алмазаас баяжсан шигээ амархан яриад байгаа байхгүй юу, миний хувьд бол тийм биш, надад ганцхан ХААН банкны данс байдаг, 8,000 шавьтай гэж яриад байдаг, хэдэн төгрөг орж ирсэн юм бэ, татвар төлсөн юм уу. 8000 шавь нараас чинь хэд нь тэрбумтан болсон бэ, сайн муу талыг нь хэлж өгөх ёстой. Сургалтаар цөм хийгээд, алмазаар цөм хийгээд чи амархан юм яриад байгаа байхгүй юу, өөрөө амьдралын замналаа ойлгосон хүн бол хүнд тэгж хэлэхгүй, хүний мөнгийг хайрлана. Тэгэхэд чи хайр найргүй саятан бол, тэрбумтан бол, ингэж сургалтын мөнгө авах гэж байгаа байхгүй юу... гэх,

- 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дуу, дүрсний бичлэгт ... Хүсэл биелүүлдэг хүзүүний зүүлт гэж үхсэн ацаа яриад байгаа юм бэ. Нэг хэсэг багш нь багш нь гээд л солиороод байдгаа больчихсон байсан чинь худлаа ярьж худлаа сурталчилгаа их хийгээд нэг хэдэн юмтай боллоо гэж яриач. Чи нэг хүзүүний зүүлт зүүгээд л юмтай болоод байдаг сонин л байна.. Хүзүүндээ түлхүүрэн зүүлтээ зүүсээр байгаад л хүсэл мөрөөдөл зорилгынхоо үүдэнд ирээд энд ингээд баярлаад бүгдийг нь биелүүлээд зогсож байна. Зүүсэн байгааг нь харахад *******гийн зүүдэг платинум 950-р хийдэг, мозайнит даймонд хүсэл мөрөөдөл биелүүлдэг түлхүүрэн зүүлт авъя гэж маш их хүмүүс асуудаг гэх агуулга тус тус тусгагджээ.

Уг бичлэгүүдийг шүүхээс үзлэг хийн бэхжүүлэхэд 921,000 хүн үзэж, 1,100 сэтгэгдэл бичиж, 691 удаа бусдад хуваалцаж, нэхэмжлэгчийг элдэв үг хэлээр доромжилсон, үгүйсгэсэн 450 удаагийн сөрөг сэтгэгдэл бичигдсэн байжээ.

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь өөрийн ******* гэх нэртэй фэйсбүүк хуудсанд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн дуу, дүрсний бичлэгт: Бизнес эрхлэгч болох гэж байгаа хүмүүстээ юм зааж өглөө л бол гэрээс чинь чирч гаргаж ирээд үсдэн, зодно, алгадна гэж заналхийлж байна.. Орой унтуулахгүй чатаар дайрч байна. Ингэж хүмүүсийг айлгаж болдог болсон юм уу. Сошиалд олон дагагчтай бүдүүлэг зан, бүдүүн дуундаа эрдсэн ганц хоёр хүн өөрсдөө өдөр бүр лайв хийж бараа зарж ашиг орлого олж, G class унаж, шинэ орон сууц байр авч байгаагаа хүмүүст харуулж гайхуулж байдаг. Хэл амтай бүдүүлэг хүмүүсээс айгаад энийг заахаа болино гэж байхгүй, бүр илүү заана шүү... гэх агуулга тусгагдсан байна.

 

3.2. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн аль нь цахим орчинд аж ахуйн үйл ажиллагаа буюу бараа худалдах, сурталчлах үйл ажиллагаа эрхэлдэг.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.

 

4. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь хариуцагч тодорхой мэдээлэл тараасан эсэх, тухайн мэдээлэл нь өөрт нь хамааралтай буюу өөрийг нь чиглэсэн эсэх, мэдээлэл нь олон нийтэд хүрсэн, мөн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх чадвартай эсэх, үүний үр дагавар буюу хохирлыг нотлох үүрэг хүлээнэ.

Харин хариуцагчийн хувьд нийтэлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нотлох үүрэгтэй.

 

4.1. Хэрэгт нэхэмжлэгч ******* Facebook хуудсаар дамжуулан эрхэлж байсан бараа, эд зүйл худалдах, сурталчлах, худалдаа, бизнесийн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хохирол учруулсан, эсхүл хууль бус болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, баримт хэрэгт авагдаагүй.

Үүнийг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч ******* нь өөрийн ******* нэртэй Facebook хуудсаар нийтэлсэн дүрс, дууны бичлэгүүдээр нэхэмжлэгчийн эрхэлж буй үйл ажиллагааг нотлох баримтгүйгээр буруутгах, хувийн дүгнэлт, зүй бус үг хэллэг ашиглан олон нийтэд сөрөг, буруу ойлголт төрүүлэх агуулгатай мэдээлэл түгээсэн нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Нотлох үүргийн хуваарилалтын хүрээнд хариуцагч нь өөрийн нийтэлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

4.2. Мөн шүүхээс хариуцагчийн нийтэлсэн дуу, дүрсний бичлэгт нэхэмжлэгчийн нэрийг шууд дурдаагүй боловч агуулга, нөхцөл байдлаас үзэхэд үзэж, сонссон этгээдүүд тухайн мэдээллийг *******тай холбон ойлгосон болох нь уг бичлэгүүд өргөн хүрээнд тарж 921,000 хүн үзэж, 1,100 сэтгэгдэл бичигдэж, 691 удаа хуваалцаж, нэхэмжлэгчийг доромжилсон болон үгүйсгэсэн 450 удаагийн сөрөг сэтгэгдэл үүссэн үйл баримтаар тогтоогдсон гэж зөв дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс хариуцагч ******* цахим орчин дахь ******* гэх нэртэй нүүр номын хуудсанд нийтлэгдсэн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн На гэдэг овог Монгол улсад байхгүй шүү гэх кирилл галиг бичвэртэй 49 секундийн дуу, дүрс бүхий бичлэг, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Meta temdeg buten ovog nereere awdag shu sorry гэх латин галиг бичвэртэй 1 минут 03 секундийн дуу, дүрс бүхий бичлэгүүд, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 36 секундийн дуу, дүрс бүхий бичлэг зэргээр нэхэмжлэгч ******* нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 36 секундийн бичлэгийг устгахыг тус тус хариуцагч ******* даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт нийцжээ.

 

4.3. Үндсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ талаарх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт, нотлох үүргийн хуваарилалт, шийдэл үндэслэлтэй.

 

5. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь өөрийн ******* нэртэй Facebook хуудсаар 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуу, дүрсний бичлэг нийтэлж, уг бичлэгт хариуцагч ******* Facebook хуудсанд өмнө нь нийтлэгдсэн гэрэл зургуудыг ашиглан байр сууриа илэрхийлсэн болох нь тогтоогдсон.

 

5.1. Гэхдээ дээрх ******* нийтэлсэн мэдээллийг хариуцагчийн талаар худал, ташаа, бодит байдалд үл нийцсэн, эсхүл нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсгийн агуулгаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гэж үзэхийн тулд тухайн мэдээлэл нь бодит баримтыг гуйвуулсан, худал, ташаа, эсхүл бүрэн гүйцэт бус байдлаар түгээж, улмаар тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагавар учруулсан болох нь нотлогдох шаардлагатай.

Харин энэ хэрэгт ******* нийтэлсэн бичлэгт ашигласан гэрэл зургууд нь хариуцагчийн өөрийн Facebook хуудсанд өмнө нь нийтлэгдсэн нээлттэй эх сурвалжаас хуулбарлагдсан байх бөгөөд бичлэгийн агуулгыг ******* талаар худал, ташаа, эсхүл бодит байдлыг бүрэн гүйцэт бус илэрхийлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй.

Хариуцагч ******* нь уг бичлэгийн улмаас өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, эсхүл эд хөрөнгийн бодит хохирол учирсан талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

5.2. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт, нотлох үүргийн хуваарилалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

 

5.3. Түүнчлэн анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь харилцан зөрчилтэй бус, харин талуудын нотлох үүргийн хуваарилалт, баримтаар тогтоогдсон үйл баримтад үнэлэх журамд нийцсэн байна.

Учир нь хариуцагчийн нийтэлсэн мэдээлэл нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан шинжтэй болох нь тогтоогдсон, хариуцагч мэдээллийн үнэн зөвийг нотлоогүй, харин сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн нийтэлсэн бичлэгийг худал, ташаа, эсхүл нэр хүнд гутаасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн саналд нотлох баримт үнэлэх журамд нийцүүлэн дүгнэлт өгсөн байгааг дурдвал зохино.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Т.БАДРАХ