Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 363

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г.Дд холбогдох эрүүгийн 1808047731538 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б овогт Г.Д /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын пүүлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолт нь шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн гадна иргэн Ц.Доаас “Утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад өгье” гэж хэлэн түүний Самсунг Галакси Эс-6 загварын гар утсыг нь авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Дий өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би Улаанбаатар хотод “Драгон” руу очоод явж байсан. Утсаар ярих шаардлага гараад миний утас унтарсан байсан тул тэр ахаас утсаар чинь нэг яриад өгье гээд утсыг аваад ярьсан. Тэгээд утсыг өгөх гээд очсон чинь машинд хийчих гэхээр машинд оруулаад голын тавиур дээр тавьсан. Тэгтэл найз охин тэр утас руу залгахаар нь авчихсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Доын өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 зорчигч авахаар “Драгон” төв дээр байж байхад нэг залуу Дархан явна гээд машинд суусан. 20 минутын дараа нэг эмэгтэй ирээд суусан. Тэгэхэд тэр залуу “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад өгье” гээд миний гар утсыг гуйгаад авсан. Би гар утасныхаа кодыг гаргаж өгчхөөд машинаасаа буугаад 7-8 минут болоод машиндаа суухад нөгөө залуу машинаас буугаад явчихсан байсан. Тэгээд сүүлд суусан эгчээс асуухад “гар утсаар ярьж байгаад буугаад явчихсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд “Драгон” төвөөр тэр залууг хайгаад олоогүй. Өөрийнхөө гар утас руу 10 гаруй удаа залгахад авахгүй байж байгаад сүүлийн 3 дуудлагыг тасалж байгаад утас унтраачихсан. Тэгээд “Драгон” төвийн цагдаад гомдол гаргасан. Одоо надад гомдол санал байхгүй. Тэр залуутай уулзаж гар утасны хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16, 2-р хх-ийн 24/,

Шүүгдэгч Г.Дий гэрчээр болон яллагдагчаар өгсөн: ...жолоочоо гар утсыг нь гуйж аваад найз руугаа ярьж байгаад машинаас буугаад “Драгон” төвөөс жоохон холдож байгаад такси бариад “Теди” гар утасны худалдааны төвд очоод үүдэнд нь зогсож байсан танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зарж борлуулсан... /1-р хх-ийн 19/, ...миний гар утасны цэнэг дуусчихсан байсан болохоор машины жолооч ахын гар утсыг гуйж аваад найз охин Баярцэцэг рүү залгаад ярьж байгаад машинаас буугаад гар утсыг нь тэр чигтээ аваад явчихсан юм... гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 42-43/,

Хохирогч Ц.Доын 95114449 дугаарын утасны ярианы жагсаалт /1-р хх-ийн 10-12/,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын “Самсунг Галакси Эс-6 эдже загварын гар утас 270.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 22-23/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.2. Мөн шүүгдэгч Г.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцын түгээгч Ц.Ад тээврийн хэрэгсэл дотор байсан иргэн В.Тгийн Голомт банкны виза картаар төлбөр хийнэ гэж итгүүлэн, 63-80 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 65.65 литр АИ-92 шатахуун хийлгүүлэн авч, 130.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Дий өгсөн: Машинд бензин авсан хэрэг бол найзынхаа машинтай явж байгаад найзынхаа машинд бензин хийлгэсэн. Машин дотор найзын карт байсан, мөнгө нь хүрэхгүй байсан. Тухайн картын нууц дугаарыг мэдэхгүй. Тухайн үед л ийм асуудал болсон. Дахин ийм хэрэг хийхгүй. Өөртөө дүгнэлт өгсөн, гэмшиж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Аын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн Шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхад 63-80 ДАХ улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашин ирээд жолооч нь шатахууны хайрцгийг дүүргэчих гэж хэлсэн. Шатахууны хайрцгийг дүүргэхэд 130.000 төгрөгийн АИ-92 бензин болсон. Тэгээд жолооч нь Володяагийн Т гэсэн Голомт банкны карт өгөөд нууц дугаар нь 0809 шүү гэсэн. Тэгээд пос машин дээр очоод картыг уншуулахад нууц дугаар буруу гэхээр нь буцаад нөгөө машин дээр очиход зугтаачихсан байсан. Жолооч нь 20-30 насны, алаг нүдтэй залуу байсан. Тэгээд саяхан 2-3 хоногийн өмнө ээж нь гэх хүн ирээд бензиний мөнгийг төлөөд хохиролгүй болгосон. Одоо ямар нэгэн гомдол байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-138/,

Гэрч В.Тийн өгсөн: ...Дтэй таараад түүний буудалласан өрөөнд архи ууж хамт хоносон. Өглөө 6 цаг өнгөрч байхад босоход миний машиныг Д унаад Улаанбаатар луу явчихсан байсан. Би архи уучихсан байсан тул машины түлхүүрээ Дд өгчихсөн байсан байх. Цагдаа нар манай гэрт ирээд “танай машин Шатахуун түгээх станцаас 130.000 төгрөгийн шатахуун аваад мөнгийг нь төлөхгүйгээр явчихсан байна” гэж хэлсэн. Сүүлд хэд хоногийн дараа Дий аав манай машиныг Улаанбаатараас авчирч өгсөн. Машинд ямар нэгэн гэмтэл эвдрэл үүсээгүй байсан. Одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146, 150/,

Гэрч Р.Агийн өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр над руу 95113347 дугаараас “Дий найз байна. Д гэртээ байгаа юу? Өчигдөр миний машиныг гуйгаад аваад явсан чинь авчирч өгсөнгүй” гэж ярьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147/,

Гэрч Ч.Дийн өгсөн: ...саяхан манайд цагдаа орж ирээд манай машиныг танихгүй хүн унаад Шатахуун түгээх станцаас 130.000 төгрөгийн бензин залилж аваад Улаанбаатар хот руу явсныг мэдсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149/,

Хохирогч Ц.Ааас Голомт банкны Вийн Т 9000000000000000 дугаар бүхий цэнхэр өнгийн виза картыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 132-133/,

Эд мөрийн баримтаар хураан авсан Голомт банкны Вийн 9000000000000000 дугаар бүхий цэнхэр өнгийн виза картыг эзэмшигч В.Тд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 134/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолт нь шүүгдэгч Г.Дий дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн бол шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн үйл явцаас үзэхэд Г.Д нь хохирогч Ц.Доын гар утсыг гуйж ярьчхаад машин дотор ороод сууж байсан, утсыг машин дотор голын тавиур дээр тавьсан байсан. Гэтэл тэр утас руу нь найз охин нь залгаад дуугарахаар нь аваад гарсан. Үүнээс үзэхэд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэж байна. Энэ талаар хүсэлт гаргаж дахин асуулгахад Г.Д утсаар ярьчхаад буцааж утсыг нь тавьсан, дараа нь утсыг нь аваад гараад явсан гэж мэдүүлдэг. Иймд хохирлын хэмжээ багаас доош буюу 300.000 төгрөг хүрэхгүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Хэдийгээр шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би Улаанбаатар хотод “Драгон” руу очоод явж байсан. Утсаар ярих шаардлага гараад миний утас унтарсан байсан тул тэр ахаас утсаар чинь нэг яриад өгье гээд утсыг аваад ярьсан. Тэгээд утсыг өгөх гээд очсон чинь машинд хийчих гэхээр машинд оруулаад голын тавиур дээр тавьсан. Тэгтэл найз охин тэр утас руу залгахаар нь авчихсан“ гэж мэдүүлж байх боловч энэ байдал нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Доын “2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 зорчигч авахаар “Драгон” төв дээр байж байхад нэг залуу Дархан явна гээд машинд суусан. 20 минутын дараа нэг эмэгтэй ирээд суусан. Тэгэхэд тэр залуу “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад өгье” гээд миний гар утсыг гуйгаад авсан. Би гар утасныхаа кодыг гаргаж өгчхөөд машинаасаа буугаад 7-8 минут болоод машиндаа суухад нөгөө залуу машинаас буугаад явчихсан байсан. Тэгээд сүүлд суусан эгчээс асуухад “гар утсаар ярьж байгаад буугаад явчихсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд “Драгон” төвөөр тэр залууг хайгаад олоогүй. Өөрийнхөө гар утас руу 10 гаруй удаа залгахад авахгүй байж байгаад сүүлийн 3 дуудлагыг тасалж байгаад утас унтраачихсан. Тэгээд “Драгон” төвийн цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16, 2-р хх-ийн 24/-ээр үгүйсгэгдэж байх ба хохирогч Ц.Доа нь мөрдөн байцаалтын шатанд гэрч болон хохирогчоор 3 удаагийн мэдүүлэг өгөхдөө байнга тогтвортой мэдүүлэг өгч байсан тул түүний мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Дий 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн гадна иргэн Ц.Доаас “Утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад өгье” гэж хэлэн түүний Самсунг Галакси Эс-6 загварын гар утсыг нь авч 270.000 төгрөгийн учруулсан үйлдэл нь бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжээрээ, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцын түгээгч Ц.Ад тээврийн хэрэгсэл дотор байсан иргэн В.Тгийн Голомт банкны виза картаар төлбөр хийнэ гэж итгүүлэн, 63-80 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 65.65 литр АИ-92 шатахуун хийлгүүлэн авч, 130.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүх шинжийг тус тус бүрэн агуулж байх тул Г.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч Г.Дий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Доад 270.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Ад 130.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Доын “...Одоо надад гомдол санал байхгүй. Тэр залуутай уулзаж гар утасны хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16/, “...Дөөс гар утасны үнэ болох 1.000.000 төгрөгийг авсан. Одоо санал гомдол байхгүй...” хүсэлт /2-р хх-ийн 25/, хохирогч Ц.Аын “...Тэгээд саяхан 2-3 хоногийн өмнө ээж нь гэх хүн ирээд бензиний мөнгийг төлөөд хохиролгүй болгосон. Одоо ямар нэгэн гомдол байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-138/, “...хохирлоо бүрэн барагдуулж  авсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /1-р хх-ийн 171/-ээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Д нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тус тус нотлогдох бөгөөд шүүгдэгч Г.Дий гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсннийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Дд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Г.Д нь бусдад асар их хохирол учруулаагүй, ердөө 130.000 төгрөг, 270.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийн асуудал, шүүгдэгч нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Энэ хохирлын хувьд шүүгдэгч нийгэмд аюултай биш, түүний үйлдэл нь ч нийгэмд аюултай биш, цаашид сурч хүмүүжихэд нь анхаарч хорихгүй байх талаар анхаарч өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Г.Дий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Дий 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Дий цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР