| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0368/Э |
| Дугаар | 378 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 378
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Б.Дд холбогдох эрүүгийн 1918005550435 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Б.Д /РД: /, Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “.........” зочид буудлын 218 тоот өрөөнд О.Батай маргалдан ноцолдож, улмаар архины шилээр О.Быг цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархай, дагз, дух, хамарт шарх, зулайн хуйх, баруун бугалга, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, цээжний урд дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Дийн өгсөн: Тухайн өдөр Болд-Эрдэнэ бид хоёр хамт байсан. Т, Ба нарыг дуудсан. Ттай хуучин найзууд учир бие биенийгээ мэддэг. Хамт архи ууж байгаад маргалдаж ийм гэмт хэрэг гарах болсон. Хохирогч О.Ба бид хоёр үл ойлголцоод зодолдохдоо ширээн дээр байсан архины шилээр хохирогчийг цохисон. Хохирогчид 1.000.000 төгрөг өгсөн. Үүнээс өмнө эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өгсөн. Мөн хохирогчид томографын зураг авахуулах тал дээр нь тусалсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч О.Бын өгсөн: ...архи ууж сууж байгаад Д бид хоёр нэг нэгийнхээ хэлж ярьж байгааг ойлголцохгүй үг зөрсөн. Яг юу ярьж, юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Тэгээд бид 2 зодолдъё гэж байгаад больсон. Үргэлжлүүлэн архи ууж байгаад би нэлээн согтоод тасарсан. Нэг мэдэхэд миний толгой битүү цус болчихсон байсан. Д архины шилээр толгой руу цохихоор нь түүнтэй зууралдаж авсан. Тэгсэн Болор-Эрдэнэ, Н нар салгаж байсныг санаж байна. ...Надад одоо ямар нэгэн санал хүсэлт гээд байх зүйл байхгүй. Улаанбаатар хотод хувиараа эмчилгээ хийлгэж 1.000.000 орчим төгрөгийн зардал гарсныг Д барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч Д.Оийн өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр миний төрсөн эгч Оюунцэцэг нь Улаанбаатар хотоос “Ба нь “.........” зочид буудалд хүнд зодуулсан байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “.........” зочид буудалд очиход манай хүргэн ах Ба нь согтуу, хамар нь сэтэрч цус нь гоожсон байдалтай хамт архи уусан 2 хүний хамт зочид буудлын гадаа сууж байсан. Тэгээд би хүргэн ахыг аваад эмнэлэгт хүргэж өгөөд үзүүлсэн. Бын хамрын арьс нь хуурсан, толгойдоо 2 оёдол хийлгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч Я.Тын өгсөн: ...219 тоот өрөөнд унтаж байхад хажуу өрөөнд шуугилдаад наадахаа хойш нь аваач гээд орилоод түжгэнэх чимээ сонсогдохоор нь 218 тоот өрөө рүү орсон. Тэгэхэд Дийг Бо нь урдаас нь хойшоо бай гэчихсэн, Н гэх залуу нь Бын урдаас тэвэрчихсэн байдалтай байсан бөгөөд Бын толгой хагарчихсан, нүүр рүү нь цус урсчихсан, хамар нь зүсэгдэж цус гарсан байдалтай, Дийн зүүн нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Ба нь Д рүү орилоод зодолдох гээд байгаа бололтой дайрч давшлаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч Х.Боийн өгсөн: ...унтаж байхад юм түжгэнээд шил хагарах чимээ сонсогдохоор нь сэрэхэд Д, Ба нар бие биенээ заамдаад хоорондоо зууралдчихсан байдалтай ноцолдоод орон дээр хэвтэж байсан. Тэгээд би Дийг Н Быг татаж салгасан. Тэр үед Бын толгой хагарчихсан, хамар нь сэтэрчихсэн цус болсон байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч Т.Тийн өгсөн: ...харин 218 тоот өрөөнд хүмүүс орилолдох чимээ гарахаар нь ороход Д, Ба нар хоорондоо заамдалцаад дээр доороо орсон байдалтай ноцолдож байсан. Бын нүүр нь нил цус болчихсон, Дийн зүүн нүд улайчихсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Гэрч О.Мийн өгсөн: ...тэгээд хоёр өдрийн дараа Д надад “хүнтэй маргалдаад толгойг нь цохиод гэмтээчихлээ. Цагдаа дээр асуудалтай болчихлоо” гэдгээ хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч Б.Бийн өгсөн: Т, Д нар маргалдахад О.Ба нь Тыг өмөөрөөд Дтэй маргалдсан. Д ууж байсан архины шилээ ширээ дээр цохиж хагалаад Быг цохих гээд байхаар нь би Дийг тайвшруулсан. Тэгээд үргэлжлүүлэн архи ууж байгаад би нэлээн согтоод тасарчихсан байсан. Нэг мэдэхэд Н гэдэг залуу ирчихсэн, Бын толгойноос цус гарчихсан, хамар нь сэтэрчихсэн байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 00 дүгээр баг, “.........” зочид буудлын 218, 219 тоот өрөө байх ба өрөө дотор эмх замбараагүй, орны цагаан хэрэглэл нэлэнхийдээ цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, “Хараа” нэртэй архины шил хагарч шалан дээгүүр цацарсан байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/,
Шүүгдэгч Б.Д нь 1.19 хувийн согтууралтай гэх тэмдэглэл /хх-ийн 12/,
О.Бын дух, хамар толгойн орой хэсэгт зүсэгдсэн шархнуудтай, 2 мөрөнд зурагдсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-32/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 667 дугаартай “О.Бын биед зүүн чамархай, дагз, дух, хамарт шарх, зулайн хуйх, баруун бугалга, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, цээжний урд хэсэгт зулгарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Дийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “.........” зочид буудлын 218 тоот өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэх явцдаа О.Батай маргалдаж, улмаар архины шил хагалан О.Быг цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархай, дагз, дух, хамарт шарх, зулайн хуйх, баруун бугалга, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, цээжний урд дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Б.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Бын биед зүүн чамархай, дагз, дух, хамарт шарх, зулайн хуйх, баруун бугалга, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, цээжний урд дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч О.Бын “...Надад одоо ямар нэгэн санал хүсэлт гээд байх зүйл байхгүй. Улаанбаатар хотод хувиараа эмчилгээ хийлгэж 1.000.000 орчим төгрөгийн зардал гарсныг Д барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Д нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, шийтгэх тогтоолын хуулбар /52-54/, Д.Нм, Д.Нс нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56-57/, шүүгдэгчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64/ зэргээр нотлогдох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хувиараа гэртээ гагнуурын ажил хийж сард 700.000-800.000 төгрөг олдог. Гэр бүлээ авч явдаг зэргийг харгалзан үзэж хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д нь .................... шүүхийн 2018 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дээрх торгох ялаас 1.500.000 төгрөгийг төлж, 3.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/2050 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Иймд Б.Дд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ял дээр дээрх 5.400.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 3.900.000 төгрөгийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4.500.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй юм.
Шүүгдэгч Б.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд сар бүр 187.500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ял дээр .......... шүүхийн 2018 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 3.900.000 төгрөгийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд сар бүр 187.500 /нэг зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР