Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01064

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 3 дугаар гудамж 5 тоотод оршин суух Шаавай овгийн Рагчаагийн Амарзаяа

     Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг Рашаант 3 дугаар гудамж 15 тоотод оршин суух Бөхчүүд овгийн Дамдинсүрэнгийн Гансүх

Эцэг тогтоолгох, 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

      Нэхэмжлэгч Р.Амарзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Амарзаяа би Гансүхтэй 2013 оны өвөл танилцаж, 7 дугаар сарын 13-аас эхлэн нэг гэрт амьдарсан. Гансүх өмнө нь гэр бүлтэй, тэр хүнээсээ гэр бүлээ цуцлуулаагүй байгаа гэдэг байсан. Би ч мөн адил гэр бүлтэй байгаад гэр бүлээ цуцлуулсан байсан. Хоёулаа адилхан өмнө нь гэр бүлтэй байсан учраас хоёр дахь амьдралдаа дахин алдахгүй хэн аль нь хичээх байх гэж бодож энэ хүнтэй хамт амьдарсан. Би өмнөх гэр бүлдээ 2 хүүхэд төрүүлсэн байсан учраас Гансүхтэй хамт амьдрах хугацаандаа хүүхэд төрүүлэхийг нэг их яарахгүй байсан. Гансүхтэй гэрлэлтээ батлуулсаны дараа хүүхэд төрүүлнэ гэж дотроо боддог байсан. Гансүх ч өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулна гэж ярьдаг байсан гэтэл тэр эмэгтэй нас барсан гэсэн. Ингээд нас барсанаас нь хойш 1 жил өнгөрч байж гэрлэлтийг цуцалдаг гэнээ гэж өөрөө ярьсан. Энэ хугацаанд Гансүх намайг хүүхэд төрүүлж өгсөнгүй, миний хүүхдийг чиний сав тээж чадахгүй байна уу гэх мэтээр эрүүлдээ ч, согтуудаа ч байнга л хэрүүл хийдэг байсан. Тэрээр архи ууж агсан тавьж намайг зоддог. таксинд явж байна нэрээр шөнө дунд гэртээ ирж хоол хийж өг гэж загнаж, гэрийнхээ хамаг л эд зүйлийг эвдэж, хагалдаг байсан тул хүүхдийг нь гаргавал гайгүй болох юм болов уу гэж бодоод хүүхэд төрүүлэхээр шийдсэн.

Ингээд би 2015 оны 08 дугаар сарын 26-нд хүү төрүүлсэн. Хүүгээ төрсөнөөс хойш УБ хотод ажил хийж, хүү бид 2-т мөнгө явуулдаг байсан. Харин 11 дүгээр сараас эхлэн машин худалдан авч таксинд явж мөнгө олно гэж эхэлсэн. Таксинд явсанаасаа хойш шөнө дунд орж ирнэ, гар утсаа байнга нуудаг, архи уудаг зэргээр зан авир нь эвдэрч эхэлсэн. 2016 оны 5 дугаар сараас хойш гэртээ ирэхээ больсон, биеэ өвдөхөөр гэртээ ирж ёолж орилно. Биеэ эмчлүүлж эмнэлэгт хэвтэж, хувийн эмнэлгээр явж гайгүй болохоороо хэд хоногоор алга болдог. Сүүлийн үед олон удаа зодсон, энэ оны 5-р сард зодож хавиргыг минь хугалсан. 6-р сард архины мөнгө өг гэж зодоод нүд рүү цохиж хөх няц болгосон, сая 8-р сарын 27-нд хүүтэйгээ эмнэлэгт хэвтээд гарч ирэхэд гэртээ хүүхэн авчирч хонож гэрээр архи дарс болсон, ор дэрээ ч хураагаагүй аймаар болгосон

байсан тул утсаар хэлэхэд бөөн хэрүүл хийж, намайг үснээс зулгаан гутлаараа өшиглөж зодсон ба хүүгээ аваад явсанаа ээждээ ориход явсан байсан. Маргааш нь эмнэлгээс гарч түүний араас очиход дүүгийнхээ найз эмэгтэйтэй хөдөө явж хоноод ирж явахад нь би такси хөлсөлж очиж нүдээрээ харсан. Гансүхэд удаа дараа зодуулсан учраас цагдаад гомдол гаргасан байгаа. Одоо энэ хүнтэй цаашид хамт амьдрахгүй болсон тул дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хүү Мөнх-Очирын эцгээр Д.Гансүхийг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, Машиных нь мотор нь эвдэрсэн тул танил Мөнхгэрэлээс 1 000 000 төгрөгийг өдрийн зээл, 50 хоногийн дараа 1 200 000 төгрөг болгож өгөхөөр авсан тул Д.Гансүхээс 1 200 000 төгрөг нэхэмжлэнэ гэжээ.

 

            Нэхэмжлэгч Р.Амарзаяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэгч Амарзаяа нь Гансүхэд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Гансүхтэй эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Амарзаяа нь эцэг тогтоолгох, 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн зохих ажиллагааг хийсэн.

Нэхэмжлэгч Р.Амарзаяа нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Д.Гансүхэд холбогдуулан эцэг тогтоолгох, 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Р.Амарзаяа нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Р.Амарзаяад олгосугай.

 

 

 

           ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ