Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 367

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч Б.Г,

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У овогт М.С холбогдох эрүүгийн 1918005810412 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Рашаант сумын ........ тоотод суух, урьд ял шийтгэлгүй, У овогт М.С,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.С нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Найс” нэртэй баранд Б.Г 5068025782 тоот данстай Хаан банкны картыг “ундаа авчхаад ирье”, мөн “Самсунг галакси А-10” маркийн гар утсыг нь “утсаар ярьчхаад өгье” гэж худал хэлэн хуурч аван улмаар шөнийн 00 цагаас 05 цагийн хооронд АТМ-аас болон банкны пос машинд уншуулж Хаан банкны виза картнаас нь 1.409.400 төгрөг авсан,  Б.Г нийт 1.769.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Г “...бид нар ширээн дээр архи уугаад сууж байтал С ирээд ахаа Хаан банкны картаа өгөөч би нэг кола удаа авах гэсэн юм гэхээр нь би С  картаа өгөөд явуулсан. Удалгүй С гартаа нэг кола ундаа барьчихсан ирээд суусан. Бид нар ширээ тойроод сууж байтал С над дээр дахин ирээд ахаа гар утсаа өгч байгаач, би гадаа гараад ярьчхаад өгье гэж гэж хэлэхээр нь би утсаа өгөөд гаргасан. Би тухайн үед архи уусан байсан болохоор жаахан согтоод С  утас, картаа өгснөө мартсан байсан. Тэгээд нэг мэдэхэд баар хаах цаг болоод Э, Т бид гурав гараад иртэл С гадаа байхгүй басан. Тэгэхээр нь би Т гар утсаар өөрийн дугаар руу залгахад С миний утсыг авахгүй байсан. Тэгээд би цагдаад мэдэгдэх болсон” /хх-ийн 15-18/,

“...өмнө С  картаа өгч дэлгүүрээс юм авахуулдаг байсан болохоор картны нууц кодыг мэддэг байсан, хохирол төлбөрөө авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Т “...бид нар сууж байгаад баар хаах цаг болоод гадаа гартал С байхгүй болсон байсан. Г өөрийнхөө утас руу миний утаснаас залгахад С утсаа авахгүй байсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад С согтоод нэг газар унтаж байгаа байх, маргааш хүрээд ирнэ биз гэж бодоод гэр рүүгээ харьсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч П.Э “...Би архи уугаад жаахан бүжиглээд согтсон. Тэгээд би муудаад бараг тасарсан байна лээ. ....маргааш нь босоод Гомбосүрэнтэй уулзахад С өчигдөр миний мөнгөтэй карт болон гар утсыг аваад алга болчихлоо гэж байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Капитал зууч ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “...Самсунг галакси А10 маркийн гар утас /шинэвтэр/ 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 360,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/,

 

Б.Г 5068025782 дугаартай Хаан банкны дансны удаа дараагийн гүйлгээгээр 1.409.400 төгрөг зарлага гарсан хуулга /хх-ийн 9-10/,

 

Мобиком ХХК-ийн Г эзэмшлийн ........... дугаарын ярианы хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 7-8/,

 

Шүүгдэгчийн “...картыг нь аваад хажуу талын буудалд орж архи уух, өрөөний төлбөрт төлөх, АТМ-аас бэлнээр авах зэргээр үрсэн, утсыг нь буудалд архи ууж байхдаа алдчихсан, эхнэр бага насны хүүхэдтэйгээ амьдардаг байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэж өгнө үү, ахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэх мэдүүлэг  болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд М.С хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Г нь хохирол буцаан авахаар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. У овогт М.С г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан У овогт М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ 6 /зургаа/ нэг жил  зургаан сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн  2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД