| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/08557/И |
| Дугаар | 210/МА2026/00931 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00931
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/03000 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХК-д холбогдох,
******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 88,923,000 төгрөг, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 28,313,000 төгрөг, үнэлгээний зардал 7,163,756 төгрөг, нийт 124,399,756 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компани нь ******* ХК-тай 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот Машин механизмын даатгал-ын гэрээ байгуулсан.
1.2. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг ******* хотоос *******аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын ******* дугаартай километрийн шонгийн ойролцоо манай компанийн эзэмшлийн ******* маркийн ******* улсын дугаартай техник, манай компанийн эзэмшлийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарч гэрээнд заасан даатгалын тохиолдол болсон.
1.3. Даатгалын тохиолдлыг цаг тухайд нь ******* ХК-д мэдэгдэж улмаар харьяалах цагдаагийн байгууллагад мэдээллийг өгч зам тээврийн ослыг *******аймгийн цагдаагийн газар шалгасан. Тус ослыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалган 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Шинжлэх ухаан техникийн их сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзсэн.
1.4. Компанийн тээврийн хэрэгслүүдэд учирсан хохирол нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас гарсан нь тогтоогдож энэхүү нөхцөл байдал талуудын хооронд байгуулсан гэрээний 11.1, 11.7-д заасан эрсдэлд бүрэн хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт, холбогдох бичиг баримтуудыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* ХК руу хүргүүлэхэд ******* ХК-ийн зүгээс татгалзсан хариу өгсөн.
1.5. Манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүд нь ажил үүргээ гүйцэтгэж замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөргөлдөж осол гаргасан тул даатгалын гэрээний 11.1-д заасан ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл, 11.7-д заасан зам тээврийн хөдөлгөөний үеийн эрсдэлүүдийн хүрээнд нөхөн төлбөр авах үндэслэлтэй.
1.6. Талууд даатгалын гэрээний 13-т даатгал үйлчлэх газар нутгийн хязгаарыг Монгол улсын нутаг дэвсгэр хамаарна хэмээн тодорхой заасан. Манай хоёр тээврийн хэрэгсэл нь *******аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осолд өртсөн тул даатгал үйлчлэх газар нутагт хамаарахаар байна. Харин даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 5-д даатгалын зүйлийн байршлыг хавсралтаар оруулахаар тохирсон. Хавсралтад дурдсан даатгалын зүйлийн байршил нь манай компанийн үндсэн үйл ажиллагаа явуулдаг төслийн байршлууд юм. Гэрээнд дурдсан шалтгаан нь тухайн техникүүдийг тус төслүүдэд ашигладаг гэсэн утга бөгөөд гэрээ байгуулах үед даатгагчаас тавьсан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулдаг төслийн байршлуудыг гэрээнд тусгасан.
1.7. Даатгалын гэрээний хавсралт 1-д манай компанийн нийт 101 төрлийн машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг даатгуулсан. Энэхүү даатгуулсан техник хэрэгслүүд нь зориулалтаасаа хамаараад ямар байршилд ажиллах нь тодорхойлогддог. Жишээлбэл: хүнд даацын *******, *******маркийн техникүүд нь уул уурхайн зориулалтынх тул зөвхөн уурхайн бүс талбайд ажиллах боломжтой. Харин ******* маркийн тээврийн хэрэгсэл нь ачаа тээврийн зориулалтын машин тул манай компани гэрээний хавсралт 2-т заасан төслийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ачаа бараа, хүнс, хангамжийн эд зүйлс тээвэрлэх зориулалтаар ашиглаж байсан.
1.8. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 7.1.2.а.-д Даатгуулагчтай байгуулж байгаа даатгалын гэрээ нь монгол хэл дээр үйлдэгдсэн, утга санаа, үг хэллэг нь ойлгомжтой, тодорхой, төөрөгдүүлсэн болон хоёрдмол санаа агуулаагүй байх, бусдад шууд ойлгогдохоор үг, хэллэгтэй хэмээн заасан дээрх журмын заалтыг зөрчиж байна.
1.9. Эрүүгийн хуульд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай үйлдэл хэмээн тодорхойлсон байдаг. Даатгалын эрсдэл үүссэн зам тээврийн ослын тохиолдлыг *******аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх боловч ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь уг зам тээврийн ослын улмаас нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан яллагдагч, шүүгдэгч нас барсан хэмээх үндэслэлээр хэргийг хаасан. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй төрөлд хамаардаг. Гэтэл даатгагчийн зүгээс санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн хэмээн татгалзсан нь үндэслэлгүй байна.
1.10. Иймд ******* ХК-аас ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 88,923,000 төгрөг, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 28,313,000 төгрөг, үнэлгээний зардал 7,163,756 төгрөг, нийт 124,399,756 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгсэл болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* жолоодон ******* хотоос ******* аймгийн ******* сум руу явж байсан бөгөөд *******аймгийн нутаг дэвсгэрт ******* давааны урд ******* дахь километрийн самбарын орчимд *******ХК-ийн уурхайгаас ******* хот руу ирж байсан ******* жолоочтой ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн тохиолдол гарсан.
2.2. Тохиолдолтой холбоотой ослын судалгааны тайлан, холбогдох баримтууд ирүүлснийг хүлээн авч судалж үзээд нөхөн төлбөрийн хүсэлтэд хавсаргасан баримтууд болох 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн санал, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Техникийн шинжээчийн дүгнэлт баримтуудаар тус тохиолдол нь *******аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутагт буюу даатгалын гэрээнд заагаагүй байршилд учирсан хохирол болох нь тогтоогдсон, мөн даатгуулагчийн ажилтан нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж урсгал сөрснөөс шалтгаалан тус хохирол учирсан болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлт болон тогтоолоор тогтоогдсон тул гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
2.3. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 4.2.14-т Энэхүү даатгалын гэрээнд тухайлан заагаагүй байршилд даатгалын зүйлд хохирол учирсан бол даатгагч нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн үндэслэлээр даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж, мөн зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
2.4. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 124,399,756 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 779,948 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын тээврийн хэрэгслүүд тухайн гэрээний хамгаалалт үйлчлэх даатгуулагчийн төслийн байршилд бус *******аймгийн ******* сум ******* 2 дугаар багийн нутаг ******* хотоос *******аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын ******* дугаартай километрийн шонгийн ойролцоо осолд орж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болохыг тогтоосон атлаа гэрээний хавсралтад дурдсан даатгалын зүйлийн байршил гэх нэрлэн заасан 7 байршлаар хязгаарлана гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
4.2. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч талууд даатгалын гэрээний дагуу ямар эрсдэлийг хамгаалах, ямар эрсдэлд нөхөн төлбөр олгохгүй байх зэрэг нөхцөлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу харилцан тохиролцон, эрсдэлд тохирсон хураамжийг төлсний үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Тус даатгалын гэрээний Ерөнхий хамрагдахгүй нөхцөл-д Монгол улсын нутаг дэвсгэрээс өөр улсад үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй, мөн гэрээний 5 дугаар зүйлд даатгалын зүйлийн байршил буюу даатгалын хамгаалалт үйлчлэх даатгуулагчийн төсөл хэрэгжиж буй газрын мэдээллийг Хавсралтаар баталж Тусгай хамрагдахгүй нөхцөл хэсэгт даатгалын гэрээнд заагдаагүй байршилд учирсан хохирлыг тус тус хамгаалахгүй байхаар тохиролцсон.
4.3. Зохигч талууд анх даатгалын гэрээг байгуулахдаа гэрээний Хавсралтаар тухайн даатгалын зүйлийн байршиж ажиллах байршлыг нэрлэн зааж хамгаалалт үйлчлэх хязгаарыг тогтоож тухайн хамгаалж байгаа эрсдэлд тохирсон хураамжийг даатгуулагч төлөх талаар тохиролцсон болохыг тайлбарласан боловч анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээг буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.4. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7.3-т Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д Даатгагч даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж заасныг хариуцагч татгалзлын нэг үндэслэлээ болгосон. Гэвч ослын улмаас хүний амь нас хохирсон дээрх тохиолдолд даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэх боломжгүй юм гэжээ.
4.5. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан *******аймгийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаартай прокурорын тогтоолд Гэрч ******* мэдүүлэг: *******аймгийн ******* сумын нутаг ******* даваа гэх газар явж байтал өөдөөс урсгал сөрөөд нэг том машин ороод ирэхээр нь сигналдаад, гэрлээрээ дохиод хурдаа хасахад ямар нэгэн өөрчлөлт байхгүй яг л урсгал сөрсөн хэвээрээ яваад байсан гэж, мөн амь хохирогч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт буюу Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх боловч жолооч ******* нь уг зам тээврийн ослын улмаас нас барсан байна гэж дүгнэсэн.
4.6. Прокурорын тогтоолд даатгуулагчийн жолооч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хамаарах гэмт хэргийн шинжийг хангасан гэдгийг тогтоосон байтал анхан шатны шүүхээс даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй байна.
4.7. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 4.1.2, 4.1.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу хариуцагч тал гэрээ болон хуулийн дагуу эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байхад анхан шатны шүүх ослын улмаас хүний амь нас хохирсон дээрх тохиолдолд даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэх боломжгүй юм гэж дүгнэн хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 124,399,756 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай машин механизмын даатгалын гэрээ байгуулагдсан нь тогтоогддог. Манай компанийн зүгээс гэрээний 11.1-д ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл болон 11.7-д зам тээврийн хөдөлгөөний эрсдэлийг даатгуулж гэрээ байгуулсан.
5.2. Гэрээгээр 101 ширхэг техник буюу уул уурхайд ашиглагддаг хүнд даацын *******, *******, ******* маркийн техникүүд болон ачаа тээвэрлэлтийн зориулалттай HINO маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан. *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь даатгалын гэрээнд багтсан.
5.3. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* хотоос *******аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын ******* дугаартай километрийн шонгийн ойролцоо осол болсон. Дээрх хоёр тээврийн хэрэгсэл нь манай компанийн үйл ажиллагаа явуулдаг байршил руу техник, хоол хүнс, бараа материал тээвэрлэх үед осолд орсон.
5.4. Хариуцагчийн зүгээс даатгалын гэрээний хавсралт 2-т заасан даатгалын зүйлийн байршлын бус газар осол гарсан гэж тайлбарладаг. Даатгалын гэрээнд байршлыг Монгол улсын нутаг дэвсгэрт хамаарна гэж заасан ба хавсралт 2-т байгаа 7 байршил нь манай компанийн үйл ажиллагаа явуулдаг төслийн байршлын нэр. Дээрх мөргөлдсөн тээврийн хэрэгсэл нь ******* аймгийн ******* суманд байрлах Эрдэнэс таван толгой төсөл рүү ачаа тээвэр зөөж байсан учир ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэлд бүрэн хамаарна.
5.5. Даатгалын гэрээний хавсралт 2-т байгаа 7 байршлыг даатгалын компаниас та бүхэн үйл ажиллагаа явуулдаг төслийн нэршлийг өг гэсний дагуу манай компани тухайн цаг үед үйл ажиллагаа явуулж байсан 7 байршлын төслийн нэрийг гаргаж өгсөн. Энэ талаар гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, нотлох баримтаар нотлогддог.
5.6. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр *******аймаг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр осол болсон зам дээр гарч байсан энэ даатгалын гэрээтэй холбоотой тохиолдолд ******* ХК-ийн зүгээс нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэж байсан. Дээрх хоёр тохиолдол нь үнийн дүнгийн хувьд одоо маргаж байгаа үнийн дүнгээс бага байсан ба даатгалын тохиолдлын үнийн дүн өссөнөөс болж даатгалын гэрээг өөрөөр тайлбарлан нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа нь үндэслэлгүй.
5.7. Даатгуулагч нь санаатай буюу даатгалын тохиолдол бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж хариуцагч талаас үздэг. Эрүүгийн хуульд зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдэж хохирол, хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг гэж заасан. Тухайн ослын улмаас жолооч ******* нас барсан ба Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь прокурорын тогтоолоор хаагдсан.
5.8. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг учраас санаатай үйлдсэн гэж үзэх боломжгүй. Хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан баримтаар хоёр тээврийн хэрэгсэл нь хурд хэтрүүлээгүй, жолооч мансууруулах, согтууруулах ундаа хэрэглээгүй гэдэг нь тогтоогддог. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэг буюу ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 88,923,000 төгрөг, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 28,313,000 төгрөг, үнэлгээний зардал 7,163,756 төгрөг, нийт 124,399,756 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь даатгалын гэрээнд тухайлан заагаагүй байршилд даатгалын зүйлд хохирол учирсан, даатгуулагчийн ажилтны гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас хохирол учирсан ба энэ нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* ХК нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай Машин механизмын даатгалын гэрээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаагаар байгуулагдаж, нийт 101 машин механизмыг даатгасны дотор ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл багтсан;
3.2. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг ******* хотоос *******аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын ******* дугаартай километрийн шонгийн ойролцоох зам дээр ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан;
3.3. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт-ээр ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 буюу Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн;
3.4. *******аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор ... Амь хохирогч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт буюу Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх боловч ... ******* нь уг зам тээврийн ослын улмаас нас барсан байна гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан;
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.
5. Зохигчид дээр дурдсан үйл баримт, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй боловч тухайн зам тээврийн осол нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарах эсэх, зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг даатгалын гэрээний дагуу нөхөн төлөх үндэслэлтэй эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.
5.1. Хариуцагч нь даатгалын зүйл болох 2 тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлөхгүй гэж үзэж буй нэг үндэслэлээ зам тээврийн осол нь *******аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутагт буюу даатгалын гэрээний Хавсралт 2-т заасан байршлаас өөр байршилд болсон тул гэрээний 4.2.14-т даатгалын гэрээнд тухайлан заагаагүй байршилд даатгалын зүйлд хохирол учирсан бол даатгалд хамрагдахгүй гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах журмыг зохицуулсан ба үгийн шууд утгыг анхаарах, утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. Талуудын байгуулсан гэрээ нь үндсэн ба тусгай нөхцөлөөс бүрдсэн байх бөгөөд үндсэн нөхцөлд даатгалын гэрээний нийтлэг зохицуулалтыг, харин тусгай нөхцөлд талууд үндсэн нөхцөлд тусгагдсан зохицуулалтыг харилцан тохиролцож өөрчилсөн зохицуулалтууд тусгагджээ.
Хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож буй гэрээний үндсэн нөхцөлийн 4.2 Тусгай хамрагдахгүй нөхцөл хэсгийн 4.2.14 дахь заалт нь гэрээний тусгай нөхцөлийн 12 Тусгай хамрагдахгүй нөхцөл-д заасан даатгалын гэрээгээр хамгаалагдахгүй тохиолдлуудын жагсаалтаас хасагдсан, өөрөөр хэлбэл, талууд гэрээний үндсэн нөхцөлийн 4.2.14 дахь заалтыг талуудын хооронд үүссэн даатгалын гэрээний харилцаанд хэрэглэхгүй байхаар гэрээний тусгай нөхцөлөөр тохиролцсон тул хариуцагчийн гаргасан зам тээврийн осол нь *******аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутагт буюу даатгалын гэрээний Хавсралт 2-т заасан байршлаас өөр байршилд болсон тул гэрээний 4.2.14-т даатгалын гэрээнд тухайлан заагаагүй байршилд даатгалын зүйлд хохирол учирсан бол даатгалд хамрагдахгүй гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.
Зохигчид даатгалын гэрээний үндсэн нөхцөлийн 3 дугаар зүйлд жагсаасан эрсдэлүүдэд гэрээний тусгай нөхцөлийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсгээр зам тээврийн хөдөлгөөний үеийн хохирол-ыг даатгалын эрсдэлд нэмж оруулсан байх тул нэхэмжлэлд дурдсан 2 тээврийн хэрэгслийн зам тээврийн хөдөлгөөний үеийн ослын улмаас хохирол учирсан нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар нэмж дүгнэж, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
Мөн хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний хүрээнд ижил төстэй 2 тохиолдолд буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХХК-ийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ******* аймгийн ******* чиглэлд зорчин явах үед салхины шил нь хагарсан тохиолдлыг даатгалын тохиолдол мөн гэж үзэн нөхөн олговор олгож шийдвэрлэж байсан, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК-ийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ******* аймгийн чиглэлд түлш тээвэрлэх замдаа ******* хотоос 152 дахь км-т өөр тээврийн хэрэгслийн араас мөргөсөн зам тээврийн осол гаргасныг даатгалын тохиолдол мөн гэж үзэн нөхөн олговор олгож шийдвэрлэж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нөхөн төлбөрийн хүсэлтүүд болон нөхөн төлбөр олгосон шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
5.2. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн удаах үндэслэлийг даатгуулагчийн ажилтны гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас хохирол учирсан ба энэ нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлээр тайлбарласан.
*******аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор ... Амь хохирогч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт буюу Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэсэн дүгнэлт хийсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн нөхцөлийн 4.1.2 буюу Даатгуулагчийн эсхүл түүний ажилтнуудын санаатай эсхүл гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан хохирол даатгалд хамрагдахгүй гэсэн заалтад хамааралгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулгатай зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирол нь эд хөрөнгийн хохирол тул гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй.
5.3. Анхан шатны шүүх даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэхгүй гэж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 8 буюу Даатгуулагчийн хариуцах хэсэг-т Даатгалын нэг удаагийн тохиолдол бүрд Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага 5 хувь байна гэж заасан байна.
6.1. Анхан шатны шүүх даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр даатгалын тохиолдол бүрд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага 5 хувь байхаар тохиролцсоныг анхааралгүй даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр олгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд залруулна.
6.2. Гэрээнд заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын 5 хувийг даатгалын нөхөн төлбөр болох 124,399,756 төгрөгөөс хасаж тооцон, хариуцагчаас 118,179,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,219,988 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/03000 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 118,179,768 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 6,219,988 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 748,849 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.УУГАНБАЯР