Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01065

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум 5-р баг Жаргалант  5а-1-1 тоотод оршин суух Байх үрс овогт Баясаагийн Мөнх-Эрдэнэ /ГЮ:89062514/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 17б-5  тоотод оршин суух Цагаан туг овогт Самбуугийн Энхтуяа /МК:88081700/

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсайхан, хариуцагч С.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Миний ах Баясаа овогтой Мөнх-Эрдэнэ нь 2008 онд С.Энхтуяатай танилцаж гэр бүл болж 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2011 онд хүү М.Мөнх-Ирээдүй төрсөн. Тэд нэг хэсэг тусдаа /хувийн шалтгаанаар/ амьдарсан. Цаашид хамт байх боломжгүй. Миний ах Б.Мөнх-Эрдэнэ Швед улсад ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд энэ 2 холбоогүй байсан. Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэр бүлээ цуцлуулж хүү Б.Мөнх-Эрдэнийн Мөнх-Ирээдүйг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

      Хариуцагч С.Энхтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Самбуу овогтой Энхтуяа гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Мөнх-Ирээдүйг өөрийн асрамжинд авч эцэг Мөнх-Эрдэнээс тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч С.Энхтуяад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь  шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            Зохигчид 2008 онд гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 0155582 дугаартай 187 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэгсдийн дундаас 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү М.Мөнх-Ирээдүй төрж, эрүүл өсөж байгаа болох нь хэрэгт авагдсан Орхон аймгийн 11 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, Учралт баяр өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

            Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч гадаад улсад амьдарч байгаа бөгөөд хамтран амьдрагчтай болж гэр бүлийн өөр харилцаатай болсон, хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа төдийгүй тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүнд хүрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх хугацаа тогтоохгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй, болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

            Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх ба хүү М.Мөнх-Ирээдүйг С.Энхтуяагийн асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байдал, хүүхдийн нас өссөн орчин нөхцлийг харгалзан 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн М.Мөнх-Ирээдүйг эх С.Энхтуяагийн асрамжинд байлгахаар шийдвэрлэв.

            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг Б.Мөнх-Эрдэнээс тэтгэлэг гаргуулан хүү М.Мөнх-Ирээдүйг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг Б.Мөнхсайханд олгосон байх ба уг итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангасан төдийгүй хариуцагч С.Энхтуяа  нь төлөөлөх эрхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтуяагаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэд олгож, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэмжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнээс 26 092 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

           

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Байх үрс овогт Баясаагийн Мөнх-Эрдэнэ, Цагаан туг овогт Самбуугийн Энхтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү  Мөнх-Эрдэний Мөнх-Ирээдүйг эх С.Энхтуяагийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Мөнх-Ирээдүйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Б.Мөнх-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
  5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Орхон аймаг дахь Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтуяагаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэд олгож, Б.Мөнх-Эрдэнээс 26 092 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ