Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 368

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгч Э.Д, А.М нарын өмгөөлөгч Д.Чинзориг,

Шүүгдэгч Х.Ө , Э.Д , А.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Ө, Э.Д, А.М  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903006060213 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1998 оны 5 сарын 19 өдөр Улаанбаатар хотод төрсөн 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн ......... тоотод оршин суух,  урьд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Х.Ө,

 

Монгол Улсын иргэн 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж аав, 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн .......... тоотод оршин суух, урьд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай,  Г овогт Э.Д,

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 08 өдөр Улаанбаатар хотод, төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт А.М,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Х.Ө , Э.Д , А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Д , Х.Ө , A.М нар нь санаатай нэгдэн урдьчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан өртөөний орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар нийт 60.8 граммыг гялгар уутанд түүж бэлтгэсэн, хадгалсан болох нь:

 

Гэрч Ж.Э “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дарханаас Улаанбаатарын чиглэлийн 282 дугаартай галт тэргэнд суудлын цагдаагаар цагдаагийн ахлах ахлагч Д.Лхагвацэндийн хамт үүрэг гүйцэтгэж явж байхад 2 дугаар вагоны 5 дугаар купенд зорчиж явсан үл таних гурван эрэгтэй хүнийг шалгахад нэг залуу нь цүнхнээсээ гялгар ууттай нэг зүйл гаргаад цагдаагийн вагоны хаалганы харалдаа шидсэн. Тухайн зүйлийг үзэхэд эвгүй үнэртэй өвс мэт зүйл байсан. Хар тамхины төрлийн ургамал байж магадгүй гэж бодоод Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад З.Оюунбадрахад шалгуулахаар авч ирж өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Гэрч Д.Л “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дарханаас Улаанбаатарын чиглэлийн 282 дугаартай галт тэргэнд суудлын цагдаагаар цагдаагийн дэд ахлагч Ж.Эрдэнэсайханы хамт үүрэг гүйцэтгэж явж байхад 2 дугаар вагоны 5 дугаар купенд зорчиж явсан үл таних гурван эрэгтэй хүнийг шалгахад нэг залуу нь цүнхнээсээ гялгар ууттай нэг зүйл гаргаад цагдаагийн вагоны хаалганы харалдаа шидсэн. Тухайн зүйлийг үзэхэд эвгүй үнэртэй өвс мэт зүйл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3372 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Тамар замын цагдаагийн Ахмад Э.Мягмарнаран 88 №1 ногоон ургамал мэт суудлын 282 дугаар галт тэргээр Дархан Улаанбаатар чиглэлд илэрсэн 2019.05.31” гэж хаягласан цаасан дугтуйтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 0,8558 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. ...делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-33/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19, 20/,

 

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 31/,

 

Шүүгдэгч Э.Д н өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр найз Х.Ө , А.М нарын хамт Дархан орж мансууруулах өвс түүхээр галт тэргээр яваад шөнө 12 цагийн үед Дархан өртөөнд бууж Дархан хотын нэг жалга дотроос мансууруулах өвсөө түүгээд вокзал дотор байж байгаад өглөөний 05 цагийн галт тэргэнд сууж 2019 оны  05 дугаар сарын 31-ний өдөр галт тэрэг дотор цагдаад баригдаад төмөр замын цагдаагийн газар ирсэн. ...хамгийн анх мансууруулах өвс түүх санааг Х.Ө  гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Шүүгдэгч Х.Ө ын гэрчээр өгсөн “...2017 онд тухайн өвсийг 2-3 удаа хэрэглэж үзсэн. Дахиж хэрэглэж үзмээр санагдаад 2 найзтай хам явж түүж аваад хэрэглэх гэж ...би өөрийн хар саарал өнгийн цүнхэндээ хийгээд авч яваад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Шүүгдэгч А.М гэрчээр өгсөн “...урд өмнө би хэрэглэж үзээгүй. Хэрэглэж үзмээр санагдаад 2 найзтайгаа хамт явж түүж аваад хэрэглэх гэж байсан юм. ...жижиг торны талаар түүсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Ө , Э.Д , А.М нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Д , А.М нарын өмгөөлөгч гэм буруугийн талаар дүгнэлт гаргах ажиллагааны үед “шүүгдэгч Х.Ө оос өвсийг хурааж авсан, бусад шүүгдэгч нарыг хадгалсан хэрэгт буруутайд тооцох үндэслэлгүй, бэлтгэсэн хэрэгт буруутай талаар маргахгүй” гэжээ.

 

Шүүгдэгч нарыг “бэлтгэсэн, хадгалсан” гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч нар хамтран өвсийг түүж хэн нэгнийхээ бие, ачаа тээшинд хадгалснаар бүлэглэн гүйцэтгэсэн этгээдүүдийн хувьд бэлтгэх, хадгалах шинж хангагдах ба зөвхөн уг этгээдийг хадгалсан гэж үзэх үндэслэл болохгүй,  хүн тус бүр тухайн өвсийг өөрийн бие, эд зүйлд хуваан хадгалсан байхыг шаардахгүй гэж үзсэн болно.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд тогдоогдож байх ба шүүгдэгч А.Мөнгөнзулд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Ө , Э.Д  нарыг 2017 оны 10 дугаар сарын сарын 23-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор “...хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж байжээ.

 

Хэдийгээр тэнссэн хугацаанд ахин гэмт хэрэг үйлдээгүй боловч Х.Ө , Э.Д  нар нь өмнө үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийлгүй давтан гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй боловч шүүгдэгч нарын хувийн байдалд дүгнэлт хийх гол нөхцөл байдал юм.

 

Иймд тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэн шүүгдэгч Х.Ө , Э.Д  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Ө , Э.Д  нарын гэмт хэрэгт оролцсон байдал, Х.Ө  уг хэргийг үйлдэх санааг гаргасан зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулав.

 

Шүүгдэгч А.М нь анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас бусдын нөлөөнд автагдаж гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цагаан өнгийн гялгар уутны хамт нийт 60 грамм, делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цаасан уутны хамт нийт 7.9 грамм ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.Ө, Э.Д, А.М  нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Х.Ө 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар, Г овогт Э.Д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ө  оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар, Э.Д  1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогт А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд А.М оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цагаан өнгийн гялгар уутны хамт нийт 60 грамм, делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цаасан уутны хамт нийт 7.9 грамм ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Ө , Э.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД