| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/04145/И |
| Дугаар | 210/МА2026/00932 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00932
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/03566 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 32,038,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******ны Хяналт шалгалт, тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа, асуудал хариуцсан хуульчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан.
1.2. ******* банкны гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар орон тоо цөөрсөн үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо цөөрсөн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан. *******ны бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр цөөрсөн буюу ******* банканд уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байгаа. Хуулийн хэлтсийн хуульч албан тушаалд шинээр өөр ажилтнууд сонгон шалгаруулж авч байсан. Тухайн үед хэрхэн шалгаруулж авсан болон ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн, ямар үндэслэлээр орон тоо цөөрүүлж, хассан нь тодорхойгүй, орон тоо цөөрсөн нь бодитой бус, үндэслэлгүй болно.
1.4. ******* банк Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан хугацаанд надад мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулга болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байна.
1.5. Мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар өмнө нь дурдсанчлан ******* банкны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлж буй мэдэгдлийг танилцуулах үед миний бие тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд, мэдэгдэл дээр тэмдэглүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн бөгөөд 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож, шийдвэрлүүлэхээр эрмэлзэж, тодорхой тусдаа хүсэлт гаргасан боловч ямар нэгэн хариугүйгээр маргаан бүхий ажлаас гарах тушаал шийдвэрийг шууд гаргасан. Холбогдох хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.6. Орон тоо цөөрүүлэх гэдэг нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор тайлбарласан шиг нэг ажлын байран дээр хэд хэдэн хүмүүс ажиллаж байгаа тохиолдолд түүнийг цөөрүүлэхийг хэлнэ. Ямар учраас ******* сонгосон бэ гэдэг үндэслэл, шаардлагаа хариуцагч тал өөрөө нотлох үүрэгтэй, үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, сонгон шалгаруулалт явагдаагүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн чөлөөний хугацаа дуусгавар болоход ажилд нь буцааж томилоогүй. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан ажлын байрыг хэвээр хадгалах нөхцөл байдал тухайн үед байсан. Ажлын байр хэвээр хадгалагдаж байсан. Нэхэмжлэгчид мэдэгдэх хуудсыг өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан мэдэгдэх хуудсыг өгч, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа.
1.7. Үйл баримтаар нэхэмжлэгч сургалтын чөлөө авсан. Сургалтын чөлөөтэй байх хугацаа дууссан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу ажилтныг буцааж авсан үйл баримт байхгүй, мөн ажлаас чөлөөлсөн үйл баримт байхгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч чөлөөний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-т зааснаар хувийн чөлөөтэй байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн.
1.8. Компани татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх ганцхан хууль зүйн үндэслэл байгаа. ******* банк татан буугдсан үйл баримт байхгүй. Сонгон шалгаруулалт явуулалгүй хүүхэд асрах чөлөөтэй байсан, жирэмсний амралттай байсан, хувийн чөлөөтэй байсан хүмүүсийг шууд сонгож, орон тоо цөөрүүлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор *******ны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Уг тогтоолын хүрээнд гүйцэтгэх захирлаас 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А39 дугаартай тушаалаар орон тоо шинэчлэн баталсан ба Захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн захирал нэг, ахлах хуульч нэг, хуульч 5 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *******ны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлах тухай 37 дугаар тогтоолоор мөн бүтцийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орон тоог шинэчлэн баталсан тушаалаар хуулийн хэлтсийн захирал, хуульч 3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахаар болсон. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд орон тоо цөөрснийг нотлох нэг баримт болж байгаа.
2.2. ******* нь ******* ХХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ******* банкны хоорондох хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Олон улсын бизнес эдийн засгийн их сургуульд суралцахаар гүйцэтгэх захирлын 2021 оны Б60 дугаартай тушаалаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай чөлөө авсан.
2.3. Нэхэмжлэгч нь тушаалд заасан хугацаанд ажилдаа эргэн ороогүй ба ажилдаа ороогүй байх хугацаанд дээрх бүтэц хийгдэж, түүний орон тоо цөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажилтныг өөр ажлын байранд ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасан. Үүний дагуу бид нар ажилтантай тохиролцож, уулзаж, түүний хүсэлтийн дагуу ярилцсаны дагуу шийдвэрлэсэн.
2.4. Яагаад ******* сонгосон талаар нотлох баримт байгаа. *******-ийн 2 хүсэлт бий. 2023 оны 09 дүгээр сарын гэрээ сунгах хүсэлтэд ... Хэдийгээр *******анд эргэн томилогдон ажиллахад аливаа асуудал байхгүй боловч дээр дурдсан хууль, шүүхийн асуудлын дараа дараагийн шатанд эцэслэн шийдвэрлэх хүртэл өмнөх ажлын чиг үүрэгтэй холбоотой ажлыг хаших нь миний хувьд тодорхой хэмжээний эрх зүйн эрсдэлтэй нөхцөл байдал бий болж болзошгүй гэж үзсэн. Бусад чиглэлээр миний ажлын туршлага, мэргэжилд тохирсон ажил, албан тушаалд томилогдон ажиллахад нээлттэй ... гэдгээ дурдсан. Мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд буцаан томилогдох хүсэлтдээ ... Хэдийгээр *******анд буцаан томилогдон ажиллахад хууль эрх зүйн асуудал байхгүй боловч дээр дурдсан хууль, шүүхийн асуудал эцэслэн шийдвэрлэх хүртэлх өмнөх ажлын чиг үүрэгтэй холбоотой ажлыг хаших нь надад болон *******ны хувьд тодорхой хэмжээний эрх зүйн эрсдэлтэй нөхцөл байдал бий болж болзошгүй байна гэдгээ өөрөө бичсэн. Эдгээр хүсэлтийг үндэслээд түүнд мэдэгдэл өгөхдөө өөр ажлын байр санал болгосон.
2.5. Комплаенс хууль хяналт шалгалтын газрын хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний ажлын байрыг түүнд санал болгосон. Мэдэгдэлтэй ******* нь танилцаад ... шинээр санал болгож буй ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзаж байна гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлт, харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн. ******* нь мэдэгдлийг хүлээн аваад ... Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу холбогдох тэтгэмжийг зохих ёсоор олгож өгнө үү, мөн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгнө үү гэдэг хүсэлт тавьсан.
2.6. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ... ******* банкны хуульчийн орон тоо цөөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Ямар нэгэн асуудал үүсгэхгүй ээ гэдэг байдлаар өргөдлөө бичиж өгсний дагуу ******* банкны гүйцэтгэх захирлын тушаалаар ажилласан хугацаанд нь хамаарах тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар 82.1.3-т заасны дагуу олгосон.
2.7. Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль тогтоомжид нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:
3.1. Хятадын ******* банкны хамтын ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчид 2 жилийн хугацаатай чөлөө олгож, сургалтын гэрээ байгуулсан. Сургалтын гэрээнд заасан нөхцөлүүд хангагдаагүй, ажилтан сургалтын гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул сургалтын төлбөр болон нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг нэхэмжилж байна.
3.2. Нэхэмжлэгч нь сургуулиа төгсөөгүй тул сургалтын 2 жилийн төлбөр 60,000 юань буюу 29,979,600 төгрөг, нийгмийн даатгалын 2 жилийн шимтгэлд төлсөн 2,028,994 төгрөг, нийт 32,038,594 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.
3.3. Манай талаас Хятадын ******* банктай харилцаагаа өргөтгөх, олон чиглэлээр хамтран ажиллах зорилготой байгаа боловч энэ мэт үйлдэл нь манай байгууллагын нэр хүндэд нөлөөлөх эрсдэл үүсгэсэн. Тийм учраас манай зүгээс нэхэмжлэгчийг гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Сургалтын гэрээний хугацаанд ажилдаа эргэж ороогүй бөгөөд тухай бүр хүсэлтүүдээ гаргаж, шаардлагыг тавьж байсан. 2021 онд сургуульд яваад 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох ёстой байсан боловч ******* банктай холбоотой эрүүгийн 80-аад холбогдогчтой хэрэгт оролцож байгаа гэдгээ хэлсэн.
4.2. Энэ хэргийг хэлэлцэх шүүх хурал нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 89 хоногийн хугацаанд анхан шатны шүүх хуралдаан үргэлжилсэн. Энэ хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дипломын ажил хамгаалах тов зарлагдсан байсан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас диплом хамгаалах хугацааг хойшлуулсан.
4.3. Эрүүгийн хэргийг хэлэлцэх 3 шатны шүүх хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд явагдаж эрүүгийн хэрэгт цагаатгагдсан. Энэ хугацаанд ажилдаа орох хүсэл зоригоо илэрхийлж, сургалтын гэрээний хугацааг тухай бүр сунгуулж байсан.
4.4. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 37,247,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч ******* ХХК-ийн 32,038,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 344,186 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх орон тоо цөөрсөн гэх ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас дараа дараагийн дүгнэлтүүд мөн үндэслэлгүй болсон. *******ны гүйцэтгэх захирлын 2022 оны А-57 дугаар тушаалаар батлагдсан чиг үүргийн хорин хоёрдугаар зүйлд хуулийн хэлтсийн чиг үүргийг тусгасан ба хуулийн хэлтэс нь банкны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэх, хууль зүйн дүгнэлт, санал, зөвлөмж гаргах, банкийг шүүх, төрийн болон бусад байгууллагын өмнө төлөөлөх, банкны охин компанийн үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байсан. Гүйцэтгэх захирлын 2025 оны А/4 дүгээр тушаалаар чиг үүрэг шинэчлэн батлагдахад хуулийн хэлтсийн чиг үүрэгт агуулгын хувьд өөрчлөлт ороогүй. Харин Комплаенсын хэлтэс нь комплаенсын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, комплаенсын стандартыг тодорхойлох, комплаенсын соёлыг төлөвшүүлэх, комплаенсын эрсдэлээс сэргийлэх чиг үүрэгтэй бол хяналт шалгалтын хэлтэс нь ******* банкны тухай хууль болон ******* банкны дүрэмд зааснаар банкны үйл ажиллагаанд хяналт тавьж, зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтэд шалгалт хийх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй. Дээрх гурван хэлтэс нь нэг газарт харьяалагддаг хэдий ч тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг, өөр өөр чиг үүрэгтэй байхад анхан шатны шүүх хуулийн хэлтсийн ажиллах чиг үүргийг хууль, комплаенс, хяналт шалгалт гэсэн гурван хэлтэст хуваарилсан, хэд хэдэн хэлтсийг бий болгосон орон тоо цөөрөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.2. Анхан шатны шүүх Комплаенс, хяналт, хууль эрх зүйн газрын хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагчийн ажлын байрны тодорхойлолт, Комплаенс, хяналт, хууль эрх зүйн газрын хуулийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолт, Хуулийн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуулийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд өмнөх Хуулийн хэлтсийн ажлын байрны чиг үүргийг шинэ бүтэц зохион байгуулалтаар хэд хэдэн хэлтэст хуваарилан хариуцуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Гүйцэтгэх захирлын 2025 оны А/4 дүгээр тушаалаар чиг үүрэг шинэчлэн батлагдахад Хуулийн хэлтсийн чиг үүрэгт агуулгын хувьд өөрчлөлт ороогүй. Харин Комплаенсын хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэс нь хууль болон олон улсын стандартын дагуу холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд тус 2 хэлтэст ажиллах ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт нь Хуулийн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуулийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос огт өөр байгааг шүүх харьцуулан шинжилж дүгнэлт гараагүй.
6.3. Анхан шатны шүүх байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон хэдий ч хуульчийн ажлын байрны орон тоо цөөрсөн бус харин хуульчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэд хэдэн хэлтсүүдэд хуваарилан хариуцуулж шинэ ажлын байруудыг бий болгосон, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсийн чиг үүрэг өөр хэд хэдэн хэлтэст хуваагдсаныг орон тоо цөөрсөн гэж үзэхгүй бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч өмнөх 2022 оны бүтцээр Захиргаа удирдлагын удирдлагын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуулийн мэргэжилтний /хуульчийн/ ажлын байрны тодорхойлолт нь Комплаенс, хяналт, хууль эрх зүйн газрын Хуулийн хэлтсийн хуульчийн ажлын байрны тодорхойлолтоос ямар ч өөрчлөлтгүй ижил байгааг онцлон дурдсан байтал шүүхийн шийдвэрт хуульчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэд хэдэн хэлтсүүдэд хуваарилан хариуцуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2022 оны бүтцээр Захиргаа удирдлагын удирдлагын газрын Хуулийн хэлтэс нь 5 хуульчтай байсан бөгөөд 2025 онд батлагдсан бүтцээр 3 хуульчтай болж орон тоо цөөрсөн үндэслэлийг хангалттай нотолсон байтал ач холбогдолтой, үнэн зөв талаас нь дүгнээгүй байна.
6.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2-д Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно" гэж заасан ч тус хуулийн 60.4-д Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасан. Анхан шатны шүүх хуулийн дээрх хоёр зохицуулалтыг зэрэгцүүлэн зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй. Ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны орон тоо цөөрөх нь хууль зүйн хувьд боломжтой ба энэ тохиолдолд ажил олгогч ажилтанд адил чанарын өөр ажлын байр санал болгох үүрэгтэй.
6.5. ******* ХХК 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 25 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгч *******д Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний ажлын байр санал болгосон ба энэ талаар зохигчид маргаагүй. Уг ажлын байр нь зэрэглэл, цалин хөлс, гүйцэтгэх ажил үүргийн хувьд хуульчийн ажлын байртай адил чанарын ажлын байр юм. ******* нь уг ажлын байранд ажиллахаас татгалзсан ба 2025 оны 06 дугаар сараас ажил олгогчтой харилцан тохиролцож банкны охин компани болох *******ХХК-д Тусгай активын мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн одоог хүртэл ажиллаж байна.
Анхан шатны шүүх хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний орон тоог хуульчийн ажлын байртай адилтган дүгнэсэн атлаа ажил олгогч *******д хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний ажлын байр санал болгосон үйл баримтын талаар дүгнээгүй, ******* хуулийн хэлтсийн хуульчийн ажлын байр болон хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний ажлын байрны алинд нь эгүүлэн тогтоож байгаа нь тодорхойгүй логикийн зөрчилтэй шийдвэр гаргасан.
6.6. *******д орон тоо цөөрсөн тул хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний ажлын байр санал болгосон мэдэгдэл өгөхөд тэрээр санал болгосон ажлын байрнаас татгалзаж, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу холбогдох тэтгэмжийг зохих ёсоор олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан. Иймд ажил олгогч түүнийг орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлж холбогдох тэтгэмжийг олгосон ба уг шийдвэр нь хуульд нийцсэн. Анхан шатны шүүх хэргийг баримтад тулгуурлан хуульд захирагдаж бүхэлд нь хянах ёстой байтал ажилтны өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн эсэх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ажилтныг орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөх талаар хөдөлмөрийн гэрээний талууд тохиролцоонд хүрсэн үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэлгүй орхигдуулснаас шийдвэр үндэслэлгүй болсон.
6.7. ******* ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Сургалтын гэрээ-ний 3.1.3-т Ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний дагуу сургуулиас олгосон сургалтын төлбөр /жилд нийт 30,000 орчим юань/, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардал, эмнэлгийн даатгал, 1 удаагийн ирэх, очих тээврийн зардал, болон үүнтэй холбогдсон бүх зардлыг Ажил олгогчид учруулсан хохиролд тооцож ажилтнаас нэхэмжлэх эрхтэй гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч сургуулиа хугацаанд нь төгсөөгүй буюу сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл баримтыг талаар талууд маргаагүй, уг үйл баримт тогтоогдсон.
6.8. Ажилтан сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөр ажил олгогчид хохирол нэхэмжлэх эрх үүссэн. Гэтэл анхан шатны шүүх талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцоог үгүйсгэж, гэрээний заалтыг үл харгалзан ажил олгогчоос зардал гараагүй тул хохирол учраагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэт өнгөц, зөрүүтэй дүгнэлт хийсэн.
Дээрх байдлаар анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэлгүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээг буруу тайлбарлан хэрэглэж, хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр гаргаснаар *******ны хөдөлмөр зохион байгуулалт хийх эрхийг үгүйсгэж, ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт тооцон төлбөр гаргуулж төрийн өмчит банканд хохирол учруулж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т заасан орон тоо цөөрсөн талаар буруу тайлбарлан дүгнэсэн гэж гомдол гаргасан байна. Хариуцагчийн төлөөлөгч орон тоо цөөрүүлсэн асуудал дээр хоёр ажлын байрыг харьцуулан судалсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх дээр зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульчийг байхгүй болгосон гэж тайлбарладаг. Сүүлийн ажлын байрны тодорхойлолт болон хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзвэл үг үсэггүй адилхан ба зээлийн үйл ажиллагааг мөн хариуцаж байсан.
7.2. Хэд хэдэн орон тоо цөөрүүлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэдэг агуулга ярьдаг. ******* ХХК нь 5 хуульчтай үйл ажиллагаа явуулдаг байсан ба орон тоог гурав болгож цөөрүүлэхдээ хүүхэд асрах чөлөөтэй байсан *******, сургалтын чөлөөтэй байсан ******* гэдэг хоёр хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Энэ тохиолдолд хуульд нийцэж байна уу гэдэгт дүгнэлт өгөх шаардлагатай. *******-ийн хувьд 2 өргөдөл өгсөн гэдэг агуулгаар хариуцагч тал тайлбарладаг. Энэ 2 өргөдөл яг бодит үйл баримтын хувьд "би сургалтын чөлөөнөөсөө ажилдаа ормоор байна" гэдэг ажил үүргээр хангуулах хүсэлт байгаа юм. Энэ хүсэлтийг шийдсэн гэж тайлбарлаад байдаг боловч бодит байдал дээр шийдээгүй, ажил үүргээр хангаагүй.
7.3. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд заасан 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэвээр хангах нөхцөлд тооцогдоно. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар орон тоо энэ үед цөөрөөгүй, хасагдаагүй байдаг. Харин эсрэгээрээ яг энэ ажлаас чөлөөлөх мэдэгдэл олгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасан 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийг тайлбарлаж хэрэглэдэг. Анхан шатны шүүхээс энэ ажил үүрэг хэвээрээ байна, ажлын байраар хангах үүрэгтэй байна гэж дүгнэдэг.
7.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан тохиолдолд чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёрдугаарт, ******* ХХК-аас санал болгосон хуульчийн хяналт шалгалтын ажлын байр гэдэг нь хуульчийн ажил гэхээсээ илүүтэй Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтын эрх авсан этгээдийг хэлдэг. Хариуцагчийн зүгээс адил чанарын ажлын байр уу, цалин хөлсний талаар огт мэдээлэл өгөхгүйгээр ажлын байр санал болгосон гэж тайлбарлаад байдаг. Ийм үйл баримтыг ажлын байр санал болгосон гэж үзэхгүй. Энэ ажлын байр нь ажлын байрны зэрэглэлийн хувьд ч тэр, цалин хөлсний хувьд адил гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал нотлоогүй. Иймээс ажлын байр санал болгох үйлдэл хэрэгжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.
7.5. Энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа ба хууль бусаар ажилд томилогдож, чөлөөлөгдөх нөхцөл байдалд орох учраас үүнийг ажлын байр санал болгосон гэж үзэх үндэслэлгүй. Хамгийн гол нөхцөл байдлын хувьд 5 хуульчаас 3 болгож цөөрүүлж байгаа тохиолдолд тодорхой шалгуур үзүүлэлт гаргасан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, сургалтын чөлөөтэй байгаа хүнийг ямар учраас сонгоод байгаа гэдэг дээр үнэлгээ хийсэн байх шаардлагатай. Шалгуур үзүүлэлтийн үнэлгээ бол хийгдээгүй ба анхан шатны шүүх дээр асуухад ч хийгдээгүй гэдгийг хариуцагчийн талаас хүлээн зөвшөөрдөг.
7.6. Үлдсэн хуульчийн албан тушаал дээр ажиллаж байгаа гурван хүн гурвуулаа шинээр орж ирсэн байдаг ба бүтэц зохион байгуулалтыг баталсны дараа буюу төлөөлөгчөөр оролцсон ******* нь яг энэ бүтцийн дараа орж ирсэн, өмнө нь ажиллаж байсан ******* нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр томилогдсон. Тухайн цаг үед ******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Энэ үйл баримтаар анхан шатны шүүхээс хуульчийн орон тоо гараад байна, хуульч нар ажлаа хүлээлгэн өгсөн байна гэдэг агуулгаар асуулт асуухад хариуцагч энэ талаар маргадаггүй тодорхой хариулт өгдөггүй. Иймээс анхан шатны шүүхээс тухайн ажлын байр хэвээр, хадгалагдаж байгаа нөхцөлд хуучин албан тушаалд томилох шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна.
7.7. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд, сургалтын гэрээний 3.1.3-т зааснаар төлбөр нэхэмжилдэг. Сургалтын гэрээний 3.1.3-т бол ажлын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний дагуу сургуулиас олгосон сургалтын төлбөрт нэг удаагийн ирж очих зардлыг гаргана гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-аас сургалтын төлбөр, ирж очих зардлын төлбөрийг төлөөгүй нь гэрээний үүргийг зөрчсөн үйлдэл байгаа юм.
7.8. Өөрөөр хэлбэл, сургалтын гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сургалтын чөлөө дуусаж ирээд ажиллах үүргээ хэрэгжүүлэх ёстой. *******-ийн хувьд сургалтын хөтөлбөртөө бол хамрагдаж дууссан ч диплом хамгаалалт болоогүй байгаа. Диплом хамгаалалтын тухайд ******* ХХК-д холбогдох эрүүгийн хэргээр шалгагдаж байсан учраас хилийн хоригтой байсан. Ингээд ******* ХХК-д холбогдох эрүүгийн хэргээр хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалаар цагаатгагдсан учраас ажилдаа эргэж оръё гээд хүсэлтээ өгөөд байгаа юм.
7.9. Харин хүсэлтийг хүлээж авахгүйгээр ажил үүргийг хангахгүй байгаа нөхцөлд үүнийг ажилтны буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг тухайн үед тодруулахад Иргэний хуулийн 219, 227 дугаар зүйлд зааснаар уу, Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар уу, яг аль үндэслэлээр нэхэмжлэл гаргаад байгаа вэ гэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар нэхэмжилж байна гэдгийг тайлбарлаж хэлсэн.
7.10. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сургалтын гэрээнээс учирсан хохиролд 32,038,594 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хяналт шалгалт, Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан;
3.2. *******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-60 дугаартай *******д урт хугацааны цалингүй чөлөө олгох тухай тушаалаар Хуулийн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульч ******* БНХАУ-ын ******* банк, *******ны хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Бээжин хотын Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуульд суралцуулахаар болсон гэх үндэслэлээр *******д 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон;
3.3. ******* ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4/47 дугаартай Сургалтын гэрээ байгуулагдаж, ажил олгогч нь ажилтанд БНХАУ-ын Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн Олон улсын төрийн удирдлагын магистрын ангид суралцан мэргэжил дээшлүүлэхэд зориулж 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох, чөлөөний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох, ажил олгогч ажилтны суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлөх, ажилтан чөлөөний хугацаа дуусаж, ажил олгогч ажилд томилсноос хойш 2-оос доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахаар харилцан тохиролцсон;
3.4. *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолоор ******* банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчилж баталсан, уг тогтоолоор Хуулийн хэлтэс нь Захиргаа удирдлагын газарт харьяалагдах болж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоол болон ******* банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А-57 дугаартай Чиг үүрэг батлах тухай тушаалыг үндэслэж гарсан ******* банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-39 дугаартай Орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар Хуулийн хэлтэс нь 1 хэлтсийн захирал, 1 ахлах хуульч, 5 хуульчийн орон тоотой ажиллах болсон;
3.5. *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчилж баталсан, уг тогтоолоор Хуулийн хэлтэс нь Комплаенс, хяналт, хууль эрх зүйн газарт харьяалагдах болж, банкны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар Хуулийн хэлтэс нь 1 хэлтсийн захирал, 3 хуульчийн орон тоотой ажиллах болсон;
3.6. ******* 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Мэдэгдэл-ээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчилж баталсан, Гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар газар, нэгжүүдийн чиг үүрэг, орон тоог тус тус шинэчлэн баталсантай холбоотойгоор *******-ийн ажиллаж байсан орон тоо цөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалж дуусгавар болгохыг мэдэгдсэн;
3.7. *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай ******* ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримтлан орон тоо цөөрсөн үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон ******* үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон;
4 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.1. *******д ажил олгогчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон, чөлөөний хугацаа дуусахад *******-ийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, үүнтэй холбоотойгоор магистрын дипломоо хамгаалж амжаагүй байгаа тул чөлөөний хугацааг нэг жилээр сунгуулах хүсэлтийг хүргүүлж, мөн хуулийн байгууллагад шалгагдаж буйтай холбоотойгоор өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд ажиллах нь эрх зүйн хувьд эрсдэлтэй байгаа тул ажлын туршлага, мэргэшилд тохирсон өөр ажил албан тушаалд томилогдон ажиллахад нээлттэй талаар мэдэгдсэн байна.
4.2. *******-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн ажил олгогчийн зүгээс Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б-135 дугаартай тушаалаар чөлөөний хугацааг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан, чөлөөний хугацааг сунгасантай холбоотой сургалтын гэрээнд зохих өөрчлөлт оруулахыг Дотоод үйл ажиллагааны хэлтэст үүрэг болгожээ.
4.3. Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б-135 дугаартай тушаал болон *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4/47 дугаартай Сургалтын гэрээ-нд холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг оруулан хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл үүсэж чөлөөний хугацаа сунгах хүсэлт ирүүлбэл Гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр хугацааг сунгаж болох заалт оруулсан байна.
4.4. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******ээс ажил олгогчид хандан чөлөөний хугацаа дууссантай холбоотойгоор эзэмшсэн мэргэжил, ажлын туршлага, ур чадварт тохирсон ажлын байраар хангаж, холбогдох албан тушаалд томилуулах хүсэлтийг гаргасан байх ба эрүүгийн хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул өмнө эрхэлж байсан ажлын чиг үүрэгтэй холбоотой ажлыг хаших нь эрх зүйн эрсдэлтэй гэж үзэж байгаа тул өөр ажил албан тушаалд томилогдон ажиллахад татгалзахгүй талаараа дурджээ.
4.5. Ажил олгогчийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/1160 дугаартай Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр *******-ийн шалгагдаж буй эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа тул шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл ажилд эгүүлэн томилох хугацааг түр хойшлуулж байгаа талаар мэдэгдсэн байна.
4.6. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* нь ажил олгогчид хандан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/1160 дугаартай Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч танилцаад ажил олгогчийн зүгээс тодорхой нөхцөл шалтгааны улмаас ажилд эгүүлэн томилох хугацааг түр хугацаагаар хойшлуулсныг хүндэтгэлтэйгээр хүлээн авсан талаараа мэдэгдэж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түүний шалгагдаж байсан эрүүгийн хэргийг Монгол улсын дээд шүүхээр хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэж дууссан тул сургалтын гэрээний дагуу холбогдох албан тушаалд томилж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргажээ.
4.7. ******* ажил олгогчид хандан түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дууссан үндэслэлээр холбогдох ажил албан тушаалд томилуулах хүсэлт гаргасан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 дугаар тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчилж баталсан, уг тогтоолоор *******-ийн өмнө ажиллаж байсан Хуулийн хэлтэс нь Комплаенс, хяналт, хууль эрх зүйн газарт харьяалагдах болж, банкны Гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар Хуулийн хэлтэс нь 1 хэлтсийн захирал, 3 хуульчийн орон тоотой ажиллах болсон байна.
4.8. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* ажил олгогчид хандан *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай тушаалаар Хуулийн хэлтсийн хуульчийн орон тоог цөөрүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжийг 6 сараар тооцон олгох хүсэлтийг гаргажээ.
4.9. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажил олгогчийн зүгээс *******д хандан *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоол, банкны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай тушаалаар газар, нэгжүүдийн чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор түүний ажиллаж байсан Хуулийн хэлтсийн хуульчийн орон тоо цөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалж дуусгавар болгохыг мэдэгдэн, Комплаенс, хууль, хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний ажлын байранд ажиллахыг санал болгосон байна.
4.10. ******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдлийг хүлээн аваад санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжийг зохих ёсоор олгохыг, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүртэл хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөхийг ажил олгогчоос хүсжээ.
4.11. *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 80.5, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн орон тоо цөөрсөн үндэслэлээр ******* 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.
5. Ажил олгогчийн зүгээс *******д 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон, чөлөөний хугацаа дуусахад түүний хүсэлтээр чөлөөний хугацааг нэг жилээр сунгасан, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******ээс ажил олгогчид хандан чөлөөний хугацаа дууссантай холбоотойгоор өмнө ажиллаж байсан ажил албан тушаалдаа ажиллах нь эрх зүйн хувьд эрсдэлтэй тул өөр ажил албан тушаалд ажиллах хүсэлт гаргасан, ажил олгогч түүний шалгагдаж буй эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа тул шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл ажилд эгүүлэн томилох хугацааг түр хойшлуулж байгаа талаар мэдэгдсэн, уг мэдэгдлийг ******* хүлээн зөвшөөрсөн зэргээс дүгнэхэд ******* 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хувийн чөлөөтэй байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-т зааснаар хувийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
5.1. Анхан шатны шүүх ******* 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хувийн чөлөөтэй байсан гэсэн дүгнэлтийг хийхдээ ажил олгогчийн зүгээс *******-ийн шалгагдаж буй эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа тул шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл ажилд эгүүлэн томилох хугацааг түр хойшлуулж байгаа талаар мэдэгдсэн, уг мэдэгдлийг ******* хүлээн зөвшөөрсөн үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр чөлөөний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон гэж алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулна.
6. *******-ийн ажлын байр хэвээр хадгалагдаж байх хугацаанд түүний өмнө ажиллаж байсан хуульчийн орон тоо цөөрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоол, *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтуудаар тогтоогдож байна.
6.1. Анхан шатны шүүх орон тоо цөөрсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийхдээ өмнө нь Комплаенсийн хэлтэс нь Эрсдэлийн удирдлагын газарт, Хуулийн хэлтэс нь Захиргаа удирдлагын газарт тус тус харьяалагдаж байсан бөгөөд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Комплаенс, хяналт хууль эрх зүйн газарт Комплаенсын хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэс, Хуулийн хэлтэс гэсэн гурван хэлтэстэй болсон, өмнөх Хуулийн хэлтсийн ажиллах чиг үүргийг дээрх гурван хэлтэст хуваарилсан, ажлын байруудыг нэгтгэж цөөрүүлэхээс илүүтэйгээр хэд хэдэн хэлтсийг бий болгосон, өмнөх Хуулийн хэлтсийн хуульчийн ажлын байрны чиг үүргийг шинэ бүтэц зохион байгуулалтаар хэд хэдэн хэлтэст хуваарилан хариуцуулсан буюу хуульчийн ажлын байрны орон тоо цөөрсөн бус харин хуульчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэд хэдэн хэлтсүүдэд хуваарилан хариуцуулж шинэ ажлын байруудыг бий болгосон гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
6.2. *******ны гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А-57 дугаартай Чиг үүрэг батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан *******ны гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, газар, хэлтэс, албадын чиг үүрэг-т Комплаенсын хэлтсийн чиг үүрэг, Хуулийн хэлтсийн чиг үүрэг нь тус тусдаа байсан ба дотоод хяналт шалгалтын чиг үүргийг Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын алба хариуцан ажилладаг байсан бол банкны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Газар, хэлтэс, албаны чиг үүрэг-т Комплаенсын хэлтсийн чиг үүрэг, Хуулийн хэлтсийн чиг үүрэг нь тус тусдаа хэвээр, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын алба хариуцан ажилладаг байсан дотоод хяналт шалгалтын чиг үүрэг нь Хяналт шалгалтын хэлтэст шилжсэн байна.
Өөрөөр хэлбэл, өмнөх Хуулийн хэлтсийн ажиллах чиг үүргийг Комплаенсын хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэс, Хуулийн хэлтэс гэсэн гурван хэлтэст хуваарилсан, өмнөх Хуулийн хэлтсийн хуульчийн ажлын байрны чиг үүргийг шинэ бүтэц зохион байгуулалтаар хэд хэдэн хэлтэст хуваарилан хариуцуулсан буюу хуульчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэд хэдэн хэлтсүүдэд хуваарилан хариуцуулж шинэ ажлын байруудыг бий болгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн хийсэн алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэнэ.
7. ******* нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хувийн чөлөөтэй байсан, хувийн чөлөөтэй буюу ажлын байр нь хэвээр хадгалагдаж байх хугацаанд түүний өмнө ажиллаж байсан хуульчийн орон тоо цөөрсөн байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах үүргийг хүлээнэ.
7.1. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажил олгогчийн зүгээс *******д хандан орон тоо цөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалж дуусгавар болгохыг мэдэгдэн, Комплаенс, хууль, хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний ажлын байранд ажиллахыг санал болгосон байх тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасан ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
7.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасан адил чанарын өөр ажлын байр" гэдэгт нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байрыг ойлгох бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Хуулийн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуулийн мэргэжилтэн/хуульчийн ажлын байрны тодорхойлолт болон Комплаенс, хяналт, хууль эрх зүйн газрын Хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагчийн ажлын байрны тодорхойлолт-ыг харьцуулан үзэхэд аль аль нь хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн, ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг, тавигдах шаардлагын хувьд ойролцоо байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь санал болгосон ажлын байр нь хянан шалгагчийн тусгай эрхтэй байхыг шаарддаг гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч санал болгосон ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагад хяналт шалгалтын тусгай эрхтэй байх шаардлага тавигдаагүй байна.
7.3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасны дагуу адил чанарын өөр ажлын байр санал болгосон боловч нэхэмжлэгч санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзсан байх тул ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг орон тоо цөөрсөн үндэслэлээр цуцалж, түүнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1.3-т тус тус заасанд нийцсэн байна.
7.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч орон тоо цөөрүүлж байгаа тохиолдолд орон тоо цөөрсөнтэй холбоотой хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ажилтнаар ******* сонгосон үндэслэл, шалтгаанаа нотлоогүй, сонгон шалгаруулалт явуулаагүй гэх үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан байх боловч банкны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчилж баталсан *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоол гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагийн улмаас өмнө ажиллаж байсан ажил албан тушаалдаа ажиллах нь эрх зүйн эрсдэлтэй тул өөр ажил албан тушаалд томилогдон ажиллахад татгалзахгүй талаар ажил олгогчид удаа дараа мэдэгдэж байсан байдал нь хэргийн баримтаар тогтоогдсон энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ.
8. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ******* болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ******* банкны хоорондох хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Олон улсын бизнес эдийн засгийн их сургуульд суралцсан боловч сургуулиа төгсөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр сургалтын 2 жилийн төлбөр 60,000 юань буюу 29,979,600 төгрөг, нийгмийн даатгалын 2 жилийн шимтгэлд төлсөн 2,028,994 төгрөг, нийт 32,038,594 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.
8.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байна.
8.2. ******* нь эрүүгийн хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдсантай холбоотойгоор магистрын дипломоо хамгаалж амжаагүй байгаа үндэслэлээр чөлөөний хугацааг сунгах хүсэлт гаргасныг ажил олгогчийн зүгээс хүлээн зөвшөөрч чөлөөний хугацааг сунгаж байсан, улмаар ажилтан хувийн чөлөөтэй байх хугацаанд түүний ажиллаж байсан ажлын байрны орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тул ажилтныг сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрсөн гэж үзэхгүй.
8.3. ******* сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ ******* Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Олон улсын бизнес эдийн засгийн их сургуульд суралцсантай холбоотой сургалтын 2 жилийн төлбөр 60,000 юань буюу 29,979,600 төгрөгийг хариуцагч байгууллагын зүгээс төлсөн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/03566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг, хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сургалтын гэрээнээс учирсан хохиролд 32,038,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар, хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу тус тус чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.УУГАНБАЯР