Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төв

            Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сум Жаргалант баг 14-05 тоотод оршин суух Цагаан өвгөн овогт Пүрэвийн Буянбат /ОЯ:83040711/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-23-25 тоотод оршин суух Цагаан өвгөн овогт Пүрэвийн Туяажаргал /ОЮ:77032669/

            3 945 588,61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатар,  Ө.Эрдэнэтунгалаг, хариуцагч П.Туяажаргал, П.Буянбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр гаргуулах, зээлдэгч П.Буянбат, П.Туяажаргал нар ХААН банкны Орхон салбар, Оюут тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр ЗГ14/86 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3 753 265,38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 109 932,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10 725 төгрөг нийт 4 873 923,02 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрч, /163 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн зээл төлөх мэдэгдлийг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, зээл буцаан дуудах мэдэгдлийг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

         Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах үндсэн зээлийн үлдэгдэл 3 246 734,62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 677 857,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20 996,89 төгрөг нийт 3 945 588,61 төгрөг

   2. Нотариатын үйлчилгээний төлбөр 2 500 төгрөг

   3. Улсын тэмдэгтийн хураамжийн 78 120 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.Буянбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Пүрэв овогтой Буянбат миний бие Хаан банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 7 000 000 төгрөг 24 сарын хугацаатай 21.6 хувийн хүүтэй, зээлийг сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр цалингийн гэрээт зээлийг Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа авсан нь үнэн болно. Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас 2014 оны 10 дугаар сард ажлаасаа гарсан ч сар бүр бусад орлогоороо төлөөд байсан боловч гэр бүлийн хүний хамт ажилгүй, өрхийн орлогогүй болсон. Мөн хувийн бизнес хийсэн боловч барилгын салбарын хямралаас болж ашигтай ажиллагаагүй зэрэг шалтгаанаас болж удаа дараа хугацаа хэтрүүлэн зээлээ төлөх боломжгүй болсон. Одоо намар 9 дүгээр сараас найзынхаа барилгын компанид ажилд орохоор болсон тул надад хугацаа олгож өгнө үү. Мөн зээлийг зөвхөн өөрөө зарцуулсан тул миний төрсөн эгч болох П.Туяажаргалыг хамтран хариуцагчаас хасаж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Туяажаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Орхон аймгийн Хаан банкнаас 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Пүрэвийн Буянбат нь зээлийн гэрээ байгуулсан 7 000 000 төгрөг зээлсэн. Тухайн үед П.Буянбат нь манайд ирж батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан. Би төрсөн эгч нь болохоор гарын үсэг зурж өгсөн. Гэхдээ би зээлсэн 7 000 000 төгрөгөөс авч хэрэглэсэн зүйлгүй. Иймд энэ мөнгийг төлөх хүсэлгүй байна. Анхнаасаа таниар төлүүлэхгүй, танд асуудалгүйгээр төлөөд явна гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Энэ мөнгийг би төлөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төв нь хариуцагч П.Буянбат, П.Туяажаргал нарт холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ 14/86 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, холбогдон гарах зардал нийт 3 948 088,61 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ 14/86 дугаартай зээлийн гэрээнд үндэслэн зээлдэгч нар гэрээгээр төлөх төлбөрөө хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тул зээлийг гэрээнд заасан хугацаанаас өмнө цуцлах хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад зээлийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарладаг. 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргаагүй хүлээн зөвшөөрдөг боловч хамтран хариуцагч П.Туяажаргалыг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж өгөх тухай хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүсэлтийг эс зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д нэхэмжлэгч хариуцагчийг ...солихыг зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан байх тул хамтран хариуцагч П.Туяажаргалыг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх боломжгүй байна.

Хариуцагч П.Буянбат, П.Туяажаргал нар нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвтэй ЗГ 14/86 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  барьцаанд зурагт, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч П.Буянбат, П.Туяажаргал нараас үндсэн зээлийн төлбөрт 3 246 734,62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 677 857,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20 996,89 төгрөг, холбогдон гарсан зардал буюу нотариатийн үйлчилгээний төлбөрт 2 500 төгрөг нийт 3 948 088,61 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн  8.2-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг шаардах, зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй талаар талууд тохирсон байна.

Хариуцагч нар дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь Хаан банкнаас зээлдэгчид хүргүүлж байсан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15/02 дугаартай анхааруулах захидал, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15/06 дугаартай зээлийг буцаан дуудах мэдэгдэл, 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 06 дугаартай зээлийг буцаан дуудах мэдэгдэл зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 78 120 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 78 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч П.Буянбат, П.Туяажаргал нараас нийт 3 948 088,61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 120 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, П.Буянбат, П.Туяажаргал нараас улсын тэмдэгтийн хураамжинд 78 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвд олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ