Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 370

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Б.А,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Б.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918004810363 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдөр УБ хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дархан сумын 16-р байрны Золбоо салоны ломбардны ажилтан, ам бүл 7, нөхөр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, ........  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Б.Г,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, Золбоо салоны ломбарданд иргэн Б.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.А “...Миний хэлсэн үг бол “чи үнэмлэх авах ёсгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй бас нэг эмэгтэйтэй намайг түлхээд үсдээд гаргаад тэнд байсан үсчингийн хүмүүс бүгд нийлээд над руу дайраад гарыг мушгиад цохиод бужигнаад байсан. ...ломбардны хүүхэн миний нүд рүү цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч Д.Б “...би гайхаад хажууд нь хараад зогсож байтал Г тэр эмэгтэйг заалнаас гар гэж шаардаад түлхэхэд зөрүүлээд нөгөө эмэгтэй баруун гараараа Г нүүр хэсэг рүү нь цохих шиг болсон. Тэгэхээр нь дундуур ороод тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь тэр эмэгтэй “чи цаашаа” гэж хэлээд гараараа нэг удаа миний цээж хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр эмэгтэйн гарын булчин хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. ...Ямар ч байсан хоорондоо цохилцоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч С.М “...2019 оны 06 сарын 29-ний өдрийн 16 цагийн орчимд би төмөр замын 16-р байрны ломбарданд охин М хамт дэлгэц нь хагарсан самсунг жи-3, тэгээд нэг утастай 80.0 төгрөгт тавих гэсэн чинь авахгүй гэхээр нь би иргэний үнэмлэхтэйгээ цуг тавья гээд тавьсан. Тэгээд гарсан чинь манай эхнэр А “яахаараа иргэний үнэмлэхээ цуг тавьдаг юм, үнэмлэхийг чинь авна” гээд ломбард руу орсон. Би тэр хооронд дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь А ломбардны хүүхэнд үсдүүлээд нүүр рүүгээ 2 цохиулчихлаа гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Гэрч О.Ж “...2019 оны 06 сарын 29-ний өдөр үдээс хойш цагийг нь хэлж мэдэхгүй байна, би ажлаа хийж байсан чинь ломбардан дотор хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь Гэрлээ эгчээ гадаа гараад асуудлаа шийд энэ чинь үйлчилгээний газар гэж хэлсэн. Тэгээд үсээ засаж дуусчхаад гарсан чинь Г эгчийн цамцных нь энгэр урагдчихсан тэд нар хоорондоо ноцолдсон бололтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8186 дугаартай “...Б.А биед дээд уруулын зүүн талын дотор салстын цус хуралт баруун бугалгад шууны цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си Ди-ний бичлэгийг үзэхэд “шүүгдэгч нь хохирогчийн үснээс татаж барьцаалдан зээлдүүлэх газрын хаалгаар гарч буй бичлэг”,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлийн талаар 250,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч уг хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, орлогын хэмжээг харгалзан 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй Си-диг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Б.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД