Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00993

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01100 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Тогтоосон хугацаанд олгоогүй цалин хөлс, алдангид 33,052,539 төгрөг гаргуулах, ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* сургуулийн ******* сургуулийн захиргаа 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний зааж байсан хичээлүүдийг зөвшөөрөлгүйгээр цуцалсан. Миний хичээлийг сонгосон байсан ахисан түвшний оюутнуудын бүртгэл хаагдсан ч тухайн үл ойлголцлоос үл шалтгаалан хичээлээ цахимаар үргэлжлүүлэн заасан.

1.2. Их сургуулийн багшийн хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэхээр тохирсон үүрэг нь өөрийн онцлогтой байдаг. Миний хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлсон гурван үндсэн ажил нь А цаг буюу тухайн хичээлийн жил заах ёстой хичээлийн кредит цаг нь 12 цаг, Б цаг буюу тухайн хичээлийн жил гүйцэтгэх ёстой эрдэм шинжилгээний кредит цаг нь 10 цаг, В цаг буюу тухайн хичээлийн жил оролцох ёстой нийгмийн ажил нь 4 цаг байх ёстой гэж тогтоосон.

1.3. Би *******-д профессор багш ажиллуулах журам, *******-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж байгаа ба 2023-2024 оны хичээлийн жил 5 өөр хичээл цахимаар зааж, профессорын хувьд гүйцэтгэх сургалтын А цаг 12 багц цаг байхаас 13.5-ыг, эрдэм шинжилгээ Б цаг 10 багц цаг байхаас 94.5-ыг, бусад ажил 4 байхаас 5.5 цаг биелүүлж тооцуулсан. Суралцагчдын сэтгэл хангамжийн үнэлгээ 4.53, 4.95, 4.97, 5.0 байсан. 2024-2025 оны хичээлийн жилд тус бүр 3 багц цаг бүхий 4 өөр хичээл зааж буй нь миний гүйцэтгэвэл зохих сургалтын А-д хамаарах 12 багц цаг бөгөөд Б болон В цагт тооцох ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байсан.

1.4. Гэтэл ******* сургуулийн ******* сургуулийн удирдлагын зүгээс намайг хөдөлмөрийн гэрээгээр заасан үндсэн ажил үүргээ биелүүлэх боломжгүй болгож, цаашлаад хуульд заасан үндэслэлгүйгээр цалин хөлсийг маань олгохгүй байгаа нь Дээд боловсролын тухай хуулийн 5.1.1, 13.1.6, 13.1.7 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 104.7, 59.3 дахь хэсэг, ******* сургуулийн сургалтын үйл ажиллагааны журмын 4.1.2 дахь хэсэг, *******д профессор багш ажиллуулах журам, хөдөлмөрийн гэрээг тус тус зөрчиж байна.

1.5. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр эсхүл Хөдөлмөрийн хуульд нийцсэн үндэслэл, шийдвэргүйгээр миний цалин хөлсийг олгоогүй байгаа тул 2025 оны 03 дугаар сараас 08 дугаар сарыг дуусталх хугацааны буюу нийт 7 сарын цалин хөлсийг сард 4,442,478 төгрөгөөр тооцон 26,654,868 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувиар тооцсон алданги 6,397,671 төгрөг, нийт 33,052,539 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн захирлын туслах *******ийн ******* хаягаас нэхэмжлэгч *******ийн ******* хаягт ирүүлсэн цахим шууданд ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хавсарган ирүүлсэн.

1.7. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг баримталсан байх ба ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэхийг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байх ёстой. Хөдөлмөрийн гэрээний 4.4.3.2-т хуваарьт хичээлээ 3-аас дээш удаа тасалсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан. ******* сургуулийн зүгээс хичээл цуцалснаар сургалтын үйл ажиллагааг хариуцагч өөрөө алдагдуулсан, нэхэмжлэгч хичээлээс хоцорсон, тасалсан зүйлгүй, сургалтын үйл ажиллагааг алдагдуулж байгаагүй.

1.8. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, улмаар холбогдох шийдвэрийг хүлээн аваад шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154, 158 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангасан тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/383 дугаартай тушаалаар ******* сургуулийн Нийгмийн ухааны салбарын ******* тэнхимийн профессор *******д Холбооны Бүгд Найрамдах ******* улсын *******хүрээлэнд зочин судлаачаар ажиллахад 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож байсан. Тус чөлөөний хугацааг ******* сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/39 дугаартай тушаал, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/635 дугаартай тушаалаар тус тус сунгаж чөлөө олгож байсан.

2.2. Чөлөөний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болоход ******* ажилдаа эргэн ирж ороогүй. Улмаар 5 жилийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сард тухайн үеийн ******* сургуулийн ректор ******* хувийн өргөдөл гаргасныг тухайн үеийн ректор хүлээн авч, сонгон шалгаруулалтгүй, ******* тэнхим болон Захиргааны зөвлөлийн шийдвэргүйгээр ******* сургуулийн захиралд тусгай цохолт хийж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/178 дугаартай тушаалаар *******ийг ******* сургуулийн Нийгмийн ухааны салбарын ******* тэнхимийн профессорын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан.

2.3. ******* нь ******* тэнхимийн профессорын албан тушаалд томилогдсоноос хойш 1 сарын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тэнхимийн эрхлэгч *******-д цахим шуудангаар ******* явах боллоо. Хоёрдугаар улирал эхлэхээр ирье гэж бодож байна. Үлдэж байгаа 2 долоо хоногийн хичээлийг *******-ээр орохоор болсон гэсэн и-мэйл бичээд Холбооны Бүгд Найрамдах ******* улсад амьдарч байгаа гэр бүл рүүгээ явсан. Тодруулбал, ******* профессорын албан тушаалд дахин томилогдож, ажлын байрандаа 1 сарын хугацаатай ажилласны дараа ажлын байраа орхиж, улмаар дахин 2023 оны 12 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах ******* улс руу явснаас хойш өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрандаа ажиллах ******* тэнхимийн профессорын албан тушаалын ажлын байрандаа биечлэн ирж ажиллаагүй, тэнхимийн хичээлийг биечлэн хичээл заагаагүй, тэнхимийн үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй.

2.4. ******* сургуулийн захиргаа болон тэнхимийн зүгээс сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс 2023-2024 оны бүтэн хичээлийн жил, мөн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд *******ийн заах хичээлийг өөрийнх нь хүсэлтийн дагуу цахим хэлбэрээр орохыг нь зөвшөөрч боломжийг олгосон.

2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* тэнхимийн эрхлэгч *******аас 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд ажил үүргийг ажлын байр (******* тэнхим)-д биечлэн ирж гүйцэтгэх, бакалаврын хичээл заах, хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулах тухай мэдэгдлийг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ******* сургуулийн захирал *******ээс цахим шуудангаар ажлын байрандаа биечлэн ирж ажиллах тухай мэдэгдлийг *******д тус тус өгсөн боловч ажлын байрандаа биечлэн ирж ажил үүргээ гүйцэтгээгүй, бакалаврын хичээл заагаагүй, хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулаагүй.

2.5. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* сургуулийн ******* сургуулиас ******* таныг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ******* сургуулийн ******* сургуулийн ажлын байрандаа биечлэн ажиллаж, цагийн тооцооны хуудсанд ажлын цагийн бүртгэл баталгаажсан тохиолдолд гүйцэтгэлийг үндэслэн цалинг бүрэн олгох, дээрх хугацаанд ирж ажиллаагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг албан ёсоор хүргүүлж байна. гэсэн мэдэгдлийг өгсөн боловч ажлын байрандаа ирээгүй.

2.6. ******* ажил олгогчоос өгсөн удаа дараагийн мэдэгдлийн дагуу ажлын байрандаа хүрэлцэн ирээгүй тул ******* сургуулийн захиргаанаас 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд ******* багшийн бакалаврын болон ахисан түвшинд танхимаар орох байсан хичээлүүдийг цуцалж, тус хичээлийг сонгосон оюутнуудыг өөр хичээл сонгох, суралцах боломжийг хангаж шийдвэрлэсэн. Ажилдаа эргэн ирж ороогүй *******ийн цалин хөлсийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс түр зогсоосон.

2.7. ******* сургуулийн хэмжээнд нийт 646 багш ажиллаж байгаа бөгөөд үүнээс 420 багш нь докторын зэрэг хамгаалсан. ******* сургуулийн профессорын албан тушаалд нийт 84 багш ажиллаж байна. Эдгээр 84 профессорын 20 нь профессор цолтой, 46 нь дэд профессор цолтой. Харин ******* багшийн хувьд профессорын албан тушаалд ажиллаж байсан хэдий ч тэрээр эрдмийн цолгүй, докторын зэрэг хамгаалсан багш. ******* бусад багш нараас илүү давуу эрх удаа дараа эдлэхгүй харин тэгш эрх, үүрэгтэй юм.

2.8. ******* сургуулийн үндсэн орон тоонд ажилладаг багш нар ажлын байрандаа биечлэн байж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцсоны үндсэн дээр цалин хөлсийг бүрэн авах эрх нээгддэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж тодорхойлсон. Мөн ******* сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 22.6-д Багш ажилтны цалинг цаг бүртгэлийн тайланд үндэслэн сар бүрийн 08, 23-ны өдөр олгоно. гэж, мөн энэхүү журмын 4.1.6-д ажил олгогч үндсэн багш (цаашид багш гэх), ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавих эрхтэй гэж тус тус заасан. Иймд бүрэлдэхүүн сургууль, тэнхим нь багшийн цаг ашиглалтад хяналт тавьж, цагийн тооцооны хуудсанд багшийн ажлын цаг баталгаажсан тохиолдолд цалинг олгодог.

2.9. ******* сургуулийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журамд зааснаар ******* сургуулийн багш нь сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээ гэсэн үндсэн гурван төрлийн ажил, үүргийг бүрэн гүйцэтгэхээс гадна тэнхимээс зохион байгуулж буй хурал, зөвлөгөөн, уулзалт зэрэг бүхий л үйл ажиллагаанд биечлэн оролцож ажиллах үүрэгтэй. ******* нь 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны үндсэн багшийн ажлын гүйцэтгэлийн тооцоогоо хийгээгүй.

2.10. Өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байранд хүрэлцэн ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй *******ийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ******* сургуулиас 4,473,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,578,639 төгрөгт холбогдох хэсэг болон 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж бичилт хийлгэх тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 398,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156,732.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх ажлын байр, ажлын байрны байршил, хичээлийн байр, хичээлийн танхим, заасан газар гэсэн нэр томьёонуудыг адилтгаж буюу ажил үүрэг гүйцэтгэгдэх газар, байрлалыг тэнхим гэдэгтэй андуурч хэрэглэсэн. Угтаа танхим, тэнхим гэдэг нь 2 өөр нэр томьёо бөгөөд танхим нь өрөө, тасалгаа бол тэнхим нь тодорхой зорилгын дагуу зохион байгуулагдсан байгууллага, ******* сургуулийн хувьд ******* тодорхой салбар ухаанаар зохион байгуулагдсан эрдмийн хамт олон юм.

4.2. Хөдөлмөрийн гэрээний 1.2-т Ажил үүргээ гүйцэтгэх байршил буюу харьяалагдах сургууль, тэнхим-ийг *******-ын ******* тэнхим гэж заасан байна. Тиймээс Ажил үүргээ гүйцэтгэх байршил нь харьяалагдах сургууль, тэнхим-ийг зааж байгаа бөгөөд, уг харьяалагдах сургууль, тэнхим нь *******-ын ******* тэнхим болно. Шүүхийн шийдвэрт ... харьяалагдах сургууль, тэнхим гэсэн хэсгийг орхисон байна.

4.3. Нэхэмжлэгчийн хувьд харьяалагдах сургууль, тэнхим нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл *******-ын ******* тэнхим байсан бөгөөд тийм ч учир ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаарт тушаалаар нэхэмжлэгчийг ******* сургуулийн Нийгмийн ухааны салбарын Археологи антропологи, хүн ам зүйн тэнхимийн профессорын ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно.

4.4. Түүнчлэн, ******* сургуулийн сургалтын үйл ажиллагааны журам-ын 4.1.2-т Сургалтын хөтөлбөрийг танхим, цахим болон холимог хэлбэрээр ... хэрэгжүүлж болно гэж заасан. Энд заасан танхим, цахим хоёр нь дээр хэрэглэж буй танхим, цахим буюу ажил үүрэг гүйцэтгэгдэх, явагдах (хичээл, сургалт явагдах) газар, байрлал, заасан газар төдийгүй ******* сургуулийн сургалтаа явуулах үндсэн газар, байрлал, заасан газар нь болно.

4.5. Өдгөө цахим хэлбэрт сургалтын үйл ажиллагаагаа бүрэн шилжүүлж, улмаар дэлхийн нөгөө булангаас ч оюутнууд дипломоо хүлээн авах боломжтой нөхцөлд бид ажиллаж амьдарч байгаа. Нөгөө талаас ******* сургуулийн журмаар зөвшөөрөгдсөн буюу цахим хэлбэрээр хичээлээ явуулах нь багш, оюутны сонголтын асуудал болсон. Цахим газар, байрлал нь ******* сургуулиас тусгайлан хангасан ******* программ-платформ бөгөөд уг платформ дээр хичээл орох багш ******* сургуулиас олгосон өөрийн и-мэйл хаягаа хэрэглэн, хичээлийн нэрээр тусгайлан нээсэн нь цахим анги болно.

4.6. Цахим ангид багш уг хичээлийг сонгосон оюутнуудыг ******* сургуулиас олгосон хаяг, кодоор нь оруулж уг хичээлийн ангийг (*******) бүрдүүлж сургалтаа, хуваарьт цагт явуулж л буй бол тэдний өөрсдийн бие хаана (У*******, *******, *******, эсхүл *******) байрлаж байх нь учир холбогдолгүй билээ. Хичээлийг цахимаар ороход тусгайлан зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Багш, оюутнууд харилцан тохироод Сургалтын албаны холбогдох ажилтанд мэдэгдээд явуулдаг журамтай. Тийм ч учир нэхэмжлэгч нь 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд хичээлүүдээ цахимаар заасан, ******* сургууль нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхиж явсан гэж буруутгаагүй, арга хэмжээ аваагүй, мөн зайнаас ажиллах зөвшөөрөл авахыг шаардаагүй, харин ч эсрэгээрээ хэвийн ажиллуулж байсан.

4.7. Ажлын байранд ирж ажиллах гэдэг асуудал тавьж улмаар нэхэмжлэгчийн хичээлүүдийг мэдэгдэлгүйгээр цуцалсан нь ******* сургуулийн дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч зөрчсөнөөс бус харин ******* сургуулийн удирдлагын зүгээс хувийн сэдэлтэйгээр нэхэмжлэгчийн эсрэг явуулсан үйлдлүүд бөгөөд тэдгээр нь ******* сургуулийн дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болно.

4.8. Хөдөлмөрийн гэрээний 1.1-д Багш энэхүү гэрээний 1.3-т дурдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг гүйцэтгэнэ гэж заасан ба гэрээний 1.3-т Ажлын байрны нэр буюу гүйцэтгэх ажил, үүрэг: Профессор гэж заасан байна.

Хөдөлмөрийн гэрээний 1.1-д зааснаар профессор нь сургалтын 12, эрдэм шинжилгээний 10, бусад ажлын 4 кредит цагийн ажил үүргийг гүйцэтгэхээр заасан.

Нэхэмжлэгч 2023-2024 оны хичээлийн жил 5 өөр хичээл цахимаар зааж, профессорын хувьд гүйцэтгэх сургалтын А цаг 12 багц цаг байхаас 13.5-ыг, эрдэм шинжилгээ Б цаг 10 багц цаг байхаас 94.5-ыг, бусад ажил 4 байхаас 5.5 цаг биелүүлж тооцуулсан, 2024-2025 оны хичээлийн жилд тус бүр 3 багц цаг бүхий 4 өөр хичээл зааж байсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих сургалтын А-д хамаарах 12 багц цаг тул нэхэмжлэгч профессорын ажлын байраа орхиж явсан зүйл огт байхгүй, нэг ч удаа хичээлээс хоцорч, эсвэл хичээлийг эрт тарааж, эсвэл тасалж байгаагүй.

4.9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.1-д Нэхэмжлэгч нь хичээл цуцлагдсан талаар маргаагүй тул цуцалснаас хойших хугацаанд цалин шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласнаар оюутны эрх, ашиг гэх үндэслэлээр өөрийн хүсэл зоригийн дагуу хичээл заасан гэж тайлбарласан нь хариуцагчаас цалин шаардах үндэслэл болохгүй. Түүнчлэн, цалингийн тодорхойлолтоос үзэхэд 2024 оны 07, 08 дугаар сард цалин олгогдоогүй. Тодруулбал, тухайн саруудад оюутны амралттай холбогдуулан цалин тооцогддоггүй гэж үзэхээр байна. Иймд ажилласан хугацааны цалин гаргуулах шаардлагаас үлдэх хугацаанд шаардсан цалин, алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний зааж буй хичээлүүдийг надад мэдэгдэлгүйгээр цуцалж, олгох ёстой цалин хөлсийг олгоогүй нь холбогдох хууль, ******* сургуулийн журмуудыг зөрчсөн талаар дурдсан нь хичээл цуцлагдсан талаар маргаагүй бус харин ч маргасан хэрэг болно.

4.10. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн зааж байсан хичээлүүдийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* сургуулийн захиргаанаас гэнэт цуцалсан, цаашлаад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн хуульд заасан зохих процесс хангаагүй, мэдэгдэл өгөхийн өмнө цуцалсан, улмаар цалин олголгүй явж байгаад 8 сарын дараа хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргасан, уг хугацаанд хөдөлмөр эрхлэгчийг ажлаар хангах үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй, тэнхим болон танхим гэх хууль зүйн нэр томьёоны хэрэглээ зэрэг олон асуудлыг анхан шатны шүүх шийдвэртээ тусгаж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай үйл баримтыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд зөв дүгнэж шийдвэрээ гаргасан учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасанд маргахгүй. Харин үлдэх хэсгийг хангаагүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******д тогтсон практик гэж яриад байгаа боловч *******д профессор багш нар 8 жилийн хугацаанд зайнаас ажилладаг практик байхгүй.

5.3. ******* сургуулиас *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шалтгаан нь ******* сургуулийн дүрэм журмыг биелүүлэхгүй байх, өөрсдийнхөө дур зоргоор гадаадад ажил олгогчоос ямарваа нэгэн зөвшөөрөл авалгүйгээр танхим, салбар сургуулийн захирлын зөвлөлтэй зөвшилцөлгүйгээр дур зоргоороо авирлаад байж болдог гэсэн жишиг тогтоох үр дагавартай байсан.

5.4. Хэргийн материалын 18 дугаар талд авагдсан ажлын гүйцэтгэл тогтоох журамд ******* сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг бол А, Б, В цагийн журмаар үнэлдэг ба А цаг нь бол цахимаар хичээл зааж байгаатай холбоотой, Б цаг нь эрдэм шинжилгээ, В цаг нь нийгмийн бусад үйлчилгээ гэж байгаа. ******* сургуулийн профессор багшийн ажиллах журамд заасны дагуу бусад багш нарыг дадлагажуулах, бусад ажилтнуудад тогтмол цагт эрдэм шинжилгээний зөвлөгөө өгөх ажлыг ******* гүйцэтгээгүй.

5.5. ******* багшийг хүндэтгээд ******* сургуулиас удаа дараа захирлын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэр гаргаж, шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлж байсан боловч ******* багш мэдэгдэлд заасны дагуу сургуульдаа эргэн ирж биечлэн ажиллах үүргээ биелүүлээгүй.

5.6. Анхан шатын шүүхээс 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хичээлээ зааж байсан, тухайн цаг хугацаанаас хойш системээс бүрэн цуцалсан өдрийг хүртэл цалинг нь олгож, түүнээс хойш ажилтан нь ажил олгогчтой зөвшилцөж, цахимаар буюу зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийг хийгээгүй, шийдвэр гаргаагүй байгаа учраас нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангахгүй гэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

5.7. Хөдөлмөрийн гэрээнд тэр хорооны хэддүгээр нутаг дэвсгэрт байрлах тэдэн тоот өрөөнд гэж зааж бичнэ гэж байгаа нь үндэслэлгүй. Энэ дээр ******* сургуулийн салбар сургууль харьяалагдах танхимыг заасан нь ажлын байрны газар, нэршлийг заасан гэдэг хууль зүйн шаардлага хангагдана. Хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн маргаантай, талуудыг ойлгоход бэрхшээлтэй, хэт ерөнхий утга агуулгатай ийм нэршил ороогүй байгаа учраас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.

5.8. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зайнаас ажилладаг гэдэг боловч тухайн нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй. *******ийн зүгээс гадаадад гэр бүлийнхээ хажууд байх нь надад аятай байгаа учраас энэ хүсэлтийг хангаж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа сургуулийнхаа захиргаанд явуулсан байдаг. Сургуулийн захиргаанаас зайнаас ажиллах боломж байхгүй гэдэг агуулгаар мэдэгдлийн хариу хүргүүлдэг боловч дур мэдэн хичээлээ заагаад байдаг. Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан тогтоосон хугацаанд олгоогүй цалин хөлс буюу 2025 оны 03 дугаар сараас 08 дугаар сарын дуусталх нийт 6 сарын цалин хөлс 26,654,868 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй алдангид 6,397,671 төгрөг, нийт 33,052,539 төгрөг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах, ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/718 дугаартай *******ийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалаар ******* сургуулийн Нийгмийн ухааны салбарын ******* тэнхимийн профессор *******ийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн;

3.2. ******* сургуулийн ******* сургууль болон ******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *******-ын багштай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, *******ийг ******* сургуулийн ******* сургуулийн Нийгмийн ухааны салбарын ******* тэнхимийн профессорын ажлын байранд ажиллуулахаар харилцан тохиролцсон;

3.3. ******* сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/718 дугаартай *******ийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалаар, *******ийг ******* сургуулийн ******* сургуулийн Нийгмийн ухааны салбарын ******* тэнхимийн профессорын ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэснээс хойш 1 сарын дараа ******* нь албан ёсны чөлөө авалгүйгээр ХБНГУ-руу явсан, 2023-2024 оны бүтэн хичээлийн жил, 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээлийг цахимаар орсон;

3.4. ******* сургуулийн зүгээс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *******ийн зааж байсан хичээлүүдийг цуцалсан, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цалин хөлс олгоогүй;

3.5. ******* сургуулийн Захиргаа, хүний нөөцийн газрын даргын цахим шуудангийн хаягаас 2025 оны 04 дүгээр сарын 10, 14-ний өдрүүдэд *******ийн цахим шуудангийн хаягт ажил үүргээ 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор биечлэн ирж гүйцэтгэхийг шаардсан, дээрх хугацаанд ирж ажиллаагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар мэдэгдсэн агуулгатай мэдэгдлүүдийг хүргүүлсэн;

3.6. ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.4.3.2-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар цуцалж, тушаалыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн захирлын туслах *******ийн ******* хаягаас нэхэмжлэгч *******ийн ******* хаягт хүргүүлсэн;

 

4. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч нэхэмжлэгч нь ******* сургуулийн ******* сургуулийн Нийгмийн ухааны салбарын ******* тэнхимийн профессорын ажил үүргийг ХБНГУ-аас гүйцэтгэж, хуваарилагдсан хичээлийг цахим хэлбэрээр зааж байсан нь түүний зааж байсан хичээлийг цуцалж, цалин хөлс олгохыг зогсоох үндэслэл болох эсэх, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлийг бие даасан шаардлага гэж үзэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгасан, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн зүйл, заалт баримталсан, шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн болон найруулгын алдаа гаргасан зэргийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтад заасанчлан ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд ажил үүргийг биечлэн гүйцэтгэх бөгөөд ажилтан ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр гүйцэтгэх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлд тусгайлан заасан Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ-г ажил олгогчтой байгуулсан байхыг шаардана.

5.2. Нэхэмжлэгч нь 2023-2024 оны бүтэн хичээлийн жил, 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээлийг ХБНГУ-аас цахим сүлжээгээр заасан байх ба энэ талаар ажил олгогчид хүсэлтээ гаргасан, ажил олгогч тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч ажил үүргийг зайнаас цахимаар гүйцэтгүүлж байсан гэх үндэслэлийг нэхэмжлэл болон тайлбартаа дурддаг боловч ажил олгогч тухайн нөхцөл байдлыг тодорхой хугацаанд хүлээн зөвшөөрч ажилтныг зайнаас, цахимаар ажиллуулсныг зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

5.3. Учир нь нэхэмжлэгч нь ******* сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/718 дугаартай тушаалаар түүнийг ******* сургуулийн ******* сургуулийн Нийгмийн ухааны салбарын ******* тэнхимийн профессорын ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэснээс хойш 1 сарын дараа ажил олгогчоос албан ёсны чөлөө, зөвшөөрөл авалгүйгээр ХБНГУ руу явсан байх ба сургуулийн зүгээс сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс тухайн хугацаанд хичээлийг цахимаар орохыг зөвшөөрсөн байдлыг ажил олгогч ажилтанд ажил үүргийг зайнаас цахимаар байнга гүйцэтгэх зөвшөөрөл олгосон гэж үзэхгүй.

5.4. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт зааснаар зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөлөөс гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгасан байх шаардлага тавигдах бөгөөд уг шаардлагыг хангасан гэрээ байгуулагдаагүй тохиолдолд талуудын хооронд зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

5.5. Иймд анхан шатны шүүхийн хийсэн ... ажилтан ажил олгогчид зайнаас ажиллах хүсэлт гаргасан нь нэхэмжлэгчид цахимаар хичээл заах эрхийг шууд олгохгүй, ... талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны байршил заагдаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй ... гэх дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

5.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх ажлын байр, ажлын байрны байршил, хичээлийн байр, хичээлийн танхим, заасан газар гэсэн нэр томьёонуудыг адилтгаж буюу ажил үүрэг гүйцэтгэгдэх газар, байрлалыг тэнхим гэдэгтэй андуурч хэрэглэсэн, ******* сургуулийн сургалтын үйл ажиллагааны журам-ын 4.1.2-т Сургалтын хөтөлбөрийг танхим, цахим болон холимог хэлбэрээр ... хэрэгжүүлж болно гэж заасан тул энд заасан танхим, цахим хоёр нь нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгэх, явуулах (хичээл, сургалт явагдах) газар, байрлал буюу ******* сургуулиас тусгайлан хангасан ******* программ-платформ бөгөөд уг платформ дээр хичээл орох багш ******* сургуулиас олгосон өөрийн и-мэйл хаягаа хэрэглэн, хичээлийн нэрээр тусгайлан нээсэн нь цахим анги тул нэхэмжлэгчийг ажлын байрыг орхиж явсан гэх ажил олгогчийн байр суурь болон ажлын байранд биечлэн ирж ажиллах шаардлага үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

5.7. Өмнө дурдсанчлан ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх бөгөөд ажилтан ажил олгогч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлд тусгайлан заасан зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд нэхэмжлэгчийг ажлын байрыг дур мэдэн орхин явсан, ажлын байранд биечлэн ирж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.8. Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтан ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн ирж ажил үүрэг гүйцэтгэх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасны дагуу ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн тавьсан зохих ёсны шаардлагыг биелүүлээгүй байх тул ******* сургуулийн зүгээс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн зааж байсан хичээлүүдийг цуцалсныг буруутгах үндэслэлгүй.

5.9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан тогтоосон хугацаанд олгоогүй цалин хөлс буюу 2025 оны 03 дугаар сараас 08 дугаар сарыг дуусталх нийт 6 сарын цалин хөлс 26,654,868 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй алдангид 6,397,671 төгрөг, нийт 33,052,539 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотой шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийж, хугацаанд нь олгоогүй цалин хөлсөнд 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хичээл цуцлагдсан 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажлын 12 хоногт тооцож 2,974,668 төгрөг, алдангид 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 168 хоногт тооцон 1,499,232 төгрөг, нийт 4,473,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, уг шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

5.10. Зохигчид анхан шатны шүүхийн хийсэн тооцоололд хэн аль нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс давж заалдах шатны шүүхээс энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

5.11. Нэхэмжлэгч нь ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах шаардлагыг гаргасан.

5.12. Нэхэмжлэгчийн гаргасан ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага нь бие даасан шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын үндэслэл байхад анхан шатны шүүх бие даасан шаардлага гэж үзэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

5.13. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цахимаар хүлээн авч, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хандсан, тус хорооны 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлийг хүлээж аваад 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д тус тус нийцсэн байна.

5.14. Нэхэмжлэгч нь ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, Хөдөлмөрийн гэрээний 4.4.3.2-т заасан хуваарьт хичээлээ 3-аас дээш удаа тасалсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл, эс үйлдэл гаргаагүй, харин ******* сургуулийн зүгээс хичээл цуцалснаар сургалтын үйл ажиллагааг хариуцагч өөрөө алдагдуулсан байхад дурдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

5.15. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй атлаа ажлын байрыг дур мэдэн орхин явсан, ажлын байранд биечлэн ирж ажиллах үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн зүгээс ажил үүргээ 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ажил үүргээ биечлэн ирж гүйцэтгэхийг шаардсан шаардлагыг биелүүлээгүй байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 4.4.3.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж, нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.16. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт тогтоосон хугацаанд олгоогүй цалин хөлс гаргуулах шаардлагын шаардах эрхийн үндэслэл болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул уг хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг, тогтоох хэсэгт хариуцагч ******* сургуулиас 4,473,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож гэж буюу *******д гэхийг ******* гэж бичсэн техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлтийг, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын үндэслэл болох ******* сургуулийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн хэсгийг бие даасан шаардлага байдлаар шийдвэрийн тогтоох хэсэгт тусгасныг хассан өөрчлөлтийг тус тус оруулна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01100 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 43 дугаар зүйлийн 43.2.1 ... гэснийг ... 104 дүгээр зүйлийн 104.1 ...гэж, ... ******* ... гэснийг ... *******д ... гэж тус тус өөрчилж, ... 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/610 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ... гэснийг хасаж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР