Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00230

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч  Г.Дэлгэрсайхан би,

          Нэхэмжлэгч: Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3-р баг, Цагаан-Овоо, Шархад гудамж, 8-3 тоотод оршин суух Боржигон овгийн Дэмбэрэлийн Тунгалаг /РД: МВ64040103/,

  Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3-р баг, Цагаан-Овоо, Шархад гудамж, 8-3 тоотод оршин суух Боржигон овгийн Чулуунбаатарын Атарсайхан /РД:МВ63011511/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.242.381.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Тунгалаг нь Баруунбүрэн сумын 25-р цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан ба хувийн хэрэгцээндээ зориулж 2013 оны 11-р сарын 14-ний өдөр 12,950,000 /арван хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй 13/91 тоот зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний хавсралт 1 төлбөрийн хуваарийн дагуу зээл төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм. Гэтэл зээлдэгч өнөөг хүртэл банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч Д.Тунгалаг, Ч.Атарсайхан нараар үндсэн зээл 4,242,381.04 төгрөг балансны гадуурх зээлийн хүү 653,269.40 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 4,895,650.44 төгрөгийг гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагч Д.Тунгалаг, Ч.Атарсайхан нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Дэмбэрэл овогтой Тунгалаг, Чулуунбаатарын Атарсайхан бид 2 төрийн банкны нэхэмжилсэн 4,895,650.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

    Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төвийн захирал Ш.Болортуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын иргэн Дэмбэрэл овогтой Тунгалаг, Чулуунбаатар овогтой Атарсайхан нарын гаргасан тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төвийн захирал Ш.Болортуяа нь хариуцагч Д.Тунгалаг, Ч.Атарсайхан нараас зээлийн гэрээний үүрэгт 4.895.650.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан бөгөөд хариуцагч Д.Тунгалаг, Ч.Атарсайхан нар нь “...бид 2 төрийн банкны нэхэмжилсэн 4,895,650.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

   Нэхэмжлэгч Төрийн банк нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар Сэлэнгэ салбарын харъяа Баруунбүрэн тооцооны төвийн захирал Ш.Болортуяад хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж оролцох эрхийг олгосон байх тул Төрийн банкны Баруунбүрэн тооцооны төвийн захирал Ш.Болортуяа нь нэхэмжлэл гаргаж, улмаар хариуцагч нарын гаргасан зөвшөөрлийг дэмжиж тайлбар гаргаж байгаа нь хуульд нийцнэ.

   Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93.280 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож, хариуцагч нараас 46.640 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн  50 хувь болох 46.640 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон              

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төвийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 4,895,650.44 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.Тунгалаг, Ч.Атарсайхан нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Д.Тунгалаг, Ч.Атарсайхан нараас 46.640  төгрөг, орон нутгийн төсвөөс 46.640 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН