| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/08227/И |
| Дугаар | 210/МА2026/00994 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00994
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01158 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Газар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би ******* дүүргийн ******* дүгээр хороо , *******, *******хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий зуслангийн газрыг 2006 онд өөрийн эгч *******даас худалдан авсан. Тухайн үед *******д эгчийн гэр бүлийн эзэмшилд зуслангийн зориулалттай 3 айлын газар байсан ба эгч нэг айлын газар дээр нь байшин барьж, би нэг газрыг нь эгчээсээ худалдан авсан.
1.2. Манай эхнэр ******* 2018 оны үед *******д эгч үлдсэн нэг зуслангийн газраа зарна гэж байна, энэ газрыг нь авъя гэж ярихад нь би эхний авсан газар дээрээ байшин барьж чадаагүй байж, дахин газар авахгүй гээд авахаас татгалзсан. Хэсэг хугацааны дараа эхнэрийн төрсөн эгч ******* зуслангийн байшин барихаар болсон гэдгийг эхнэрээсээ сонсоод эгчийн зарах гээд байсан газрыг нь авсан юм байна гэж ойлгосоор өдийг хүрсэн.
1.3. Тухайн үед өөрийн эхнэрийн эгч *******д тус больё гэж бодоод өөрт байсан байшинг буулгаж түүнд өгсөн бөгөөд байшин барихтай холбоотой бас бус зүйлээр нэмэр болсон. Миний эгч *******д АНУ-д амьдарч байгаа бөгөөд саяхан утсаар ярихдаа үлдсэн нөгөө газраа *******д биш өөр хүнд зарсан талаар хэлсэн. Ингээд би өөрийн эзэмшлийн газар дээр очиж үзтэл ******* миний газар дээр байшин барьсан болохыг олж мэдсэн.
1.4. ******* нь миний газар дээр миний өгсөн байшинг шилжүүлэн барьж байхдаа надад хэлж мэдэгдээгүй бөгөөд эхнэр ч бас энэ талаар надад огт дурдаагүй. Миний хувьд анхнаасаа өөрийн газар дээр эхнэрийн эгчийг байшин барих гэж байгааг мэдээгүй бөгөөд ******* болон түүний нөхөртэй ямар нэг газрын талаар гэрээ хэлцэл, яриа тохироо хийсэн зүйл байхгүй.
1.5. Эхнэрийн эгчийн гэр бүл миний эзэмшлийн газар дээр надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, энэ талаар надад хэлэлгүйгээр байшин барьсанд гомдолтой байгаа тул газраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. ******* дүүргийн ******* дүгээр хороо , *******, *******хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий, 698 м.кв талбайтай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Би *******ийн эхнэр *******гийн төрсөн эгч юм. *******, ******* нар нь 3 хүүхэдтэй бөгөөд гэр бүл болсон цагаас хойш ажил, бизнес гээд завгүй ажилладаг байсан тул 3 хүүхдийг нь нөхөр бид 2 нялх багаас нь өсгөсөн.
2.2. *******, ******* нар 3 хүүхдийг нь өсгөсөнд талархаж ******* дүүргийн ******* дүгээр хороо , *******, *******хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий, 698 м.кв талбайтай, эзэмших эрхийн Э-******* дугаар гэрчилгээтэй зуслангийн газрыг нөхөр бид 2-т бэлэглэсэн.
2.3. Бид аль аль нь цаг зав муутайн улмаас газрыг албан ёсоор шилжүүлж аваагүй байсан. Нөхөр ******* цэргийн байнгын тэтгэвэрт гарч 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг төрөөс авсан бөгөөд *******, ******* нараас бэлэглэсэн газар дээр байшин барьж амьдрах болсон.
2.4. *******, ******* нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан байгаа бөгөөд ******* гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох тус газрын ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.
2.5. Газрыг хууль бусаар эзэмшээгүй, бусдаас бэлэглэсний дагуу өөрийн хөрөнгөөр байшин барьсан тул газрыг чөлөөлж өгөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул *******д холбогдох ******* дүүргийн ******* дүгээр хороо , *******, *******хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 698 м.кв, Э-******* эзэмших эрхийн дугаартай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн газраа арчлах, хамгаалах, хашаалах, тэмдэгжүүлэх, бусад этгээдийг хохироох нөхцөл байдлыг үүсгэхгүй байх үүрэгтэй бөгөөд түүний газарт нь бусад этгээд үйл ажиллагаа явуулах, эзэмших, барилга байшин барьсан тохиолдолд тухайн үед нь эсэргүүцэх эрхтэй. Энэ эрхээ хангалттай хэрэгжүүлээгүй нь зөвшөөрөл олгосон гэх үндэслэл болох ёсгүй.
4.2. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 буюу Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно. Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэх заалт нь бусдын эзэмшлийн газар дээр байшин барих, эзэмшиж ашиглах эрх олгохыг зөвшөөрсөн, тэрхүү үйлдлийг зөвтгөх агуулгатай заалт биш юм. Өөрөөр хэлбэл, дээрх заалтыг дурдаж байгаад зөвшөөрөл олгосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байхаас гадна энэхүү заалтаар газрын хууль ёсны эзэмшигчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардах эрхгүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа хэрэг юм.
4.3. Нэхэмжлэгч өөрийнх нь газар дээр байшин барьж байгааг мэдээгүй, эгчийнхээ зарах гэж байсан газрыг *******г худалдаж авсан юм байна гэж ойлгосон талаар нэхэмжлэлдээ дурдсан. Хэрвээ ******* нь өөрийн газар дээр *******г байшин барихыг анхнаасаа мэдэж байсан бол түүнийг эсэргүүцэх, эсхүл *******тай ярилцаж зохих хэлцэл хийж баталгаажуулах байсан. Гэтэл бодит байдал дээр тийм зүйл болоогүй, ******* болон ******* нар нь түүнийг хуурч, төөрөгдүүлэн газрыг хууль бус аргаар эзэмшилд авч, ямар ч зөвшөөрөлгүй байшин барьсан нөхцөл байдал байгааг шүүх анхаараагүй.
4.4. Нөгөө талаас хариуцагч нь бусдын газар дээр байшин барьж байгаагаа сайн мэдэж байсны хувьд хариуцлагатай байж, хуульд нийцсэн арга хэлбэрээр холбогдох гэрээ хэлцэл хийх үүрэгтэй байсан. Гэтэл тийм үйлдэл хийгээгүй буюу 2021 оноос 2023 оны хооронд дээрх үйлдлийг хийгээгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгч өөрийн газар дээр байшин барьсныг мэдэхгүй байх боломжгүй, эрхээ хэрэгжүүлээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
4.5. Хариуцагч хариу тайлбартаа уг газрыг *******, ******* нар бэлэглэсэн гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж заасан. Талууд газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, бэлэглэлийн гэрээ хийгдээгүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн зүйл байхгүй. Бодит байдал дээр бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулагдаагүй, ийм гэрээ хэлцэл хийгдээгүй.
4.6. Шүүх бусдын газар дээр байшин барьж байгаа хариуцагчийн үйлдлийг эзэмшигчийн зөвшөөрөлтэй гэж үзэхдээ талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, ямар хууль болон гэрээ, хэлцлийн үндсэн дээр зөвшөөрөл олгосон, газрыг ямар нөхцлөөр хэдэн жилээр хэрхэн яаж эзэмшүүлж ашиглуулахаар тохирсон талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан ч хийгээгүй. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрх Иргэний хуульд заасны дагуу өмчлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэж, улсын бүртгэлээр баталгаажих ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хуулийн дагуу болон хэлцлийн үндсэн дээр тухайн газар дээр байшин барьсан үйл баримт тогтоогдоогүй байхад дээр дурдсан хуулийн шаардлага, заалтуудыг үл хэрэгсэн хариуцагчийг бусдын газрыг хууль бусаар эзэмшээгүй гэж үзсэн нь алдаатай болсон.
4.7. Шүүхээс гэрлэлт цуцалсны дараа нэхэмжлэгч шаардлага гаргасныг тухайн үед нь байшин барихыг зөвшөөрч байсан гэж үзнэ гэсэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийг ******* болон ******* нар хууран мэхэлсний улмаас тэрээр өөрийн газар дээр байшин барьж байгааг анхнаасаа мэдээгүй ч 2023 онд гэрлэлт цуцалсны дараа хөрөнгийн маргаан үүсэж, тухайн газрыг *******д зараагүй талаар өөрийн эгчээсээ олж мэдсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч нь анхнаасаа *******д газар дээр байшин барих зөвшөөрлийг олгосон гэж дүгнэсэн нь хэт явцуу, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.
4.8. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу өөрийн татгалзлыг нотолж чадаагүй, бэлэглэлийн гэрээ байгуулсан эсэх, зөвшөөрөл өгсөн эсэх нь эргэлзээгүй нотлогдоогүй байхад нотлогдсон мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1 Хууль бусаар байшин барьсан, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх агуулгатай гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргийг хуулиараа хүлээж байгаа. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үйл баримт болон түүний шүүхэд гаргасан тайлбар хоорондоо зөрүүтэй байдаг.
5.2. Шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа *******г байшин барихад тодорхой хэмжээний бараа материалын дэмжлэг үзүүлж байсан талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, бодит үйл баримтаар ******* нь өөрийн үйлдвэрийн хашаанд байсан хуучин байшингаа нурааж, ******* болон түүний нөхөрт байшин барихад нь туслалцаа үзүүлж байсан үүнийг шүүхэд бичгээр мэдүүлсэн. Дараа нь надаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр миний газар дээр байшин барьсан гэж 2 зөрүүтэй тайлбарыг шүүхэд гаргасан.
5.3. Дээрх нөхцөл байдлаас харвал, ******* нь зөвшөөрөлгүйгээр байшин барьж, амьдарсан гэх үйл баримтыг үгүйсгэж байгаа гэж миний зүгээс харж байна. ******* нь хариуцагчийг хууль бусаар амьдарч байгаа гэдгийг нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Газрын хөрсөнд бэхлэгдсэн зүйлс хөрсөндөө үлдэх зарчим нь эх газрын эрх зүйн орнуудад эртнээс хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулалт юм. Иргэний хуулийн 87 дугаар зүйлд салгаж үл болох буюу хязгаарлагдмал эрхийн талаар, мөн хуулийн 90 дүгээр зүйлд шударга эзэмшигчийн талаар тус тус зохицуулсан.
5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ийн эхнэр ******* гэх хүн гэрчээр оролцож, мэдүүлэг өгсөн. Хэргийн бодит үйл баримт буюу *******ийн эгчээс маргаан бүхий газрыг 5,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан, уг газар Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан, тухайн үед бидний дундаас төрсөн хүүхдүүдийг ******* эгч харж ханддаг байсан бөгөөд бидэнд тусалдаг байсан учраас талархсан сэтгэлээ илэрхийлж маргаан бүхий газрыг өгсөн, тухайн үед ковид цар тахлын үе байсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас газар эзэмших эрхийг шилжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн, гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас гэрлэлт цуцлуулах шаардлага гаргасан бөгөөд хөрөнгө хуваах асуудал яригдаж эхэлсний дараа ******* нь ******* гэх хүн миний газар байшин барьж хууль бусаар амьдарч байна гэж маргаж эхэлсэн гэж мэдүүлсэн.
5.5. Өөр байдлаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй. Гэр бүлийн хөрөнгийн маргаан үүссэн учраас ******* нь шүүхэд хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, ******* гэх хүнээр халхавчилж *******д дарамт шахалт үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Түүнээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй.
5.6. Маргаан бүхий эд хөрөнгийг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. ******* нь 2012 оноос хойш Газрын тухай хуульд зааснаар өөрийн газрыг арчилж хамгаалах, түүний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа бол бусдын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах, хуульд заасан эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл 10 гаруй жилийн хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй атлаа эхнэр нь гэр бүл цуцлуулах өргөдөл гаргасантай холбогдуулан ******* буюу хадам ах, эгчийгээ хохироох үйлдэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан газар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* дүүргийн ******* дүгээр хороо , *******, *******хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 698 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалт бүхий газрыг эзэмших эрхийг *******д 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр сунгасан;
3.2. ******* ХХК *******ийн эзэмшлийн *******, *******хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 698 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалт бүхий газар дээр 2021-2022 онд байшин баригдсан болохыг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сангийн мэдээлэл болон Google map-ийн зургийн түүхчилсэн лавлагааны мэдээлэлд үндэслэн тодорхойлсон;
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны агуулга, эрх, үүргийн талаар зохих дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газартай холбоотой шаардлага гаргах эрх бүхий этгээд байна.
5.2. Энэ тохиолдолд хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх шаардлагатай.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ эхнэрийн төрсөн эгч ******* зуслангийн байшин барихаар болсон гэдгийг эхнэрээсээ сонсоод эгчийн зарах гээд байсан газрыг нь авсан юм байна гэж ойлгосоор өдийг хүрсэн ... Миний эгч *******д АНУ-д амьдарч байгаа бөгөөд саяхан утсаар ярихдаа үлдсэн нөгөө газраа *******д биш өөр хүнд зарсан талаар хэлсэн. Ингээд би өөрийн эзэмшлийн газар дээр очиж үзтэл ******* миний газар дээр байшин барьсан болохыг олж мэдсэн гэж дурдсан байх боловч тэрээр 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа тул уг тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.
Нөгөө талаар нэхэмжлэлд эхнэрийн эгч *******д тус больё гэж бодоод өөрт байсан байшинг буулгаж түүнд өгсөн бөгөөд байшин барихтай холбоотой бас бус зүйлээр нэмэр болсон гэснээс үзвэл хариуцагч ямар газар дээр байшин барьж байгааг мэдээгүй гэх үндэслэлгүй байна.
5.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 3 хүүхдийг өсгөсөнд талархаж маргаан бүхий газрыг бэлэглэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзсан ба тэрээр нэхэмжлэгчийн эхнэр *******гийн эгч буюу Гэр бүлийн тухай хуульд заасан садангийн хүнд хамаарч байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч ******* нэхэмжлэлд дурдсан газрыг *******ээс *******д бэлэглэсэн гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөн байх боловч уг мэдүүлгийг дэмжих өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд хариуцагчийн хамаарал бүхий этгээдийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэхэд учир дутагдалтай. Үүнээс гадна зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй байна. Иймээс хариуцагчийн гаргасан газрыг бэлэглэлийн гэрээгээр авсан гэх татгалзал үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5.4. Харин дээр дурдсан нэхэмжлэгчийн эхнэрийн эгч *******д тус больё гэж бодоод өөрт байсан байшинг буулгаж түүнд өгсөн бөгөөд байшин барихтай холбоотой бас бус зүйлээр нэмэр болсон гэсэн тайлбар, хариуцагчийн 3 хүүхдийг нь өсгөсөнд талархаж маргаан бүхий газрыг бэлэглэсэн гэсэн тайлбарыг хооронд нь харьцуулж үзвэл гэр бүлийн болон садангийн харилцааны хүрээнд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газар дээр байшин барих зөвшөөрлийг өгч хариуцагч хувийн сууц барьсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.
Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн агуулгыг өөрсдөө тодорхойлсон байх бөгөөд уг тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэрлэгдээгүй гэрээнд үүргийн нийтлэг үндэслэл хамаарах ба хариуцагч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрын хувийн сууц барьсан хэсгийг ашиглуулахыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газрын хувьд өмчлөгчийн нэгэн адил Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй ч түүний энэхүү шаардах эрх нь хариуцагчтай хийгдсэн хэлцлийн үүргээр хязгаарлагдана.
6. Үүний зэрэгцээ Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзэмшил дуусгавар болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргасан нөхцөлд эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болох учиртай.
7. Дээр дурдсаныг нэгтгэвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.УУГАНБАЯР