Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 373

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Хохирогч Ч.О,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Е овогт Э.Э  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000421 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машины операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг .............. тоотод оршин суух, урьд 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзсан, 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, 2009 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Е овогт Э.Э /РД: МЙ80091814/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Хар-Усны 6 дугаар гудамжны 60 тоотод хашаан дотроо эхнэр Ч.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ч.О “...чи яах гэж хүүхдийнхээ хэрэглэх гэж байгаа мөнгийг хулгайлаад архи уучихаж байгаа юм бэ гэхэд би архи ууж байж үхнэ гээд байсан. Тэгээд намайг барьж аваад зодож эхэлсэн. Ах, эгч нар салгах гэж үзсэн ч дийлээгүй. Миний дух хэсэг рүү 4-5 удаа мөргөсөн. Өмнө нь намайг зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

Гэрч Ш.Б “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой 17 цагийн орчим би хашаандаа үхрээ сааж байхад миний охин О аллаа гэж орилсон, тэгэхээр нь би юу болов гээд үхрийнхээ сүүлнээс татаж босоод сүүгээ газар тавиад өндийгөөд харсан чинь манай хүргэн Э.Э миний охин О 2-3 удаа толгой руу нь мөргөсөн, тэгэхээр нь очоод Э үснээс нь татаж салгасан” гэх мэдүүлэг  /хх-ийн 10/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 769 дугаартай “...Ч.О биед тархи доргилт, нүүрний цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 12-13/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 7-12 оноо буюу дунд түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Э.Э нь өмнө нь эхнэрээ зодож байсан, түүний үйлдлийн шинж чанар нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх” хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн  гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон бол 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба шүүгдэгч нь дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдвал дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах болохыг сануулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ч.О нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшинөөс доогуур орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Е овогт Э.Э ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Е овогт Э.Э 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Э.Э Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД