Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1043

 

 

  

 

 

 

 

  

 

2016 оны 10 сарын 24 өдөр          Дугаар 181/ШШ2016/01043            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171б байр, 29 тоотод оршин суух. Баяуд овогт Эрдэнэ-Очирын Бат-Эрдэнэ /РД:ХЖ78021872/-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол, 50 мянгат, 30 байр, 16 тоотод оршин суух, Бэгз овогт Энхээгийн Чинзориг /РД:ХД78030897/-д холбогдох,  

 

90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэ, хариуцагч С.Гарьд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Э.Чинзоригийн хүсэлтээр Голомт банкны хадгаламжаа барьцаалан 47,000,000 төгрөгийн зээл авч, өөрт байсан 3,000,000 төгрөгийг нэмж, нийт 50,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ үедээ бичгээр гэрээ хийсэн.

Үүний дараа 2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр дахин 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг мөн бичгээр хийсэн. Гэвч Э. Чинзориг цувуулж нийт 7,000,000 төгрөг өгснөөс өөр төлбөр хийгээгүй.

Эхний 50,000,000 төгрөгийн зээл нь 2 сарын хүүгийн хамт 54,000,000 төгрөг, гэрээний 3-т зааснар 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хойшхи хугацааны алданги 25,000,000 төгрөг, дараагийн 10,000,000 төгрөгийн зээл нь 3 сарын хүүгийн хамт 11,500,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойшхи хугацааны алданги 5,000,000 төгрөг, нийт 95,500,000 төгрөгийг Э.Чинзориг төлөх үүрэгтэйгээс 7,000,000 төгрөг төлсөн тул хасаж, одоо 88,500,000 төгрөгийг би Э.Чинзоригоос зээл, зээлийн хүү, алдангид тооцож авах эрхтэй.

Бид дээрх 2 зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 90,000,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар зээлийн болон барьцааны гэрээ хийж баталгаажуулсан боловч Э.Чинзориг надаас 90,000,000 төгрөг аваагүй гэж маргасан нь үндэслэлгүй. Энэ зээлийн дүн бол түүний төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн нийлбэр юм.  

Иймд Э.Чинзоригоос 88,500,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Э.Чинзориг иргэн Э.Бат-Эрдэнээс 90,000,000 төгрөгийг зээлж аваагүй ба харин зээл авсан мөнгөө харилцан тохиролцож эргэн төлөхөд татгалзах зүйлгүй.

Э.Бат-Эрдэнээс зээлж авсан мөнгийг Хандгайт Вилла хотхонд зарцуулсан. Мөн н.Мөнхзулд 4,600,000 төгрөгийг өгсөн байдаг. 2014 оноос үргэлжилсэн эдийн засгийн хямрал нь үл хөдлөх хөрөнгүүдийн борлуулалтанд сөргөөр нөлөөлж, өнөөдрийг хүртэл анх зээлж авсан зээлээ төлж чадахгүй байдалд ороод байна.

Нэхэмжлэгчийн шаардсан 90,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба харин авсан зээл дээр харилцан тохиролцох хэрэгтэй гэж бодож байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэ нь хариуцагч Э.Чинзоригоос зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд шаардлагаа 88,500,000 төгрөг болгож багасгасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан тайлбар ирүүлсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбараар гаргаснаас өөрөөр татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй, хариуцагч нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох замаар хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх санал, хүсэлтийн алиныг ч шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /цаашид 1 дүгээр гэрээ гэх/-г бичгээр байгуулж, зээлдүүлэгч Э.Бат-Эрдэнэ нь зээлийг шилжүүлэх, зээлдэгч Э.Чинзориг нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 4 хувь буюу 2 сарын хүү 4,000,000 төгрөгийн хамт буцаан өгөх, хэрэв хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар тооцож алданги төлөхөөр,

Мөн 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /цаашид 2 дугаар гэрээ гэх/-г бичгээр байгуулж, зээлдүүлэгч Э.Бат-Эрдэнэ нь зээлийг шилжүүлэх, зээлдэгч Э.Чинзориг нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувь буюу 3 сарын хүү 1,500,000 төгрөгийн хамт буцаан өгөх, хэрэв хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар тооцож алданги төлөхөөр тус тус тохирсон байна.

 

Дээрх 2 гэрээнээс гадна зохигчид 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дахин 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /цаашид 3 дугаар гэрээ гэх/-г бичгээр байгуулж, зээлдүүлэгч Э.Бат-Эрдэнэ 90,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч Э.Чинзориг нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны дотор зээлийг сар бүрийн 3,000,000 төгрөгийн хүүгийн хамт буцаан өгөх үүргийг хүлээсэн ба зээлийн барьцаанд Э.Чинзоригийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт гудамж, 98-2 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бариулсан барьцааны гэрээг хийж, 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байх бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

 

Зээлдүүлэгч Э.Бат-Эрдэнэ нь 1, 2 дугаар гэрээгээр хүлээсэн 50,000,000 төгрөг болон 10,000,000 төгрөгийг зээлдэгч Э.Чинзоригт шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь “2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Э.Бат-Эрдэнээс 10,000,000 төгрөг бэлнээр авав. Хүлээн авсан Э.Чинзориг, хүлээлгэн өгсөн Э.Бат-Эрдэнэ” гэсэн бичвэр бүхий баримт, Голомт банкны хадгаламж барьцаалсан 3105100028 тоот зээлийн дансны 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Харин 3 дугаар гэрээний үндсэн дээр зээлдүүлэгч Э.Бат-Эрдэнэ нь зээлдэгч Э.Чинзоригт 90,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлж өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан шүүх зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөгийн, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан, харин 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

 

Талууд 1 болон 2 дугаар гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд эдгээр гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус нийцсэн тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зээлдүүлэгч Э.Бат-Эрдэнэ нь 1 болон 2 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул зээлдэгч Э.Чинзориг дээрх 2 гэрээгээр хүлээсэн үүрэг буюу зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэнээс үүссэн үүрэг болох алдангийг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Э.Чинзориг нь 1 дүгээр гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн  хүүд 4,000,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлөх үүрэгтэйгээс 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийг хугацаандаа, хугацаа хэтрүүлж 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Шүүх хариуцагчийн хугацаандаа төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн үүрэг буюу 54,000,000 төгрөг /54,000,000-1,000,000=53,000,000/-өөс хасаж, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаарх үүрэг бүхий 53,265,000 төгрөг /(53,000,000х0,5%)x1хо+53,000,000=53,265,000/-өөс 1 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн 2,500,000 төгрөгийг хасаж /үндсэн зээл, хүүгийн төлбөр 53,265,000-2,500,000=50,765,000 төгрөг/, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх үүрэг бүхий 76,147,500 төгрөг /(50,765,000х0,5%)х102хо=25,890,150 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232.4-т нийцүүлж 25,382,500+50,765,000=76,147,500/-өөс 102 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн 1,500,000 төгрөгийг хасаж /76,147,500-1,500,000=74,647,500/, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаарх үүрэг бүхий 76,147,500 төгрөг /(50,765,000х0,5%)х85хоног=21,575,125төгрөг дээр +өмнөх алданги 23,882,500төгрөг=45,457,625 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232.4-т нийцүүлж 25,382,500+50,765,000=76,147,500/-өөс 85 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж /76,147,500-2,000,000=74,147,500/ тооцоход үлдэх 74,147,500 төгрөгийг 1 дүгээр гэрээний үүрэгт хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин 2 дугаар гэрээний үүрэгт Э.Чинзориг үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн  хүүд 1,500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр төлөх үүрэгтэйгээс огт төлбөр хийгээгүй тул 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, алданги 5,750,000 /(11,500,000х0,5%)х272хон=15,640,000 төгрөгийг ИХ-ийн 232.4-т нийцүүлсэн/ төгрөг, нийт 17,250,000 төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Э.Чинзориг нь 1, 2 дугаар гэрээний үүрэгт нийт 91,397,500 төгрөг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэ нь 88,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хариуцагч Э.Чинзоригоос 88,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэд олгож шийдвэрлэв.

 

Зохигчид 3 дугаар гэрээний үндсэн дээр 90,000,000 төгрөг шилжүүлээгүй нь тогтоогдсон үндэслэлээр шүүх тэдгээрийн хооронд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн боловч энэхүү гэрээ байгуулагдах үндэслэл нь 1 болон 2 дугаар гэрээний үүргээс үүдэлтэй тул 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг 1 болон 2 дугаар гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор талууд хожим байгуулсан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Э.Чинзориг нь 88,500,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт гудамж, 98-2 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Э.Чинзоригоос 88,500,000 төгрөгийг гаргуулж Э.Бат-Эрдэнэд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Э.Чинзориг нь 88,500,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт гудамж, 98-2 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 600,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ө.УЯНГА