Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 374

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Б.М , Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэрэгт Х овогт Б.М , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Ж овогт Б.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19180055300420 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7 эцэг, эх, ах, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, ....... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.М,  

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, яс үндэс баяд, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хөтөлийн цементийн үйлдвэрт цахилгаанчин ажилтай, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сайхан сум ....... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Б.Ц,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

                                                                                                                                

Шүүгдэгч М.М нь 2019 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шинэ төв” нэртэй авто засварын газрын цонхоор нэвтэрч 6,340,000 төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмжийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө М.М гэмт хэргийн замаар, хууль бусаар олсон 6,340,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж авсан болох нь:

 

Хохирогч Э.Э “...М.М нь 2019 оны 02 дугаар сард манай засварын газар ажилд ороод нэг сар орчим ажиллаж байгаад ажлаасаа гарсан. 2019.07.25-нд эргэж ажилдаа ороод 11 хоног ажиллаж байгаад ажлын цагаар ажлаа хаяж яваад байхаар нь би шаардлага тавиад “яагаад ажлын цагаар ажлаа хийхгүй байгаа юм бэ, чамайг байхгүй хойгуур чинь машин засуулах гээд хүмүүс орж ирээд байна шүү дээ” гэж хэлсэн чинь надтай ажлаасаа гарна гэж хэрэлдсэн. Тэгээд ажлаасаа гарахдаа би танай засварын газар 11 хоног ажилласан юм чинь миний цалинг тодорхой хувиар бодоод өг гэж хэлсэн. Би хариуд нь би мэдэхгүй ээ манай нөхөр казакстан явсан байгаа, ирэхээр нь учраа олоорой гэж хэлсэн. Автомашин оношлогооны том жижиг хоёр төхөөрөмж болон гадна талын хар цүнхний хамт алдсан. Нийтдээ 7 сая төгрөгний үнэтэй эд зүйл байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,...Хохирол төлбөрөө авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Б “...10 цагийн үед захирлын эхнэр Э ирээд арын агуулахын өрөөг нээж оношлогооны аппаратууд алдагдсан байна гэж хэлсэн. Арын агуулахын өрөөний түлхүүр Энхлүүнд байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

 

Гэрч Л.Н “...Цагаанаа бид хоёрыг сууж байтал 30 гаран минутын дараа Б машинд ороод ирсэн. Тэгээд Б гэрт нь хүргэж өгөөд Ц бид Хөтөлрүү гарсан. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр надруу Дарханы цагдаагаас өчигдөр хамт явсан Ц болон М өгсөн цүнхтэй  зүйлийг авчраарай гэж ярихад нь би Ц утсаар ярьж цагдаагаас М өгсөн гэх хар цүнхтэй юмыг аваад та хоёр ир гээд байна. Юун хар цүнхтэй юм байгаа юм бэ гэж асуухад Ц надад өчигдөр Баагий машинд суухдаа цүнхтэй юм барьж орж ирээд хадгалж байгаарай гээд надад өгсөн, надад л байна гэхээр нь аваад бид хоёр Дарханы цагдаа ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 73,77/,

 

Капитал зууч ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “...AUTEL брендийн MaxiSus ms906  маркийн ар талдаа камертай автомашин оношлогооны багаж төхөөрөмж (залгуурын хамт) 1 ширхэг, KONNWEI  брендийн KW808 маркийн автомашин оношлогооны багаж төхөөрөмж (залгуурын хамт) 1 ширхэг, KONNWEI гэсэн бичигтэй хар өнгийн жижиг цүнх 1 ширхэг, Solight гэсэн бичигтэй хар өнгөтэй зөөврийн компьютерийн цүнх 1 ширхэг, Samsung гэсэн бичигтэй хар өнгийн компьютерийн гар 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6,340,000 /зургаан сая гурван зуун дөчин мянган төгрөг/ гэх шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 93-94/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-19/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж “хулгайлах” гэмт хэрэгт үйлдсэн, шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Э.Э нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.М, Б.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, Б.Ц “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.М хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил хорих ялаар,

Шүүгдэгч Б.Ц хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөх нь зүйтэй гэж тус тус үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, “хулгайлах”  гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж овогт Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр авсан “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Х овогт Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүгдэгч М.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД