| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/04485/И |
| Дугаар | 210/МА2026/00995 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00995
******* ХХК-ийн хүсэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/03532 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: ******* ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлттэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн 278,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******аймгийн Засаг даргын санаачилга, саналын дагуу *******аймгийг жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр зорилтын хүрээнд 16 давхар барилга барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 670,744 төгрөг, 7 хувьцаа эзэмшигчтэй үүсгэн байгуулагдсан.
1.2. Явцын дунд буюу 2013-2014 онуудад компанийн дүрэмд өөрчлөлт оруулж компанийн хувьцааг Монгол улсын иргэн *******, *******, ******* БНХАУ-ын иргэн Wai Ling нар тус тус 25 хувиар эзэмшиж, *******ийг гүйцэтгэх захирлаар томилсон.
1.3. 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээний хүрээнд үйл ажиллагаа эхлүүлэн хөрөнгө оруулагч нарт танилцуулан тухайн төслийг эхлүүлсэн ба хувьцаа эзэмшигчид гадаад, дотоодоос нийт төслийн 30 хувийг бүрдүүлэх, 70 хувийг нь ******* банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцон хувьцаа эзэмшигчид 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
1.4. Гэвч ******* банк зөвхөн 700,000 ам.долларын зээл олгоод нэмэлт санхүүжилт олгоогүй. Төслийн санхүүжилт хойшилсны улмаас манай компани санхүүгийн ихээхэн алдагдалд орж зарим нэгэн хувь хүмүүс болон банк бус санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгож байсан. Тэдгээрийн нэг нь манайхаас шүүхийн шийдвэрийн дагуу авах авлагатай ******* ХХК бөгөөд тус компани нь дээр дурдсан төсөл хөтөлбөрт оролцож сантехник холболт суурилуулалт инженерийн байгууламжийн ажлыг авч туслан гүйцэтгэгчээр оролцоно гэсэн тохиролцоотой манай компанид 150,000,000 төгрөгийн санхүүжилт олгож байсан.
1.5. Энэ хугацаанд ******* банк нэмэлт санхүүжилт олгохоос татгалзан өмнө олгосон 700,000 ам.долларын зээлээ нэхэмжлэн шүүхэд хандсанаар *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 2,896,451,786 төгрөг гаргуулах шийдвэр гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан барьцаа хөрөнгө болох дээрх төслийн 16 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулснаар ******* банкны өр бүрэн хаагдсан.
1.6. Ийнхүү ******* ХХК-ийг үүсгэн байгуулсан зорилтот төсөл хөтөлбөр амжилтгүй болж их хэмжээний өр төлбөр үүсэж үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн чадамжгүй, эх үүсвэргүй болсон. ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй, тус компани нь *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаар захирамжаар 278,250,000 төгрөгийг ******* ХХК-д төлөх төлбөртэй, татвар, нийгмийн даатгалын өр төлбөр байхгүй. ******* ХХК-д төлбөртэй этгээд байхгүй.
1.7. ******* ХХК нь хуулийн шаардлагуудыг хангахгүй, цаашид үйл ажиллагаа явуулах, бусдын өмнө үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох хөрөнгө санхүүгийн чадамжгүй тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ******* ХХК-д 150,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл хүү төлөхөөр тохиролцож зээлдүүлсэн бөгөөд ******* ХХК нь гэрээний дагуу зээлээ төлөөгүй.
2.2. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг дүгнэж зээл, зээлийн хүүд нийт 278,250,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон боловч уг дүнгээс нэг ч төгрөг буцааж төлөөгүй тул гэрээний дагуу шүүхэд хандсан. *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаартай захирамжаар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ******* ХХК-д нийт 278,250,000 төгрөг төлж барагдуулах шийдвэр гарсан.
2.3. Уг хугацаанд ******* ХХК нь ямар ч төлбөр төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн боловч ******* ХХК нь уг зээлийн барьцаа хөрөнгийг талуудад мэдэгдэхгүйгээр дур мэдэн худалдан борлуулсан байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөс өр төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд манай компанид ямар ч төлбөр буцааж төлөөгүй байна.
2.4. Иймд хариуцагчаас өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу 278,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, тайлбарын агуулга:
3.1. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентууд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь ******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
3.2. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан байдаг. Уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй, тус компанийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, лавлагаа, нотлох баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* ХХК нь хууль буюу гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах У.Нарантуяа, хэрэг гүйцэтгэгч ******* нарт даалгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт гэж зааснаар ******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, ******* ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагаа гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч *******од даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж, *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаар захирамжаар ******* ХХК-аас 278,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. ******* ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХХК-тай гэрээ байгуулж 150,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлдэгчийн *******аймгийн Баруун-Урт суманд байрлах ******* 16 давхар барилгын 307,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар гэрээ байгуулж, зээл олгосон боловч гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй тул шүүхэд хандаж, улмаар *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаартай захирамжаар ******* ХХК-д нийт 278,250,000 төгрөг төлж барагдуулах шүүхийн шийдвэр гарсан боловч ******* ХХК ямар ч төлбөр төлөөгүй.
5.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь зээлийн гэрээнд барьцаалсан хөрөнгөө өмнө нь бүхлээр нь ******* банканд барьцаалж зээл авсан байсан ба манайхаас зээл авахдаа санаатай нуун дарагдуулж, биднийг хуурч залилан мэхлэх замаар зээлийн барьцаа хөрөнгийг давхар барьцаалж, зээл авсан байсан.
5.3. Энэ асуудлыг бид огт мэдээгүй байсан бөгөөд манай компанид давхар барьцаалсан хөрөнгөө *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр ******* банкны өрөнд бүтнээр нь хураалгасныг шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны явцад олж мэдсэн. ******* ХХК-ийн удирдлагууд мэдсээр байж барьцаа хөрөнгийг санаатайгаар нуун дарагдуулж, барьцаа хөрөнгөө бусад зээлийн барьцаанд давхар барьцаалагдаж хураагдсанаас хойш буюу 3 сарын дараа манай компанитай эвлэрлийн гэрээ байгуулж, өр төлбөрөө төлөх санал тавьж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулсан бөгөөд уг шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаанд элдэв янзаар санаатай саад учруулж өнөөдрийг хүртэл огт өр төлбөрөө төлж барагдуулаагүй байна.
5.4. 2024 онд "******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь өр төлбөрөө төлөхөөр өөр үл хөдлөх хөрөнгө өгөхөөр санал болгож байсан бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг манай компанийн зүгээс авахыг албан ёсоор зөвшөөрч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлсэн байхад уг хүсэлтийн дагуу өр төлбөрөө барагдуулаагүй ба энэ талаарх шалтгаанаа захирал *******ийг ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн асуултад ...захирал *******ийг ийн хилийн хоригийг цуцлуулахын тулд хэрэглэсэн арга байсан болохоос биш өр барагдуулах зорилгогүй байсан гэж хариулсан нь манай компанийг хуурч, хилийн хоригоо цуцлуулах арга байсан гэдгээ нотолсон явдал бөгөөд өр төлбөрөөс санаатайгаар зайлсхийх, хууль бус, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж бид үзэж байна.
5.5. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээл авсан компаниа дампууруулах хүсэлт гаргахдаа 2019 оноос хойш шүүхийн шийдвэрээр манайд төлөх өр төлбөртэй атлаа 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өр төлбөргүй гэсэн хуурамч бичиг баримт үйлдэж шүүхийн байгууллагад нотлох баримтаар гаргаж өгсөн, санхүүгийн тайлан балансаа санаатайгаар гуйвуулж, зөвхөн манайд өгөх өр төлбөрөөс болж дампуурч байгаа мэтээр шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн хуурамч баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн байх ба өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийг төлж барагдуулах үүргээс зугтан зайлахын тулд компаниа дампууруулах санаатай үйлдэл хийж, анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулсан гэж бид үзэж байна.
5.6. Иймд дээд шатны шүүх ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийг ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, олон жил хохирч ирсэн манай компанийн хохирлыг барагдуулахад төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг анхаарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. ******* ХХК-ийн хувьд 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд үүсгэн байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, ******* гэх 16 давхар барилгын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой байсан. Хөрөнгө оруулалтын 70 хувийг банкнаас, 30 хувийг хувьцаа эзэмшигч нар өөрсдөө бүрдүүлсэн бөгөөд барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байх үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тус объект банкны барьцаанд хураагдсан. Нэхэмжлэгч тал барьцааны эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас ******* банкны зээлийн төлбөрт тухайн объект бүхлээрээ хураагдсан. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь өөрсдөө барьцааны эрхээ хэрэгжүүлж, тусгай тэмдэглэгээ хийлгэх байдлаар эрхээ хэрэгжүүлсэн бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байх боломжтой байсан.
6.2. Тухайн объект нь уг төслийн үндсэн зорилт байсан бөгөөд ******* ХХК нь төслийн ажилд туслан гүйцэтгэгч байгууллагаар оролцох буюу сангийн ажлыг хийж гүйцэтгэх тохиролцоотой байсан. Аль аль байгууллага ашиг хүртэх байсан. Өөрөөр хэлбэл, нүдэнд харагдах байдлаар эрсдэлээ тооцож, төслийн санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулж олгосон. Үүний дагуу талуудын хэн аль нь маргаангүй байсан тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан. Түүнээс барьцаа хөрөнгийг давхар барьцаалж, нуун дарагдуулсан зүйл байхгүй гэдгийг нэхэмжлэгч тал сайн мэдэж байх ёстой.
6.3. Уг асуудалтай холбоотой нэхэмжлэгч байгууллагын албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тодруулбал, бидний хамтын ажиллагаа сунжирсан байдалд орсон байх тул хойшид уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулсан агуулга бүхий албан бичгийг хүсэлт гаргагчийн зүгээс хэрэгт эх хувиар нь гаргаж өгсөн. ******* ХХК-ийн хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөр амжилтгүй болж, нэг ч хувьцаа эзэмшигч ашиг хүртэж чадаагүй. Компани ашиг хүртэх байтугай өрөнд орж эргэлтийн хөрөнгөгүй болж зогсонги байдалд орсон бөгөөд үүнээс хойш 13 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд компанийнхаа өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргасан.
6.4. ******* банк болон нэхэмжлэгч байгууллагад өр төлбөртэй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хүсэлт гаргагч компанийн эд хөрөнгө болон дансыг олж тогтоох ажиллагааг бүрэн хийсэн. Эд хөрөнгө олж тогтоогдоогүй боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эцсийн аргаа хэрэглэж, хувьцаа эзэмшигч нарын 6-7 эд хөрөнгийг битүүмжилсэн. Үүнээс гадна үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлын ажилгүйдлийн тэтгэмжийн 20,000,000 гаруй төгрөгийг битүүмжилсэн. Иймд хувьцаа эзэмшигч нар эрхээ хамгаалах үүднээс иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хувьцаа эзэмшигч нарын хөрөнгөд халдсан нь үндэслэлгүй буюу компанийн хөрөнгөөс тусдаа статустай тул хувьцаа эзэмшигч нарын хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн.
6.5. Нэхэмжлэгч тал хуурамч баримт үйлдсэн гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч компани хүсэлтдээ ямар ямар байгууллагууд авлагатай талаар болон нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээг гаргаж тусгахыг хуулиар үүрэг болгосон. Эдгээр баримтуудыг хавсаргаж өгсний үндсэн дээр мөн хуулийн 4 дүгээр зүйл заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэдэг тул бид өр төлбөрийн асуудлыг нуун дарагдуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өгсөн баримтыг бид хэрэгт гаргаж өгсөн. Тус баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэдгийг дурдах нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал удаа дараа хүсэлт гаргасны үндсэн дээр шүүхийн журмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу албан бичиг илгээж дахин тодорхойлолт авсан. Тус тодорхойлолтод шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өр төлбөртэй талаар дурдагдсан.
6.6. Гомдол гаргагч болон хэргийн оролцогч нар шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, мөн гаргаж буй гомдол нь нотлох баримтаар давхар баталгаажсан байх ёстой. Нэхэмжлэгчийн гаргаж буй давж заалдах гомдол хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож байгаа талаар тодорхой дурдагдсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тодорхой тайлбарлах ёстой боловч энэ талаар тайлбарлаагүй.
Давж заалдах гомдол нь хуульд заасан үндэслэл бүхий гомдол болж чадаагүй учраас гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн дампуурсанд тооцуулж, татан буулгуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.
2. Хүсэлт гаргагч ******* ХХК нь төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр дампуурсанд тооцуулж, татан буулгуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэсэн, улмаар Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/27082 дугаартай захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн анхны хурал хийх огноо, газар, нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг тус тус тусгаж шийдвэрлэсэн.
******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон байна.
3. Нэхэмжлэгчдийн анхны хурал 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж, тус хурлаас ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй, хэрэг гүйцэтгэгчээр *******ыг сонгож, шүүхээр батлуулахаар ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/39099 дугаартай захирамжаар ******* ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт *******ыг хэрэг гүйцэтгэгчээр томилж, Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг дурдсан.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нарын зүгээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах саналыг хэрэг гүйцэтгэгч шүүхэд гаргажээ.
4. Анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэн ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ХХК-ийн санхүүгийн тайланд тус компани 2014 онд 3,595,147,468.63 төгрөгийн дансны авлагатай байсан гэж тусгагдсан байх ба хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тус компани 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 3,390,133,600 төгрөгийн дансны авлагатай байсан талаар дурдагдсан байна.
Хүсэлт гаргагч ******* ХХК нь тухайн авлагын талаар 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэрэг гүйцэтгэгчид хандан тайлбар хүргүүлсэн байх ба уг тайлбарт 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дансны авлага болон бусад авлагад бүртгэгдсэн нийт авлага нь барилгад орсон бүх санхүүжилтийг авлагаар бүртгэсэн байсан гэсэн бол хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлахдаа үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөх, зайлсхийх үүднээс 5,000,000,000 орчим төгрөгийг санхүүгийн тайландаа авлага хэлбэрээр бүртгэсэн байсан гэсэн тайлбарыг гаргасан.
Хэрэг гүйцэтгэгч санхүүгийн тайлангуудад тусгагдсан дансны авлагын талаарх баримтуудыг нягтлан шалгалгүйгээр хүсэлт гаргагчийн гаргасан тайлбарт үндэслэн тус компанийг дампуурсан гэж үзэж, татан буулгах саналыг гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасанд нийцээгүй байна.
4.2. ******* ХХК нь 2013 оноос 2019 оны хооронд *******аймгийг жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр зорилтын хүрээнд тус аймагт 16 давхар барилга барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх явцад төсөл хөтөлбөр амжилтгүй болж, их хэмжээний өр төлбөр үүсэж, үйл ажиллагаа нь бүрэн зогсож, санхүүгийн алдагдалд орж, цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн чадамжгүй, эх үүсвэргүй болсон гэх үндэслэлийг хүсэлтдээ дурдсан.
4.3. ******* ХХК нь *******аймгийг жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр зорилтын хүрээнд тус аймагт 16 давхар барилга барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, тухайн төслийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа явуулаагүй, 2013-2019 оны хооронд хувьцаа эзэмшигчид нь хөрөнгө оруулалт хийсэн, мөн банкнаас санхүүжилт авсан, бусад этгээдүүдээс зээл авч төслийн үйл ажиллагаанд зарцуулсан боловч төсөл хөдөлбөр амжилтгүй болсноор санхүүгийн чадамжгүй болсон гэж дампуурсанд тооцуулж, татан буулгуулах хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан байхад хэрэг гүйцэтгэгч тус компанийн 2013-2019 оныг хамарсан хугацааны санхүүгийн тайлан, мөнгөн гүйлгээний баримтууд, банкан дахь дансны хуулга, санхүүгийн анхан шатны баримтуудыг цуглуулж, тэдгээрт дүн шинжилгээ хийлгүйгээр ******* ХХК-ийн 2020-2023 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлт, мөн онуудын орлогын тайлангийн үзүүлэлт, санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээ зэрэгт үндэслэн дүгнэлт гаргажээ.
4.4. ******* ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалт, банкны санхүүжилт, бусдаас авсан зээлийн мөнгөн хөрөнгийн зарцуулалт, 16 давхар барилга барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байх үеийн санхүүгийн анхан шатны баримтууд, мөнгөн гүйлгээний баримтуудыг нягталж шалгалгүйгээр тухайн компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан цаг хугацаанаас хойш буюу үйл ажиллагаа нь зогссон байсан үеийн санхүүгийн тайлан баримтуудад дүн шинжилгээ хийж гаргасан дүгнэлтэд үндэслэн хүсэлт гаргагч компанийг дампуурсан гэж үзэж, татан буулгах саналыг хэрэг гүйцэтгэгчийн зүгээс гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасанд нийцээгүй байна.
5. Иймээс хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч ******* ХХК-ийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэхгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
6. *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаартай Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* ХХК нь 278,250,000 төгрөгийг ******* ХХК-д төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ХХК-ийн дампуурсанд тооцуулж, татан буулгуулах хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/03532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ХХК-ийн дампуурсанд тооцуулж, татан буулгуулах хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 278,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.УУГАНБАЯР