Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ХШТ/131

 

М.Ч, Х.Эн, Б.Эр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Х.Эн, Б.Эр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 664 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 924 дүгээр магадлалтай, М.Ч, Х.Эн, Б.Эр нарт холбогдох 2308033170114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Өмнөговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Ч

2.Монгол Улсын иргэн, Завхан аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х.Эн,

3.Монгол Улсын иргэн, Завхан аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Эр.

Шүүгдэгч М.Ч, Х.Эн, Б.Эр нар нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ч, Х.Эн нарыг бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч, Х.Эн, Б.Эр нар тус бүрд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялын хугацаанд шүүгдэгч М.Ч, Х.Эн нарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Эр-ыг Завхан аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар Б.Эр-оос 42,856,700 төгрөг, М.Ч-оос 91,762,700 төгрөг, Х.Эн-өөс 91,762,700 төгрөг гаргуулан Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Ч, Х.Эн нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... улсын дугаартай “Kia Pregio” загварын тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж хохиролд тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 457,8 кг сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эр-оос 25,714,000 төгрөг, шүүгдэгч М.Ч, Х.Эн нараас тус бүрээс 55,057,630 төгрөг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай” гэж, 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Ч, Х.Эн нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... улсын дугаартай “Kia Pregio” загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, улсын орлогод шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эн, Б.Эр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

... Б.Эр, М.Ч, Х.Эн нар болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, оногдуулсан ялын талаар маргаангүй. Харин магадлалын 1 дэх заалт нь хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн болно.

Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 357 дугаар тогтоолд “... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Байгалийн ургамлын тухай хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно” гэж заажээ.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйл нь ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай заалт бөгөөд Улсын дээд шүүхийн 357 дугаар тогтоолд дурдсантай нэгэн адил ойн дагалт баялаг болох самрыг худалдан авсан хүнээс уг самрын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр төлүүлнэ гэсэн заалт мөн байхгүй.

Шүүгдэгч М.Ч, Х.Эн нар самрыг өөрсдөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн самрыг худалдан авсан байхад анхан шатны шүүх тэдний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 55,057,630 төгрөгийг шүүгдэгч М.Ч, Х.Эн нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Ч, Х.Эн нар Завхан аймгийн Тэс сумын фэйсбүүк хуудаст зар тавьж зарын дагуу гэрийнхээ хашаандаа самар худалдаж авсан үйл баримт тогтоогдсон. Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд заасны дагуу тооцооллыг хийвэл 13 шуудай буюу 457,8 кг /нийт самар/ × 98,900 = 45,276,420 төгрөг, 45,276,420 ÷ 2 хүн = 22,638,210 төгрөг бөгөөд 22,638,210 - 900,000 = 21,738,210 төгрөг /Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т тус тус зааснаар Х.Эн-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэ болох 900,000 төгрөгийг хасав/ шүүгдэгч М.Ч 22,638,210 төгрөг, шүүгдэгч Х.Эн 21,738,210 төгрөгийн тус тус төлөх төлбөртэй гарч байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Эр хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би орон нутагт амьдардаг. Эхнэр маань хөхний хорт хавдартай, Улаанбаатар хотод химийн эмчилгээ хийлгэдэг учир нааш, цаашаа явах шаардлага их гардаг. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүдэгч Х.Эн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр бамбай булчирхайн хорт хавдартай. Ар гэрийн байдлыг минь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Эр нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын Ховор ургамлын жагсаалтад багтсан сибирь хуш модны 260 кг самрын үр идээг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, шүүгдэгч М.Ч, Х.Эн нарт худалдсан, шүүгдэгч М.Ч, Х.Эн нар нь бүлэглэн сибирь хуш модны 457,8 кг самрын үр идээг бусдад зарж худалдах зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн хэргийн үйл баримт нотлогджээ.

Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаар хоёр шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн ба Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Ч, Х.Эн нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, үнийг хохиролд шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгасан нь үндэслэлтэй байна.

Харин шүүхээс шүүгдэгч тус бүрд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэхдээ шүүгдэгч Б.Эр-ын зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Завхан аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Мөн хоёр шатны шүүхээс хохирлын хэмжээг зөрүүтэй шийдвэрлэсэн. Ховор ургамалд хамаарах сибирь хуш модны самрын үр идээг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэлд экологи, эдийн засгийн үнэлгээг өсгөн нэмэгдүүлж тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М.Ч, Х.Эн нарын хувьд ховор ургамал болох самрыг хууль бусаар бэлтгэж байгаль орчныг устгаж, гэмтээсэн үйл баримт тогтоогдоогүй, тэдгээрийн 457,8 кг самрыг худалдаж авсан, тээвэрлэсэн нөхцөл байдлыг харгалзан экологи, эдийн засгийн үнэлгээ 45,276,420 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 22,638,210 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Эр-ын хувьд 260 кг самрыг хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдалд үндэслэн, байгалийг нөхөн сэргээх, хор уршгийг арилгах зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 128,570,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд Б.Эр-од оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаар болон хохиролтой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч М.Ч, Х.Эн, Б.Эр нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэргийн талаар хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3.Шүүгдэгч М.Ч, Х.Эн нар худалдан борлуулах зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 19-ний өдрийн хооронд Завхан аймгийн нутаг дэвсгэрт 457,8 кг ховор ургамлын жагсаалтад багтсан сибирь хушны үр болох самрыг бусдаас худалдан авч бэлтгэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн хяналтын цэг хүртэл “Kia Pregio” загварын, .... улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн,

шүүгдэгч Б.Эр нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын дэвсгэр, Улаан чулуу гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, худалдан борлуулах зорилгоор 260 кг ховор ургамлын жагсаалтад багтсан сибирь хушны үр болох самрыг бусдаас худалдан авч бэлтгэн Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэж М.Ч, Х.Эн нарт 2,080,000 төгрөгөөр худалдсан талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний  үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зөв, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлэн салбарын хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Тухайлбал, Байгалийн ургамлын тухай хуулиар ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилан, ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, энэ төрөлд багтах ургамлын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлээр хамгаалсан байна.

Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нар худалдан борлуулах зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох сибирь хуш модны самрыг бусдаас худалдан авч их хэмжээгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан үйлдэл нь дээрх зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын тухайд сибирь хушны самар нь ховор ургамалд тооцогдохын зэрэгцээ ойн дагалт баялагт хамаарч байх тул давж заалдах шатны шүүх ойн санд хохирол учруулсан гэж үзэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуул нь Сибирь хушны самрыг ойгоос түүгээгүй, худалдаж авсныг түүсэнтэй адилтган үзэхгүй, энэ талаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон салбарын бусад хууль тогтоомжид заагаагүй гэж гомдол гаргажээ.  

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид нэн ховор, эсхүл ховор ургамал болон тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бүхий л үйлдлийг хамааруулсан билээ.

Иймд гэм хорын хохирлыг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцуулахыг хүссэн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5.Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ялын онцгой төрөл юм.

Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Эр-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарлалтын бүсийг хэт өргөжүүлж Завхан аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж залруулаагүй байх тул шүүгдэгчид оногдуулсан ялын хязгаарлалтын бүсийг Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг дэвсгэрээр тогтоосон өөрчлөлтийг тогтоол, магадлалд оруулахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 664 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... Завхан аймгийн ...” гэснийг “... Завхан аймгийн Баянхайрхан сумын ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 924 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                     С.БАТДЭЛГЭР

 

                                                                        Б.БАТЦЭРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН

 

Ч.ХОСБАЯР